Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2016/00826

 

О.Наянтайгийн нэхэмжлэлтэй  

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

           2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 120 дугаар шийдвэр,

 Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

           2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 76 дугаар магадлалтай,

О.Наянтайгийн нэхэмжлэлтэй,

            Булган аймгийн Гурванбулаг сумын Засаг даргад холбогдох           

            Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 12.631.969 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

            Хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн         

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Наянтай, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

   Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Би 2003 оноос Булган аймгийн Гурванбулаг сумын эмнэлэгт хүүхдийн их эмчээр томилогдон ажиллаж байгаад 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус сумын Эрүүл мэндийн төвийн дарга нарийн мэргэшлийн 2 жилийн сургалтанд явах болсон тул Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон 40 хувийн цалингийн нэмэгдэл авч их эмчийн ажилтайгаа хамт хавсран гүйцэтгэж байгаад 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. Миний бие нь 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс ээлжийн амралтаа аваад амрах гэж байтал сумын эмнэлэгт хүнд өвчтөн ирж 7 хоног ажилласан. Энэ үед 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс сургалт эхлэх тухай хуваарь ирсэн. Би эрүүл мэндийн удирдлага сэдэвт сургалтанд хамрагдаж байсан бөгөөд танхимд явагдах хуваарь гарсан байсан тул үргэлжлүүлэн суралцахаар явсан. Сургалт дуусахаар үргэлжлүүлэн ээлжийн амралтаа эдлэх талаар 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Засаг даргад хүсэлт гаргаад 3 дугаар сарын цалингаа бүтэн авч 4 дүгээр сард цалин авахгүй гэж тохиролцоод явсан. Намайг 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Тамгын газарт очиход хурал хийж ажлаас хална гэж хэлсэн. Бидний хоорондын харилцаа хөдөлмөрийн харилцаа, харин хариуцагч санхүүгийн зөрчлийн талаар яриад байгаа нь ойлгомжгүй байна. Бид 2015 оны 04 дүгээр сард цалин авахгүй гэж тохиролцсон байхад 2015 оны 04 дүгээр сард 7 хоног ажилласнаар цаг бүртгэж цалин гаргасан байсан. 2015 оны 04 дүгээр сард надад цалин бодож гаргасан байгаа учраас тэр цалинг гаргуулна. Намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул эмчийн болоод эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Засаг дарга намайг эмчийн ажлаас чөлөөлөх эрх бүхий этгээд биш. Хууль бус шийдвэр гаргасны улмаас би эмчийн ажлаа хийж чадахгүй хохирч байна. Ажилгүй байсан хугацааны болон сургалтанд хамрагдсан хугацааны буюу 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалин 891.852 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 7 хоногийн цалин 414.870 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалин 9.670.514 төгрөг, 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1.208.814 төгрөг, 3 дугаар сарын 01-ний өдрөөс 3 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 8 хоногийн цалин 445.920 төгрөг бүгд 12.631.969 төгрөгийн цалинг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын шимтгэл, нийгмийн даатгалын шимтгэл зэргийг суутгаж дэвтэрт бичилт хийж өгнө үү” гэжээ.

          Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “Нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаалыг үндэслэлтэй гэж үзэж байна. 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн үед нярав н.Агиймаа, лаборант н.Соёл-Эрдэнэ нар бидний эрх зөрчигдөж О.Наянтай эмчийн эрх хангагдаж байна гэж гомдол гаргасан. Мөн түүнийг хандивын 2.000.000 төгрөгийг завшсан гэж хэлсэн. Би энэ мэдээллийн дагуу Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж тус ажлын хэсэг нь 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 08-ны өдрүүдэд сумын Эрүүл мэндийн төвийн санхүүгийн үйл ажиллагааг шалгасан. Уг шалгалтаар О.Наянтай эмч нь “Айлкис” ХХК-иас ор, хөнжлийн даавуу авна гээд 400.000 төгрөгийг шилжүүлэн аваад хуучин ор, хөнжлийн даавуу авсан, 2 малчнаас өгсөн 2.000.000 төгрөгийн хандивыг байгууллагын дансанд тушаагаагүй, орлогод аваагүй хувьдаа завшсан байсан. Мөн сургалтанд явах хугацаандаа Эрүүл мэндийн төвийн даргын ажлыг бага эмч н.Буяндэлгэрт хариуцуулж түүнд 20 хувийн нэмэгдэл олгох тушаал гаргасан атлаа, өөртөө давхар 40 хувийн нэмэгдэл цалин авсан, 2014 оны 10 дугаар сард эмнэлгийн малыг 2.500.000 төгрөгөөр зарж тайланг нь 2014 оны 12 дугаар сард гаргасан, харин орлогыг тайлангаасаа өмнө гаргасан зөрчил илэрсэн. 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Эрүүл мэндийн төвийн төсвийн харилцах данснаас гадуур өөр данс нээгээд төсвийн мөнгөнөөс 1.000.000 төгрөг, 1.545.000 төгрөгийг бусдын данс руу шилжүүлсэн зэрэг зөрчил илрүүлсэн. Энэ мөнгөөр Эрүүл мэндийн төвд хөрөнгө оруулалт хийгээгүй байсан. 2015 оны 01, 02, 03 дугаар сард шатахуун зарцуулаад Эрүүл мэндийн төвийн данснаас шатахууны зардлыг төлсөн байсан. Цагдаагийн байгууллага, Прокурорын байгууллага түүний хандивын мөнгийг завшсан үйлдлийг буруу, дутуу шалгасан гэж үзэж байна. Эрүүл мэндийн төвийн даргын ажил онцлогтой юм. Учир нь Эрүүл мэндийн төвийн эмч, даргын ажлыг хавсран гүйцэтгэж, мөн санхүү, хүний нөөцөө шууд удирддаг юм. Бид ээлжийн амралтаа 4 дүгээр сард авна, харин тухайн сардаа цалин авахгүй гэж тохиролцож байсан. О.Наянтай нь 4 дүгээр сард ажиллаж цагийн бүртгэлд бүртгүүлсэн байсан. Ийм учраас түүнд 4 дүгээр сард ажилласан цалинг нь олгосон. Би хувийн өс хонзонгоор түүнийг ажлаас нь халаагүй, харин О.Наянтай нь дээрх зөрчлүүдийг гаргаж Төсвийн тухай хуулийг ноцтой зөрчсөн учраас Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.8, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3.4, 70 дугаар зүйлийн 70.3-т заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн. О.Наянтай төсвийн шууд захирагчийн хувьд Төсвийн тухай хуулиа баримталж ажиллах ёстой байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

          Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 120 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч О.Наянтайг Булган аймгийн Гурванбулаг сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн болоод их эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 12.395.713 төгрөгийг Булган аймгийн Гурванбулаг сумын Эрүүл мэндийн төвөөс гаргуулж нэхэмжлэгч О.Наянтайд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан О.Наянтайгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож дэвтэрт бичилт хийхийг Булган аймгийн Гурванбулаг сумын Эрүүл мэндийн төвд үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Булган аймгийн Гурванбулаг сумын Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 213.281 төгрөгийг гаргуулан Төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

           Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 76 дугаар магадлалаар Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 120 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч О.Наянтайг Булган аймгийн Гурванбулаг сумын Эрүүл мэндийн төвийн хүүхдийн их эмчийн ажилд эгүүлэн тогтоож, “...тус төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 11.791.960 төгрөгийг тус сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 840.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 3 дахь заалтанд “...213.281 төгрөг...” гэснийг “...203.621 төгрөг...” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

           Хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан ба давж заалдах шатны            шүүх нь нэхэмжлэгч О.Наянтайн гаргасан зөрчлийн зөвхөн хоёрыг нь л хариуцагч Гурванбулаг сумын Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б\03 дугаар захирамжинд хамааралтай гэсэн дүгнэлтийг хийсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй юм. Нэхэмжлэгч О.Наянтай шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Намайг амралттай байхад халсан, Засаг даргад намайг халах эрх байхгүй гэсэн утгатай зүйлийг бичсэн байдаг. Харин хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: О.Наянтайн гаргасан сахилгын зөрчлүүдийг он, сар өдөртэй нь нэг бүрчлэн бичээд, тийм учраас ажлаас халсан гэсэн байдаг. Ажлаас халсан тушаалд гаргасан зөрчлүүдийг дурдаагүй ч нэхэмжлэгч санхүүгийн         зөрчил гэж ажлаас халсан гэдгийг мэдсэн байсан нь нэхэмжлэлээс нь харагдана. Хариуцагч тал нэхэмжлэлийн хариуд гаргасан анхны тайлбартаа мэдээллийн дагуу ажлын хэсэг томилж шалгалт явуулахад дараах зөрчлүүд илэрсэн гээд О.Наянтайн гаргасан зөрчлүүдийг: 1. 2014 оны 5 сарын 3-ны өдөр “Айлкис” ХХК-иас ор хөнжлийн даавуу авна гээд 400.000 төгрөгийг шилжүүлэн аваад хуучин ор хөнжлийн даавуу авсан. 2. 2014 оны 7.8 дугаар сард хоёр малчнаас өгсөн 2.000.000 төгрөгийн хандивыг байгууллагын дансанд тушаагаагүй, хувьдаа завшсан. 3. 2014 оны 10 дугаар сард эмнэлгийн малыг зараад мөнгийг нь тушаалгүй явж байгаад 12 сард нь тушаасан. 4. 2015 оны 01 сарын 15-ны өдөр Эрүүл мэндийн төвийн төсвийн харилцах данснаас гадуур өөр данс нээж төсвийн мөнгөнөөс 1.000.000 төгрөг, 1.545.000 төгрөгийг бусдын данс руу шилжүүлсэн. Энэ мөнгөөр Эрүүл мэндийн төвд хөрөнгө оруулалт хийгээгүй байсан. 5. 2015 оны 1,2,3 дугаар саруудад шатахуун зарцуулсан гэж баримтгүй мөртлөө Эрүүл мэндийн төвөөс шатахуун зарцуулсан гэж бэлэн мөнгө авсан гэжээ. О.Наянтай нь 2014 оны 5 дугаар сараас 2015 оны 01 дүгээр сар хүртэл мөнгөтэй холбоотой зөрчлийг удаа дараа үргэлжилсэн байдалтай гаргаж хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан байхад тэдгээрээс зөвхөн хандивын 2.000.000 төгрөгийг завшсан байна, уг зөрчлийг гаргаснаас хойш 6 сар өнгөрсөн тул сахилгын арга хэмжээ авах ёсгүй гээд бусад зөрчлийн талаар ямар нэг дүгнэлт хийгээгүй нь ойлгомжгүй байгаа юм. Хэдийгээр ажлаас халсан захирамжинд зөрчлүүдийг бичээгүй буруутай боловч шүүх чухам яагаад зөвхөн хандивын мөнгийг хувьдаа завшсан тэр зөрчлийг салгаж аваад сахилгын арга хэмжээ авах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байгаа нь тодорхойгүй байна. Хариуцагчийн гаргасан тайлбар болон хэрэгт нотлох баримтаар авагдсан Эрүүл мэндийн төвийн 2014 оны санхүүгийн зарим баримтанд хяналт шалгалт хийсэн тухай ажлын хэсгийн тайлан нь түүний гаргасан зөрчлүүдийг нотолж байгаа юм. О.Наянтай нь хамгийн сүүлд 2015 оны 01 дүгээр сард хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан байх тул сахилгын шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байгаа юм. Тийм учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь заалтыг зөрчсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

         ХЯНАВАЛ:

         Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн байна.

Нэхэмжлэгч О.Наянтай нь Булган аймгийн Гурванбулаг сумын Засаг даргад холбогдуулан Гурванбулаг сумын эрүүл мэндийн төвийн даргын үүрэг гүйцэтгэгч, хүүхдийн эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, О.Наянтайгийн гаргасан зөрчил тогтоогдсон, Засаг даргын захирамж хуульд үндэслэсэн гэж маргажээ.

 Нэхэмжлэгч О.Наянтай нь 2003 оноос Булган аймгийн Гурванбулаг сумын Эрүүл мэндийн төвд хүүхдийн эмчээр ажиллаж байгаад тус сумын Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №Б/103 дугаар захирамжаар Гурванбулаг сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож, 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Б/03 дугаар тушаалаар ажлаасаа халагдсан байна.

Булган аймгийн Гурванбулаг сумын Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/03 дугаар захирамжаар О.Наянтайг Хөдөлмөрийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.8, 40 дүгээр зүйлийн 40.1.5, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3.4, 70 дугаар эүйлийн 70.3-т заасныг үндэслэн тус төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажлаас халж, захирамжийн 2 дахь заалтад О.Наянтайг төрийн албанд 10 жилийн хугацаанд эргэж  орох боломжгүйг дурдсугай гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ажил олгогч нь нэхэмжлэгчийг ажлаас халсан захирамжийнхаа үндэслэлийг “О.Наянтай нь амраагүй гэсэн байдлаар 13 удаа цалин авсан, 2014 онд нэр бүхий 2 малчнаас 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн хандив авч уг мөнгийг тус төвийн дансанд оруулаагүй, няравт хадгалуулаагүй, бэлтгэсэн хөрөнгө байхгүй хувьдаа авсан болох нь тогтоогдсон тул Төсвийн тухай хуульд заасны дагуу ажлаас халах сахилгын шийтгэл" ногдуулсан гэж тайлбарлах боловч тэрээр захирамжиндаа нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлийг тодорхойлж заагаагүй байна.

           Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18-д "төсвийн бусад байгууллагын дарга /захирал, эрхлэгч/ тухайн байгууллагын төсвийн шууд захирагч байна" гэж зааснаас үзэхэд О.Наянтайг Булган аймгийн Гурванбулаг сумын Эрүүл мэндийн төвийн төсвийн шууд захирагч гэж үзэхээр байгаа хэдий ч тэрээр өөрийн үндсэн ажил албан тушаал болох их эмчийн үүрэгт ажлын хамт Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж 40 хувийн нэмэгдэл цалин авч байсан байна.

О.Наянтайгийн гаргасан санхүүгийн зөрчил нь Эрүүл мэндийн төвийн даргын эрх хэмжээтэй холбоотой байхад дээрх албан тушаалыг хавсран гүйцэтгэж байгаа албан тушаалтныг санхүүгийн зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлж, улмаар төрийн албанд 10 жилийн хугацаанд эргэн орж ажиллах эрхгүйгээр халсан нь түүний үндсэн албан тушаалаа эрхлэх боломжийг хязгаарласан шийдвэр болсон гэж үзсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.   Түүнчлэн сумын засаг дарга нь эмчийн эмчлэх эрхийг хасах эрх бүхий этгээд биш тул О.Наянтайгийн их эмчийн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан нь буруу юм.      

Нэхэмжлэгч О.Наянтайгийн гаргасан зөрчил нь түүний хүүхдийн их эмчийн үүрэгт ажилтай холбогдолгүй харин тус төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажил үүрэгтэй хамааралтай байх тул О.Наянтайг хүүхдийн их эмчийн ажилд нь эгүүлэн тогтоосонтой холбогдуулан түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг хүүхдийн их эмчээр ажиллаж байхдаа авч байсан цалин олговроор тус тус тооцож бүгд 11.791.960 төгрөгийг сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулахаар өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д нийцжээ.

           Харин тус эрүүл мэндийн төвийн санхүүгийн баримтанд хяналт шалгалт хийсэн танилцуулга хавтаст хэргийн 21-23 дугаар талд авагдсанаас үзэхэд О.Наянтайгийн гаргасан гэх зөрчлийг 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2014 оны 8 дугаар сарын  хооронд гарсан гэж үзэх тул  зөрчлийг 2015 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр илрүүлж, мөн оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ажлаас халах арга хэмжээ авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “хөдөлмөрийн сахилгын зөрчил гарснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан хөөн хэлэлцэх хугацааг ажил олгогч хэтрүүлсэн гэж  шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Ажил олгогч 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/103 дугаар захирамжаар О.Наянтайг урьд нь ажиллаж байсан дарга сургалтанд хамрагдах 2 жилийн хугацаанд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон ба нэхэмжлэгчийн уг албан тушаалд ажиллах хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөр дууссан тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд нь эгүүлэн тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т нийцээгүй байна.  Иймээс нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 116.4-т заасан үүргээ зөв хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 76 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.          

2.  Хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 213.281 /хоёр зуун арван гурван мянга хоёр зуун наян нэг/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                                  ШҮҮГЧ                                                      Д.ЦОЛМОН