Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2024/01351

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С  дүүрэгт оршин суух, Ш овогтой С.Э /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х  дүүрэгт оршин суух, Б овогтой Э.Ч /РД:**********/-т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 20 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэдэндамба,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч С.Энхтүвшин нь хариуцагч Э.Чинзоригт холбогдуулан 20 200 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Нэхэмжлэгч С.Энхтүвшин, хариуцагч Э.Чинзориг бид хоёр 2016 оны 4 дүгээр сард Э.Ононтой уулзаж тохиролцсоны үндсэн дээр түүнтэй 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр бартерын гэрээ байгуулсан. Гэрээгээр Э.Онон нь өөрийн өмчлөлийн 73-83 УНБ улсын дугаартай, Тоёота Тундра-2 маркийн авто машиныг нэг бүр нь 135 төгрөгийн үнэ бүхий 281 482 ширхэг нийт 38 000 000 төгрөгийн үнэтэй улаан тоосгоор солилцохоор тохиролцсон. Энэхүү гэрээг С.Энхтүвшин, Э.Онон бид хоёр байгуулсан хэдий ч Э.Чинзориг нь надтай хамтран үүрэг хүлээж оролцсон этгээд юм. Ингээд Э.Чинзориг бид хоёр бартерын гэрээнд заасан тоосго нийлүүлэх үүргээ биелүүлээгүй учир Э.Онон шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2022/00805 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 210/МН2022/01462 дугаар магадлал гарч С.Энхтүвшин надаас 32 300 000 төгрөг гаргуулж Э.Ононд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шатанд миний бие үйл баримтыг үнэн зөвөөр тайлбарлаж, Э.Чинзоригтой хамтран хариуцах ёстой талаараа мэдүүлж, холбогдох нотлох баримтыг гаргаж өгсөн боловч нэхэмжлэгч Э.Онон нь хариуцагч С.Энхтүвшингөөс нэхэмжилж байна гэж хариуцагчаар татсан Э.Чинзоригоос татгалзсанаар дээрх шийдвэр гарсан. Харин 73-83 УНБ улсын дугаартай, Тоёота Тундра-2 маркийн авто машин нь бодитоор Э.Чинзоригт шилжсэн бөгөөд тэрээр захиран зарцуулсан. Энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Бартерын гэрээнд Угалзан цамхаг ХХК-ийн тоосго гэж дурдсан, тоосго нийлүүлэх асуудал Э.Чинзоригтой хамааралтай болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоолд тусгагдсан, түүнчлэн тээврийн хэрэгсэл бодитоор Э.Чинзоригийн өмчлөлд шилжсэн зэргээс дүгнэвэл Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар Э.Чинзориг нь хамтран үүрэг гүйцэтгэх үүрэгтэй этгээд мөн гэж үзэхээр байна. Гэвч нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад үүргийн гүйцэтгэлийг зөвхөн С.Энхтүвшинээс бүхэлд нь шаардаж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тул шүүх нэхэмжлэлийн хүрээгээр шийдвэрлэх нь зүйтэй. Хариуцагч С.Энхтүвшин нь хамтран хариуцах үүрэг бүхий этгээд болох нь хариуцагч Э.Чинзоригоос жич нэхэмжлэлээ гаргаж, шийдвэрлүүлбэл зохино гэж дүгнэсэн болно. Ийнхүү шүүхийн шийдвэр гарснаар Э.Чинзориг нь хариуцлагаас мултарч бартерын хөрөнгө болох машиныг өөртөө авч, 20 200 000 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байх тул нэхэмжлэл гаргаж байна. Э.Чинзориг бид хоёр Э.Ононгоос 38 000 000 төгрөгийн үнэлгээтэй машиныг бартерын гэрээний дагуу авч, улмаар Залуу монгол оч ХХК-д 20 000 000 төгрөгийн барьцаанд тавьсан. Энэхүү 20 000 000 төгрөгөөс өмнө тус компаниас зээлсэн байсан С.Энхтүвшингийн 7 000 000 төгрөгийн, Э.Чинзоригийн 2 200 000 төгрөгийн, Т.Билгүүний 3 300 000 төгрөг, нийт 12 500 000 төгрөгийн зээлийг хааж үлдэгдэл 7 500 000 төгрөгийг С.Энхтүвшин би авсан. Өөрөөр хэлбэл миний бие 38 000 000 төгрөгийн авто машиныг барьцаанд тавьж 17 800 000 төгрөгийг авсан. Мөн бартерын гэрээний үүрэгт Э.Ононд 5 700 000 төгрөгийн хар замаск нийлүүлсэн. Үлдэх 20 200 000 төгрөгийг Э.Чинзориг хариуцах нь зүй ёсны хэрэг бөгөөд шүүхийн шийдвэрээр бүхэлдээ С.Энхтүвшин миний бие хариуцахаар шийдвэр гарсан. Иймд Э.Чинзоригоос 20 200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.

1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэдэндамба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэгч, хариуцагч, Э.Онон нар гурвуулаа бартерын гэрээг байгуулсан. 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хэлэлцээр хийх үед хариуцагч Э.Чинзориг нь өөрөө иргэний үнэмлэх байхгүй учраас л С.Энхтүвшин гэрээг хийсэн юм. Өөрөөр хэлбэл гэрээг Э.Онон, Э.Чинзориг нар хийсэн боловч тоосго нийлүүлэх боломжгүй гээд нэхэмжлэгч нь Э.Ононд төлбөрийг төлсөн. Сүхбаатар дүүргийн иргэний шүүхээр хэргийг шийдвэрлээд талуудын тайлбараар бартерын гэрээг байгуулагдсан, үүрэг бүхий этгээд нь Э.Чинзориг мөн боловч нэхэмжлэгч татгалзсан гээд хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл анхнаасаа бартерын гэрээ байгуулсан, тоосго нийлүүлэх үүрэг Э.Чинзоригт байсан. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар 38 000 000 төгрөгт тооцон машин шилжүүлсэн талаар маргахгүй байгаа 20 000 000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу авсан, үлдэх нь 18 000 000 төгрөг байгаа, үүн дээр Залуу Монгол оч компаниас зээлсэн зээлийг нэхэмжлэгч нь хаасан тул 2 200 000 төгрөгийг нэмээд 20 200 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна. Иргэний хуулийн 478 дугаар зүйлд зааснаар талуудын хооронд гэрээ байгуулагдсан, хамтран үүрэг хүлээх этгээдүүд учраас үүрэг дуусгавар болсон гэж үзээд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар 20 200 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өгөөгүй, шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хамтран үүргийг хариуцах байтал Сүхбаатар дүүргийн иргэний шүүхээс зөвхөн С.Энхтүвшингээс гаргуулахаар шийдвэрлэсэн тул 20 200 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэсэн байсан. Шүүх шаардлагаа тодруул гээд тодруулаагүй учир хэрэг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдаан дээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үндэслэлээ тодруулж байна. Хэдийгээр нэхэмжлэлийн шаардлагаа одоо тодруулж байгаа боловч хариуцагчийн зүгээс хуульд заасан хугацаа авахгүй, өөрөө шаардлагагүй гээд байгаа учраас бичгээр гаргасан тодруулсан шаардлагыг хүлээн авахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх, энэ шаардлагын хэмжээнд нь тайлбараа өгөх боломжтой гэж үзсэн. Нэхэмжлэгчээс үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж шаардаад байгааг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь машины үнэ 38 000 000 төгрөгнөөс 20 000 000 төгрөгийг хасч 18 000 000 төгрөгийг, мөн зээл хаасан гэх 2 200 000 төгрөгийг шаардаад байна гэсэн. Гэтэл ямар үндэслэлээр шаардаад байгаа хууль зүйн үндэслэлээ тайлбарлахгүй байгаад байна. Гэрээг гурвуулаа байгуулсан, гэрээний үүргийг хариуцах ёстой этгээдийг хариуцагч Э.Чинзориг гэж дүгнээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслээд байгаа боловч энэ нь давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдсэн баримтуд бөгөөд дүгнэгдсэн. Э.Чинзоригийг гэрээг байгуулсан, үүрэг хүлээх этгээд гэж дүгнээгүй, Мөн хамтран үүрэг хүлээх этгээд гэсэн атлаа үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж нэхэмжлээд байгааг зөвшөөрөхгүй байна гэв.  

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний лавлагаа, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2022/00805 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 1462 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1144 дүгээр тогтоол, Хан-Уул дүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШЗ2023/02018 дугаар шүүгчийн захирамж, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн албан бичиг, Ж.Мөнгөнзулд олгосон итгэмжлэл, 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн №01 тоот Бартерийн гэрээ, С.Энхтүвшингийн гараар бичсэн хүсэлт, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтт, Автотээврийн үндэсний төвийн лавлагаа, Залуу монгол оч ХХК-ийн тайлбар, 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн №УБ160413/02 тоот Зээлийн гэрээ, 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн №УБ160413/02 тоот Барьцааны гэрээ, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд гаргасан хүсэлт, Монголын нотариатчдын танхимын бүртгэлийн дэвтэр, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээ, Т.Ууганбаярын шүүхэд гаргасан хүсэлт, Хаан банк ХК-ийн С.Энхжаргалын дансны хуулга, Эрүүгийн хэргийн төв архиваас ирүүлсэн баримт, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 15401 дүгээр шүүгчийн захирамж, 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 8305 дугаар шүүгчийн захирамж, 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 6737 дугаар шүүгчийн захирамж, 2022 оны  03 дугаар сарын 07-ны өдрийн 2834 дүгээр шүүгчийн захирамж, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2474 дүгээр шүүгчийн захирамж, Д.Цэдэндамбад олгосон итгэмжлэл, 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Төлбөрт тооцсон машин хүлээлцсэн баримт, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Барьцааны гэрээ, тээврийн хэрэгслийн лавлагаанууд, Залуу монгол оч ХХК-ийн тайлбар, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 24 дүгээр магадлал, Ч.Амаржаргалаас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл, төлбөрийн баримт /хэргийн 3-15, 26, 31-63, 82, 90-114-р хуудас/ гэсэн баримтуудыг,

 

хариуцагчаас Т.Ууганбаярт олгосон итгэмжлэл /хэргийн 20-21-р хуудас/ гэсэн баримтуудыг гаргаж өгсөн байна.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч нь Э.Чинзориг, Э.Онон нартай хамтран ажиллах гэрээ байгуулж, хамтын үйл ажиллагаа явуулж байсан, гэрээ дуусгавар болсон, шүүхийн шийдвэрээр Э.Ононд 20 200 000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн боловч тус үүргийг Э.Чинзориг хамтран хариуцах ёстой тул хамтран үүрэг хүлээх этгээд болох хариуцагч Э.Чинзоригоос үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 20 200 000 төгрөгийг гаргуулна гэж шаардлагаа тодорхойлсон.

 3.Хариуцагч нь нэхэмжлэгч С.Энхтүвшинтэй хамтран ажиллах гэрээ байгуулаагүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр бартерийн гэрээний үүргийг С.Энхтүвшинг хариуцахаар шийдвэрлэсэн тул 20 200 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үгүйсгэсэн.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт, талуудын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 4.1.Нэхэмжлэгч С.Энхтүвшин нь Э.Ононтой 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр №01 тоот Бартерийн гэрээ байгуулж, уг гэрээгээр С.Энхтүвшин нь Э.Ононд хавсралтаар олгосон барилгын материал буюу улаан тоосго шилжүүлэн өгөх, Э.Онон нь С.Энхтүвшинд 7383 УНБ улсын дугаартай, 5TFDM5F16BX017091 арлын дугаартай, №00698019 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй, Toyota tundra 2 автомашины өмчлөх эрхийг шилжүүлэх, төлбөрийн зөрүү гарсан тохиолдолд зохих тал нь төлөхтэй холбоотой харилцааг зохицуулахаар харилцан тохиролцжээ.

Мөн гэрээний 1.4-д “талууд харилцан тохиролцсоны дагуу нийт 38 000 000 төгрөгний үнэ бүхий автомашины үнэд худалдан авагч тал 38 000 000 төгрөгт барилгын улаан тоосго бартерлахаар тохиролцсон болно” гэжээ.

 

5.Талуудын маргааны зүйл нь хамтран ажиллах гэрээ байгуулсан талаар байна, бартерийн зүйл болох автомашины өмчлөх эрхийг хариуцагчид шилжүүлсэн талаар маргаагүй байна.

 

6.Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2022/00805 дугаар шийдвэрээр Э.Ононгийн нэхэмжлэлтэй, С.Энхтүвшин, Э.Чинзориг нарт холбогдох гэрээний үүрэгт 32 300 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.2.1-д заасныг баримтлан С.Энхтүвшингөөс 32 300 000 төгрөг гаргуулж, Э.Ононд олгож, нэхэмжлэлээс Э.Чинзоригт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

6.1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 1462 дугаар магадлалаар хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2022/00805 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.Энхтүвшингийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

 

7.Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрт “...Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар Э.Чинзориг хамтран үүрэг гүйцэтгэх үүрэгтэй этгээд мөн гэж үзэхээр байна. Гэвч нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад үүргийн гүйцэтгэлийг зөвхөн С.Энхтүвшингөөс бүхэлд нь шаардаж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тул шүүх нэхэмжлэлийн хүрээгээр шийдвэрлэх нь зүйтэй. Хариуцагч С.Энхтүвшин нь хамтран хариуцах үүрэг бүхий этгээд болох хариуцагч Э.Чинзоригоос жич нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлбэл зохино” гэсэн тул Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1.10, 478.11-д зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч нар нь Э.Ононгийн өмнө үүрэг хүлээсэн буюу хамтран үүрэг хүлээх этгээд нар бөгөөд мөн хуулийн 480 дугаар зүйлийн 480.1-д зааснаар үүрэг дуусгавар болсон, машиныг шилжүүлэн авсан нь хуулийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тайлбарласан.

 

7.1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д “хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ” гэж заасан бөгөөд 478 дугаар зүйлийн 478.10-д “гэрээнээс үүсэн гарах хоорондын шаардлагыг талууд гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглоно”, 478.11-д “хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна”, 480 дугаар зүйлийн 480.1-д “хамтран ажиллах гэрээ дараахь үндэслэлээр дуусгавар болно” гэж заажээ.

 

7.2.Хэрэгт авагдсан баримтаар 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Бартерийн гэрээг С.Энхтүвшин, Э.Онон нар байгуулсан, уг гэрээг Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан арилжааны гэрээ болох талаар анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр дүгнэсэн бартерийн гэрээгээр 38 000 000  төгрөгт тооцон 73-83УНБ дугаартай Тоёота тунраг авсан, үнийн дүнгээс 5 700 000 төгрөгт хар замаск нийлүүлсэн, үлдэгдэл 32 300 000 төгрөгийн тооцоо үлдсэн гэж С.Энхтүвшингээс тооцоо нийлсэн баримт үйлдсэн, тээврийн хэрэгслийн лавлагаагаар уг тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс Э.Онон бүртгэгдсэн, 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс Залуу монгол оч ХХК-ний өмчлөлд, 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс хариуцагч Э.Чинзоригийн өмчлөлд бүртгэгдсэн болох нь тогтоогдсон.

7.3.Мөн Залуу монгол оч ХХК-иас тээврийн хэрэгслийг Э.Чинзоригт шилжүүлэх тухай 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хүсэлтийг үндэслэн шилжүүлсэн байх бөгөөд Залуу монгол оч ХХК-иас ирүүлсэн лавлагаануудаар тус байгууллагатай нэхэмжлэгч С.Энхтүвшин 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан, гэрээний үүргийг 73-83УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслээр хангуулахаар барьцааны гэрээг байгуулсан үйл баримт тогтоогдсон гэж дүгнэсэн ба зээлийг олгохдоо 12 500 000 төгрөгийг урьд тус байгууллагаас олгосон 3 зээлийн үлдэгдлийг суутгасан, Э.Чинзоригийн байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1 700 000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 2 200 000 төгрөгийн зээлийг төлж хаасан, тухайн гэрээнүүдийн дагуу барьцаалсан тээврийн хэрэгслүүдийг чөлөөлсөн талаар дурдсан байна.

7.3.Гэвч нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрээр дээрх үйл баримтыг дүгнэж, хариуцагч Э.Чинзоригийг хамтран үүрэг гүйцэтгэх этгээд мөн гэж дүгнэсэн гэх боловч Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “...4....Дээрх үйл баримтуудыг хэргийн 8-9-р талд авагдсан Бартерийн гэрээ, 10-р талд авагдсан хариуцагч С.Энхтүвшингийн үйлдсэн гар бичмэл зэрэгтэй харьцуулан үзэхэд нэхэмжлэгч Э.Ононг гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэх бөгөөд хариуцагч Э.Чинзоригийг гэрээний нэг тал гэж үзэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл бартерийн гэрээг Э.Онон, Э.Чинзориг нар байгуулсан, би зуучилсан гэх тайлбараа хариуцагч С.Энхтүвшин баримтаар нотолж чадаагүй байна” гэжээ.

7.4.Иймд нэхэмжлэгчийн хариуцагчийг шүүхийн шийдвэрээр хамтран үүрэг хүлээн этгээд уг бартерийн гэрээний нэг тал болох этгээд нь хариуцагч Э.Чинзориг гэх тайлбар нь үндэслэлгүй уг үйл баримтыг дүгнэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал байна гэж үзэв.

 

8.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй”, 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заасан.

8.1.Нэхэмжлэгч нь хариуцагчтай хамтран ажилласан, хэн аль нь Э.Ононгийн өмнө үүрэг хүлээсэн байсан, уг гэрээний үүрэг дуусгавар болсон тул хариуцагч Э.Чинзориг нь тээврийн хэрэгслийг өмчлөлдөө шилжүүлэн авсан нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тайлбарласан боловч талуудын хооронд хамтын ямар үйл ажиллагаа байсан эсэх, хамтран ажиллах буюу хамтын үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхдээ өр төлбөрийг хэрхэн барагдуулах, үүргийг хэрхэн хариуцах талаарх баримтгүй, мөн нэхэмжлэгч нь хариуцагчаас 20 200 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч 20 200 000 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй болно.

8.2.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь шаардлагаа тодорхойлохдоо буюу шүүх хуралдаанд шаардлага тодруулахдаа хариуцагч Э.Чинзориг бид хоёр Э.Ононгоос 38 000 000 төгрөгийн үнэлгээтэй машиныг авч, Залуу монгол оч ХХК-нд 20 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан, энэхүү 20 000 000 төгрөгнөөс Э.Чинзоригийн 2 200 000 төгрөгийн зээлийг хааж үлдэгдэл 7 500 000 төгрөгийг С.Энхтүвшин би авсан, үлдэх 20 200 000 төгрөгийг хариуцагч хариуцах нь зүй ёсны байхад шүүхийн шийдвэрээр бүхэлдээ миний бие хариуцахаар шийдвэр гарсан тул 20 200 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэсэн нь ойлгомжгүй байна гэж үзэв.

 

9.Иймд нэхэмжлэгч С.Энхтүвшингийн хариуцагч Э.Чинзоригт холбогдуулан гаргасан үндэслэлгүй хөрөнгөжсөн 20 200 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т “шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 57 дугаар зүйлийн 57.1-д “улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно” гэж зааснаар нэхэмжлэгч С.Энхтүвшингийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 258 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Энхтүвшингийн хариуцагч Э.Чинзоригт холбогдуулан гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 20 200 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Энхтүвшингийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 258 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

   3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ХУЛАН