Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 17

 

Ө.П-гийн ажилласан байдал тогтоолгох тухай

хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 29-ний  өдрийн 291 дүгээр шийдвэртэй иргэний хэргийг нэхэмжлэгч Харагчууд ургийн овогтой Өндгөөгийн Пүрвээгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Л.Алтангийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ө.П анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1980 онд 8 дугаар анги төгсөөд Увс аймгийн Хяргас сумын “Хяргас нуур” нэгдэлд аав, ээжийн хамтаар мал маллаж байгаад 1985 оны 6 дугаар сард цэргийн албанд явж, 1988 оны 6 дугаар сард халагдаж ирээд үргэлжлүүлэн “Хяргас  нуур” нэгдэлд мал маллаж, 1992 онд нэгдэл тарах хүртэл ажилласан.  Аймгийн архиваас ажилласан жилээ шүүлгэхэд олдохгүй байна. Миний нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр байгаа, өөрөөр баримт материал олдохгүй байна. Манай бригадын ихэнх хүмүүсийн цалингийн баримт архиваас гарахгүй байгаа гэсэн. Иймд  миний 1981 оны 1 дүгээр сараас 1985 оны 6 дугаар сарыг дуустал, 1988 оны 7 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Хяргас сумын “Хяргас нуур” нэгдэлд малчнаар ажилласан хугацааг сэргээн тогтоож өгнө үү ” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 291 дүгээр шийдвэрээр: “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч  Харагчууд ургийн овогтой Өндгөөгийн Пүрвээгийн 1981 оны 1 дүгээр сараас 1985 оны 6 дугаар сарыг дуустал, 1988 оны 7 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Хяргас сумын “Хяргас нуур” нэгдэлд малчнаар ажилласан хугацааг сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ө.П-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

Нэхэмжлэгч Ө.П давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 291 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1. Хяргас сумын “Хяргас нуур” нэгдлээс надад олгосон хөдөлмөрийн дэвтэр нь  нэг төрлийн дэвтэр биш гэсэн шүүх шинжилгээний дүгнэлт гарсан бөгөөд энэ нь анх нэгдлийн гишүүнээр элсэн ороход надад шинээр нээж өгсөн дэвтэр, уг дэвтрийн хуудасны хувьд бүх хүний дэвтрийн хуудас өөр өөр өнгийн цаасан дээр хэвлэгдсэн байх. Өөр би хаанаас юу олж нөхөх билээ.

2. Дамдинсүрэн гэдэг даргын гарын үсгийн хувьд нэгдлийн гишүүдийн дэвтэр дээр нэгдлийн дарга өөрөө гарын үсэг зурдаггүй, тухайн үед олгосон бригадын дарга, тоо бүртгэгч нар нэгдлийн даргын нэр бичдэг байсан гэж тухайн үед бригадын даргаар ажиллаж байсан Цэрэнчимэд гэх хүн ярьж байсан. Энэ хүн Улаангом суманд ажиллаж амьдарч байгаа тул түүнээс тайлбар авсан ч болох юм.

3. Аймгийн архиваас гаргасан лавлагааны хувьд: 1988 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 89 тоот тушаалаар Шинэ бригадын төвийн модон барилга барихад гарын ур дүйтэй, цэргээс ирсэн залуусыг авч хоёр сар гаруй хугацаанд уг модон барилгыг барьж дууссан. Тухайн үед малчдаас бусад ажилчдад цалин олгоход заавал нэгдлийн даргын тушаал гаргадаг байсан. Энэ барилгыг барьж байх үед миний 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүлээн авсан байсан малыг манай аав, ээж малладаг байсан юм. Бригадын төв дээр олон хүн ажилладаггүй байсан. Бригадын төвийн манаач, бригадын дарга, тоо бүртгэгч гэсэн гурван орон тоотой байдаг байсан. Бид нар барилгыг барьж дуусаад тус тусынхаа мал дээр гарсан. Мөн аймгийн архиваас гарсан мал тооллогын лавлагаанаас үзэхэд Ө.П намайг мал маллаж байсан гэдгийг баталж байна. Тухайн үеийн аймгийн төвийн ажилчин албан хаагч арван зургаан толгой малтай, нэгдлийн гишүүн малчин өрх 50 толгой малтай байсан. Энэ тооны хязгаарыг 1990 оны 7 дугаар сард хүчингүй болгосон. Иймд эдгээр тайлбарыг хянан үзэж, намайг 1980 оны 1 дүгээр сараас 1985 оны 6 дугаар сарыг дуустал, 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд мал маллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ө.Пгийн малчнаар ажилласан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ө.П Увс аймгийн Хяргас сумын “Хяргас нуур” нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1985 оны 6 дугаар сарыг дуустал, 1988 оны 7 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд тус тус малчнаар ажилласан хугацааг тогтоолгох хүсэлт гаргасныг  шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх Ө.П-гийн ажилласан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй байх талаас нь үнэлж чадаагүй гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх санаачлагаараа нэхэмжлэгчийн гаргаж өгсөн хөдөлмөрийн дэвтрийн эх баримтад шинжилгээ хийлгэхээр захирамж гаргасан байх бөгөөд уг захирамжийн дагуу Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 19/64 дүгээр Шинжээчийн дүгнэлт гарсан байна.

Шүүхээс Ө.П-гийн 1981 оноос 1990 оны хооронд Увс аймгийн Хяргас сумын “Хяргас нуур” нэгдэлд малчнаар ажилласан байдлыг тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дээрхи шинжээчийн дүгнэлт болон аймгийн Архивын тасгийн тодорхойлолтыг тус тус үндэслэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй.

Хэрэгт авагдсан, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 321 дүгээр “Увс аймгийн Хяргас сумын “Хяргас нуур” нэгдлийн 1981-1990 оны цалингийн баримтыг шүүн үзэхэд Өндгөө овогтой Пүрвээгийн цалин гараагүй болно” гэх тодорхойлолт нь аймгийн архивын тасгийн сан хөмрөгт Өндгөө овогтой Пүрвээгийн цалингийн баримт хадгалагдаагүйг нотолж байгаа болохоос түүний ажиллаж байгаагүйг шууд нотолсон баримт нотолгоо биш байхад шүүх үнэлж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу байна.  

Хэрэгт авагдсан, гэрч Ц.Б-ийн “ Ө.П нь  Увс аймгийн Хяргас сумын “Хяргас нуур” нэгдлийн Тагийн булаг бригадад 1981, 1982 оны үед малчнаар орж, 1992 он хүртэл ажилласан. Ө.П нь ажиллах хугацаандаа цэргийн алба хаасан юм. Голдуу хонь маллаж байсан” гэх мэдүүлэг,

гэрч Н.Ц-ийн “  Ө.П нь  Увс аймгийн Хяргас сумын “Хяргас нуур” нэгдлийн Тагийн булаг бригадад 1980 оноос малчнаар ажилд орж, 1992 онд нэгдэл тарах хүртэл ажилласан. Ө.П нь голдуу хонь маллаж байсан” гэх мэдүүлгийг тус тус хэрхэн үгүйсгэсэн талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэж заасныг зөрчсөн гэж үзнэ.  

Дээрх байдлаар анхан шатны шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэлтэй, зөв дүгнэлт хийж чадаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Ө.Пгийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох үндэслэлтэй байна.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 291 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр  анхан шатны шүүхэд буцаасугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ө.П-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлүүдээр зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧД.ЖАМБАЛСҮРЭН 

ШҮҮГЧИД  Н.МӨНХЖАРГАЛ

Л.АЛТАН