Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2021/ДШМ/57

 

Б.Пүрэвсүрэнд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Л.Нямдорж, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ц.Сүхбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа

Шүүгдэгч Б.Пүрэвсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Должинсүрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/185 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлээр Б.Пүрэвсүрэнд холбогдох эрүүгийн 2114000000177 дугаар хэргийг 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Сартуул овогт Буяннэмэхийн Пүрэвсүрэн, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, урьд 2021 оны 3 дугаар сарын 17-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, 

Б.Пүрэвсүрэн нь 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор сумын 9 дүгээр багийн 3-13 тоот хашааны гадна талд байсан иргэн Б.Гантулгын эд хөрөнгө болох Charming гэх нэртэй улаан өнгийн мтоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.410.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.Пүрэвсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Сартуул овогт Буяннэмэхийн Пүрэвсүрэнг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1.2, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Сартуул овогт Буяннэмэхийн Пүрэвсүрэнд холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, Шүүгдэгч Б.Пүрэвсүрэнд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэвээр үлдээж, Шүүгдэгч Б.Пүрэвсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн нударгатай дээл 1 ширхэг, шар өнгийн дээлийн бүс 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Пүрэвсүрэнд буцаан олгож шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Ц.Сүхбат 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 36 дугаар эсэргүүцэлд:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл нь Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 болон 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичиж байна. Үндэслэл:

1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт заасан “...Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар.... Б.Пүрэвсүрэнд холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай” гэсэн үндэслэл нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу ойлгож хэрэглэсэн байна гэж үзнэ.

Учир нь:

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйл “Зарим хугацаа болон эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох” гэж:

5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж хуульчилсан байх бөгөөд

Мөн хуулийн 7 дугаар зүйлд “Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих” гэж,

7.1 дэх хэсэгт “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор ... 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж хуульчилсан байна.

Гэтэл анхан шатны шүүх нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох тухай заалт нь тус хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэгт хамаарахаар байхад тус хуулийн 7.1-т орсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 1 дэх хэсгийг Өршөөлийн хуульд хамааруулан хэрэгсэхгүй болгож Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн байна.

Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/185 дугаартай шийтгэх тогтоолыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Прокурор Ц.Сүхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх нь шийтгэх тогтоолыг гаргахдаа Эрүүгийн хууль, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэл тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зүйлд заасан гэмт хэрэг нь хөнгөн зэргийн гэмт хэрэг бусад гэсэн зүйл заалтад хамаарахгүй юм. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Б.Пүрэвсүрэн нь 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор сумын 9 дүгээр багийн 3-13 тоот хашааны гадна талд байсан иргэн Б.Гантулгын эд хөрөнгө болох Charming гэх нэртэй улаан өнгийн мтоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.410.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нь хэрэгт авагдаж, анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1.2, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Сартуул овогт Буяннэмэхийн Пүрэвсүрэнд холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож,шийдвэрлэсэн нь Эрүүгийн хууль болон 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг тус тус буруу хэрэглэжээ.

Анхан шатны шүүх нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох тухай заалт нь тус хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэгт хамаарахаар байхад тус хуулийн 7.1-т заасан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих гэмт хэргүүдийг жагсаасан бөгөөд тус хуулийн 7.1 дүгээр зүйлд “... Эрүүгийн хуульд заасан хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг” гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор хуульчилсан байх тул анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/185 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хууль болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн байх тул дээд шатны прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/185 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Пүрэвсүрэнд холбогдох эрүүгийн 2114000000177 дугаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Б.Пүрэвсүрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР

ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

Б.БОЛОР-ЭРДЭНЭ