| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Замбалын Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2024/01054/И |
| Дугаар | 101/ШШ2024/02456 |
| Огноо | 2024-05-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 101/ШШ2024/02456
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б дүүрэг /РД:0/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх М-д холбогдох,
7,420,050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга оролцов.
Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй байна.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:
Миний бие Хятад руу онлайнаар бараа захиалдаг байсан. Энэ хүүхэн захиалсан барааг хүргэдэг хүн байсан юм билээ. Ингээд энэ эмэгтэйтэй харьцаад 2022 оны 4 сарын 25-нд 10 ширхэг майхан захиалах гэсэн юм гэхэд болно гэж хэлсэн. Ингээд 7,420,050 төгрөгийг 10 ширхэг майханы мөнгө гэж шилжүүлсэн. Майхан ирж яваа, ирчихсэн гэх мэтээр хоосон контэйнер хүртэл мөргүүлж байсан. Ингээд сүүлдээ худлаа ярьж байгаа нь мэдэгдээд шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Захиалсан майханаа огт авч чадаагүй. Шилжүүлсэн мөнгөө авъяа гэхэд шилжүүлнэ гэж хэлчихээд шилжүүлдэггүй. Өөртэй нь яриад өөрийх нь данс руу мөнгөө шилжүүлсэн. Бараа өгч авч захиалдаг байхдаа энэ хүнтэй танилцсан. Урдаас ирсэн барааг тараадаг хүн байсан юм шиг байна лээ. Энэ хүнтэй ярьж тохиролцоод өөрийх нь хэлсэн дансанд мөнгөө шилжүүлсэн. Одоо майхан авах нь худлаа болсон тул мөнгөө авах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.
2.Нэхэмжлэгчээс Баянгол дүүргийн Засаг даргын тодорхойлолт, Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хаяг тогтоосон тодорхойлолт, нэхэмжлэгчийн эзэмшлийн Голомт банкны дансны хуулга, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 04172 дугаартай шийдвэр зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч П.М холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт төлсөн 7,420,050 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хариуцагчтай 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 10 ширхэг майхан БНХАУ-аас захиалж авчруулахаар тохиролцож, уг тохиролцооны дагуу майхан нийлүүлээгүй тул шилжүүлсэн 7,420,050 төгрөгийг буцаан гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн эзэмшлийн Голомт банкны мемориалын баримтаар нэхэмжлэгчийн данснаас хариуцагчийн Хаан банкны дансад 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 7,420,050 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 5 дугаар тал/
Нэхэмжлэгчийн хариуцагчаас 10 ширхэг майхан авахаар тохиролцож, майханы үнэд 7,420,050 төгрөг шилжүүлсэн гэх тайлбартай хариуцагч тал маргаагүй.
Тодруулбал, хариуцагчид нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдөр гардуулж, эрх үүрэг болон хэргийн материалтай танилцуулсан бөгөөд хариуцагчаас хуульд заасан 14 хоногийн хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар эзгүйд шийдвэрлэнэ гэж заасан.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар, Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж зохицуулсан.
Иймд нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан дансны хуулгаар зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан.
Нэхэмжлэгчийн тайлбараар хариуцагч нь 10 ширхэг майхан нийлүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзаж, төлбөрөө буцаан гаргуулах шаардлага үндэслэл бүхий байна.
Дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагчаас 7,420,050 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Маас 7,420,050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Б-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч П.Маас 133,670 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Б-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА