Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 00090

 

Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж, нарийн бичгийн дарга Д.Одончимэг, улсын яллагч П.Шижиртуяа, хохирогч Э.Улаанхүү, хохирогчийн өмгөөлөгч М. Даваасүрэн , шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа, шүүгдэгч Э.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Энхбаатарын Энхбатад холбогдох 201606000327 дугаартай, 132/2017/0052/Э индекстэй хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 2, хүүхдийн хамт Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг, Барилгын 36 айлын 2б хэсгийн 2-4 тоотод оршин суух, Гөрөөчин овогт Энхбаатарын Энхбат /РД:ГЮ89121211/, Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Э.Энхбат нь 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Сайхан сумын нутаг Өрмийн адаг гэх газарт Э.Улаанхүүгийн биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Энхбатын өгсөн: 2016 оны 6 дугаар сарын 15-ны өглөө ажилдаа очсон. Тэнд очиход Жаргалтогтох, Улаанхүү, Бямбаа, Хатанбаатар нар байсан. Манайхан ажлаа хийж дуусгаад захирал тэд нарыг дайлаад, архи уусан байсан. Бид хэд салхинд гарч загас баръя гээд голруу явсан. Тэнд очоод бас архи, ууж хөзөр тоглосон. Хөзөр тоглож байхад Улаанхүү би тоглоно гэсэн би үгүй би тоглоно гээд маргалдсан. Улаанхүү бид 2 заамдалцаад боссон. Улаанхүү намайг нэг цохисон би зөрүүлээд нэг цохисон. Бид 2 зууралдаад усруу орсон. Улаанхүү намайг усан дотор дарж унагаасан. Босож ирээд нэг цохихоор нь би уснаас гарж ирээд эрэг дээр хальтраад унасан ба газар алх баригдахаар нь алхаар цохисон. Тэгээд Улаанхүүгийн толгойноос цус 2 гарахаар нь өөрийнх подволкоор толгойг нь боосон. Бид хэд маргааш нь Булганд ирсэн. Ирээд Улаанхүү ээж, аавд мэдэгдэж болохгүй гэсэн. Маргааш нь Улаанхүүг очиж аваад ажилруугаа явж байтал Улаанхүү ухаан алдсан. Тэгээд удалгүй Улаанхүү сэргэсэн. Эрдэнэт орж эмнэлэгт үзүүлье гээд захирлаасаа мөнгө асуусан чинь мөнгөгүй байна гээд хүлээлгээд байсан. Улаанхүү дотор муухай оргиод байна гэхээр нь айгаад ээж рүү яриад хүргэж өгсөн. 3 хоногийн дараа Улаанхүү Эрдэнэтэд хагалгаанд орж байгаа гээд Эрдэнэбилэг ах ярьж хэлсэн. Би хагалгаанд орсны дараа очиж уулзсан гэх мэдүүлэг. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Улаанхүүгийн өгсөн: 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Жаргалтогтох, Бямбаа, Хатанбаатар, Энхбат бид нар гол явсан. Гол дээр байхад Энхбат бид 2 маргалдсан. Энхбат намайг түрүүлж цохисон. Тэгээд би болъё гэсэн Энхбат намайг араас хөөсөн. Зугтаад явж байгаад миний хамраас цус гараад гол руу очсон. Энхбат уучлалт гуйсан. Тэгээд би явж байсан чинь машинаа онгойлгоод алх аваад алхаар цохисон. Тэндээ хоноод маргааш нь харьсан. Маргааш өглөө нь Энхбат ажилдаа явахуу гээд ирж авсан. Ажилруу явж байх замдаа би ухаан алдсан. Тэгээд гэртээ харьж түргэн тусламж дуудаж түргэн ирээд эмнэлэг орсон. Даруйхан аппраданд харуулахгүй бол болохгүй байна гээд Эрдэнэт явсан. Тухайн үед миний ухаан орж гараад байсан. Би хохирол нийт 6000000 төгрөг нэхэмжилсэн ба 2830000 төгрөг авсан. Одоо миний бие хаяа ярихаар гацаад байх болсон. Нүдний хараа муудаад байгаа. Хөдөлмөрийн чадвар 80% алдсан гэх мэдүүлэг, 201606000327 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд: Хохирогч Э.Улаанхүүгийн өгсөн: 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Орхон сумын "Өрөмийн адаг" гэх газарт найзуудын хамт хөзөр тоглож байхад Энхбат архины шилээр хатгаад чи хэзээ ийм болчихсон юм бэ? гээд байхаар нь яагаад байгаа юм бэ? гэхэд шууд хамар луу гараараа нэг удаа цохисон. Тэгээд цус гараад тогтохгүй болохоор голд очоод угааж байтал Жаргалтогтох араас чинь Энхбат очиж байна гэхээр нь эргэж хараад Энхбатын шанаа руу нь 1 удаа цохисон чинь Энхбат газарт унасан. Тэгээд Жаргалтогтохын машинд очоод хаалгыг нь онгойлгож байтал миний араас Энхбат зүүн талын чамархайруу төмөр иштэй алхаар 1 удаа цохисон. Тэгтэл миний чамархайнаас цус гараад тогтохгүй болохоор нь өөрийнхөө өмсөж явсан подволкоо архиар дарж байгаад цусыг нь тогтоосон. Тэгээд бид нар машин дотор хоноод маргааш нь Жаргалтогтох, Энхбат хоёр эмнэлэгт очиж үзүүлье гээд Булган луу явсан. Булганд ирээд Хатанбаатарын гэрт ирээд чамархайнаас гарсан цус хатсан байсан хэсгийг угааж цэвэрлэчихээд Жаргалтогтох, Бямбахүү нар гэрт хүргэж өгсөн. Тухайн үед бид нар архи, пиво, виски нэртэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба Энхбат арай илүү согтолттой харагдаж байсан. Тухайн үед толгойн зүүн талын чамархайн хэсэгт алхаар цохиулсан. Орхон аймгийн нэгдсэн эмнэлэгийн гэмтлийн тасагт хэвтэж эмчлүүлсэн. Тухайн үед Энхбат намайг цагдаад битгий хэлээч хохиролыг чинь барагдуулъя гээд байсан..." гэх мэдүүлэг /хх 19-22 тал/, Гэрч Г.Жаргалтогтохын "...2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Энхбат, Бямбаахүү, Улаанхүү, Хатанбаатар нарын хамт Булган аймгийн Орхон сумын "Өрөмийн адаг" гэх газарт салхинд гарах гэж очсон. Тэгээд байж байтал Улаанхүү, 3 Энхбат хоёр маргалдаад заамдалцаад боссон. Эхлээд Энхбат, Улаанхүүг зүүн гараараа цээжинд нь нэг удаа цохисон дараа нь Улаанхүү Энхбатыг зөрүүлээд цохих шиг болсон би сайн хараагүй. Удалгүй Хатанбаатар Улаанхүүг Энхбат алхаар цохичихлоо гээд боссон. Тэгээд бид нар босоод очтол Улаанхүүгийн зүүн талын чамархай хэсгээс цус гарч байсан. Би толгойг нь Улаанхүүгийн өмсөж явсан подволкоор нь боож цусыг нь тогтоосон..." гэх мэдүүлэг /хх-н 23-25, 26 дугаар хуудас/ Гэрч М.Хатанбаатарын "...2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Энхбат, Бямбаахүү, Улаанхүү, Жаргалтогтох нарын хамт Булган аймгийн Орхон сумын "Өрөмийн адаг" гэх газарт салхинд гарч загасчлах гэж очсон. Бид нар хөзөр тоглож байтал Энхбат, Улаанхүү хоёр маргалдаад нэг нэгнийгээ заамдалцаад босцгоосон. Тэгээд удалгүй Улаанхүү, Энхбатыг гараараа нэг удаа цохих шиг болсон тэр үед Энхбат хойшоо газарт унасан. Газар унаад газар байсан алхыг аваад Улаанхүүг алхаар цохилоо гээд Улаанхүүд хэлээд Энхбат гартаа байсан алхаар Улаанхүүг цохих гэхээр нь би Энхбатын араас татсан чинь Энхбат Улаанхүүгийн зүүн талын чамархай хэсэгт алхаар нэг удаа цохисон. Цохисоны дараа Улаанхүүгийн зүүн талын чамархай хэсгээс цус гарч байсан ба Жаргалтогтох Улаанхүүгийн өмсөж байсан подволкоор толгойг нь боож цусыг нь тогтоосон..." гэх мэдүүлэг/хх-н 27-28, 29 дүгээр хуудас/, Мөрдөн байцаалтын шатанд Э.Энхбатын яллагдагчаар өгсөн: "...2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр би Жаргалтогтох, Хатанбаатар, Бямбаахүү, Улаанхүү нарын хамт Орхон сумын "Өрөмийн адаг" гэх газар салхинд гарах гэж очсон. Тэгээд бид нар 3 шил "Болор" нэртэй архийг бид тавуулаа ууж дуусаад хөзөр тоглох гэж байтал би Улаанхүүд эхлээд "би тоглоё" гэхэд, Улаанхүү би тоглоно гэж хэлээд бид 2 маргалдсан тэгээд эхлээд Улаанхүү намайг заамдсан. Би Улаанхүүг заамдаад бид 2 босоод Улаанхүүг би чи хэзээ ийм болчихсон юм бэ? гэж хэлээд заамдаад ухарч яваад намайг баруун гараараа нүүрэн тус газар нэг удаа цохисон. Тэгэхээр нь би Улаанхүүг шанаа руу нь 1 удаа гараараа цохиод Улаанхүү бид хоёр зууралдаад голруу орсон. Улаанхүү намайг гол дотор түлхэж унагаагаад нүүрэн тус газар гараараа 5 юмуу 6 удаа цохисон. Тэгээд би зууралдаад голоос гарч ирсэн чинь Улаанхүү араас намайг баруун шанаанд нэг удаа цохиход нь би газар унасан газарт унахад газарт алх байсан. Тэр уурандаа газарт байсан алхыг аваад алхны хавтгай хэсгээр чамархай хэсэг рүү нь 1 удаа цохисон. Тэгтэл Хатанбаатар бид хоёрыг салгасан. Тэгээд Улаанхүүгийн чамархайнаас цус гараад байхаар нь Жаргалтогтох толгойг нь Улаанхүүгийн өмсөж байсан подволкоор нь боож цусыг тогтоосон. Тэгээд би Улаанхүүгээс уучлалт гуйсан бид нар машин дотор хоноод маргааш өглөө нь Булган луу гэрлүүгээ явцгаасан. Тэгээд бид нар Булганд ирээд Хатанбаатарын гэрт бүгдээрээ ирсэн. Жаргалтогтох Бямбаахүү хоёр Улаанхүүг гэрт нь хүргэж өгье гэж хэлээд Жаргалтогтохын машинтай Улаанхүүг гэрт нь хүргэж өгсөн. Маргааш өглөө нь Жаргалтогтох бид нарыг гэр гэрээс машинтайгаа ирж аваад хамгийн сүүлд нь Улаанхүүгийн гэрийн гадаа машинтайгаа очиход Улаанхүү гэрээсээ цүнхтэй ажлынхаа хувцастай гарч ирээд машин дотор суусан. Тэгэхээр нь би толгой чинь гайгүй юу? гэж асуухад Улаанхүү гайгүй гэж хэлсэн. Тэгээд бид нар ажил руу явж байтал Улаанхүү ухаан алдаж унасан тэгэхээр нь би эмнэлэг орьё гэж хэлээд 4 эмнэлэг орох замд Улаанхүү сэргэсэн Эмнэлэг дээр ирэхэд Улаанхүү эмнэлэг рүү орвол ээж мэдчихнэ гэхээр нь би Орхон аймгийн эмнэлэг рүү явъя гэсэн. Тэгээд бид нар бензиний мөнгө хайж байтал Улаанхүү дотор муухайраад байна гэсэн. Улаанхүү намайг ээжрүү хүргээд өгчих гэсэн тэгээд Жаргалтогтох ээжрүү нь хүргэж өгье гэж хэлээд хүргэж өгсөн. ..." гэх мэдүүлэг /хх-н 73-75, 76, 78-79 дүгээр хуудас/ Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 12 тоот:

1. Э.Улаанхүүгийн биед зүүн зулай, чамархай хэсгийн ясанд цөмөрсөн хугарал, тархины эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтэл авсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1 болон 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний явцаас хамаарна гэх дүгнэлт /хх 56-57 тал/, Томографикийн оншилгоо /хх 58/, Хохирогчийн эмчилгээний хийлгэсэн эмчилгээний хуудасууд /хх 90-120/, хохирогчид эмчилгээнд хийлгэсэн зардлууд /хх 127-136/, эмчийн тодорхойлолт /хх 138/, яллах дүгнэлт /хх 196/, гэрлэлт бүртгэлгүй гэсэн лавлагаа /хх 189/, өрхийн эмчийн тодорхойлолт / хх 173/, төрсний гэрчилгээний лавлагаа /хх 175/, хохирол хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх 192/ зэргийг судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Э.Энхбат нь 2016 оны 06 дугаар сарын 15- ны өдөр Булган аймгийн Сайхан сумын нутаг Өрмийн адаг гэх газарт Э.Улаанхүүтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний биед хүнд гэмтэл санаатай учруулсан хууль зүйн факт, үйл баримт болжээ. Энэ үйл баримт нь хохирогч Э.Улаанхүүгийн өгсөн: “...Энхбат архины шилээр хатгаад чи хэзээ ийм болчихсон юм бэ? гээд байхаар нь яагаад байгаа юм бэ? гэхэд шууд хамар луу гараараа нэг удаа цохисон. ... эргэж хараад Энхбатын шанаа руу нь 1 удаа цохисон чинь Энхбат газарт унасан. Тэгээд Жаргалтогтохын машинд очоод хаалгыг нь онгойлгож байтал миний араас Энхбат зүүн талын чамархайруу төмөр иштэй алхаар 1 удаа цохисон” гэх мэдүүлэг, гэрч М.Жаргалтогтохын өгсөн: “..Улаанхүү, Энхбат хоёр маргалдаад заамдалцаад боссон. Эхлээд Энхбат, Улаанхүүг зүүн гараараа цээжинд нь нэг удаа цохисон дараа нь Улаанхүү Энхбатыг зөрүүлээд цохих шиг болсон би сайн хараагүй. Удалгүй Хатанбаатар Улаанхүүг Энхбат алхаар цохичихлоо гээд боссон” гэх мэдүүлэг, гэрч М.Хатанбаатарын өгсөн: “..Улаанхүү, Энхбатыг гараараа нэг удаа цохих шиг болсон тэр үед Энхбат хойшоо газарт унасан. Газар унаад газар байсан алхыг аваад Улаанхүүг алхаар цохилоо гээд Улаанхүүд хэлээд Энхбат гартаа байсан алхаар Улаанхүүг цохих гэхээр нь би Энхбатын араас татсан чинь Энхбат Улаанхүүгийн зүүн талын чамархай хэсэгт алхаар нэг удаа цохисон” гэх мэдүүлэг, шүүгдэгч Э.Энхбатын хэргээ хүлээн мэдүүлсэн: “..Улаанхүүг заамдаад бид 2 босоод Улаанхүүг би чи хэзээ ийм болчихсон юм бэ? гэж хэлээд заамдаад ухарч яваад намайг баруун гараараа нүүрэн тус газар нэг удаа цохисон. Тэгэхээр нь би Улаанхүүг шанаа руу нь 1 удаа гараараа цохиод Улаанхүү бид хоёр 5 зууралдаад голруу орсон. Улаанхүү намайг гол дотор түлхэж унагаагаад нүүрэн тус газар гараараа 5 юмуу 6 удаа цохисон. Тэгээд би зууралдаад голоос гарч ирсэн чинь Улаанхүү араас намайг баруун шанаанд нэг удаа цохиход нь би газар унасан газар унахад газарт алх байсан. Тэр уурандаа газарт байсан алхыг аваад алхны хавтгай хэсгээр чамархай хэсэгрүү нь 1 удаа цохисон” гэх мэдүүлэг, хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хор уршигийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлгүүд, хохирогч Э.Улаанхүүгийн биед мохоо зүйлийн үйлчлэлээр хүнд зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны 12 тоот дүгнэлт, хохирогчийн өвчний түүх зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулагдаж бэхжүүлэгдсэн шууд болон шууд бус нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх ба шүүх хууль сануулж, тусгай мэдлэгийнх нь хүрээнд гаргуулсан шинжээчийн дүгнэлт болон эх сурвалжаа тодорхой заан мэдүүлсэн хохирогч, гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв. 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцааж хэрэглэнэ гэж заасан бах тул Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Э.Энхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан хэсэг рүү шилжүүлж зүйлчлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Э.Энхбатын хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан дээрхи үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байна. Хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон байх тул шүүгдэгч Э.Энбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Улаанхүүгийн биед хүнд гэмтэл учирч түүнийг эмчлүүлэхтэй холбогдож гарсан зардалд 4 сая төгрөг нэхэмжилсэн ба баримтаар нотлогдсон 1209438 төгрөг гаруулах үндэслэлтэй боловч шүүгдэгч Э.Энхбат нь хохирогчийн нэхэмжилсэн мөнгөн дүнгээр хохиролыг нөхөн төлсөн байна. Хохирогч Э.Улаанхүү нь гэмтэлтэй холбоотойгоор цаашид эмчилгээ, оношлогоо хийлгэсэн тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэлээ. Шүүгдэгч Э. Энхбатад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа эмнэлгийн тусламж үзүүлж, учруулсан эрүүл мэндийн хохиролыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон түүний хувийн байдал болон бага насны хүүхэдтэй зэрэг байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. 6 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг төмөр алхыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б. Энх-Амгаланд даалгаж шийвэрлэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 , 36.2 дугаар зүйлийн 1, 2,4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Булган аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Гөрөөчин овогт Энхбаатарын Энхбатыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар зүйчилж ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Гөрөөчин овогт Энхбаатарын Энхбатыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Энхбатыг 10000 /арван мянга/ нэгжээр буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 21.5 дугаар зүйлийн 3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг төмөр алхыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, устгасан тухай баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Энх-Амгаланд даалгасугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн бичиг баримтгүй болохыг дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийлвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Энхбатад урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ