Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2023/0515

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М******* ХХК /РД:*******/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.Ц******* /РД:*******/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ч.З******* /Үнэмлэхийн дугаар:*******/

Хариуцагч: Хууль зүй, дотоод хэргийн сайд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.*******а //

Маргааны төрөл: Тусгай зөвшөөрөл

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ц*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.З*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******а, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч М******* ХХК-аас Хууль зүй, дотоод хэргийн сайдад холбогдуулан Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Хууль зүй, дотоод хэргийн яамны шийдвэр /2023 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн албан бичиг/-ийг хүчингүй болгож, М******* ХХК-д Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2.М******* ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаар шийдвэрийн дагуу 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас Онлайн худалдаа-ны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар гэрчилгээ авсан. Улмаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нт 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр дугаартай Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүсэх тухай хүсэлтийг Зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу холбогдох баримт бичгийн хамт хүргүүлсэн байна.

3.Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгээр Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 11.4 дэх заалтад заасны дагуу уг зөвшөөрлийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгохоор заасан ч Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Тус төслийг хэлэлцэн, нэг мөр шийдэгдтэл хүсэлтийг буцаан хүргүүлж байна гэх хариуг хүргүүлсэн.

4.Нэхэмжлэгч М******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Зөвшөөрлийн тухай хууль 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр шинэчлэн батлагдсан. Тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсгийн 11.4 дэх заалтад төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох эрх бүхий этгээд нь Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна гэж заасан. Мөн Компанийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт компани нь зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагааг хуульд заасны дагуу холбогдох эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ гэж заасан бөгөөд Монгол Улсын татварын хууль тогтоомжийн дагуу уг үйл ажиллагааг эрхэлж олсон орлого иргэн, аж ахуй нэгжид орлогын албан татвар төлөх үүрэг хүлээлгэдэг. Олсон орлогын эрх зүйн зохицуулалтуудыг иргэний эрх зүйн салбарын хууль тогтоомжид тусгайлан заасан байдаг. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Хууль зүй, дотоод хэргийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамжийг төлнө, мөн хуулийн 20.1.3 төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 860000-2150000 төгрөг байна гэж заасан. Дээрх зохицуулалтын хүрээнд нэхэмжлэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яамд хандаж төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох хүсэлт гаргасан.

Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын гарын үсэгтэй 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн тоот албан бичгээр хэд хэдэн үндэслэл дурдаж, нарийвчилсан зохицуулалт шаардлагатай байгаа. Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны тухай хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа ба энэ хуулийн төслийг хэлэлцүүлсний дараа нэг мөр шийдвэрлэх тул таны хүсэлтийг буцааж байна гэсэн татгалзсан хариу ирүүлсэн. Улсын Их Хурал Зөвшөөрлийн тухай хуулийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр шинэчлэн баталж 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн байтал 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн албан бичгээр Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлсний дараа нэг мөр шийдвэрлэх тул хүсэлтийг буцаан хүргүүлж байна гэсэн. Энэ нь иргэн, хуулийн этгээдийн аж ахуйн нэгжийг бизнес эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх чөлөөг хязгаарласан үйлдэл.

Үүнийг Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дахь заалтын хуульд үндэслэх зарчмыг баримтлан, Зөвшөөрлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.3.2 дахь Монгол Улсад зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааны жагсаалт, зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийг энэ хуулиар зохицуулна гэснийг тус тус зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Мөн Зөвшөөрлийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсан зорилго нь тусгай зөвшөөрлийг шат дамжлагагүй, тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хялбаршуулах, иргэн, аж ахуй нэгжид дарамтгүй болгох, тусгай зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай үйл ажиллагааг нарийвчлан зохицуулах гэж ойлгож байсан. Гэтэл Зөвшөөрлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн жагсаалтын 11.4 дэх хэсэгт төлбөрт таавар, бооцоот тоглоомын тусгай зөвшөөрлийг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно гэж хуульчилсан. Ийм байхад тус яамнаас ирүүлсэн хариу тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Зөвшөөрлийн тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.5.8 дахь хэсэгт хуульд заасан тохиолдолд тухайн зөвшөөрлийг хуулийн этгээдэд, эсхүл тодорхой төрөл, хэлбэрээр байгуулагдсан хуулийн этгээдэд, эсхүл хувь хүнд, эсхүл Монгол Улсын иргэнд олгоно, 1.5.16 дахь хэсэгт энэ хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд заасан зөвшөөрлийг нэмэх, задлах, хуваах, салгах, түүний хамрах хүрээг өргөжүүлэхийг хориглоно, 1.5.17дахь хэсэгт зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбогдсон захиргааны хэм хэмжээ тогтоосон акт гаргахыг хориглоно гэж тус тус заасан.

Гэтэл төрийн захиргааны байгууллага нь Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн, батлагдах эсэх нь шийдвэрлэгдээгүй байгаа Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны тухай хуулийн төслийг удирдлага болгож хуулиар хэрэгжүүлсэн үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа хууль бус үйлдэл гэж үзэж байгаа тул захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасны дагуу гомдлыг хуулийн хугацаанд нэхэмжилж гаргаж байна. Иймд төлбөрт таавар, бооцоот тоглоомын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг шийдвэрлэж өгөөгүй 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр албан бичгээр буцааж өгсөн Хууль зүй дотоод хэргийн яамны шийдвэрийг хүчингүй болгож өгч М******* ХХК-д төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохыг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргаж байна. гэжээ.

4.1.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс хариу тайлбар дээр Үндэсний аюулгүй байдал, санхүүгийн тогтвортой байдал, хүн ам, хүрээлэн буй орчинд хохирол учруулж болзошгүй, байгалийн баялаг, төрийн өмчийг хязгаартай ашиглахыг эрх бүхий этгээдээс зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээнэ гэх өргөн хүрээг хамарсан энэ үндэслэлийг ойлгоогүй. Иймээс бид энэ шийдвэрийг зөвшөөрөхгүй. Зөвшөөрлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан хууль дээдлэх, ил тод, шударга байх, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх гэсэн зарчмуудыг зөрчиж байна гэж үзэж байна. Хариуцагч дээрх өргөн хүрээг хамарсан үндэслэлээр зөвшөөрөл олгохоос татгалзаж байгаа нь хууль зөрчиж байна. Мөн хэзээ батлагдах нь тодорхойгүй, ирээдүйд бий болох өргөн баригдсан хуулийн төслийг үндэслэж Зөвшөөрлийн тухай хуульд заасан зөвшөөрлийг олгохгүй байх нь үндэслэлгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү. гэв.

5.Хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ...Тус компани нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нт "Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрөл" хүсэх тухай 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар албан бичиг ирүүлсэн байдаг.

Зөвшөөрлийн тухай хуулиар үндэсний аюулгүй байдал, санхүүгийн тогтвортой байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй болон орчиндоо аюултай зарим төрлийн үйл ажиллагааг эрхлэх, байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглахад эрх бүхий этгээдээс зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тэдгээрийн бүртгэл, хяналт, түүнчлэн зөвшөөрлийн ангилал, жагсаалтыг тогтоохтой холбогдох нийтлэг харилцааг зохицуулах бөгөөд "төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа"-г тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэхээр заасан байдаг.

Энэ төрлийн тусгай зөвшөөрөл нь хууль зүйн чиглэлд хамаарахаар уг хуулийн 8.1 дүгээр зүйлийн 11.4 дэх заалтад заасны дагуу тусгай зөвшөөрлийг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгохоор заасан. Тус компаниас ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч танилцаад төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохгүй тухай 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн "Хариу хүргүүлэх тухай" дугаартай албан бичгээр хариу өгсөн.

Ингэхдээ Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1. "үндэсний аюулгүй байдал, нийтийн эрх ашиг, хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах", 1.2."хууль дээдлэх", 1.3. "ил тод, шударга байх", 1.4. "бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх" зарчимд үндэслэсэн. Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх гэдэгт ямар төрөл, ангиллын үйл ажиллагаа хамаарах, бусад ижил төрлөөс ялгагдах онцлог, тус үйл ажиллагааг эрхлэн явуулах журам зэргийг нарийвчлан зохицуулах шаардлагатай байгаа байгаа болно.

Иймд "М*******" ХХК-ний нэхэмжлэлтэй Хууль зүй, дотоод хэргийн сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хавсралтаар 2023.01.31-ний өдрийн дугаар албан бичгийг хавсаргав. гэжээ.

5.1.Хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******а шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Хууль зүй, дотоод хэргийн сайдад холбогдох нэхэмжлэлийг эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна. Тус компани Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нт төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэж 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр албан бичиг ирүүлсэн. Тус албан бичгийг хүлээж аваад 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дугаартай албан бичгээр хариу өгсөн. Хариуг өгөхдөө Зөвшөөрлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.5.1 дэх хэсэгт заасан зарчмыг баримталсан. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас сүүлийн жилүүдэд Зөвшөөрлийн тухай хуульд заасан бусад үйл ажиллагаа эрхлэхэд холбогдох хуулийн төсөл нь боловсрогдох, батлагдах хүртэл ямар нэгэн зөвшөөрөл олгохгүй байгаа. 2021 оны байдлаар энэ төрлийн үйл ажиллагаатай холбоотой 326 залилангийн шинжтэй цахим гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнийг өмнөх онтой харьцуулахад 83 хувиар өссөн үзүүлэлт гарсан байсан. Цагдаагийн ерөнхий газраас Хууль зүй, дотоод хэргийн яамд төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохтой холбоотой судалгаа, хүсэлтүүдийг өгсөн. Үүнтэй холбоотойгоор төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хязгаарлах зайлшгүй шаардлагатай болсон. Хууль зүй, дотоод хэргийн яам энэ чиг бодлогыг барьж хариу өгсөн. Тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудал Хууль зүй, дотоод хэргийн яамны эрх хэмжээний асуудал тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Нэхэмжлэгч М******* ХХК-аас Хууль зүй, дотоод хэргийн сайдад холбогдуулан Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Хууль зүй, дотоод хэргийн яамны шийдвэр /2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн албан бичиг/-ийг хүчингүй болгож, М******* ХХК-д Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2.Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон хэргийн оролцогчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт хууль зүйн дүгнэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.1.Хариуцагчийн тухайд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 4.Монгол Улсын яамыг Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд тэргүүлнэ., 20 дугаар зүйлийн 2.Засгийн газрын гишүүн нь Монгол Улсын сайд байна. гэж тус тус заасан тул Хууль зүй, дотоод хэргийн сайдад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн бөгөөд энэ талаар хэргийн оролцогчид маргаагүйг дурдах нь зүйтэй.

3.Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Хууль зүй, дотоод хэргийн яамны шийдвэр /2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн албан бичиг/-ийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

3.1.Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгээр ... Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 11.4 дэх заалтад заасны дагуу төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгохоор заасан боловч уг зөвшөөрлийг тус яамнаас олгохгүй байгаа болно. Дээрх хуульд заасан төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх гэдэгт ямар төрөл, ангиллын үйл ажиллагаа хамаарах, бусад ижил төрлөөс (тухайлбал, эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хонжворт таавар, бооцоот уралдаанаас гэх мэт) ялгагдах онцлог, энэхүү үйл ажиллагааг эрхлэн явуулах журам зэргийг нарийвчлан зохицуулах шаардлагатай байгаа тул тус яамнаас Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны тухай хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байна. Иймд дээр дурдсан төслийг хэлэлцэн, нэг мөр шийдвэрлэх хүртэл Таны хүсэлтийг буцаан хүргүүлж байна хэмээн нэхэмжлэгч компанид тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж, хүсэлтийг буцаажээ.

4.Нэхэмжлэгчээс ... Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэхийг нь ч шийдээгүй Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны тухай хууль-ийн төслийг удирдлага болгож, батлагдахыг хүлээн төрийн захиргааны байгууллага хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхгүй байгааг хууль бус үйлдэл гэж үзэх бүрэн үндэслэлтэй байх тул ... өөрийн бизнесийн эрх, ашиг сонирхлоо хамгаалуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна ... гэж, харин хариуцагчаас ... Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх гэдэгт ямар төрөл, ангиллын үйл ажиллагаа хамаарах, бусад ижил төрлөөс ялгагдах онцлог, тус үйл ажиллагааг эрхлэн явуулах журам зэргийг нарийвчлан зохицуулах шаардлагатай ... гэж тус тус тайлбарлан маргаж байна.

5.Зөвшөөрлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1.Энэ хуулийн зорилт нь ... зөвшөөрлийн ангилал, жагсаалтыг тогтоохтой холбогдох нийтлэг харилцааг зохицуулахад оршино., 1.5 дугаар зүйлийн 16.Энэ хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд заасан зөвшөөрлийг нэмэх, задлах, хуваах, салгах, түүний хамрах хүрээг өргөжүүлэхийг хориглоно., мөн зүйлийн 17.Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбогдсон захиргааны хэм хэмжээ тогтоосон акт гаргахыг хориглоно. гэж тус тус заасан.

5.1.Гэтэл хуульд заагаагүй үндэслэлээр нэхэмжлэгч М******* ХХК-д тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж, хүсэлтийг буцаасан нь нэхэмжлэгч компанийн эрхийг хязгаарласан байх тул тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуцагчийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

5.2.Түүнчлэн нарийвчилсан зохицуулалт бүхий Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсгийн 11.4 дэх заалтад тусгай зөвшөөрлийн хүрээнд эрхэлж болох төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг энэ төрлийн үйл ажиллагаатай холбоотой Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн судалгаа, хүсэлтүүдэд үндэслэн Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйл 17.3 дахь хэсэгт заасан залилах гэмт хэргийн үйлдэлтэй хольж тайлбарлаж, энэ төрлийн үйл ажиллагааг зайлшгүй хязгаарлах шаардлагатай байгаа тул М******* ХХК-д тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар үндэслэлгүй байна.

6.Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

6.1.Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3.Зөвшөөрөл хүсэгч өргөдөлд зөвшөөрлийн ангилал, түүнд холбогдох үйл ажиллагааны болон байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглах зорилго, үндэслэлийг тодорхой тусгах бөгөөд дараах баримт бичгийг өргөдөлд хавсаргана: гэж заасан бөгөөд мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсгийн 11.4 дэх хэсэгт зааснаар төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгохоор хуульчилжээ.

7.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл М******* ХХК 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн дугаартай албан бичгээр Хууль зүй дотоод хэргийн сайдад хандаж Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүссэн байх ба хүсэлтдээ Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 11.4-т заасан Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа-ны тусгай зөвшөөрлийг хуульд заасан хугацаагаар авах хүсэлтэй байна. Хууль тогтоомжийн хүрээнд хянан шийдвэрлэж, тусгай зөвшөөрлийг олгоно уу. гээд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, татвар төлөгчөөр бүртгүүлсэн баримт, тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг хавсарган өгсөн байх ба энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй, М******* ХХК-ийн хүсэлтийг эдгээр баримтуудын хамт хүлээн авсан бөгөөд яаманд байгаа болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн болно.

7.1.Гэвч нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, түүнд хавсаргасан баримтууд нь дээрх хуульд заасан шаардлагыг бүрэн хангаагүй, тодруулбал ... өргөдөлд зөвшөөрлийн ангилал, түүнд холбогдох үйл ажиллагааны болон байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглах зорилго, үндэслэлийг тодорхой тусгах хуулийн шаардлагыг биелүүлээгүй буюу хүсэлтдээ тусгай зөвшөөрлөөр явуулах үйл ажиллагааны зорилго, үндэслэлээ тусгаагүй байхад шүүх нэхэмжлэгчийн ... тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.

8.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9.Нэхэмжлэгч М******* ХХК нь хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийн хүсэлтээ дахин гаргаж эрх бүхий этгээдээр шийдвэрлүүлэхэд шүүхийн энэхүү шийдвэр саад болохгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсгийн 11.4 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч М******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган М******* ХХК-д төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажил эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр буюу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн албан бичгийг хүчингүй болгож, үлдэх М******* ХХК-д төлбөрт таавар, бооцоот тогтоолмын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРАНГУА