Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
Хэргийн индекс | 133/2024/00011/И |
Дугаар | 133/ШШ2024/00094 |
Огноо | 2024-03-06 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 133/ШШ2024/00094
2024 оны 03 сарын 06 өдөр | Дугаар 133/ШШ2024/00094 | Есөнбулаг сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: *** аймгийн *** сумын *** багийн *** тоотод оршин суух, *** овгийн ***-ийн ***-ын нэхэмжлэлтэй
хариуцагч: *** аймгийн ***-д холбогдох
2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/56 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулж, 2023 оны 12 дугаар сард 1 хоногийн цалин хассан нь үндэслэлгүй болохыг тогтоож, цалинг нөхөн олгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***, хариуцагчийн төлөөлөгч ***, гэрч ***, гэрч *** нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *** тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/56 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулж, 2023 оны 12 дугаар сард 1 хоногийн цалин хассан нь үндэслэлгүй болохыг тогтоож, цалинг нөхөн олгуулах тухай
2. Нэхэмжлэл үндэслэл: Миний бие нь *** аймгийн ***-ийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/56 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасан. Анх энэ байгууллагад 2014 онд бэлтгэмэлчийн албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн. 2023 оны 01 дүгээр сарын 02-ны *** болоод мөн ажил олгогчийн санаачилгаар *** ажилтны ажлыг хавсран гүйцэтгэж ирсэн. 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ажил олгогчийн шийдвэрийн дагуу бичиг хэргийн ажлыг хүлээлгэн өгсөн. Хүлээлгэн өгснөөс хойш аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгаас шалгалт ирсэн. Шалгалтаар манай байгууллагыг хангалтгүй үнэлсэн. Би уг үнэлгээг тухайн байгууллагын мэдээллийн аюулгүй байдал, ажлын зохион байгуулалт, архив бичиг хэргийг шалгаж нэгтгэсэн дүн гаргасан гэж ойлгосон. Ерөнхий үнэлгээ гараад надтай холбоотой яригдсан зүйл нь 2019 оны тушаал гаргаагүй, байгууллагын архив, бичиг хэргийн шалган нягтлах комиссын тушаал гаргаагүй байна гэсэн. Гэтэл би тушаал гаргах эрх бүхий албан тушаалтан биш. 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шалгалтын хүмүүс чиглэл өгсөн байсан, энэ талаар даргадаа мэдэгдсэн. Энэ тушаалыг гаргаагүй мэтээр надад сахилгын арга хэмжээ авсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэхээр би өөрөө тушаал гаргах эрх бүхий албан тушаалтан биш гэдгийг дахин хэлье. Удалгүй *** дарга ажлаас чөлөөлөгдсөн. 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр *** дарга томилогдож 20-ны өдрийг хүртэлх хугацаанд энэ тушаалыг гаргах боломжтой байсан. Шалгалтаар ирэхэд би ажлаа хүлээлцсэн байсан тул би өөрөө шалгуулаагүй. Харин 2023 онд ажил үүргээ гүйцэтгэж байсан гэсэн утгаар хажууд нь байлцсан. Энэ байгууллагын муугаар дүгнэгдсэн нь зөвхөн надаас хамааралтай, миний буруутай үйлдлээс болсон мэтээр дүгнэж, сахилгын арга хэмжээ авсан нь үндэслэлгүй. Сахилгын арга хэмжээг авахдаа миний буруутай ямар үйлдэл байгаа талаар болон санал байгаа эсэхийг асууж мэдэгдээгүй, харин тушаал гарсан талаар надад мэдэгдсэн. Би ажлын үүрэг даалгаврыг цаг тухай бүрд нь гүйцэтгэж алдаа дутагдал гаргаж байгаагүй. Сахилгын тушаал гарсантай холбоотойгоор ажлын гүйцэтгэлийн үнэлгээнд үнэлэгдээгүй, урамшуулал аваагүй байгаа, миний эрх зөрчигдсөн. Шүүх үнэн зөвөөр асуудлыг шийдвэрлэж өгнө байх гэж найдаж байна. Мөн нэмж нэхэмжлэл гарсантай холбоотойгоор 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр *** даргын ажлын тушаал гарсан. Гэхдээ тухайн өдрөө ирээгүй. 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн үдийн дараа ирж ажил үүргээ гүйцэтгэсэн байсан. Намайг ажлын байран дээр ажлын цагаар ажлаа хийж байх үед нь буюу 12 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа ирээгүй мэтээр бүртгэж, нэг өдрийг тасаар бүртгэсэн. Тухайн үед ажиллаж байсан *** эгчээс тодруулж асуухад цаг бүртгэсэн байсан, харин *** дарга цаг бүртгэл дээр тас гэж гараараа бичиж тасаар авсан гэж надад тайлбарлаж хэлсэн. Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
3. Хариуцагчийн тайлбар: *** нь 2014 оноос бэлтгэмэлчээр ажиллаж байгаад 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс байгууллагын *** буюу *** ажилтнаар хавсран ажиллаж байсан. *** буюу *** ажилтнаар хавсран ажиллаж байсныг нотлох баримтаар 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн төвийн даргын түр орлон гүйцэтгэгч ***-ын Б/01 тушаалаар нотлогдож байна. *** болон *** ажилтнаар ажиллах ажил үүргийн хуваарь, хийх ажлын талаар ажлын байрны тодорхойлолтод заагдаж, тусгасан. 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр *** аймгийн Засаг даргын төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд үзлэг явуулах тухай захирамж гарсан байгаа. Уг захирамжаар 2023 оны 11 дүгээр сарын 20-ны дотор багтаан үзлэгийг явуулж дүгнэлт гаргах, захирамжийн дагуу аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгаас архив, албан хэрэг хөтлөлтийн улсын байцаагч нар *** дээр 11 дүгээр сарын 20-ны өдөр ирж шалгалт хийхээр ирсэн байдаг. Шалгалт ирэхэд *** ажилтан *** нь шалгалтыг явуулах ямар ч боломжгүй, архивын эмх цэгцгүй байдалтай, ажил үүргээ маш хангалтгүй биелүүлсэн, үзэж харах ямар ч юм байхгүй байсны улмаас 7 хоногийн дараа эргэж ирэх энэ хооронд архив, албан хэрэг хэрэг хөтлөлтийн журмын 9, 10 дугаар заалтад заасны дагуу ажил үүргээ шалгуулахад бэлэн байдлыг хангаж ажиллах үүрэг чиглэлийг өгч явсан. 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шалгалт хийгээд сарын дараа ирж хяналт шалгалтын дагуу хийсэн ажлыг үзнэ гэхэд мөн адил ямар ч хангалтгүй, үзүүлж харуулах зүйлгүй, 2023 онд хийсэн ажлын журнал, анхан шатны бүртгэл маягт, албан хэрэг хөтлөлт, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгээгүй байсны улмаас 63 оноогоор нийт үнэлгээ үнэлэгдэж, хангалтгүй үнэлэгдсэн. Архивын газраас ирсэн улсын байцаагч нар хурал хийгээд хурлын тэмдэглэл хөтөлсөн. *** аймгийн 64 төрийн байгууллагаас хамгийн хангалтгүй үнэлгээ авсан газар нь танайх байна, цаашид ажил үүргийг сайжруулах талаар заавар зөвлөгөөг өмнө нь өгөөд явахад бичиг хэргийн ажилтан ямар ч эмх цэгцгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг хийж гүйцэтгээгүй, архив албан хэрэг хөтлөлтөд маш хангалтгүй гэсэн дүгнэлт гаргаж үүрэг чиглэл өгөөд явсан. Архивын газраас ирсэн нотлох баримтад энэ талаар байгаа. Байгууллагын архив албан хэрэг хөтлөлт дээр 4 дүгээр заалтад заасан баримт бичгийн эргэлтийн мэдээ, тайлан гаргах гэсэн байдал дээр 0 оноо авсан. Энэ нь бичиг хэргийн ажилтны яг гардан хийх ёстой ажил байгаа юм. Ажил хүлээлцсэн А, Б тушаал, ирсэн явсан бичиг зэргийг журналд бүртгээгүй, эмх цэгцгүй байсан тул 0 үнэлгээ авсан. Мөн дээрээс нь төрийн нууцтай ажиллах журмын хэрэгжилт 0 үнэлгээтэй, байгууллага болон хувь хүний нууцын хэрэгжилт дээр 0 үнэлгээ авсан. Тамга тэмдэг түших, хэвлэмэл хуудас хариуцсан ажилтныг томилох зэрэгт 0 үнэлгээ авсан. Ер нь бол тушаал гаргах эрх бүхий хүн нь тушаал гаргаагүй байлаа гэхэд эргэлтийн мэдээ баримт бичиг, зохион байгуулалт зэрэг дүгнэлтийн 4, 8 дугаар хэсэг 0 үнэлгээ авсан гэдэг нь нотлогдож байна. Дансны бүртгэл өөрчлөлт хөдөлгөөний тусгах хэсэг, байгууллагын хэмжээнд дансны бүртгэл хөтөлсөн эсэх, байгууллагын баримт бичиг нягтлан шалгах комисс байгуулах журмыг баталсан эсэх, нууцын хуулийн талаарх ажлын хэрэгжилт зэрэг дээр 0 үнэлгээг мөн авсан. Энэ нь 2023 онд *** нь байгууллагын нууцыг хамгаалах ажилтнаар ажилласан болох нь төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч ***-ын тушаалаар нотлогдож байна. Төвийн даргын нууцыг хамгаалах ажилтныг томилох А/05 тушаалыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Нууцын ажил мөн 0 оноогоор үнэлэгдсэн. Төвийн даргын 2023 оны Б/15 дугаартай Дотоод хяналт, шалгалтын ажилтан томилох тушаалаар *** давхар ажилласан. Гэтэл Төрийн Аудит 2023 оны 12 дугаар сард тухайн байгууллага дээр аудит хийсэн. Баримт бичгийн бүрдлийг хангахаар дотоод аудитын тайлан мэдээг Төрийн Аудитын газарт хүргүүлж ажиллахаар байсан боловч 2023 онд дотоод хяналт шалгалтын ажилтнаар ажилласан *** нь тайлан мэдээг гаргаагүйн улмаас албан шаардлага ирснийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Дээрх баримтуудаас харахад *** нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн нь архивын газрын улсын байцаагч нарын ажил дүгнэсэн талаарх үзүүлэлт зэргээр нотлогдож байгаа учраас сахилгын шийтгэлийг оногдуулсан. Иймд сахилгын шийтгэл оногдуулсан төвийн дарга ***-ы тушаал шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа ирээгүй, нэг өдрийн цалин нэхэмжилсэн байсан. Цагийн бүртгэл болон 2023 оны Зоонозын өвчин судлалын төвийн ажилчдын цагийн бүртгэл, 12 дугаар сарын цагийн тооцооны хуудас зэргээр нотлогдоно. 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Эрүүл мэндийн газрын даргын Д/108 дугаартай тушаалаар миний бие С.Батсайхан нь Зоонозын өвчин судлалын төвийн даргаар томилогдсон. Эрүүл мэндийн газрын даргын ажил хүлээлцэх комиссын А/70 дугаартай тушаалаар ажилдаа ирээгүй гэдэг нь нотлогдоно. Энэ нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр *** миний бие ажилд томилогдоод ажил хүлээлцэх комиссын бүрэлдэхүүнд ***-ын нэр заагдаж орсон байдаг. Тухайн өдөр ажил хүлээлцэх гэсэн боловч *** ажлын байран дээрээ байгаагүйн улмаас ажил хүлээлцээгүй. 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ажил хүлээлцсэн гэж нэхэмжлэгч өөрөө хэлж байгаа нь үйл явдлыг нотолж байгаа гэж үзэж байна. 12 дугаар сарын 01-ний өдөр өөрөө ажилдаа ирээгүйн улмаас ажил хүлээлцэх үйл ажиллагаа хойшилж 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээлцсэн. Тийм учраас 12 дугаар сарын 01-ний ажилдаа ирээгүй гэдэг нь цагийн бүртгэл, тооцооны хуудас, нярвын 12 сард олгосон цалингийн бүртгэл, цалингийн цэсээр давхар нотлогдож байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.
4. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-*** аймгийн *** сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд ***-ын гаргасан өргөдөл,
-*** аймгийн ***-ийн даргын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/56 дугаартай тушаалын хуулбар,
*** аймгийн *** сумын Засаг даргын тамгын газрын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 3/260 дугаартай тодорхойлолт,
-***-ын 12 сарын 2 дугаар хагасын цалингийн мэдээллийн хуулбар,
-***-ын 2023 оны 12 сарын цагийн бүртгэлийн дэвтрийн хуулбар,
5. Хариуцагч иргэний хэрэгт ирүүлсэн нотлох баримт:
-*** аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/571 дугаартай Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд үзлэг явуулах тухай захирамж, захирамжийн нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар хавсралтын хуулбар,
-***-ын 2023 оны 12 сарын цагийн бүртгэлийн дэвтрийн хуулбар,
-*** аймгийн ***-ийн ***-тай 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар,
-*** аймгийн ***-ийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай Ажиллагсдын цалин нэмэгдлийг шинэчлэн тогтоох тухай тушаалын хуулбар,
-*** аймгийн ***-ийн 2023 оны 12 сарын сарын ажлын цагийн тооцооны хуулбар,
-*** аймгийн Засаг даргын тамгын газрын 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдринй 3/1313 дугаартай албан бичгийн хуулбар,
-*** аймгийн *** газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/108 дугаартай ***-ыг ажилд томилох тухай тушаалын хуулбар үнэн дарсан хувь,
-*** аймгийн *** газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/70 дугаартай Ажил хүлээлцэх тухай тушаалын хуулбар үнэн дарсан хувь,
-*** аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 10/80 дугаартай зөрчил арилгах тухай албан шаардлага,
-***-д төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд үзлэг хийсэн тухай шалгалтын дүнгийн хурлын тэмдэглэл, 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хурлын тэмдэглэл
-*** аймгийн ***-ийн даргын 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/5 дугаартай Байгууллагын нууц хариуцсан ажилтан томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-*** аймгийн ***ийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/15 дугаартай дотоод хяналт шалгалтын ажилтан томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
6. Шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлсэн нотлох баримт:
*** аймгийн ***-ийн даргын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/56 дугаартай тушаал,
-*** аймгийн ***-ийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 25 дугаартай албан бичгээр ирүүлсэн тус аймгийн ***-д 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрийн ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн үзлэг явуулсан дүн
-Албан тушаалын тодорхойлолт,
-*** аймгийн ***-ийн даргын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/20 дугаар тушаалын хавсралтаар баталсан тус төвийн дотоод журам,
-***, *** нарын бичиг хэрэг архивын ажлыг хүлээлцэх актын гараар бичсэн хувь
-*** аймгийн ***-ийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай Ажиллагсдын цалин нэмэгдлийг шинэчлэн тогтоох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хувь,
-*** аймгийн ***-ийн ***-тай 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний эх хувь,
-*** аймгийн ***-ийн 2023 оны 12 дугаар сарын II хагасын цалингийн тооцооны хүснэгт,
-Архив бичиг хэргийн ажлыг хүлээлцсэн акт гэх 2 хуудас ***-ын гарын үсэг зурагдаагүй баримт
-***-ын 2023 оны 12 сарын цагийн бүртгэлийн дэвтрийн хуулбар,
-*** аймгийн ***-ийн 2022, 2023 оны цагийн бүртгэлийн дэвтэр зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч *** нь хариуцагч *** аймгийн ***-д холбогдуулан 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/56 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 12 дугаар сард 1 хоногийн цалин хассан нь үндэслэлгүй болохыг тогтоож, цалинг нөхөн олгуулах тухай шаардлага гаргаж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
3. *** аймгийн ***-ийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/56 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагын тухайд:
3.1 Нэхэмжлэгч *** нь *** аймгийн ***-д голомт хяналтын бага эмчээр ажилладаг бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс бичиг хэргийн ажилтны ажлыг хавсран гүйцэтгэж байгаад 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр бичиг хэргийн ажилтны ажлаа хүлээлгэн өгсөн болох нь *** аймгийн ***-ийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай Ажиллагсдын цалин нэмэгдлийг шинэчлэн тогтоох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хувь, *** аймгийн ***-ийн ***-тай 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний эх хувь, ажил хүлээлцсэн акт, зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.
3.2 Улмаар хариуцагч *** аймгийн ***-ийн даргын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/56 дугаартай тушаалаар ...Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар дугаар зүйлийн 123.2, 123.2.3 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.4, 3.3.11 дэх заалтуудыг тус тус үндэслэн төвийн 2023 оны бичиг хэргийн ажилтны ажил хавсран гүйцэтгэж байсан *** нь аймгийн Засаг даргын нэрэмжит үзлэг болох төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хийсэн үзлэгээр 63 оноогоор хангалтгүй үнэлгээгээр үнэлэгдсэн тул үндсэн цалингийн 20 хувиар гурван сараар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсугай гэжээ.
3.3 Нэхэмжлэгч *** ...*** болсон цагаас хойш ажил олгогчийн санаачилгаар ***-ийн ажлыг хавсран гүйцэтгэж ирсэн. 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ажил олгогчийн шийдвэрийн дагуу *** ажлыг хүлээлгэн өгсөн. Хүлээлгэн өгснөөс хойш аймгийн Архивын газраас шалгалт ирсэн. Шалгалтаар манай байгууллагыг хангалтгүй үнэлсэн. Энэ байгууллагын хангалтгүй дүгнэгдсэн нь зөвхөн надаас хамааралтай, миний буруутай үйлдлээс болсон мэтээр дүгнэж, сахилгын арга хэмжээ авсан нь үндэслэлгүй. Сахилгын арга хэмжээг авахдаа миний буруутай ямар үйлдэл байгаа талаар болон санал байгаа эсэхийг асууж мэдэгдээгүй, харин тушаал гарсан талаар надад мэдэгдсэн. Би ажлын үүрэг даалгаврыг цаг тухай бүрд нь гүйцэтгэж алдаа дутагдал гаргаж байгаагүй тул уг тушаалыг хүчингүй болгож өгнө үү... гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлажээ.
3.4 Харин хариуцагч байгууллагын төлөөлөгч *** нь ...*** нь 2023 онд байгууллагын бичиг хэрэг, архивын ажилтнаар ажиллаж байсан бөгөөд *** аймгийн Засаг даргын нэрэмжит төрийн байгууллагын архив албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд үзлэг хийсэн шалгалтаар 2023 оны 11 сард тус төвд шалгалт хийхээр ажлын хэсэг ирэхэд бэлтгэл хангаагүй байсан тул ажлын хэсэг үүрэг, чиглэл өгч яваад эргэн ирж шалгалт хийхэд чиглэлийн дагуу хийж хэрэгжүүлсэн ажил байхгүй бэлтгэл хангаагүй байсны улмаас тус шалгалтаар тус төв 63%-тай үнэлэгдсэн. Иймд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээнд нийцүүлэн сахилгын шийтгэл ногдуулсан болно гэж тайлбарлаж татгалзжээ.
3.5 Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5-д хууль тогтоомжид заасан бусад маргааныг шүүхээр шийдвэрлэхээр заасан байх тул нэхэмжлэгч *** нь уг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь хэргийн харъяалал зөрчөөгүй байна.
3.6 Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор хандах эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч *** нь 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/56 дугаартай тушаалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэлээ шүүхэд 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гаргасан нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй байна.
3.7 Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно, 123.2-т Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна, 123.2.3.үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах; гэж тус тус заасан байна.
3.8 Сахилгын зөрчил гаргагч нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан, зөрчилд арга хэмжээ авах эрх бүхий этгээд нь ажил олгогч байдаг бөгөөд харин ажилтны гаргасан зөрчил нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, мэргэжлийн болон ажил, үүрэгтэй холбоотой журам, дүрэм зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байдаг.
3.9 Хөдөлмөрийн харилцааг хэрэгжүүлж байгаа байдал болон сахилгын шийтгэл ногдуулсан үйл явцыг авч үзвэл ажилтанд цалинг гурван сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулахдаа өмнө нь ажилтанд мэдэгдэж, тайлбар авч нэг төрлийн сонсголын ажиллагааг хийгээгүй байна.
3.10 *** нь анх ***-ээр ажилд орсон байх боловч ***, ***, ***, *** зэрэг ажлыг давхар хийж байсан байх ба чухам хэзээний ямар тушаалаар голомт хяналтын бага эмч, архив бичиг хэргийн ажилтанаар томилогдсон, уг ажлыг хавсарч, зэрэгцэж, хослож, түр гүйцэтгэхийн алин болох нь тодорхойгүйгээр *** аймгийн ***-ийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 тушаалаар ажиллагсдын цалин нэмэгдлийг шинэчлэн тогтоохдоо дурдсан, хөдөлмөрийн гэрээнд оруулсан, нэг хөдөлмөрийн гэрээ байгуулсан зэрэг байдал нь ойлгомжгүй, хөдөлмөрийн харилцааг зохих ёсоор хэрэгжүүлээгүй байна.
Мөн хавсарч ажилласан гэх ажил үүрэг хамаарах асуудлыг зөрчилд тооцон сахилгын шийтгэл ногдуулахдаа үндсэн ажлын цалинг бууруулсан, сахилгын шийтгэлийг зөрчлийн шинж чанарт тохируулж сонгож хэрэглээгүй байна.
3.11 Дээрх сахилгын шийтгэлийг ногдуулсан үндэслэлийн хувьд авч үзвэл тушаал бодит байдалтай нийцээгүй байна. Тодруулбал архивын үзлэг нь зөвхөн ***-ын ажлыг үнэлээгүй, ажил олгогч зохих хэмжээний оноог авч чадаагүй /50 оноо/, нууцын талаар байгууллагын журам гараагүй, байгууллагын үйл явцын хяналт сул, удирдлагын зүгээс зөвлөмжилж ажиллаагүй зэрэг нь маргаан бүхий зөрчилд нөлөөлсөн гэж үзэхээр байхад ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан нь хангалттай үндэслэл бүхий болоогүй байна.
4. 2023 оны 12 дугаар сард 1 хоногийн цалин хассан нь үндэслэлгүй болохыг тогтоож, цалинг нөхөн олгуулах тухай шаардлагын тухайд:
4.1 Нэхэмжлэгч нь ...дарга *** нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ажилд томилогдсон тушаал нь гарсан бөгөөд ажлаа 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр үдээс хойш хүлээж авсан. Ажил хүлээж авсан өдрөө жижүүрийн бүртгэл дээрх миний 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн бүртгэлийг тасалсан болгож өөрчилсөн. Миний бие 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа ирсэн болно. Иймд уг өдөр ажил тасалсан гэж 1 хоногийн цалин хассан нь үндэслэлгүй болохыг тогтоож, цалинг нөхөн олгож өгнө үү гэжээ.
4.2 Хариуцагч нь ...2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн *** аймгийн *** газрын даргын Б/108 дугаартай тушаалаар миний бие *** нь ***-ын даргаар томилогдсон. *** газрын даргын ажил хүлээлцэх комиссын А/70 дугаартай тушаалаар ажилдаа ирээгүй гэдэг нь нотлогдоно. Энэ нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр *** миний бие ажилд томилогдоод ажил хүлээлцэх комиссын бүрэлдэхүүнд ***-ын нэр заагдаж орсон байдаг. Тухайн өдөр ажил хүлээлцэх гэсэн боловч *** ажлын байран дээрээ байгаагүйн улмаас ажил хүлээлцээгүй. 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ажил хүлээлцсэн гэж нэхэмжлэгч өөрөө хэлж байгаа нь үйл явдлыг нотолж байгаа гэж үзэж байна. 12 дугаар сарын 01-ний өдөр өөрөө ажилдаа ирээгүйн улмаас ажил хүлээлцэх үйл ажиллагаа хойшилж 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээлцсэн. Тийм учраас 12 дугаар сарын 01-ний ажилдаа ирээгүй гэдэг нь цагийн бүртгэл, тооцооны хуудас, нярвын 12 сард олгосон цалингийн бүртгэл, цалингийн цэсээр давхар нотлогдож байгаа гэж тайлбарлаж татгалзжээ.
4.3 *** аймгийн ***-ийн 2023 оны 12 дугаар сарын цагийн бүртгэлийн дэвтэрт нэхэмжлэгч ***-ыг ажилд ирсэн, завсарласан, завсарлаад ирсэн, тарсан цагийг бүртгэсэн байх боловч түүнийг баллаж тасалсан гэх хэсэгт тас гэж бүртгээд Оюунчимэг гэж гарын үсэг зуржээ.
4.3 Уг маргаан бүхий үйл баримтын нотлох баримт болох цагийн бүртгэлд тасалсанаар бүртгэгдсэн байх ба нэхэмжлэгч талын гэрч *** нь тухайн өдөр нэхэмжлэгч *** нь ажил тасалсан эсэхийг санахгүй байна гэж тайлбарлаж байгаа зэргээс нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэг нотлогдохгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.
5. Иймд *** аймгийн ***-ийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/56 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2023 оны 12 дугаар сард 1 хоногийн цалин хассан нь үндэслэлгүй болохыг тогтоож, цалинг нөхөн олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
6. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд тушаал хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг *** аймгийн ***-өөс гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5 дахь хэсэгт үндэслэн *** аймгийн ***-ийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/56 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2023 оны 12 дугаар сард 1 хоногийн цалин хассан нь үндэслэлгүй болохыг тогтоож, цалинг нөхөн олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд тушаал хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг *** аймгийн ***-өөс гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН