Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2021/ДШМ/059

 

Б.*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Уламбаяр, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор В.Дэлгэрмаа

Шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч *******, *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Должинсүрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/152 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Бат-Оргилын бичсэн эсэргүүцлээр Б.*******т холбогдох эрүүгийн 2014002230436 дугаар хэргийг 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, ******* овогт *******ын *******, эмэгтэй, тусгай дунд боловсролтой

Б.******* нь 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Рентгений кабинетаас өөрт итгэмжлэн хариуцуулан өгсөн эд хөрөнгө болох Япон улсад үйлдвэрлэсэн SHAMIDZU маркийн рентгений аппарат, Солонгос улсад үйлдвэрлэсэн К-50 маркийн рентгений аппарат зэрэг 2 ширхэг техник тоног төхөөрөмжийг рентген техникчийн албан тушаалаа ашиглан завшсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Аймгийн прокурорын газраас ******* овогт *******ын *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг хоолой, тасдагч ир 1 ширхэг, цагаан өнгийн төмрийн тасархай, аймгийн Нэгдсэн эмнэлгийн авто гражид хадгалагдаж байгаа 2 ширхэг рентген аппаратуудыг Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт буцаан олгож шийдвэрлэжээ.

Прокурор Б.Бат-Оргил тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:

Яллагдагч Б.******* нь 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Рентгений кабинетаас өөрт итгэмжлэн хариуцуулан өгсөн эд хөрөнгө болох Япон улсад үйлдвэрлэсэн SHAMIDZU маркийн рентгений аппарат, Солонгос улсад үйлдвэрлэсэн К-50 маркийн рентгений аппарат зэрэг 2 ширхэг техник тоног төхөөрөмжийг рентген техникчийн албан тушаалаа ашиглан завшсан гэмт хэрэгт холбогдсон байна.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас яллагдагч Б.*******ийг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн 2014002230436 дугаартай хэрэгт 2020 оны 12 дугаар сарын 18- ны өдөр 419 дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд:

“Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Рентгений кабинетаас өөрт итгэмжлэн хариуцуулан өгсөн эд хөрөнгө болох Япон улсад үйлдвэрлэсэн SHAMIDZU маркийн рентгений аппарат, Солонгос улсад үйлдвэрлэсэн К-50 маркийн рентгений аппарат зэрэг 2 ширхэг техник тоног төхөөрөмжийг рентген техникчийн албан тушаалаа ашиглан завшсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул Эрүүгийн хариуцлага тооцох үндэслэлгүй байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т ...Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна... гэж томьёолжээ.

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т ...төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч... гэж хуулийн үйлчлэлд хамаарах этгээд тусгасан байна.

Баянхонгор аймгийн Ц.Магсарын нэрэмжит Нэгдсэн эмнэлгийн даргын 2010 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн №01 дугаар ...Б.******* рентген техникчийн ажилд, ТҮЭМ-3 зэрэглэл, 4 шатлал... тушаалд ажил, албан тушаалын жагсаалтыг тасаг, нэгжээр гаргаж, хавсралтаар баталсан байна. Итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэдэг нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгоно. Хөрөнгө завших гэдэг нь гэмт этгээд түүнд итгэмжпэн өгсөн эд хөрөнгийг хууль бусаар эргэлтэнд оруулахдаа өмчлөгчид эд хөрөнгөтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр өгөхгүй байх, гэмт этгээд нь завшсан эд хөрөнгийг өөрийн эзэмшилд оруулсан боловч түүнийг үрэгдүүлээгүй байх, түүнчлэн бусад руу шилжиж, үр дүнд нь шунахай зорилгоор эд хөрөнгийг хууль бусаар ашиглах бололцоо олгодог байна.

Хохирогч байгууллагын төлөөлөгч С.Ариунжаргал, гэрч Д.Сайнбаяр нарын мэдүүлэг, шүүгдэгч Б.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээс үзэхэд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын тушаалаар томилогдсон тооллогын комисс нь үндсэн хөрөнгөөс хасаж балансад тайлагнасан, одоо тухайн рентген аппаратууд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн акталж, устгах тогтоолын дагуу үндсэн хөрөнгөөс хасаж балансад тайлагнасан хөрөнгийн ямар ч бүртгэлд байхгүй байхад 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн жилийн эцсийн тооллогын бүртгэлд Нэгдсэн эмнэлгийн үндсэн хөрөнгөнөөс хасагдсан 2 ширхэг тоног төхөөрөмжийг эд хариуцагчаар Б.*******т хариуцуулсан, тухайн эд хөрөнгийн тооллогын бүртгэлийг эд хариуцагч болох Б.*******т танилцуулаагүй, хэзээнээс тухайн эд хөрөнгийг хариуцуулж өгсөн нь тодорхойгүй, төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу явагдаагүй, эд хариуцагч Б.*******ийн эзэмшигчийн карт хөтөлсөн талаар хэрэгт авагдаагүй, эд хариуцагчийн бүрэн хариуцлагын гэрээг байгуулаагүй байна. Түүнчлэн Б.******* нь хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг, ТҮЭМ-З-р шатлалаар цалинждаг ба төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан гэж үзэх боломжгүй, мөн шүүгдэгч Б.*******ийг рентген техникчээр ажиллаж байх хугацаанд нь Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн рентгений кабинетад суурилуулсан Япон улсад үйлдвэрлэсэн SHAMIDZU маркийн рентгений аппарат, Солонгос улсад үйлдвэрлэсэн К-50 маркийн рентгений аппарат буюу 2 ширхэг техник тоног төхөөрөмжийг хариуцуулахаар итгэмжлэн хариуцуулан өгсөн эд хөрөнгө гэж үзэх боломжгүй буюу тухайн 2 ширхэг техник тоног төхөөрөмж нь Нэгдсэн эмнэлгийн бүртгэлээс хасагдсан, ашиглалтын хугацаа дууссан, акталж устгах үед чанар муудаж, эвдэрч гэмтсэн, ашиглалтын хугацаанд өртгөө бүрэн нөхсөн, цаашид ашиглах боломжгүй бөгөөд дур мэдэн ашиглагдаж байсан эд хөрөнгөөс бүрэн бүтэн байдлыг алдагдуулах ямар нэгэн хэсгийг тасдаж авах, өөрийн мэдэлд эзэмшилд оруулсан, өөр авч завшсан түүнчлэн бусад руу шилжиж, үр дүнд нь шунахай зорилгоор эд хөрөнгийг хууль бусаар ашиг олсон нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй тул шүүгдэгч Б.*******т хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8-д ...шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно..., мөн хуулийн 13-д ...шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь хянан үзнэ... гэж заасны дагуу мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгийн дагуу шүүгдэгч Б.*******ийн гэм буруутай үйлдэлд Эрүүгийн хуулийг хэрэглэхэд гарсан буюу хэрэг авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, дээрх эргэлзээ бүрийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв...” гэжээ.

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/152 дугаартай цагаатгах тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж үзлээ.

Шүүхээс Эрүүгийн хуулийг илт буруу ойлгож хэрэглэсэн үндэслэлийн талаар:

Шүүхийн цагаатгах тогтоолд: “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т ...Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна... гэж томьёолжээ. Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т ...төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч... гэж хуулийн үйлчлэлд хамаарах этгээд тусгасан байна. Баянхонгор аймгийн Ц.Магсарын нэрэмжит Нэгдсэн эмнэлгийн даргын 2010 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №01 дугаар ...Б.******* рентген техникчийн ажилд, ТҮЭМ-3 зэрэглэл, 4 шатлал... тушаалд ажил, албан тушаалын жагсаалтыг тасаг, нэгжээр гаргаж, хавсралтаар баталсан байна. Б.******* нь хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг, ТҮЭМ-З-р шатлалаар цалинждаг ба төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан гэж үзэх боломжгүй” гэж Эрүүгийн хуулийг илт буруугаар тайлбарлаж Эрүүгийн хуулийн өөр өөр бүлэгт заасан хэргүүдийг хооронд нь хольж субъектын хувьд шаардлага хангахгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Тодруулбал прокуророос Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Уг хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд субъект нь хууль болон гэрээгээр эсхүл бусад зорилгоор бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд байдаг.

Гэтэл шүүхээс “албан тушаалын байдлаа ашиглаж” гэсэн хүндрүүлэх бүрэлдхүүний шинжид хууль зүйн дүгнэлт өгөхдөө Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэргийн нийтийн албан тушаалтан гэсэн шаардлагыг хэрэглэж “Б.******* нь хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг, ТҮЭМ-З-р шатлалаар цалинждаг ба төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан гэж үзэх боломжгүй” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх бөгөөд энэ 2 бүлгийг хооронд нь хольж хэрэглэж болохгүй юм.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан хэргүүд нь нийтийн албан тушаалтан гэсэн субъектийн шинжээр ялгагдана. Харин 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “албан тушаалын байдлаа ашиглаж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг тухайн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй албан тушаалын байдалтай холбож ойлгох ёстой. Энэ хэргийн хувьд Б.******* нь хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг, ТҮЭМ-З-р шатлалаар цалинждаг ба төрийн үйлчилгээний алба хаагч бөгөөд албан үүргийн хувьд уг техник хэрэгслийг хариуцаж ажилладаг гэсэн агуулгаар “албан тушаалын байдлаа ашиглаж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан гэж үзнэ.

2. Шүүхээс хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн үндэслэлийн талаар:

Актлах шийдвэр гарах болон актлах ажиллагаа явагдах гэсэн 2 зүйлийг ялгамжтайгаар ойлгож хэрэглэх ёстой байсан. Өөрөөр хэлбэл актлах шийдвэр гарсан эд зүйл болгоныг зохих журмын дагуу актлах процесс ажиллагаа явагдаж байж одоо сая актлагдсан гэж үзнэ. Гэтэл актлах шийдвэр гарсан л бол уг эд зүйлийг хөрөнгө биш мэт шүүхээс тайлбарлаж байгаа нь бодит байдалт нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзнэ.

Хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн А.Ариунзаяа, Б.Оюунчимэг, С.Ариунболор зэрэг эд хөрөнгө актлах комиссын гишүүдийн мэдүүлэгт хэрхэн ямар учраас актлах ажиллагааг тогтоосон цаг хугацаанд хийгдээгүй талаар дурдагдсан байдаг. Мөн хэрэгт аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2020 оны эд хөрөнгийн тооллогоор 2 ширхэг рентген аппарат нь Б.*******ийн эзэмшилд тоологдсон нь эд хариуцагчийн картаар тогтоогдсон байдаг юм. Өөрөөр хэлбэл актлах шийдвэр гарсан хэдий ч актлах ажиллагаа явагдаагүй тул 2020 оны эд хөрөнгийн тооллогод Б.*******ийн эзэмшилд тухайн эд зүйлсийг тоолжээ.

Монгол улсын Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 271 дугаартай тогтоолоор төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх журмыг батлан хэрэгжүүлэн ажиллаж байгаа ба дээрх журамд зааснаар төрийн өмчийг хүлээн авч бүртгэх, актлах данснаас хасах, шилжүүлэх зэрэг үйл ажиллагааг тухайн төрийн болон орон нутгийн өмчийн газрын өмч хамгаалах комиссын хяналтан доор хэрэгжүүлэхээр зааснаас үзэхэд аймгийн Нэгдсэн эмнэлгийн өмч хамгаалах комиссын хувьд дээрх эд хөрөнгийг албан ёсоор устгалд оруулан данс, бүртгэлээс хассан акт үйлдээгүй байхад үндсэн хөрөнгийн бүртгэлээс хассан хэдий ч тухайн эд хөрөнгийг актлах шийдвэрийн хэрэгжилтийг хангах хүртэл актлагдсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон Монгол улсын Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 271 дугаартай тогтоолд зааснаар тухайн байгууллагын удирдлага болон ерөнхий нягтлан бодогч нар хариуцахаар заасан байдаг.

Тиймээс эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон эд хөрөнгийн тооллогын комиссоос 2 ширхэг рентген аппаратыг бүрэн бүтэн байдлыг хариуцах үүргийг 2020 оны эд хөрөнгийн тооллогын явцад Б.*******т хариуцуулан карталсан байгаа нь тэрээр рентген аппаратын албан ёсны эзэмшигч мөн гэж үзнэ.

Монгол улсын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 7 дугаар зүйлд “Төрийн өмчийн эд хөрөнгийг өмчлөх эрх Иргэний хууль, бусад хуульд заасан үндэслэлээр дуусгавар болно” гэж зааснаас үзэхэд албан ёсоор 2 ширхэг рентген аппаратыг Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №130 дугаар хурлын тогтоолоор актлахаар шийдвэрлэсэн нь эрх олгосон шийдвэр бөгөөд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн хувьд тусгай тоног төхөөрөмж тул Мэргэжпийн хяналтын ерөнхий газрын Цөмийн энергийн газраас зөвшөөрөл авсны үндсэн дээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтныг оролцуулан акталж, устгал бүрэн хийж, устгасан талаарх комиссын шийдвэр гарснаар Нэгдсэн эмнэлгийн өмчлөлөөс хасагдах ёстой тул ямар нэгэн байдлаар устгалд оруулж акталсан шийдвэр гараагүй тул Нэгдсэн эмнэлгийн өмч хэвээр байгаа гэж үзнэ. Тиймээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчоор хохирогч, иргэний нэхэмжлэгчээр аймгийн Нэгдсэн эмнэлгийг тогтоосон ба Нэгдсэн эмнэлгээс мөн гэмт хэргийн талаарх гомдол гаргаж шалгуулсан болохыг дурдах нь зүйтэй. Түүнчлэн эд зүйлийн үнэлгээ гараагүй нь хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөхгүй ба учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн тайлбарт 17.4 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж хангагдсан байхад хохирлын хэмжээ шаардахгүй болно.

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/152 дугаартай цагаатгах тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Прокурор В.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлнэ үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******, ******* нар тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол хуулийн үндэслэлтэй, хэвээр үлдээнэ үү гэцгээв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурор Б.Бат-Оргилын бичсэн эсэргүүцэлд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Шүүгдэгч Б.******* нь Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт рентген техникчээр ажиллаж байхдаа 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр, Япон улсад үйлдвэрлэсэн SHAMIDZU маркийн, Солонгос улсад үйлдвэрлэсэн К-50 маркийн рентгений аппаратуудыг Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн рентгений кабинетаас гарган машинд ачуулсан үйл баримт болжээ.

Прокуророос шүүгдэгч Б.*******ийг 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Рентгений кабинетаас өөрт итгэмжлэн хариуцуулан өгсөн эд хөрөнгө болох Япон улсад үйлдвэрлэсэн SHAMIDZU маркийн рентгений аппарат, Солонгос улсад үйлдвэрлэсэн К-50 маркийн рентгений аппарат зэрэг 2 ширхэг техник тоног төхөөрөмжийг рентген техникчийн албан тушаалаа ашиглан завшсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжгүй гэж үзэж Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан нь хуулийн үндэслэлтэй, зөв болжээ.

Учир нь: Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хөрөнгө завших гэмт хэргийн халдлагын зүйл нь бусдад завшигдсан хохирогчийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх байдаг бөгөөд түүнийг захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд энэ гэмт хэргийн халдлагын зүйл болох Япон улсад үйлдвэрлэсэн SHAMIDZU маркийн рентгений аппарат, Солонгос улсад үйлдвэрлэсэн К-50 маркийн рентгений аппаратууд нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр актлагдаж, байгууллагын үндсэн хөрөнгийн данснаас хасагдан улмаар өртөг, үнэгүй болсон болох нь:

- дээрх 2 рентген төхөөрөмжийг актлуулахаар Баянхонгор аймгийн орон нутгийн өмчийн газарт хүсэлт гаргасан Баянхонгор аймгийн Ц.Магсарын нэрэмжит нэгдсэн эмнэлгийн 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 738 тоот албан бичиг / 1 дүгээр хавтаст хэргийн 134-135 дугаар тал/

-“... дээрх 2 рентген төхөөрөмжийг акталж, данснаас хассан тухай Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Үндсэн хөрөнгө акталж данснаас хасах тухай” 130 тоот тогтоол түүний хавсралт / 1 дүгээр хавтаст хэргийн 116-130 дугаар тал/

-дээрх 2 рентген төхөөрөмжийг устгуулахаар Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хүсэлт гаргасан Баянхонгор аймгийн Ц.Магсарын нэрэмжит нэгдсэн эмнэлгийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 219 тоот албан бичиг

- “...дээрх 2 ширхэг рентген аппаратууд нь ашиглалтын хугацаа дууссан, чанар байдал муудаж эвдэрсэн, ашиглалтын хугацаанд өртгөө бүрэн нөхсөн, үлдэгдэл өртөг байхгүй, данс бүртгэлээс хассан, цаашид ашиглах боломжгүй зэргээс үүдэн үлдэх болон үлдэгдэл өртөг тэг гэж үзлээ... гэх Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 150 дугаар дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 84, 92-93 дүгээр хуудас/,

-дээрх 2 ширхэг рентген аппаратуудыг үндсэн хөрөнгийн данснаас хассан учир үнэлгээ хийх боломжгүй талаарх “Номгон аудит” ХХК, Сонгомол хүлэг ХХК-иудаас гаргасан дахин дүгнэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 95-98, 210-216 дугаар тал/ зэрэг баримтуудаар тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудаас үзэхэд хөрөнгө завших гэмт хэрэг нь материаллаг шинжтэй, хохирол учирсан байх шинжийг шаарддаг гэтэл энэ хэргийн халдлагын зүйл нь тухайн байгууллагын данснаас хасагдаж улмаар үнэ, өртөггүй болсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-4 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, “энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно, энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй”, “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж хуульчилсаныг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй болно.

Өөрөөр хэлбэл Б.*******ийн үйлдэл нь гэмт хэрэг мөн эсэхийг тодорхойлоход гол шинж болох нийгэмд аюултай шинжгүйгээс гадна хөрөнгө завших гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын заавал байх үндсэн шинж хохирол, хор уршгийн шинж тогтоогдоогүй байдлаараа тул түүнд хүлээлгэх Эрүүгийн хариуцлага үгүйсгэгджээ.

Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/152 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Харин “.. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “албан тушаалын байдлаа ашиглаж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан...”, “ ...Б.*******... рентген аппаратын албан ёсны эзэмшигч мөн..., Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №130 дугаар хурлын тогтоолоор актлахаар шийдвэрлэсэн нь эрх олгосон шийдвэр..., устгалд оруулж акталсан шийдвэр гараагүй тул Нэгдсэн эмнэлгийн өмч хэвээр байгаа... цагаатгах тогтоолыг хүчингүй болгох ...” агуулгаар бичсэн Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч хангах нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-д заасныг тус, тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/152 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, Прокурорын бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ Л.НЯМДОРЖ

 Г.УЛАМБАЯР