Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 136/ШШ2024/00129

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Т ББСБ ХХК-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б,

Хариуцагч: С нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,093,196 төгрөг гаргуулах тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:М.С /цахимаар/

Хариуцагч,хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Норжинлхам нар.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Нэхэмжлэгч Т ББСБ нь хариуцагч Д.Б А.С нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,093,196 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Манай байгууллага Бизнес-авто машин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээ 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагч Д.Б А.С нартай байгуулсан.Д.Бд 12,000,000 төгрөгийг 2,8 хувийн хүүтэй,36 сарын хугацаатай зээлүүлсэн.

1.2.Гэрээний хугацаа 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр дуусах байсан. Гэвч хариуцагч нар хугацаандаа гэрээний үүргээ биелүүлээгүй, 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй.

1.3.Хариуцагч нар нь 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар зээл 3,992,811 төгрөг, үндсэн хүү 4,115,738 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 831,148 төгрөг, зээлдэгч үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын зардал 113,500 төгрөг нийт 9,093,196 төгрөг төлөх үүрэгтэй.

1.4.Гэрээнд зааснаар барьцаа хөрөнгө буюу авто машиныг худалдан борлуулж, засвар үйлчилгээ буюу бусад зардалд: ...Зарж борлуулах ажлыг автомашиныг хурааж авснаас хойш байнгын зар тавиад 2023 оны 01 дүгээр сард 8 сая төгрөгөөр зарж борлуулсан. ...Автомашины барьцаа хөрөнгийг зарж борлуулсан хэдий ч зээлийн нийт үлдэгдэл төлбөрт хүрэлцэхгүй байсан. Эвдрэл нь богино хугацаандаа мэдэгдэхгүй ч гэсэн яваандаа мотор цохих аюултай байдаг учраас дараагийн худалдаж авч байгаа хүн энэ засвар үйлчилгээг заавал хийлгэх шаардлагатай гээд 8 сая төгрөгөөр зарсан автомашиныг 1 сая төгрөгийг засвар үйлчилгээ, татвар торгуульд төлсөн. Үндсэндээ 7,002,647 төгрөгийг үндсэн зээл рүү суутгаж авсан гэсэн үг гэв.

2.Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд:

2.1.Гэрээний хугацаа дуусаагүй байхад барьцаа хөрөнгө машиныг нэхэж байгаад буцаан авсан.

2.2.Аргагүй байдлаас Цар тахлын үед ашиг орлого муудсанаас би сүүлийн хэдэн төлөлтийг төлөөгүй.Зээлийн үлдэгдлийн талаар надад мэдэгдээгүй,

2.3.Мөн машины эвдрэл гэмтэл элэгдэл хорогдлын талаар хэлээгүй.

2.4.Машиныг өгөөд тэр зээлийн гэрээг хаагдсан гэж би ойлгосон. Гэтэл жилийн дараа нэхэж байна. Би төлөхгүй гэжээ.

Нэхэмжлэгчээс: Итгэмжлэл-/хх-3/,зардлын баримт /хх-4/,УБГ-/хх-5/,худалдан авах болон Барьцааны гэрээ /хх-6-9/,зээл хүүний тооцоо/хх-10/,албан бичиг/хх-43/,дансны хуулга /хх-44/,тооцооны баримтууд/хх-45-61/, дугтуй/хх-62/,

Хариуцагчаас:Итгэмжлэл-/хх-15/, хариу тайлбар /хх-22-23/, зээлийн дансны хуулга/хх-24/, Тд хүсэлт гаргасан /хх-25-26/,Худалдан авах болон барьцааны гэрээ /хх-27-30/, тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй мэдээлэл /хх31-36/,

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр **** тоот зээлийн гэрээгээр Д.Бд 12,000,000 төгрөгийг 2,8 хувийн хүүтэй,36 сарын хугацаатай зээлүүлсэн.Зээл төлөх үүргийг хамтран гүйцэтгэхээр А.Стэй гэрээ байгуулсан. Зээлдэгч гэрээнд заасан үүргийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй байсан. Гэрээний хугацаа 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр дуусах байсан. Гэвч хариуцагч нар хугацаандаа гэрээний үүргээ биелүүлээгүй, 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй байна.

Хариуцагч нар нь 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар зээл 3,992,811 төгрөг, үндсэн хүү 4,115,738 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 831,148 төгрөг, зээлдэгч үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын зардал 113,500 төгрөг нийт 9,093,196 төгрөг төлөх үүрэгтэй тул төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

3.Хариуцагч,хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Гэрээний хугацаа дуусаагүй байхад барьцаа хөрөнгө машиныг нэхэж байгаад буцаан авсан.Аргагүй байдлаас Цар тахлын үед ашиг орлого муудсанаас би сүүлийн хэдэн төлөлтийг төлөөгүй.Зээлийн үлдэгдлийн талаар надад мэдэгдээгүй, Мөн машины эвдрэл гэмтэл, элэгдэл хорогдлын талаар хэлээгүй.Хөвсгөл аймагт энэ дугаартай машин явж байгаад торгуулсан байсан. Яагаад надаас авчихаад унаж эдлээд өөрсдөө элэгдэл хорогдолд оруулчхаад эвдрэл гэмтэлтэй байсан гээд байгаа юм. Машиныг өгөөд тэр зээлийн гэрээг хаагдсан гэж би ойлгосон. Гэтэл жилийн дараа нэхэж байна. Би төлөхгүй гэжээ.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн худалдан авах болон Барьцааны гэрээ /хх-6-9/,зээл хүүний тооцоо/хх-10/, дансны хуулга /хх-44/,тооцооны баримтууд/хх-45-61/, Тд хүсэлт гаргасан/хх-25-26/,тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй мэдээлэл /хх31-36/, талуудын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигчийн хооронд Бизнес-авто машин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээ 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан ба хамтран үүрэг гүйцэтгэгчээр А.С оролцжээ. А.С авто машин худалдан авахаар болж Улаанбаатарт оршин суудаг этгээд хэрэгтэй гэсэн зээлдэгч талын шаардлагаар Д.Б нь гэрээнд гарын үсэг зурсан ба энэ гэрээг хийхэд түүний хүсэл зориг байгаагүй гэдгийг талууд тайлбарлаж байгааг дурдах нь зүйтэй.

5.Талуудын маргааны зүйл нь зээлийн гэрээний барьцааны зүйлийг хураан авснаас төлбөр төлөгдөж, гэрээ дуусгавар болсон,

Барьцааны зүйл зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт хүрэлцээгүй тул үндсэн зээл,хүү,нэмэгдүүлсэн хүүг гэрээнд зааснаар төлөх үүрэгтэй гэж маргана.

Гэрээ байгуулсан эсэх,гэрээний үүргийг хэн гүйцэтгэх талаар маргаагүй.

6.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгБанк,зээлийн гэрээний үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдээгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.,мөн зүйлийн 451 дүгээр зүйлийн 451.3 дахь хэсэгт Банк, зээлийн эрхлэх үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна. ,453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэжээ.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсэгтЗээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг үл маргах журмаар зээлдүүлэгчид шилжүүлэхээр гэрээнд заасан бол тухайн барьцааны зүйлийг гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлдүүлэгч захиран зарцуулах эрхтэй гэж тус тус заажээ.

7.Бизнес-авто машин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээний хугацаа 36 сар, 2,8 хувийн хүүтэй 12,000,000 төгрөгийг зээлдүүлэв гэжээ. Нэмэгдүүлсэн хүүг зээлийн хүүгийн 20 хувь байна. Нэмэгдүүлсэн хүүг Зээл эргэн төлөх хуваарь-ийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцно. Гэрээний 1.1.10-т шимтгэл, зээл сунгах, үйлчилгээнд гарах зардлыг зээлдэгч хариуцахаар заажээ.

8.Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч А.С КИА БОНГО-3 маркийн 2008 онд үйлдвэрлэгдсэн хөх өнгийн АЯ ****,УБД:****УНР дугаартай авто машин худалдан авчээ.

Гэрээний хугацаанд төлөлт хийгээгүй цар тахал гарсан,орлого ашиггүй болсноос гэжээ. Зээлдүүлэгч барьцааны зүйл авто машиныг хүлээлгэж өгөхийг шаардан,А.С авто машиныг 2022 оны 4 дүгээр сард хүлээлгэж өгчээ.

Бизнес-авто машин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээний 2.1.8-д Зээлдэгч гэрээний үүргээ зөрчсөн буюу энэхүү гэрээний 4.2-т заасан нөхцөл бий болсон тохиолдолд зээлийг хугацаанаас нь өмнө төлөхийг шаардах эрхтэй. Гэрээний 1.1.12-т Зээлдэгч гэрээний үүргээ зөрчсөн.

9.Нэхэмжлэгч Т ББСБ -нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 425 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1,453.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээл 3,992,811 төгрөг, үндсэн хүү 4,115,738 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 831,148 төгрөг, зээлдэгч үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын зардал 113,500 төгрөг нийт 9,093,196 төгрөгийг шаардах эрхтэй байна.

Зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгч хуваарийн дагуу нийт 19,127,271 төгрөг төлөхөөр эргэн төлөх хуваарьт заажээ. /хх-7-р талын ар хэсэгт/

10.Харин нь 2019-2021 хүртэл үргэлжилсэн Цар тахлын улмаас ашиг орлого багассан, хүндрэлтэй нөхцөл байдал бий болсон гэдгийг нотлох баримтаар нотлох шаардлагагүй, нийтэд илэрхий байдал бий болсон гэж үзэн нэмэгдүүлсэн хүүд 831,148 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд хариуцагч А.С,Д.Б нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,262,048 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ББСБ-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,147,143 төгрөгийг хариуцагч А.С, Д.Б нараас гаргуулж, нэхэмжлэгч Т ББСБ-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.

Мөн Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д Хууль мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх,хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүйг дурдъя.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 425 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1,453.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.С, Д.Б нараас 9,093,196 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ББСБ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 831,148 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,950 төгрөгийг хэвээр үлдээж,147,143 төгрөгийг хариуцагч А.С, Д.Б нараас гаргуулж, нэхэмжлэгч Т ББСБ-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ