| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Готовын Уламбаяр |
| Хэргийн индекс | 2014000000334 |
| Дугаар | 2021/ДШМ/060 |
| Огноо | 2021-09-29 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | В.Дэлэрмаа |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 2021/ДШМ/060
С.*******т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Б.Болор-Эрдэнэ, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор В.Дэлгэрмаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Должинсүрэн нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЗ/489 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдол болон прокурор Б.Бат-Оргилын бичсэн эсэргүүцлээр С.*******т холбогдох эрүүгийн 2014000000334 дүгээр хэргийг 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1998 оны 12 дугаар сарын 24-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.1-т зааснаар гучин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,
С.******* нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг “Шар чулуу “ гэх газраас 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр иргэн П.*******гийн алдсан 12 тооны бог мал болох 6 тооны хонь, 6 тооны ямааг олж авч, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Баянхонгор аймгийн Прокурорын газраас С.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл шүүгдэгч холбогдох хэрэгт цугларсан болон шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудын хүрээнд шүүх эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй дараах үндэслэл тогтоогдов. Үүнд:
Шүүгдэгч С.******* нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг “Шар чулуу” гэх газраас 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр иргэн П.*******гийн алдсан 12 тооны бог мал болох 6 тооны хонь, 6 тооны ямааг олж авч, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэж С.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1, 2.4-т зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ.
Харин шүүгдэгч С.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1, 2.4-т зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бөгөөд прокурорын 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн № 26 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол өөрчлөлт оруулжээ.
Үүнд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
Хохирогч П.*******гийн... мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн..Би “Гүний ам” гэх газар малаа хэвтүүлчихээд гэртээ очиж унд уучихаад 16:00-17:00 цагийн орчим эргээд мал дээрээ иртэл мал хэвтэж байсан газраасаа хөдөлсөн байсан,...зүүн урдаасаа мотоциклийн мөр хурдтай ирээд тоормослоод хэвтэж байсан малаас хэсэг мал баруун хойшоо туусан байсан,..гомдолтой хохирлоо төлүүлж авмаар байна,
....орой нь малаа бүртгэхэд 20 тооны мал алдагдсан байсан,... зүүн хойшоо явсан гэмээр мотоциклийн мөр байсан ба малыг туусан бололтой мөр байсан,..манай мал сүргээсээ тасардаггүй хүн тасалж тууна уу гэхээс өөрсдөө тасарна гэж байхгүй, би орой болгон малаа бүртгэдэг, өөрөө байнгын малладаг, хариулгатай байлгадаг болохоор тасрах асуудал бол байхгүй, би “Шар чулуу” гэх газарт малаа хариулж байгаагүй... гэх мэдүүлэг /1 -р хх-ийн 6-10, 157- 158/,
Шүүгдэгч С.*******ийн...Х.******* мал дутаад байна та харж яваарай гэж хэлээд захисан ,.... би Баянхонгор аймаг орох санаатай мотоцикльтойгоо ганцаараа явж байсан чинь Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг “Шар чулуу” гэх газарт 12 тооны / 6 ямаа, үүнээс 2 нь ишиг, 6 хонь үүнээс 2 нь хурга / бог мал байсан. Х.*******ийнхоос дутсан мал юм байх гэж бодоод тэднийх рүү туугаад очсон. Х.******* дутсан малын талаар хэлэхдээ яг тийм зүсмийн, тийм имтэй мал алдсан гэж хэлээгүй, бог мал дутсан байгаа гэж хэлж байсан....миний тууж очсон малыг үзчихээд манайхаас дутсан мал биш байна гэхээр нь би танайд үлдээе харж байгаарай, энэ хавийн хүмүүсийн мал байх гэж хэлсэн...гэх мэдүүлэг / хх-ийн 61-62/,
Гэрч Х.*******ийн... С.******* нь би хүнээс авсан мал байгаа,...би С.*******т таны авч ирсэн мал хулгайн мал байсан байна гэж хэлэхэд хэн хэлдэг байна гэж хэлж байсан,..тухайн мал манайд 5 хоносон, С.******* тууж ирчихээд хэний мал гэдгийг хэлээгүй мал дээрээ байлгаж бай гэж хэлчихээд яваад өгсөн,..би бодохдоо С.******* сүүлд баригдсаны дараа манай мал алдсан тэр нөхцөлийг ашигласан байх гэж бодож байна, С.******* утсаар залгаад чи л намайг цагдаад хэлсэн гээд хангинасан, архи уусан бололтой байсан.....гэх мэдүүлэг / хх-ийн 14-15, 222-223/,
Гэрч Б.*******ийн... С.******* ганцаараа 10-аад тооны мал туусан явж байсан. Дандаа бог мал байсан, улаан будагтай байсан санаад байна...гэх мэдүүлэг / хх-ийн 214-215/
Гэрч Ц.*******гийн ... С.******* ганцаараа мотоцикльтой явж байсан ба тоог нь нарийн хэлж мэдэхгүй байна 10 гаруй тооны байх шиг байсан дан бог мал туусан явж байсан,..надтай таарчихаад хэлэхдээ эгчийн мал тасарсан байхаар нь хүргэж өгөх гээд тууж явна гэж хэлсэн,... С.*******ийн тууж явсан мал эвэр дээрээ улаан будагтай байсан,...С.*******ийн тууж явсан малыг урд нь харж байгаагүй.... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 168-169, 183-186/,
Гэрч О.*******ын .. Бөмбөгөр сумын иргэн Х.******* залгаад хадам ах С.******* айлын мал хулгай хийгээд ирэх шиг боллоо, өөрт нь ямар нэгэн мал байдаггүй, давхар би хэрэгт орчих болов уу гэж бодоод танд мэдэгдэж байна,..туранхай урьд нь би харж үзэж байгаагүй зүс, тамга, тэмдэгтэй бог малнууд байна, 12 тооны мал гэж тоог нь хүртэл хэлсэн...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 168-169, 183-186/ зэргээс үзэхэд алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөр олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийг эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсан байх ба түүнчлэн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр байгалийн давагдашгүй хүчин зүйл болох шуурганд уруудаж хүсэл зоригоос шалтгаалахгүй ижил сүргээсээ тасран салж, байнга идээшсэн нутаг бэлчээрээс холдон өөр орон нутагт хохирогчийн мал шилжсэн нь тогтоогдохгүй ба шүүгдэгч С.******* нь машин маханизм ашиглан малыг туусан бусдын малд нийлүүлсэн идэвхтэй үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн байхад энэ талаар дүгнэлт хийхгүйгээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтээр хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр өөрчилсөн байна.
Түүнчлэн шүүгдэгч С.*******, хохирогч П.*******, гэрч Х.*******, Б.*******э, Ц.*******, О.******* нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгт үнэлэлт дүгнэлт хийх, хэрэгт авагдсан бусад нотлох баримттай харьцуулахад шүүгдэгч С.*******ийн үйлдсэн гэмт хэрэгт эргэлзээ төрөхөөр байх ба гэмт хэрэг үйлдлийн нарийн тогтоох шаардлагатай байна.
Мөн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн прокурорын ....хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай...тогтоол үйлдэж, 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн прокурорын... яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай... саналыг шүүхэд хүргүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар яллагдагчид хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлүүлэх хүсэлт гаргах боломжтойг танилцуулах, яллагдагч хохирлоо нөхөн төлсөн баримтыг хавсаргана гэж хуульчилсан байна.
Шүүгдэгч С.******* нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр / хх-ийн 31-32/ хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн боловч тухайн хүсэлтэндээ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөх талаар илэрхийлээгүй, түүнчлэн хохирогч хохирлоо бүрэн барагдуулж авах талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй байх тул шүүгдэгч С.*******т холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* гаргасан давж заалдах гомдолдоо: Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж уг хурлаар Аймгийн прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******т холбогдох эрүүгийн 2014000000334 тоот хэргийг хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн 489 тоот шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар энэхүү гомдлыг гаргаж байна.
Анхан шатны шүүхээс алдуул мал завших гэмт хэргийн тухайд гэмт этгээд бусдын өмчийг олж авахын тулд идэвхитэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрж, шамшигдуулсан, захиран зарцуулах ба 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр байгалийн давагдашгүй хүчин зүйл болох шуурганд ураадаж хүсэл зоригоос шалтгаалахгүй ижил сүргээсээ тасран салж, байнга идээшилдэг нутаг бэлчээрээсээ холдон өөр орон нутагт хохирогчийн мал шилжсэн нь тогтоогдохгүй байгаа, гэрчүүдйн мэдүүлэгт дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд С.*******ын үйлдсэн гэмт хэрэгт эргэлзээ төрж байгаа ба гэмт хэргийн үйлдлийг нарийн тогтоох шаардлагатай байна гэжээ.
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 буюу алдуул мал хулгайлах гэмт хэргийн тухайд: Алдуул мал гэдэг нь гэм буруутай этгээдийн оролцоогүйгээр өөрийн жинхэнэ өмчлөгчийн хүсэл зоригоос шалтгаалахгүй ижил сүргээсээ холдож, өөр нутаг бэлчээрт буюу орон нутагт шилжин байрлаж эзэмшигч нь хэн болох нь мэдэгдэхгүй байгаа малыг хэлнэ. Энэ гэмт хэргийн тухайд онцлог шинж нь уг мал хариуцан маллаж байгаа эзнийхээ нутаглаж байгаа бэлчээрийн хүрээнээс өөрийн хөлөөрөө гарсан, өөр орон нутагт очсон, эзэн этгээд нь хэн болох нь мэдэгдэхгүй байх юм. Хохирогч ******* Баацагаан сумын харъяат бөгөөд 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг Гүний ам гэх газарт малаа хариулж байгаад цайгаа уучаад гарах хооронд малаа алдсан мотоцикльтой хүн туусан гэдэг. Хохирогч 7 сарын 18-ны өдөр малаа алдсан тухайгаа тэр даруй эрх бүхий байгууллага албан тушаалтанд огт мэдэгдээгүй мотоциклоор туусан байсан гэх мэдүүлэг нь хэргийн газрын үзлэг болон бусад нотлох баримтаар тогтоогдоогүй
Харин С.******* нь 2020 оны 07 дугаар сарын 20 ны өдөр Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг Шар чулуу гэх газарт эзэнгүй хэнийх болох мэдэгдэхгүй 12 тооны бог мал байсныг өөрийн хүргэн *******ын тасарсан мал байх гээд түүний малд нийлүүлсэн бөгөөд *******ын мал биш гэхээр нь эзэн нь ирж авах байх, байлгаж бай гээд орхиод явсан байдаг. Энэ байдал нь гэрч Батэрдэнэ, ******* нарын мэдүүлгээр Шар чулуу гэх газраас тасарсан мал байна *******ынх байх гээд туугаад явж байсан гэдэг нь тогтоогддог. Хэсгийн төлөөлөгч ******* гэрч Энхжаргал нарын мэдүүлгээр *******ын малд 12 тооны бог мал байсан түүнийг авч эзэнд нь хүлээлгэн өгсөн гэдэг нь нотлогдсон.
*******гийн 12 тооны мал нь өмчлөгчийн хүсэл зоригоос шалтгаалахгүйгээр ижил сүргээсээ тасран салж, тухайн үед идээшсэн нутаг бэлчээрээсээ холдон өөрөөр хэлбэл: Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг "Гүний ам" гэх газраас 2 дугаар багийн нутаг "Шар чулуу" гэх газарт хэн нэгэн этгээдийн оролцоогүйгээр 23 КМ-ын зайтай газарт шилжин очиж ижил сүргээсээ тасарсан байсан нь тогтоогдсон. Анхан шатны шүүхээс С.*******ийн 12 тооны мал тууж *******ынд хүргэсэн үйлдлийг хохирогчийн малыг туусан идэвхтэй үйлдэл гэж үзсэн нь өрөөсгөл дүгнэлт байна. С.******* нь уг малыг бэлчээрээс нь эзэн нь хэн гэдгийг мэдсээр байж тууж явсан асуудал огт байхгүй. Иймд С.*******ыг алдуул мал ашигласан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-д зааснаар анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 489 дугаар захирамжийг хүчингүй болгоно уу гэжээ.
Прокурор Б.Бат-Оргилын 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 30 дугаар эсэргүүцэлд:
Шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр эс зөвшөөрч дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Үүнд:
Шүүгдэгч С.******* нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Гүний ам гэх газраас 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр иргэн П.*******гийн эзэмшлийн 20 тооны бог буюу олон тооны малыг Мустанг 5 маркийн мотоцикл гэх тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 2.220.000 /хоёр сая хоёр зуун хорин мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй бөгөөд харин С.*******ийг Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг Шар чулуу гэх газраас 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр иргэн П.*******гийн алдсан 12 тооны бог мал болох 6 тооны хонь, 6 тооны ямааг олж авч, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 850.000 /найман зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана”, 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч... эргэлзээ гарвал... сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэснийг тус тус зөрчиж байна.
Шүүгчийн захирамжид “...шүүгдэгч С.******* нь машин механизм ашиглан малыг тууж бусдын малд нийлүүлсэн идэвхтэй үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн байна...” гэж С.*******ийг хулгайн гэмт хэрэг үйлдсэн талаар шууд дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Ингэж дүгнэхдээ хохирогч П.*******гийн “хойшоо явсан гэмээр мотоциклийн мөр байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.*******э, Ц.******* нарын “С.******* 10-аад тооны бог мал туусан явж байсан” гэх мэдүүлгүүдийг үнэлжээ.
Гэтэл тухайн мотоциклийн гэх мөр нь С.*******ийн унаж явсан мотоцикл гэдэг нь тогтоогдоогүй байхад С.*******ийг мотоцикл унаж мал тууж Б.*******э, Ц.******* нартай таарсан гэдгээр нь түүнийг мал хулгайлсан гэж дүгнэж байгаа нь таамаглалд үндэслэсэн үндэслэлгүй дүгнэлт болсон байна. Түүнчлэн хэргийн газрын үзлэгээр мал алдсан гэх газарт мотоциклийн мөр илрээгүй, хохирогч П.*******гийн “20 тооны мал алдсан болон хойшоо явсан гэмээр мотоцикпийн мөр байсан” гэх мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэсний дагуу бусад байдлаар нотлогдоогүй болно. Нөгөөтээгүүр анхан шатны шүүх хуралдааны үеэр хохирогч П.******* нь “өөрөө малаа мотоциклоор тууж, тухайн мотоциклийн мөр үлдсэн гэх газраас малаа тууж ирсэн, өөр мотоциклийн мөрний талаар мэдүүлээгүй” зэргээс дүгнэхэд тухайн мотоциклийн гэх мөр нь өөрийнх нь унаж явсан мотоциклийн мөр байх боломжтой зэрэг эргэлзээтэй нөхцөл байдал үүссэнд шүүхээс дүгнэлт өгөөгүй байна.
Шүүгчийн захирамжид “...хэрэгт авагдсан нотлох баримттай харьцуулахад шүүгдэгч С.*******ийн үйлдсэн гэмт хэрэгт эргэлзээ төрөхөөр байх ба гэмт үйлдлийг нарийн тогтоох шаардлагатай байна...” гэжээ.
Хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хийвэл зохих бүхий л ажиллагааг хийж мөрдөн шалгах ажиллагаагаар нотлогдсон хэмжээнд хэргийн зүйлчлэлийг өөрчлөн сонсгож хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад шүүхээс “гэмт үйлдлийг нарийн тогтоох шаардлагатай гэсэн атлаа мөрдөн шалгах ямар ажиллагаа явуулж, ямар нөхцөл байдал тогтоох шаардлагатайг захирамжид тусгаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчиж цаашид шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд ямар ажиллагаа явуулах нь эргэлзээтэй байна.
Шүүгчийн захирамжид “Шүүгдэгч С.******* нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн боловч тухайн хүсэлтдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн. нөхөн төлөх талаар илэрхийлээгүй, түүнчлэн хохирогч хохирлоо бүрэн барагдуулж авах талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн” гэжээ.
Гэтэл завшсан гэх 12 тооны малыг биетээр нь хохирогчид буцаагаад төлсөн тул шүүгдэгч С.*******ийг хохирлоо бүрэн төлсөн гэж үзэхээр байна. Харин хохирогч П.******* гомдолтой гэснээр шүүгдэгч С.*******ийн үйлдсэн болох нь тогтоогдоогүй бусад 8 тооны малын хохирлыг С.*******аар төлүүлэх боломжгүй буюу Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй талаарх шударга ёсны зарчим зөрчигдөхөд хүрч байна.
Иймд шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЗ/489 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай захирамжийг хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” Гэжээ.
Прокурор В.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЗ/489 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалгах дүгнэлт гаргаж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЗ/489 тоот шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокурор Б.Бат-Оргилын давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:
Прокуророос С.*******т Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг “Шар чулуу “ гэх газраас 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр иргэн П.*******гийн алдсан 12 тооны бог мал болох 6 тооны хонь, 6 тооны ямааг олж авч, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай тодруулсан байх бөгөөд шүүгдэгч С.*******т холбогдох эрүүгийн хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан нотлох баримтууд болох хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг бусад нотлох баримтуудтай уялдуулан шүүгч хэргийг тал бүрээс нь нягт нямбай, бодит байдлаар хянах, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцүүлж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэх бүрэн боломжтой байна.
Алдуул мал гэж ямар нэг хариулгагүй, эзэн тодорхой бус байдлаар өөр аймаг, сумын нутагт бэлчээрээр яваа малыг хэлэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан алдуул мал завших гэмт хэргийн үндсэн шинж нь алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэж, өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдаг. Харин хулгайлах гэмт хэргийн тухайд бусдын малыг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдлээр илэрнэ.
Иймд анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь шинжлэн судлаагүй, хэргийн нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлт хийлгүй, прокурорт буцаасан байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж залдах гомдол зэргийг бүхэлд нь хүлээн авч, анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЗ/489 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцэх хүртэл хугацаагаар шүүгдэгч С.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр
зүйлийн 1.3-т заасныг тус, тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЗ/489 дүгээр шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, С.*******т холбогдох эрүүгийн 2014000000334 тоот эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч С.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР
ШҮҮГЧ Л.НЯМДОРЖ
Б.БОЛОР-ЭРДЭНЭ