Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2023/0588

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Инвестос ББСБ ХХК /РД:5606845/

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Ө.Баярбат

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Ундрах-Эрдэнэ

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Бумдэлгэр, И.Өлзийбаяр

Маргааны төрөл: Татвар

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.Баярбат, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бумдэлгэр, И.Өлзийбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхмэнд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч Инвестос ББСБ ХХК-аас Нийслэлийн Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2021 оны 04 дүгээр сарын улирлын санхүүгийн тайланг хүлээн авахаас татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоож, санхүүгийн тайланг хүлээж авах, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу албан татварыг хөнгөлөлтөд хамруулах тухай холбогдох захиргааны акт гаргахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

1.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа Нийслэлийн Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2021 оны 04 дүгээр улирлын аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланг хүлээн авахаас татгалзсан Нийслэлийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, Инвестос ББСБ ХХК-ийн 2021 оны 04 дүгээр улирлын аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланг хүлээж авах, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу албан татварыг хөнгөлөлтөд хамруулах тухай холбогдох захиргааны акт гаргахыг даалгах гэжээ.

2.Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн Захиргаа хуулийн хэлтсийн тасгийн дэд дарга К.Нямдаваа 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 5/605 дугаар албан бичгээр ...Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх хэсэгт доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн баримтаар баталгаажсан байх заалттай зөрчилдөж байгаа учраас тайланг хүлээн авах боломжгүй гэх хариу өгсөн.

2.1.Инвестос ББСБ ХХК-аас 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Татварын ерөнхий газрын даргад гомдол гаргасан боловч хариу өгөөгүй тул мөн оны 08 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Инвестос ББСБ ХХК /РД:5606845/ нь банк бус санхүүгийн үйлчилгээ эрхэлдэг байгууллага бөгөөд Баянзүрх дүүргийн татварын хэлтэст харьяалагдаж татварын тайлан тушаадаг.

Манай байгууллага 2021 онд 619,946,663.78 төгрөгийн борлуулалтын орлоготой, 449.768.062.60 төгрөгийн зардал гаргаж, 170,178,581.18 төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Улмаар 2021 оны 4-р улирлын тайлангаа гаргаж, уг тайлангийн дагуу 17.017,858.12 төгрөгийн орлогын албан татварыг татварын хэлтэст тушаасан.

Татварын ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт энэ хуулийн 18.2, 18.3. 18.4, 18.5 дахь хэсэгт заасан албан татвар ногдох орлогыг 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй байхаар жилийн эцсийн татварын тайланд тусгасан, доор дурдсанаас бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг, энэ хуулийн 20.2.7-д зааснаас бусад Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчийн энэ хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татварыг 90 хувийн албан татварын хөнгөлөлт үзүүлнэ гэж зохицуулсан. Энэхүү зохицуулалтаас үзэхэд Инвестос ББСБ ХХК /РД:5606845/ нь 2021 оны 4 улирлын тайлангаар 649,946.663.78 төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан байх тул хуульд заасны дагуу 90 хувийн албан татварын хөнгөлөлт эдлэх эрхтэй.

Манай байгууллага Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасны дагуу албан татварыг хөнгөлөн буцаан авахаар 15,316,072.31 төгрөгийг буцааж авах хүсэлтийг 2021 оны 4-р улирлын санхүүгийн тайлангийн хамт etax.mta.mn-ээр хүргүүлсэн.

Гэтэл Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн Захиргаа хуулийн тасгийн дэд дарга К.Нямдаваа 2022 оны 02 дугаар сарын 24 өдрийн 5/605 дугаар албан бичгээр хариу өгөхдөө Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13.1.4 доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн баримтаар баталгаажсан байх заалттай зөрчилдөж байгаа учраас тайланг хүлээн авах боломжгүй гэдэг хариуг өгсөн.

Өөрөөр хэлбэл манай байгууллагыг е баримт шивээгүй гэх үндэслэлээр татварын тайланг хүлээж аваагүй бөгөөд мөн хуульд заасны дагуу манай байгууллагын эдлэх татварын хөнгөлөлтийг эдлүүлэхээс татгалзсан.

Дээрх хариуг эс зөвшөөрч манай байгууллага 2022 оны 03 сарын 14-ний өдөр харьяалах дээд шатны албан тушаалтан Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн даргад гомдол гаргахад 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 5/1342 дугаартай албан бичгээр ... байгууллагаас ирүүлсэн тайлбар, тайлангийн үзүүлэлт хооронд зөрүүтэй байх тул Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.8 ...тайлбарыг хугацаанд нь ирүүлээгүй, эсхүл ирүүлсэн тайлбар нь үндэслэлгүй гэж үзвэл татварын алба холбогдох мэдээллийг татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэх бөгөөд энэ нь тайлангийн хугацаанд хамаарах татвар ногдуулалт, төлөлттэй холбоотой асуудалд татварын хяналт шалгалт хийж тайлангийн ногдлыг тодорхойлох үндэслэл болно гэдгийг сануулъя гэх ямар ч ойлгомжгүй, гаргасан гомдолтой холбоогүй хариу өгсөн. Өөрөөр хэлбэл манай байгууллага хуулиар олгогдсон гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэхэд тус татварын хэлтсээс танай байгууллагыг шалгана гэдэг хариу өгсөн.

Дээрх асуудлаар манай байгууллага нь 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд хандахад Маргаан таслах зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны албан бичгээр тус маргаан туслах зөвлөлийн чиг үүрэгт хамааралгүй талаар хариу өгсөн байдаг.

Мөн манай байгууллага нь 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Татварын Ерөнхий газрын даргад гомдол гаргасан боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй. Мөн гомдлыг шийдвэрлэх хугацааг сунгасан эсэх нь тодорхойгүй, ямар нэг хариу мэдэгдээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана. гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Инвестос ББСБ ХХК-ийн 2021 оны 4 дүгээр улирлын тайланг хүлээн авахаас татгалзсан нь хууль бус болох тухай:

А)Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт Татварын алба тайланг хүлээн авахдаа татвар төлөгч татварын ногдуулалт, төлөлтийг үнэн зөв тодорхойлсон эсэхийг хянан, боловсруулалт хийх тухай хуульчилсан. Мөн тус хуулийн 30.3 дахь хэсэгт Татварын алба энэ хуулийн 30.2 дахь хэсэгт заасны дагуу тайланг хянах бөгөөд мэдээлэл зөрүүгүй тохиолдолд тайланг хүлээж авах бөгөөд шаардлагатай тохиолдолд анхан шатны болон холбогдох бусад баримтыг шаардаж болно гэж хуульчилсан. Гэтэл ямар нэгэн баримт шаардаагүй, тайлбар авалгүйгээр манай байгууллагын тайланг хүлээж авахаас татгалзсан.

Татварын ерөнхий газрын даргын 2019 оны а/260 дугаар тушаалаар батлагдсан Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам-ын 3.3 дахь хэсэгт Татварын тайланг хянан, боловсруулалт хийж мэдээлэл зөрүүгүй тохиолдолд тайланг хүлээн авах бөгөөд тайлан хүлээн авсан тухай татвар төлөгчид мэдэгдэнэ.

Мөн журмын 3.4.Татварын тайланг хянан, боловсруулалт хийж мэдээлэл зөрсөн тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.4 дэх хэсэгт заасан хугацаанд татварын тайланг залруулах шаардлагыг татвар төлөгчид хүргүүлнэ. гэж тус тус заасан.

Татварын хэлтэст аливаа байгууллагын санхүүгийн тайланг хүлээж авахгүй байх эрх хуулиар олгогдоогүй бөгөөд гагцхүү тайлан зөрүүтэй бол уг зөрүүг арилгах шаардлага гаргах эрхтэй байна.

Иймд манай байгууллагын тайланг хүлээх авахаас татгалзсан шийдвэр нь хууль бус юм.

2.Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу албан татварыг хөнгөлөн буцаан авах тухайд

А)Инвестос ББСБ ХХК /РД:5606845/ нь 2021 оны 4 улирлын тайлангаар 649,946,663.78 төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан байх тул албан татварын хөнгөлөлт эдлэх эрхтэй. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт Энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан албан татвар ногдох орлогыг 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй байхаар жилийн эцсийн татварын тайланд тусгасан, доор дурдсанаас бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг, энэ хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7 дахь заалтад зааснаас бусад Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчийн энэ хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татварыг 90 хувиар хөнгөлнө гэж зохицуулсан.

Б)Манай байгууллага нь Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана. гэж татварын тайланг тушаах талаар зохицуулсны дагуу татварын тайлангаа цахимаар тушаасан.

В)Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дэх хэсэгт татвар төлөгч нь татварын хууль тогтоомжид заасан хөнгөлөлт эдлэх, татвараас чөлөөлөгдөх; эрхтэй гэж заасан.

Дээрх татварын хууль тогтоомж нь жижиг, дунд аж ахуй нэгжийг дэмжиж, хэрэв борлуулалтын орлого нь 1,5 тэрбумаас доош бол төлсөн татварынхаа 90 хувийг буцаан олгох зохицуулалтыг агуулсан байна.

Түүнчлэн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй банк, банк бус санхүүгийн байгууллага нь зээлдэгчийн төлсөн зээлд хэрхэн и баримт олгох талаар программ хөгжүүлж буй бөгөөд энэхүү программын хөгжүүлэлт дуусах шатандаа явж байна.

Манай байгууллага нь үйлчлүүлэгч нарт е баримт буюу Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт өгдөг эсэх асуудал нь тусдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шийдвэрлэгдэх асуудал юм. Өөрөөр хэлбэл тухай хуульд заасан зөрчил илэрвэл Зөрчлийн тухай хуульд заасны дагуу манай байгууллагад арга хэмжээ авах ба энэ нь Татварын ерөнхий хууль, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан хөнгөлөлт эдлэхэд саад болох учиргүй. Өөрөөр хэлбэл нэг зөрчилд 2 удаа хариуцлага ногдуулах ёсгүй гэж үзэж байна.

Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.9 дэх хэсэгт татварын алба, татварын улсын байцаагчийн хууль бус ажиллагаа болон шийдвэрт холбогдох гомдлыг түүнийг шууд захирдаг болон дээд шатны албан тушаалтанд, түүнчлэн шүүхэд гаргах эрхтэй гэж заасны дагуу Инвестос ББСБ ХХК нь энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрхтэй юм.

Иймд Инвестос ББСБ ХХК /РД:5606845/-ийн 2021 оны 4-р улирлын санхүүгийн тайланг хүлээн авахаас татгалзсан Нийслэлийн Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, Инвестос ББСБ ХХК-ийн 2021 оны 4-р улирлын санхүүгийн тайланг санхүүгийн тайланг хүлээж авах, мөн Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу албан татварын хөнгөлөлтөд хамруулах тухай холбогдох захиргааны акт гаргахыг тус тус даалгаж өгнө үү. гэжээ.

3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Инвестос ББСБ ХХК нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага буюу Баянзүрх дүүргийн татварын хэлтэст харьяалагдаж татварын тайлангаа тушаадаг. 2021 онд 619 сая төгрөгийн борлуулалтын орлоготой, 449 сая төгрөгийн зардалтай, нийтдээ 170 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Ингээд 2021 оны 4 дүгээр улирлын тайлан гаргаж, тайлангийн дагуу 17,017,858 төгрөгийн орлогын албан татварыг татварын хэлтэст тушаасан. Татварын ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан албан татвар ногдох орлогыг 1,5 тэрбум төгрөгөөс ихгүй байхаар жилийн эцсийн татварын тайланд тусгасан доор дурдсанаас бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг, энэ хуулийн 20.2.7-д зааснаас бусад Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан татвар төлөгчийн энэ хуулийн 20.1-д заасны дагуу ноогдуулсан албан татварын 90%-ийг татварын хөнгөлөлт үзүүлнэ гэж зохицуулсан. Энэ зохицуулалтаас үзэхэд Инвестос ББСБ ХХК нь 2021 оны 4 дүгээр улирлын тайлангаар 649 сая төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан учраас 1,5 тэрбумын төгрөгөөс ихгүй гэх хуулийн шалгуурыг хангаж 90%-ийн албан татварын хөнгөлөлт эдлэх эрхтэй юм. Энэ байгууллагын хувьд Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.1-д заасны дагуу татварын хөнгөлөлтийг авахаар 15,316,072 төгрөгийг буцааж авах хүсэлтийг 2021 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайлангийн хамт etax.mta.mn-ээр хүргүүлсэн.

Гэтэл Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Захиргаа хуулийн хэлтсийн дэд дарга К.Нямдаваа гэж хүн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр албан бичгээр хариу өгөхдөө Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13.1.4-т заасны дагуу доор дурдсан бараа, ажил үйлчилгээний зардал, Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ноогдуулж гаалийн байгууллагад төлсөн баримтаар баталгаажих заалттай зөрчилдөж байгаа учраас татварын тайланг хүлээн авах боломжгүй гэдэг хариу ирүүлсэн. Өөрөөр хэлэх юм бол нэхэмжлэгчийг И-баримт гэх үндэслэхээр татварын тайланг хүлээж аваагүй. Татварын хөнгөлөлтийг үзүүлэхээс татгалзсан. Энэ хариуг эс зөвшөөрч Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн даргад гомдол гаргасан боловч мөн эс зөвшөөрсөн хариу өгсөн. Дээрх асуудлаар 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд хандсан. Маргаан таслах зөвлөлөөс тус зөвлөлийн чиг үүрэгт хамаарахгүй гэдэг хариу өгсөн. Ингээд Татварын ерөнхий газрын даргад гомдол гаргасан боловч Татварын ерөнхий газрын даргаас хариу өгөөгүй.

Тухайн гомдлын хугацааг шийдвэрлэсэн, сунгасан эсэх талаар мөн ямар нэгэн хариу ирүүлээгүй учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд үндсэндээ 2 нэхэмжлэлийн шаардлага гэж хуваагдахаар байна. Нэгдүгээр шаардлагын хувьд Инвестос ББСБ ХХК-ийн 2021 оны 4 дүгээр улирлын Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланг хүлээн авахаас татгалзсан Нийслэлийн Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн үйлдэл хууль бус болохыг тогтоох. Хоёрдугаар шаардлагын хувьд Инвестос ББСБ ХХК нь 2021 оны 4 дүгээр улирлын Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланг хүлээж авах, мөн Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.1-д заасны дагуу албан татварын хөнгөлөлтөд хамруулах тухай холбогдох захиргааны акт гаргахыг даалгах шаардлага гаргаж байгаа. Нэгдүгээр шаардлага буюу Инвестос ББСБ ХХК-ийн 2021 оны 4 дүгээр улирлын тайланг хүлээн авахаас татгалзсан үйлдэл нь хууль бус гэж үзэж байгаа. Энэ үндэслэлийн хувьд Татварын ерөнхий хуулийн 30.2-т татварын албанд тайланг хүлээн авахдаа татвар төлөгчийн татварын ногдуулалт төлөлтийн үнэн зөвийг тодорхойлсон эсэхийг хянан боловсруулалт хийх тухай хуульчилсан. Тус хуулийн 30.3-т Татварын алба энэ хуулийн 30.2-т заасны дагуу тайланг хянах бөгөөд мэдээлэл зөрүүгүй тохиолдолд тайланг хүлээж авах бөгөөд шаардлагатай тохиолдолд анхан шатны болон холбогдох бусад баримтыг шаардаж болно гэж үзсэн.

Гэтэл ямар нэгэн баримт шаардаагүй, тайлбар аваагүйгээр тайланг маань шууд хүлээн авахаас татгалзсан. Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/260 дугаар тушаалаар батлагдсан Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайлан залруулах журмын 3.3-т татварын тайланг хянах, боловсруулалт хийх гэж мэдээлэл зөрөөгүй тохиолдолд тайланг хүлээн авах бөгөөд тайланг хүлээн авсан тухай татвар төлөгчид мэдэгдэнэ. 3.4-т мэдээлэл зөрсөн тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 30.4-д заасан хугацаанд татварын тайланг залруулах шаардлагыг татвар төлөгчид хүргүүлнэ гэж заасан. Татварын хэлтэст аливаа байгууллагын санхүүгийн тайланг хүлээж авахгүй байх эрхийг журамлаагүй. Гагцхүү тайлан зөрүүтэй бол зөрүүг арилгах шаардлага гаргах эрхтэй байдлаар журамласан байна. Тийм учраас нэхэмжлэгчийн татварын тайланг хүлээн авахаас татгалзсан үйлдэл шийдвэр нь хууль болон журамд тусгагдаагүйгээр хууль юм гэж үзэж байна. Хоёрдугаарт Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.1-д заасны дагуу татварын хөнгөлөлт буцаан авах эрх нэхэмжлэгчид байгаа гэж үзэж байна. Инвестос ББСБ ХХК нь 2021 оны 4 дүгээр улирлын тайлангаар 649 сая төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан учраас хуульд заасан 1,5 тэрбум төгрөгөөс ихгүй байх гэсэн гол шалгуурыг хангаж байгаа. Мөн хуульд тусгайлан заасан татварын хөнгөлөлт эдлэхгүй байх салбарт хамаардаггүй. Тиймээс энэ хуулийн үйлчлэл татварын хөнгөлөлт эдлэх эрх нь нээлттэй байна. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 1-д татвар төлөгч татварын тайлан хуулиар тогтоосон хугацаанд батлагдсан загварын дагуу цахим эсвэл цаасан хэлбэрээр үйлдэж харьяа татварын албанд тушаана гэж татварын тайланд тушаах талаар зохицуулсан. Үүний дагуу татварын тайлангаа цахимаар тушаасан. Татварын ерөнхий хуулийн 12.1.2-т татвар төлөгч нь татварын хууль тогтоомжид заасан хөнгөлөлт эдлэх чөлөөлөх эрхтэй гэж заасан. Мөн сая дурдсан 1,5 тэрбумаас доош борлуулалтын орлоготой байх гол зохицуулалтад хамаарч байгаа. Манай байгууллага нь үйлчлүүлэгч нарт и-баримт олгодоггүй гэдэг үндэслэлээр татварын хөнгөлөлт эдлүүлэхээс татгалзаж байгаа. Энэ нь Зөрчлийн тухай хуульд заасны дагуу тусдаа зөрчил шалган шийдвэрлэх зөрчлийн хэрэг байгаа. Тусгайлан хуулиар заасан. Татварын хөнгөлөлт эдлэх эрх нь тусдаа. Татварын хөнгөлөлт эдлүүлэхгүй байх гэдэг нь нэг зөрчилд хоёр удаа хариуцлага ногдуулах арга хэмжээ авахаар байна гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийн хувьд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийж тодорхой мэдүүлэг, тайлбар авсан ийм зүйл байдаггүй. Энийг бас дурдах нь зүйтэй байх.

Иймд Инвестос ББСБ ХХК-ийн 2021 оны 4 дүгээр улирлын Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланг хүлээн авахаар татгалзсан Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, Инвестос ББСБ ХХК-ийн 2021 оны 4 дүгээр улирлын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг хүлээн авах мөн Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.1-д заасны дагуу татварын хөнгөлөлтөд хамруулах тухай холбогдох захиргааны акт гаргахыг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагатай байна. гэв.

4.Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Тус хэлтсийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй Инвестос ББСБ /РД:5606845/ ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцан дараах тайлбарыг гаргаж байна. Татар төлөгч нь Аж ахуйн нэгжийн 4 дүгээр улирлын тайлангаар 649,946,663.78 төгрөгийн ногдолтой, 449,768,062.60 төгрөгийн хасагдах зардалтай тайланг татварын албанд ирүүлсэн. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйл Албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тавигдах шаардлага, 13.1.4 Доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх шаардлагыг хуульчилсан. Иймд дараах шүүхэд гаргасан нэхэмжлэлийг үндэслэн дараах тайлбарыг хүргүүлж байна.

1.Инвестос ББСБ ХХК-ийн 2021 оны 4 дүгээр улирлын тайланг хүлээн авахаас татгалзсан тухайд: Татварын алба нь Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйл 30.1 дэх хэсэгт Татварын алба татвар төлөгч татварын тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд тушааж, татвараа үнэн зөв ногдуулж, төлж байгаа эсэхэд хяналт тавина., 30.2 дахь хэсэгт Татварын алба тайланг хүлээн авахдаа татвар төлөгч татварын ногдуулалт, төлөлтийг үнэн зөв тодорхойлсон эсэхийг дараах байдлаар хянан, боловсруулалт хийнэ, 30.2.5 нягтлан бодох бүртгэл болон татварын тайлангийн үзүүлэлтүүд хоорондоо тохирч байгаа эсэх, 30.2.6 татварын тайлан хоорондын үзүүлэлтийн дүн болон тайланд хавсаргасан баримт, мэдээллийн дүн тайлагнасан дүнтэй тохирч байгаа эсэх, тооцооны алдаа байгаа эсэх, 30.2.9 тухайн тайлангийн хугацаанд хамаарах татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн хөндлөнгийн мэдээлэл татварын тайлангийн мэдээлэлтэй тохирч байгаа эсэх" гэж заасан.

Татварын алба нь Инвестос ББСБ ХХК-ийн 2021 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг 2022 оны 2 дугаар сарын 18-ний өдөр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйл 30.2 дахь хэсэгт заасан зөрүүг арилгуулахаар мөн хуулийн 30.4 дэх хэсэгт зааснаар тайлангаа засаж ирүүлэх шаардлагыг хүргүүлсэн мөн тайлан хүлээн авах боломжгүй талаар татвар төлөгч татварын албанд ирж уулзах үед мэдэгдсэн боловч 2022 оны дугаар сарын 21-ний өдрийн 029, 3 дугаар сарын 11-ний өдрийн 042 дугаар албан бичгээр тус тус гомдол гаргасанд 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 5/605 дугаар, 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 5/1342 дугаар албан бичгээр тус тус хариуг хүргүүлсэн.

2.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу албан татварыг хөнгөлөн буцаан авах тухай гомдолд: Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт Хууль тогтоомжийн дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах татвар төлөгч татварын тайлан тушаах үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд уг татварын тайлан нь түүнийг тухайн төрлийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах үндсэн баримт болно гэж заасан. Мөн Сангийн сайдын 2019 оны 292 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх үйл ажиллагааны журмын 2.8-д Татвар төлөгч нь татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхдээ татварын тайлан, тайлангийн хавсралт мэдээ, нотлох баримт, хөнгөлөлтөө буцаан авах хүсэлтийг татварын албанд ирүүлэх ба татварын алба нь холбогдох хуульд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэхээр заасан орлого, хөрөнгө, татварыг хуульд тогтоомжид заасан нөхцөл, шалгуурт нийцүүлэн татварын тайланд үнэн зөв тусгасан эсэхийг нотлох баримттай тулган татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын баталсан Татварын тайлан үйлдэх, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам"-д заасны дагуу хянан баталгаажуулна. гэж заасан.

Иймд Инвестос ББСБ ХХК нь татварын тайлангаа хуулийн хугацаанд гаргаж ирүүлсэн боловч тайлангийн зөрүүг арилгаагүй, эцсийн тооцоо хийгээгүй тул аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйл 22.1 заасан албан татварын хөнгөлөлтийг эдлэх боломжгүй юм.

Татварын албан нь аж ахуйн нэгжийн Санхүүгийн тайлан хүлээн авах эрх хуулиар олгогдоогүй болохыг тэмдэглэж байна. гэжээ.

4.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Өлзийбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Инвестос ББСБ ХХК нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасаг сегментэд хамаарагдаж татварын тайлангаа манай татварын албанд өгдөг. Тухайн компани нь 2021 оны 4 дүгээр улирлын аж ахуй нэгжийн тайлангаар 649,946,666 төгрөгийн ногдолтой, 449 сая төгрөгийн хасагдах зардалтай тайланг татварын албанд ирүүлсэн байдаг. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан албан татвар ногдох орлогоос хасагдах зардал тавигдах шаардлага гэж тодорхой шаардлагууд байдаг. Энд нь тухайн бараа, ажил үйлчилгээний зардал нь Татварын ерөнхий хуулийн 28.5 дугаар зүйлд заасны дагуу дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт эсвэл импортын бараанд татвар ногдуулж гаалийн байгууллагад өгсөн тухай баримтаар баталгаажсан байх гэсэн шаардлагыг тавьсан байдаг. Татвар төлөгчийн ирүүлсэн 649 сая төгрөгийн орлоготой тайланд 449 сая төгрөгийн зардлыг тусгасан. Энэ нь тухайн и-баримтын төлбөрийн баримтаар баталгаажсан дугаараар баталгаажаагүй байдаг учраас Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2, 30.2.5, 30.2.6, 30.2.9 гэсэн заалтуудыг удирдлага болгон татварын улсын байцаагч татварын тайланг баталгаажуулахаас татгалзан шийдвэрлэсэн байдаг.

Татварын улсын байцаагч нь татвар төлөгчийн ирүүлсэн тайлангийн үзүүлэлт хоорондоо тохирч байгаа эсэхэд нь хяналт тавиад, үзүүлэлт хооронд ямар нэгэн асуудалгүй, үзүүлэлтийн арифметик томьёоллоор асуудалгүй тохиолдолд татварын тайланг баталгаажуулаад тооцоолол хоорондоо зөрүүтэй тохиолдолд татвар төлөгчид буцаана гээд хуулийн заалтууд байгаа. Энэ заалтын дагуу улсын байцаагч нь тухайн татвар төлөгчид татварын тайланг буцаасан. Энэ талаар татвар төлөгчийн захирал манай татварын албан дээр ирж уулзаж энэ талаарх мэдээллүүдийг тогтмол авсан байдаг. Сая нэхэмжлэгчийн дурдсаны дагуу 2022 оны 02 сарын 21-ний өдрийн 029, 03 дугаар сарын 11-ний 29 дүгээр албан бичиг нь 03 дугаар сарын 11-ний өдрийн 42 дугаар албан бичиг мөн 2022 оны 02 сарын 24-ний өдрийн 5/605 дугаар албан бичиг, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 5/1342 гэсэн албан бичгүүдээр манайх хариу хүргүүлсэн байдаг. Тухайн албан бичиг дээр юу гэж заагдсан байдаг вэ гэхээр тухайн татварын тайланг нь татварын алба баталгаажуулах боломжгүй тул татвар төлөгчид тоон үзүүлэлт хоорондоо зөрсөн гээд дээрхийн адил Татварын ерөнхий хуулийн 30.2.6, 30.2.9 30.4 мөн 30.8 гэсэн заалтуудыг тусгаж өгөөд татварын тайлангаа залруулахыг татвар төлөгчид удаа дараа, 2 удаа албан бичгээр мэдэгдсэн байдаг. Татвар төлөгч маань татварын тайлангаа өнөөдрийг хүртэл залруулсан тайлангаа татварын албанд дахин ирүүлээгүй байгаа гэдгийг дурдах нь зөв байх. Үүнтэй холбоотойгоор татвар төлөгч компани нь Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл, Татварын ерөнхий газарт тус тус дээрх гомдлуудыг гаргасан байдаг. Үүнтэй холбоотойгоор 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 06/1879 дугаар Татварын Ерөнхий Газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын дарга н.Мөнхтамирын гарын үсэгтэйгээр тухайн албан татвар төлөгчийн гомдолд хариунуудыг хүргүүлсэн байдаг.

Энэ бичигт дурдсанаар танай 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 087 дугаар албан бичгээр ирүүлсэн гомдолтой танилцаад дараах хариуг хүргүүлж байна. Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 татварын алба татвар төлөгч татвараа үнэн зөв ноогдуулж төлж байгаа эсэхэд хяналт тавина. 30.2.Татварын алба тайланг хүлээн авахдаа татвар төлөгч татварын ногдуулалт төлөлтийн үнэн зөв тодорхойлсон эсэхийг дараах байдлаар хянан боловсруулна. 30.2.5 нягтлан бодох бүртгэл болон татварын тайлангийн үзүүлэлт хоорондоо тохирч байгаа эсэх. 30.2.6 татварын тайлан хоорондын үзүүлэлтийн дүн болон тайланд хавсаргасан баримт мэдээллийн дүнг тайлагдсан дүнтэй тохирч байгаа эсэх гэсэн тооцооны алдаа байгаа эсэх 30.2.9 тухайн тайлангийн хугацаанд хамаарах татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн хөндлөнгийн мэдээлэлд татварын тайлангийн мэдээлэл тохирч байгаа эсэх гэж заасан.

Тухайн компанийн 2021 оны 4 дүгээр улирлын аж ахуй нэгжийн орлогын албаны татварын тайланг Баянзүрх дүүргийн татварын улсын байцаагч хянаад Татварын ерөнхий хуулийн 30.2 болон 30.4-т зааснаар тайлангаа залгаж ирүүлэх шаардлагыг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр цахимаар хүргүүлсэн байх боловч татварын улсын байцаагчийн зөрүүг арилгах шаардлагатай буюу Татварын ерөнхий хуулийн 30.5-д заасан залруулсан тайлан тушаах үүргээ биелүүлээгүй тул тайлан хүлээж аваагүй, хүлээж авахгүй байх эрх хуулиар олгогдоогүй гэх гомдол үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл татварын улсын байцаагч шаардлагатай холбоотой тайлбар болон залруулсан тайланг ирүүлээгүй тушаах тохиолдолд татварын алба тайланг хүлээж авахгүй байх байсан гэж үзэх нөхцөл үүсэхгүй юм. Нөгөөтээгүүр татварын алба нь байгууллагын санхүүгийн тайланг хүлээн авах эрх хуулиар олгогдоогүй болохыг дурдлаа гээд татварын тайлантай холбоотой зүйлсийг мөн дурдаж өгсөн байдаг.

Татвар төлөгчийн нэхэмжлэлд аж ахуй нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт чөлөөлөлттэй холбоотой тайлбарыг бас тусгаж өгсөн байгаа. Үүн дээр Сангийн сайдын 2019 оны 290 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Татварын хөнгөлөлт чөлөөлөлт эдлүүлэх үйл ажиллагааны журмын 2.8-д заасны дагуу татвар төлөгч нь татварын хөнгөлөлт чөлөөлөлт эдлэхдээ татварын тайланг тайлангийн хавсралт мэдээ, нотлох баримт, хөнгөлөлтөө буцаан авах хүсэлтийг татварын албанд ирүүлснээр тухайн хөнгөлөлт олгогдох эсэх асуудал шийдвэрлэгдэнэ гэж тухайн албан бичигт тусгагдсан байдаг. Татвар төлөгчийн ярьсны дагуу төлөгчийн аж ахуй нэгжийн 2021 оны 4 дүгээр улирлын тайлан баталгаажигдаагүй. Үүнтэй холбоотойгоор татварын улсын байцаагч н.Алдармаа хөнгөлөлтийн тайлангийн хүсэлтийг буцаасан талаар тайлбарыг нь бичиж хэргийн материал хийгдсэн байгаа. Ингээд Сангийн сайдын тушаалд заасны дагуу тайлан баталгаажаагүй, тайлангийн зөрүүг арилгаагүй гэсэн үндэслэлүүдийн дагуу хөнгөлөлтийг олгох боломжгүй байсан учраас нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 15 орчим сая төгрөгийг татварын албанаас гаргах хуулийн үндэслэл байхгүй юм. Дээрээс нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа болон нэг хэрэг дээр 2 хариуцлага ноогдуулсан гэсэн зүйлийг сая ярьсан. Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний 5/5006 гэсэн албан бичгээр Инвестос ББСБ ХХК болон захирал Ө.Баярбатын нэр дээр тус татварын хэлтсээс ямар нэгэн зөрчлийн хэрэг нээж хариуцлага ноогдуулаагүй гэсэн албан бичгийг ирүүлсэн байдаг.

Мөн 2022 онд Баянзүрх дүүргийн прокурорын газраас бас зөрчлийн хэрэг нээгдээгүй гэсэн албан бичгүүдийг тус тус ирүүлсэн. Яагаад татварын алба татварын тайланг зөрүүтэй байхад Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авагдаагүй гэсэн нэг асуудал яригдах байх. Татварын ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.6-д заасны дагуу татвар төлөгч нь татварын тайлангаа дараагийн татварын жилд багтаж залруулах хуулийн юм заалттай. Нэг ёсондоо татвар төлөгчид бүрэн эрх олгогдсон байдаг. 2021 оны тайланг 2022 онд засварлах бүрэн боломжтой байсан учраас манай татварын алба энэ хүн дээр татварын тайлангаа залруулаагүй гэсэн шалтгаанаар зөрчлийн хэрэг нээх хуулиар олгогдсон эрх байхгүй. Ийм учраас зөрчлийн хэрэг нээгээгүй гэдгийг манай албанаас дахин хэлж байна. Татварын тайлан хоорондын үзүүлэлт хоорондоо тохирч байгаа эсэхийг татварын улсын байцаагч шалгаж үзээд зөрүүгүй тохиолдолд татварын тайланг баталгаажуулна гээд түрүүн ярьсан. Татвар төлөгчийн ирүүлсэн тайланд аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан зөрүүгүй болоогүй байгаа. Үүнийг хэргийн материалд нотлох баримтаар хавсаргаж оруулсан байдаг. Зардлын үзүүлэлтийг тайлангийн задаргааг оруулж өгсөн байдаг. Үүн дээр цалин хөдөлмөрийн хөлс, мөн түүнтэй адилтгах татварт суутгуулан төлсөн 119 сая, эрүүл мэндийн даатгалын шимтгэл 16 сая, холбоо бичиг хэрэг, цэвэрлэгээ, харуул хамгаалалтын зардал 3 сая 800, зар сурталчилгааны зардал 330 мянга, банк, банк бус санхүүгийн байгууллагын зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах санд төвлөрүүлсэн мөнгө, нөөц байгуулах санд хөрөнгө ороогүй 144 сая, Хадгаламж зээлийн хоршооны зээлийн эрсдэлийн санд бусад үйл ажиллагаа эрхэлдэг хоршооны болзошгүй эрсдэлээс хамгаалах, түүнд төвлөрүүлэх хэвийн зээлийн үлдэгдэл нөөц байгуулж санд төвлөрүүлсэн хөрөнгө ороогүй дүн нь 63,864,000 төгрөг, түрээсийн төлбөр 1,900,000, түлш шатахуун 1,200,000, бусад зардал 98,262,000 гэж тусгаад нийтдээ 449 сая төгрөгийн зардлыг гаргасан гэсэн тайланг өгсөн байдаг. Үүн дээр баримтаар нотлогддог зардал нь 49,069,306 төгрөг байдаг. Нийт манайх и-баримтаар ногдуулах зардал нь 169,424,000 төгрөгийн зардал байх нь зөв юм гэж үзсэн. Гэтэл эднээс зөвхөн анхан шатны баримт, татварын тайлан болон татварын удирдлагын нэгдсэн системийн төлбөрийн баримтын зөрүүнүүдээс харахад нийтдээ 120,361,000 төгрөгийн зардал гарсан тооцооллын алдаатай тайлан байсан. Тиймээс тайланг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Инвестос ББСБ ХХК-аас Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан Инвестос ББСБ ХХК-ийн 2021 оны 4 дүгээр улирлын Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланг хүлээн авахаас татгалзсан Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, Инвестос ББСБ ХХК-ийн 2021 оны 4 дүгээр улирлын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг хүлээн авах, мөн Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.1-д заасны дагуу татварын хөнгөлөлтөд хамруулах тухай холбогдох захиргааны акт гаргахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2.Шүүх маргааны үйл баримтыг тодруулж, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын хүрээнд хэргийг хэлэлцэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3.Нэхэмжлэгч тал ...Инвестос ББСБ ХХК нь 2021 оны 4 дүгээр улирлын тайлангаар 649 төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан учраас 1,5 тэрбумын төгрөгөөс ихгүй гэх хуулийн шалгуурыг хангаж 90%-ийн албан татварын хөнгөлөлт эдлэх эрхтэй. ... Өөрөөр хэлэх юм бол и-баримт гэх үндэслэхээр нэхэмжлэгчийн татварын тайланг хүлээж аваагүй. Татварын хөнгөлөлтийг үзүүлэхээс татгалзсан...Татварын алба энэ хуулийн 30.2-т заасны дагуу тайланг хянах бөгөөд мэдээлэл зөрүүгүй тохиолдолд тайланг хүлээж авах бөгөөд шаардлагатай тохиолдолд анхан шатны болон холбогдох бусад баримтыг шаардаж болно гэж үзсэн. Гэтэл ямар нэгэн баримт шаардаагүй, тайлбар аваагүйгээр тайланг маань шууд хүлээн авахаас татгалзсан ...мэдээлэл зөрсөн тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 30.4-д заасан хугацаанд татварын тайланг залруулах шаардлагыг татвар төлөгчид хүргүүлнэ гэж заасан. Татварын хэлтэст аливаа байгууллагын санхүүгийн тайланг хүлээж авахгүй байх эрхийг журамлаагүй... гэж,

3.1.Харин хариуцагч тал ...Татварын улсын байцаагч нь татвар төлөгчийн ирүүлсэн тайлангийн үзүүлэлт хоорондоо тохирч байгаа эсэхэд нь хяналт тавиад, үзүүлэлт хооронд ямар нэгэн асуудалгүй, үзүүлэлтийн арифметик томьёоллоор асуудалгүй тохиолдолд татварын тайланг баталгаажуулаад тооцоолол хоорондоо зөрүүтэй тохиолдолд татвар төлөгчид буцаана гээд хуулийн заалтууд байгаа. Энэ заалтын дагуу улсын байцаагч нь тухайн татвар төлөгчид татварын тайланг буцаасан. ...Зөвхөн анхан шатны баримт, татварын тайлан болон татварын удирдлагын нэгдсэн системийн төлбөрийн баримтын зөрүүнүүдээс харахад нийтдээ 120,361,000 төгрөгийн зардал гарсан тооцооллын алдаатай тайлан байсан учраас хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн... Тухайн компанийн 2021 оны 4 дүгээр улирлын аж ахуй нэгжийн орлогын албаны татварын тайланг Баянзүрх дүүргийн татварын улсын байцаагч хянаад Татварын ерөнхий хуулийн 30.2 болон 30.4-т зааснаар тайлангаа залгаж ирүүлэх шаардлагыг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр цахимаар хүргүүлсэн байх боловч Татвар төлөгч маань татварын тайлангаа өнөөдрийг хүртэл залруулсан тайлангаа татварын албанд дахин ирүүлээгүй байгаа. Татварын тайлангаа залруулахыг татвар төлөгчид удаа дараа, 2 удаа албан бичгээр мэдэгдсэн байдаг. ...мөн татвар төлөгч тухайн жилдээ татварын тайланг өөрөө залруулах эрхтэй байдаг учраас тайлангийн зөрчилд аливаа зөрчлийн хэрэг нээж шалгаагүй... хэмээн тус тус тайлбарлан маргаж байна.

4.Инвестос ББСБ ХХК нь 2021 оны 4 дүгээр улирлын 649,946,663.78 төгрөгийн ногдолтой, 449,768,062.60 төгрөгийн хасагдах зардалтай татварын тайланг Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст цахимаар илгээж, албан татварыг хөнгөлөн буцаан авахаар тооцсон дүнг 15,316,072.31 төгрөгөөр тайлагнаж, мөн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хөнгөлөлтийг буцаан олгуулахаар Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст хүсэлт гаргажээ.

4.1.Дээрх тайланг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Бумдэлгэр 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр буцааж, 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр шаардлагад заасан зөрүүг арилгаж, залруулсан тайланг тушаах үүрэгтэй талаар дурдаж тэмдэглэл үйлдэж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 5/605 дугаар албан бичгээр Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно:13.1.4.доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх гэж, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5.Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй гэж төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх заалттай зөрчилдөж байгаа тул тайланг хүлээн авах боломжгүй гэх хариуг Инвестос ББСБ ХХК-д хүргүүлсэн байна.

4.2.Улмаар Инвестос ББСБ ХХК-аас 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргад гаргасан гомдолд 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 5/1342 дугаар албан бичгээр ...татвар төлөгч шаардлагыг хүлээн авснаас хойш ажлын 3 өдөрт багтаан шаардлагад заасан зөрүүг арилгаж, залруулсан тайланг тушаах үүрэгтэй ...танай байгууллагаас ирүүлсэн тайлбар, тайлангийн үзүүлэлт зөрүүтэй байх тул татварын хяналт шалгалт хийж тайлангийн ногдлыг тодорхойлох үндэслэл болно... хэмээн хариу өгчээ.

4.3.Түүнчлэн тайланг буцаахтай холбоотой захиргааны үйл ажиллагаанд 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Татварын ерөнхий газарт хандан гаргасан гомдлыг тус газрын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 06/1879 дүгээр албан бичгээр ...2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн тайлангаа засаж ирүүлэх шаардлагыг цахимаар хүргүүлсэн байх боловч залруулсан тайланг тушаах үүргээ биелүүлээгүй тул тайланг хүлээн аваагүй, хүлээн авахгүй байх эрх хуулиар олгогдоогүй гэх гомдол үндэслэлгүй...улсын байцаагчийн шаардлагатай холбоотой тайлбар болон залруулсан тайланг ирүүлээгүй тохиолдолд татварын алба тайланг хүлээн авахгүй байсан гэж үзэх нөхцөл үүсэхгүй,..танай 2021 оны тайлангийн зөрүү үүссэн бөгөөд одоог хүртэл баталгаажуулаагүй байна... хэмээн хариу өгч, гомдлыг шийдвэрлэсэн байна.

4.4. Мөн Татварын удирдлагын нэгдсэн системээс 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Буцаан олголт авах хүсэлтийг цуцаллаа гэх мэйлийг Инвестос ББСБ ХХК-ийн захирал [email protected] хаягаар хүргүүлсэн байна.

5.Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс нь Инвестос ББСБ ХХК-ийн татварын тайланг буцаасан хууль зүйн үндэслэлдээ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5, 30 дугаар зүйлийн 30.2.6, 30.2.9, мөн зүйлийн 30.4, 30.8 дахь хэсгийг тус тус дурдаж 2022 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 5/605, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 5/1342 дугаар албан бичгээр хариу хүргүүлжээ.

5.1.Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.29.татварын тайлан гэж татварын албанаас баталсан маягтын дагуу татвар төлөгчийн бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан татварын суурь, албан татвар, төлбөр, хураамжийн ногдлын хэмжээг тодорхойлж, тайлагнах хуудсыг гэж, 30 дугаар зүйлд Татварын тайлан хүлээн авах, тайлангийн боловсруулалт хийхтэй холбоотой харилцааг зохицуулсан бөгөөд энэ зүйлийн 30.2.Татварын алба тайланг хүлээн авахдаа татвар төлөгч татварын ногдуулалт, төлөлтийг үнэн зөв тодорхойлсон эсэхийг дараах байдлаар хянан, боловсруулалт хийнэ:30.2.6.татварын тайлан хоорондын үзүүлэлтийн дүн болон тайланд хавсаргасан баримт, мэдээллийн дүн тайлагнасан дүнтэй тохирч байгаа эсэх, тооцооны алдаа байгаа эсэх; 30.2.9.тухайн тайлангийн хугацаанд хамаарах татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн хөндлөнгийн мэдээлэл татварын тайлангийн мэдээлэлтэй тохирч байгаа эсэх гэж, 30.4.Татварын алба энэ хуулийн 30.2-т заасны дагуу тайланг хянаж мэдээллийн зөрүү илэрвэл илрүүлснээс хойш ажлын 3 өдрийн дотор мэдээллийн зөрүүг залруулах шаардлагыг татвар төлөгчид хүргүүлнэ гэж тус тус заасан.

5.2.Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Татварын алба нь Инвестос ББСБ ХХК-аас цахимаар тушаасан 2021 оны 4 дүгээр улирлын тайланд хавсаргасан баримт, тоон үзүүлэлтийг хянаж, мэдээллийн зөрүү илэрвэл илрүүлснээс хойш ажлын 3 өдрийн дотор мэдээллийн зөрүүг арилгуулах шаардлагыг татвар төлөгчид хүргүүлэх чиг үүрэгтэй бөгөөд мөн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж буцааж шийдвэрлэх эрх хэмжээтэй байна.

5.3.Харин Инвестос ББСБ ХХК нь Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.5.Татвар төлөгч энэ хуулийн 30.4-т заасан шаардлагыг хүлээн авснаас хойш ажлын 3 өдөрт багтаан шаардлагад заасан зөрүүг арилгаж, залруулсан тайланг тушаах үүрэгтэй бөгөөд татварын алба тайланг хүлээн авна гэж заасны дагуу залруулсан тайланг тушаах үүргээ биелүүлээгүй байхад татварын байгууллага тайланг хүлээн авах, татварын хөнгөлөлттэй холбоотой аливаа шийдвэр гаргах хууль зүйн боломжгүй юм.

5.4.Тодруулбал Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.3.Татварын алба энэ хуулийн 30.2-т заасны дагуу тайланг хянах бөгөөд мэдээлэл зөрүүгүй тохиолдолд тайланг хүлээж авах бөгөөд шаардлагатай тохиолдолд анхан шатны болон холбогдох бусад баримтыг шаардаж болно гэж заасны дагуу татварын тайлан дахь мэдээллийг зөрүүтэй талаар биечлэн, цахимаар, албан бичгээр хууль хууль үндэслэлийг дурдаж Инвестос ББСБ ХХК-д мэдэгдэж, тайланг буцаасан тохиолдолд татварын тайланг залруулан дахин илгээх эрх нь нь татвар төлөгчид үүссэн бөгөөд мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно гэж зааснаар тайланг залруулан цахимаар дахин илгээх боломжтой байжээ.

5.5.Татварын байгууллагаас Инвестос ББСБ ХХК-ийн 2021 оны 4 дүгээр улирлын татварын тайланг хууль зүйн үндэслэл дурдаж буцаасан болох нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бумдэлгэр нарын тайлбараар тогтоогддог, ийнхүү буцаасан тохиолдолд татварын тайланг залруулан дахин илгээх бодит боломж татвар төлөгчид байсан талаар тайлбарлаж өгсөн боловч татварын төлөгч өөрийн эрхээр нэвтэрч хүсэлтээ гаргадаг татварын цахим системд тайлбар, залруулгын алийг нь ч хийхээр хүсэлт гаргаагүй, улмаар тайланг залруулан тушаагаагүйтэй холбоотой асуудалд татварын тайланг хүлээн авахаас татгалзсан гэж захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

6.Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө. гэж заасан ч мөн зүйлийн 28.2.Татвар төлөгч ногдуулалт хийхдээ энэ хуульд заасан нийтлэг журмыг баримтлах бөгөөд холбогдох хуульд заасны дагуу орлого, зарлагын гүйлгээг бүртгэх, баримтжуулах, цахим төлбөрийн баримт үйлдэх, хэвлэх, илгээх, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд мэдээлэл дамжуулах зориулалт бүхий, нэгдсэн системд холбогдсон, стандартын шаардлага хангасан кассын машин, төхөөрөмж, компьютер, бусад дагалдах хэрэгслийг зориулалтын дагуу бүрэн ашиглаж, борлуулалтын мэдээллийг 14 хоногт багтаан татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд илгээж, бүртгүүлнэ 28.5.Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй., 28.10.Татвар төлөгч нь хууль тогтоомж болон татварын албанаас баталсан заавар, аргачлал, маягт, дүрэм, журмыг дагаж мөрдөх үүрэгтэй гэж тус тус зааснаар хууль тогтоомжид заасан журмын дагуу тайлангаа залруулан илгээгээгүй татвар төлөгчийг албан татварын хөнгөлөлтөд хамруулах хуулийн хэм хэмжээний урьдач нөхцөлийг хангаагүй байхад захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

6.1.Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/260 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам-ын 1.2.Татвар төлөгч нь татварын тайланг түүний дагалдах мэдээ, тодруулга, тооцоолол, бусад баримт бичиг /цаашид хавсралт мэдээ гэх/-ийн хамт цахимаар тушаах бөгөөд тайлан залруулах, хоцорсон тайлан тушаах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэн тооцох зэрэг татварын тайлагналтай холбоотой хүсэлтийг татварын албанд цахимаар тушаана., 2.7.Татвар төлөгчийн цахим хэлбэрээр тушаасан тайлан, хавсралт мэдээ нь Цахим баримтыг тодорхойлох, түүнд тавих шаардлагыг тогтоох, цахим баримтыг хадгалах журам-д заасан шаардлага болон дараах шалгуурыг хангасан байна: 2.7.1.татварын тайлангийн тоон үзүүлэлт нь түүний хавсралт мэдээ болон холбогдох бусад татварын тайлангийн тоон үзүүлэлттэй тохирч байх;2.7.2.жилээр татварын тооцоо хийдэг татварын төрлийн хувьд жилийн эхнээс өссөн дүнгээр тайлагнасан байх;2.7.3.татварын тайланг үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр тайлагнасан байх;2.7.4.тоон үзүүлэлтүүд тооцооллын алдаагүй байх;2.7.5.өмнөх хугацааны тайлантай уялдаатай байх.-аар татвар төлөгчийн тайланд тавигдах шаардлагыг журамлажээ.

6.2.Харин татвар төлөгчийн тушаасан тайланг хүлээн авах, тайлангийн боловсруулалт хийх асуудал нь татварын албанд хамаарах ба журмын 3.3.Татварын тайланг хянан, боловсруулалт хийж мэдээлэл зөрүүгүй тохиолдолд тайланг хүлээн авах бөгөөд тайлан хүлээн авсан тухай татвар төлөгчид мэдэгдэнэ., 3.4.Татварын тайланг хянан, боловсруулалт хийж мэдээлэл зөрсөн тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 30.4-т заасан хугацаанд татварын тайланг залруулах шаардлагыг татвар төлөгчид хүргүүлнэ., 3.5.Татвар төлөгч Татварын ерөнхий хуулийн 30.5-д заасан хугацаанд татварын тайлангийн зөрүүг арилгаж, залруулсан тайланг тушаах, эсхүл мөн хуулийн 30.6-д заасан тайлбарыг ирүүлнэ. гэж заасны дагуу хариуцагч байгууллага нь Инвестос ББСБ ХХК-ийн татварын тайланг хянан, мэдээлэл зөрүүтэй үндэслэлээр татварын тайланг баталгаажуулаагүй байна.

6.3.Татварын тайлангаа татвар төлөгч өөрөө тайлагнаж, үнэн зөвийг хариуцах үүрэгтэй бөгөөд хариуцагч нь хууль болон дээр дурдсан журмын дагуу зөвхөн шаардлага хангасан тайланг хүлээн авч баталгаажуулах боломжтой, нөгөөтэйгүүр татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар бүтэн жилийн дотор тайлангаа залруулах хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байхад энэхүү хуулиар олгосон боломжоо эдлээгүйд хариуцагчийг мөн буруутгах үндэслэлгүй.

6.4.Түүнчлэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.Энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан албан татвар ногдох орлогыг 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй байхаар жилийн эцсийн татварын тайланд тусгасан, доор дурдсанаас бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг, энэ хуулийн 20.2.7-д зааснаас бусад Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчийн энэ хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татварыг 90 хувиар хөнгөлнө: гэж, 22.2.Энэ хуулийн 22.1-д заасан албан татварын хөнгөлөлтийг албан татвар төлөгчийн жилийн эцсийн татварын тайлангаар тодорхойлон, энэ хуульд заасан хугацаанд төлсөн албан татвараас буцаан олгох замаар эдлүүлж, энэ хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу буцаан олгоно. Буцаан олголтыг энэ хуулийн 28.4.2, 28.4.3-т заасан хугацааг үл харгалзан жилийн эцсийн тайлан хүргүүлэх эцсийн хугацаанаас хойш ажлын 30 өдрийн дотор олгоно гэж заасан.

6.5.Сангийн сайдын 2019 оны 292 тоот тушаалын хавсралтаар батлагдсан Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх үйл ажиллагааны журам-ын 2.8.Татвар төлөгч нь татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхдээ татварын тайлан, тайлангийн хавсралт мэдээ, нотлох баримт, хөнгөлөлтөө буцаан авах хүсэлтийг татварын албанд ирүүлэх ба татварын алба нь холбогдох хуульд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэхээр заасан орлого, хөрөнгө, татварыг хуульд тогтоомжид заасан нөхцөл, шалгуурт нийцүүлэн татварын тайланд үнэн зөв тусгасан эсэхийг нотлох баримттай тулган татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын баталсан Татварын тайлан үйлдэх, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам-д заасны дагуу хянан баталгаажуулна. гэж зааснаас үзвэл бөгөөд энэ хэргийн тухайд татвар төлөгч жилийн эцсийн татварын тайлангаа залруулан гаргаагүй тохиолдолд татварын байгууллага татварын хөнгөлөлтийг тодорхойлох боломжгүй байна.

6.6.Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Инвестос ББСБ ХХК-ийн гаргасан Инвестос ББСБ ХХК-ийн 2021 оны 4 дүгээр улирлын Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланг хүлээн авахаар татгалзсан Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, Инвестос ББСБ ХХК-ийн 2021 оны 4 дүгээр улирлын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг хүлээн авах мөн Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.1-д заасны дагуу татварын хөнгөлөлтөд хамруулах тухай холбогдох захиргааны акт гаргахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.14 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Татварын ерөнхий хулийн 28 дугаар зүйлийн 28.2, 28.5, 28.10, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.5, 30 дугаар зүйлийн 30.1, 30.2, 30.3, 30.6, 31 дүгээр зүйлийн 31.1, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16.1, 22.1, 22.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Инвестос ББСБ ХХК-аас Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан Инвестос ББСБ ХХК-ийн 2021 оны 4 дүгээр улирлын Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланг хүлээн авахаас татгалзсан Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, Инвестос ББСБ ХХК-ийн 2021 оны 4 дүгээр улирлын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг хүлээн авах мөн Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.1-д заасны дагуу татварын хөнгөлөлтөд хамруулах тухай холбогдох захиргааны акт гаргахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРАНГУА