Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
Хэргийн индекс | 157/2024/00065/И |
Дугаар | 157/ШШ2024/00066 |
Огноо | 2024-04-04 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 157/ШШ2024/00066
2024 04 04 157/ШШ2024/00066
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.*******д холбогдох “630,902 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч нь манай "Үйлчилгээний нөхцөл"-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 43000946 тоот гэрээ байгуулан 95353192 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн "Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ" байгуулан Samsung А52, White утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж 2023-01 сард "Анхааруулах хуудас" илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 416,250 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 33,300 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 181,352 төгрөг буюу нийт 630,902 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Хэнтий аймгийн Б сум ... дугаар баг ... дүгээр байрны ... тоотод оршин суух, **************** регистрийн дугаартай Б овогт Г-ын Т шүүхэд гаргасан тайлбартаа: “******* ХХК-иас нэхэмжилсэн төлбөрөө төлж барагдуулна. Авсан зээлээ 3 хувааж төлөх хүсэлтэй байна. 630,902 төгрөгийг төлж барагдуулахад маргах зүйлгүй ” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ХХК нь хариуцагч Г.*******д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 630,902 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Г.******* нь 630,902 төгрөгийг “******* ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 43000946 дугаартай үйлчилгээний гэрээ, гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, харилцагчийн гүйлгээ, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 630,902 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 630,902 (зургаан зуун гучин мянга есөн зуун хоёр) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,578 төгрөгийн тавин хувь 9,789 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 9,789 төгрөгийг, хариуцагч Г.*******гээс улсын тэмдэгтийн хураамж 9,789 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ХХК -д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ХХК -ийн нэхэмжилсэн 630,902 (зургаан зуун гучин мянга есөн зуун хоёр) төгрөгийг хариуцагч Г.******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,578 төгрөгийн тавин хувь 9,789 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 9,789 төгрөгийг, хариуцагч Г.*******гээс улсын тэмдэгтийн хураамж 9,789 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ХХК -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Г.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР