Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 157/ШШ2024/00073

 

 

 

     2024          04            17                                         157/ШШ2024/00073

 

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч О.*******д холбогдох “896,165 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг  2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч нь манай "Үйлчилгээний нөхцөл"-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 42607737 тоот гэрээ байгуулан ***************** дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн "Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ" байгуулан Samsung А23, Black утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж 2023-01 сард "Анхааруулах хуудас" илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 644,248 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 57,266 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 194,650 төгрөг буюу нийт 896,165 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

            Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүхэд гаргасан тайлбартаа: “... хариуцагч О.******* нь нэхэмжилсэн дүн болох 896,170 төгрөгийг 2024 оны 04 сарын 09-нд ******* ХХК-ийн Хаан банк дахь 5007065056 дансаар төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч О.*******д холбогдуулан  896,165 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.     

Хариуцагч О.******* нь 896,165 төгрөгийг “******* *******” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 42607737 дугаартай үйлчилгээний гэрээ, 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 42607737   гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, харилцагчийн гүйлгээ, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******ийн шүүхэд гаргасан тайлбар  зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 896,165 төгрөгийг төлж биелүүлсэн бөгөөд төлбөр төлсөн тухай тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болно. 

 

Иймд нэхэмжлэлийн бүх шаардлага болох 896,165 (найман зуун ерэн зургаан мянга нэг зуун жаран тав) төгрөгийг хариуцагч төлж биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

 

Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,059 төгрөгөөс тавин хувь 13,029.5 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 13,029.5 төгрөгийг, хариуцагч О.*******аас улсын тэмдэгтийн хураамж 13,029.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн 896,165 (найман зуун ерэн зургаан мянга нэг зуун жаран тав) төгрөгийг хариуцагч О.******* нь төлж биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,059 төгрөгөөс тавин хувь 13,029.5 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 13,029.5 төгрөгийг, хариуцагч О.*******аас улсын тэмдэгтийн хураамж 13,029.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР