Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 129/ШШ2024/00181

 

 

                                                   

 

                                                    

                              

 

                                                          

 

 

 

 

                                     129/ШШ2024/00181

   

 

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                                                                                              

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: А аймгийн Э сумын . тоотод оршин суух Г овгийн Б

Нэхэмжлэлийн шаардлага: Мал маллаж байснаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Б.Э

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч О.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэл

                                                                                                                                                                                                                                                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                        

1. Хүсэлт гаргагч Б.Э нь мал маллаж байснаа тогтоолгох нэхэмжлэл гаргасан.

 

 Хүсэлт гаргагч, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 

 

Би 1989 онд цэргийн албанаас халагдаж ирээд А аймгийн Э сумын . хувийн малаа маллаж байсан. 1991 онд Ж.З-тай гэр бүл болсон болж А аймгийн Э сумын .мал маллаж амьдарч байгаад 2006 онд хоёр тийшээ болж тусдаа амьдрах болсон. Аймгийн төвд мал маллуулахгүй гэсэн учраас 2002 оноос эхлэн хөдөө И сумын Халзан гэх газар, . ард аавтайгаа хамт малаа малласан. 2002 оноос өмнө аймгийн төвд аавтайгаа хамт мал маллаж амьдарч байсан.  Миний 1995-2000 онуудад мал маллаж байсантай холбоотой баримт архивт хадгалагдаж үлдээгүй учраас сумын орон тооны бус зөвлөл дээрх хугацаанд мал маллаж байсныг тогтоох боломжгүй гэж шийдвэрлэсэн. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор мал маллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. Иймд хэрэгт авагдсан гэрч Г.Н, А.Б нарын мэдүүлэг, 2002 онд малын хөлийн татвар төлж байсан талаарх лавлагаа зэрэгт үндэслэн миний А аймгийн Э суманд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

2. Хүсэлт гаргагчаас:

- Архангай аймгийн Архивын тасгийн 2023 оны 6 сарын 22-ны өдрийн 428, 429 тоот тодохойлолт

- Архангай аймгийн Э сумын . дүгээр багийн Засаг даргын 2024 оны 01 сарын 12-ны өдрийн 41 тоот тодорхойлолт

- хүн ам, орон сууцны 2010 оны тооллого /Үндэсний төв архивын 2023 оны 8 сарын 28-ны өдрийн 03-06/3971 тоот лавлагаа/

- Архангай аймгийн Э сумын даатгуулагчийн малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох орон тооны бус зөвлөлийн 2023 оны 10 сарын 16-ны өдрийн тэмдэглэл, тогтоол

- Э.Б, Э.Л нарын төрсний бүртгэлийн лавлагаа

- Б.Э.д холбогдох 2013 оны 6 сарын 18-ны өдрийн 0104000350 дугаар малчин мэргэжлийн үнэмлэх зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

           

            3. Хүсэлт гаргагч Б.Э-ны хүсэлтээр Г.Н, А.Б нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

4. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу

- Архангай аймгийн Э сумын . дүгээр багийн Засаг даргын 2024 оны 01 сарын 26-ны өдрийн 80 тоот, 2024 оны 4 сарын 09-ний өдрийн 27 тоот тодорхойлолт

- Архангай аймгийн Э сумын . 2024 оны 01 сарын 29-ний өдрийн 03/49 тоот тодорхойлолт

- нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, шимтгэл төлсөн, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх А аймгийн . газрын 2024 оны 4 сарын 11-ний өдрийн 01/269 тоот лавлагаа

- хүн ам, орон сууцны 2000 оны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 01 сарын 31-ний өдрийн 03-05/544 тоот лавлагаа/

- Ар аймгийн . 2024 оны 4 сарын 09-ний өдрийн 02/352 тоот албан бичиг, Б.Э 2002, 2021, 2022, 2023 онд малын тоо толгойн албан татвар төлсөн талаарх мэдээлэл

- Архангай аймгийн . сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 2024 оны 4 сарын 10-ны өдрийн 58 тоот албан бичиг

- Э.Лх.ын төрсний ХААТР-11 маягт, Б.Э.д холбогдох төрөгсдийг бүртгэх анкет, биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл ИУБ-31А, 1990-1-29-ний өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт, 1984-9-25-ны өдрийн хүсэлт гаргагчийн анх иргэний паспорт авсан маягт-1, ХААТР-21А маягт, гэрлэсний ХААТР-15 маягт /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/

- Архангай аймгийн Э сумын . боловсролын . сургуулийн 2024 оны 4 сарын 10-ны өдрийн 53 тоот албан бичиг зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Хүсэлт гаргагч Б.Э нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор А аймгийн Э суманд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл мал маллаж байснаа тогтоолгох хүсэлт гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан Архангай аймгийн Архивын тасгийн 2023 оны 6 сарын 22-ны өдрийн 428, 429 тоот тодорхойлолт, Архангай аймгийн Э сумын . багийн Засаг даргын 2024 оны 01 сарын 12-ны өдрийн 41 тоот тодорхойлолт, хүн ам, орон сууцны 2010 оны тооллого /Үндэсний төв архивын 2023 оны 8 сарын 28-ны өдрийн 03-06/3971 тоот лавлагаа/, Архангай аймгийн Э сумын даатгуулагчийн малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох орон тооны бус зөвлөлийн 2023 оны 10 сарын 16-ны өдрийн тэмдэглэл, тогтоол, Э.Бу, Э.Лх нарын төрсний бүртгэлийн лавлагаа, Б.Э.д холбогдох 2013 оны 6 сарын 18-ны өдрийн 0104000350 дугаар малчин мэргэжлийн үнэмлэх, А аймгийн Э сумын . багийн Засаг даргын 2024 оны 01 сарын 26-ны өдрийн 80 тоот, 2024 оны 4 сарын 09-ний өдрийн 27 тоот тодорхойлолт, А аймгийн Э сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 01 сарын 29-ний өдрийн 03/49 тоот тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, шимтгэл төлсөн, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх А аймгийн . газрын 2024 оны 4 сарын 11-ний өдрийн 01/269 тоот лавлагаа, хүн ам, орон сууцны 2000 оны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 01 сарын 31-ний өдрийн 03-05/544 тоот лавлагаа/, А аймгийн . хэлтсийн 2024 оны 4 сарын 09-ний өдрийн 02/352 тоот албан бичиг, Б.Э 2002, 2021, 2022, 2023 онд малын тоо толгойн албан татвар төлсөн талаарх мэдээлэл, А аймгийн Э сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 2024 оны 4 сарын 10-ны өдрийн 58 тоот албан бичиг, Э.Л-н төрсний ХААТР-11 маягт, Б.Э-д холбогдох төрөгсдийг бүртгэх анкет, биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл ИУБ-31А, 1990-1-29-ний өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт, 1984-9-25-ны өдрийн хүсэлт гаргагчийн анх иргэний паспорт авсан маягт-1, ХААТР-21А маягт, гэрлэсний ХААТР-15 маягт /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/, Ар аймгийн Э сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 2024 оны 4 сарын 10-ны өдрийн 53 тоот албан бичиг, худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл, заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч Г.Н, А.Б нарын мэдүүлгээр тус тус дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3. “Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Э сумын . багийн 1990-1999 онуудын малын А дансыг шүүн үзэхэд Э-д холбогдох лавлагаа гараагүй, 2000 оны баримт шилжиж ирээгүй тул лавлагаа гаргах боломжгүй байна” гэсэн А аймгийн .н 2023 оны 06 сарын 22-ны өдрийн 428 тоот тодорхойлолт хэрэгт авагдсан бөгөөд Б.Э-ны 1990-2000 онд нийт 11 жилийг малчнаар ажилласнаар тооцох боломжгүй гэж А аймгийн Э сумын даатгуулагчийн малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох орон тооны бус зөвлөлийн тогтоолоор шийдвэрлэжээ.

 

Хүсэлт гаргагчийн 1995 оноос 2000 онд мал маллаж байсан талаарх нотлох баримт төрийн байгууллагад хадгалагдаагүйн улмаас дээрх үйл баримтыг шүүхээр тогтоолгохоор хүсэлт гаргасан нь онцгой ажиллагааны журмаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг төрөл болох эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг сэргээн тогтоолгох хүсэлт юм.

 

4. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан 1995 оноос 2000 онд Б.Э-ы ажил эрхлэлтийн талаар иргэний бүртгэлд хэрхэн бүртгэгдсэн болон холбогдох бусад баримтыг бүрдүүлсэн.

 

Гэрч Г.Н “Би А аймгийн Э сумын 1 дүгээр багийн Засаг даргаар 2004 оноос 2008 онд ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа энэ хүнтэй танилцсан. Б.Э 1995-2000 онд А аймаг Э сумын Цагаан давааны ард туулайн булаг гэдэг газар мал маллаж амьдардаг байсан. Тухайн үед Б.Э өөрийн хувийн малыг маллаж амьдардаг байсан. Мал аж ахуй эрхэлж байсан. Би багийн Засаг дарга байсан учраас хөдөө орон нутгаар явахдаа орж гардаг. Жил болгон мал тооллогоор очиж мал тоолдог байсан. Багийн иргэн гэдгээр таньж мэддэг. Малчдаа эргэж тойрч орж гарч явсан болно. Энэ хүн намайг 2004 оноос 2008 оны хооронд багийн Засаг дарга хийж байсан хугацаанд мал маллаж амьдардаг байсан нь үнэн болно” гэж мэдүүлсэн боловч  тэрээр  1995-2000 онд тус багийн Засаг даргаар ажиллаж байгаагүй, мөн хүсэлт гаргагч Б.Э “би аймгийн төвд мал маллаж байгаад сүүлдээ хотын төвд мал байлгахгүй гээд 2002 оноос хөдөө Цагаан давааны ард нутаглаж мал маллаж байсан” гэж тайлбарладаг тул гэрч Г.Н-н мэдүүлгийг үнэн зөв гэж үзэх боломжгүй байна.

 

 Гэрч А.Б “Би 1990 онд цэргээс халагдаж ирсэн. Тэр үед манайх А аймгийн Э сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 34-р гудамжны 12 тоотод амьдардаг байсан. Тэгэхэд Б-ын Э нь аав Б-гаа Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 34-10 тоотод амьдарч байсан. Тэр үед манай гудамд малтай 3 айл байсан. Тэдний нэг Б гуайнх. Намайг цэргээс халагдаж ирэхэд Э нь аав Б, ээж дүү нарынхаа хамт амьдарч байсан. Би 1992 онд эхнэр авч амьдарч байсан гудамжныхаа эх рүү хашаа байшин авч нүүсэн. Тэр нь 34 дүгээр гудамжны 22 тоо хашаа байсан. Тэгэхэд Э үхэр малаа тууж оруулж гаргаж байж харагддаг байсан. Б гэдэг айл үхэр хоньтой байсан. Хэдий тооны малтай байсныг мэдэхгүй байна. Э авгай аваад манай гудамжны дээшээ нүүсэн. 34 дүгээр гудамжны 17, 18-р хашаа байсан санагдаж байна. Оныг нь мэдэхгүй байна. Аавынх нь хөдөө гарчихсан. Э аймгийн төвд нэг их харагддаггүй, хааяа нэг цэнхэр мотоцикльтой орж ирсэн харагддаг. Тааралдсан үедээ би “хаана байгаа юм” гэж асуухад “хэдэн малтай хөдөө байна” гэдэг байсан. Ингэж хэлж байсныг нь би сонссон. Харин түүний мал маллаж байсныг би хараагүй” гэж мэдүүлсэн ба гэрч нь “хөдөө малтай байна” гэдгийг Б.Э-с сонсож байснаас түүний хаана, хэрхэн, ямар мал маллаж байсан талаар мэдэхгүй гэсэн тул энэхүү гэрчийн мэдүүлэг Б.Э-ны мал малладаг байсан үйл баримтыг нотолж чадахгүй байна.

 

Мөн Улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн “эцэг Э ажилладаг байгууллага-Туслагч ХЭАА, эрхэлдэг ажил-жолооч, байнга оршин суугаа-А аймаг Э сум” гэж бүртгэгдсэн АЮ9505020117 дугаар регистртэй Э.Л-ын төрсний бүртгэлийн анкет, “А аймгийн Э сумын . оршин суух Б.Э-өрхийн тэргүүлэгч, ажил эрхэлдэггүй, эхнэр Ж.З, эмийн санд эм найруулагч ажилтай” гэсэн хүн ам, орон сууцны 2000 оны тооллого зэрэг тухайн цаг үед бүртгэгдэж байсан баримтанд Б.Э-ыг малчин байсан, мал аж ахуй эрхэлж байсан талаар бүртгэгдээгүй.

 

Б.Э-ны 1995 оноос 2000 оны хугацаанд мал маллаж байсан талаар тодорхойлсон А аймгийн Э-н сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 01 сарын 12-ны өдрийн 41 тоот албан бичгийг хүсэлт гаргагч шүүхэд гаргаж өгсөн. Шүүх Б.Э-ны ажил эрхлэлтийн талаарх баримтыг А аймгийн Э сумын Засаг даргын Тамгын газар болон тус сумын 1-р багийн Засаг даргаас тус тус шаардахад А аймгийн Э сумын 1-р багийн Засаг дарга хүсэлт гаргагчийн 1995-2000 онд мал маллаж байсныг Цагаан давааны 34-р гудамжны 12 тоотод оршин суугч иргэн А.Б гэрчилж байгаа (Эрдэнэбулган сумын 1-р багийн Засаг даргын 2024 оны 01 сарын 26-ны 80 тоот албан бичиг) гэсэн бөгөөд тус сумын . дээрх хугацаанд мал маллаж байсан мэдээллийг 1-р багийн Засаг даргаас авсан гэж (Э сумын . тамгын газрын 2024 оны 01 сарын 29-ний 03/49 тоот албан бичиг) тодорхойлолт гаргасан. А аймгийн Э сумын 1-р багийн Засаг дарга иргэн А.Б-н ярьсныг үндэслэн Б.Э-г мал маллаж байсан гэж албан ёсны эх сурвалжид үндэслээгүй тухайн иргэнийг тодорхойлсон тул Э сумын . багийн Засаг даргын 2024 оны 01 сарын 26-ны өдрийн 80 тоот тодорхойлолтыг үнэн зөв гэж үзэх боломжгүй ба энэхүү багийн Засаг даргын 2024 оны 04 сарын 09-ний өдрийн 27 тоот тодорхойлолтыг үндэслэсэн Э сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 01 сарын 29-ний 03/49 тоот тодорхойлолт ч мөн адил хүсэлт гаргагчийн тогтоолгох гэж буй үйл баримтыг нотолж чадахгүй.

 

Мөн Архангай аймгийн Архивын тасагт Э сумын 1 дүгээр багийн 1990-1999 онуудын малын А данс хадгалагддаг, харин 2000 оны баримт ирээгүй ба  1990-1999 онуудын малын А дансыг шүүхэд Б.Э болон түүний эцэг Б-д холбогдох мал тооллогын баримт гараагүй талаар тус байгууллагын 2023 оны 06 сарын 22-ны өдрийн 428, 429 тоот албан бичигт дурьджээ.

 

Хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтаар Б.Э-ны Ар аймгийн Э сумын 1-р багт 1995 оноос 2000 онд мал маллаж байсан нь тогтоогдохгүй байна.

 

Иймд Б.Э-ы А аймгийн Э  суманд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл мал маллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

                                                                                                     

                                                                        ТОГТООХ нь:                                   

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Г овгийн Б.Э-ны А аймгийн Э  суманд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл мал маллаж байсныг тогтоолгох хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

           3. Зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Д.БАЙГАЛМАА