Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 1759

 

 С.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/01630 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.А-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Ш”ХХК-д холбогдох

Гэрээний үүрэгт 283 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болоржаргал, хариуцагчийн өмгөөлөгч Ү.Амарбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.А- нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн С.А- би “Ш”ХХК-тай 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр автосамосвалаар хөрс тээвэрлэх ажил гүйцэтгэх гэрээ байгуулан “Багануур” ХК-ийн Багануур нүүрсний уурхайн хөрс хуулалтын тээвэрлэлтийн ажлыг 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэсэн. Уг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт төлбөрийн графикийг тусгасан бөгөөд дээрх төлбөрөөс 300.000.000 төгрөгийг төлөөгүй байдаг. Хариуцагч талаас гэрээний төлбөрийг түлшээр 476.786.630 төгрөг, нүүрсээр 116.555.739 төгрөгийг төлж биелүүлсэн гэдэг ч С.А- хүлээн аваагүй бөгөөд гэрээнд энэ талаар тусгагдаагүй. Баримтад зурсан гарын үсэг минийх биш учраас шинжээч томилуулсан, шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй дахин хүсэлт гаргасныг шүүгч хангаж шийдвэрлээгүй. Гэтэл хариуцагч талаас түлшинд 470.786.630 төгрөгийг олгосон гэж тайлбарладаг тул үүний зөрүү мөнгийг нэхэмжилж байна.  Ажил гүйцэтгэх гэрээг 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 11 дүгээр сараас 03-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэсэн байдаг. Гэтэл Ч.Жамбаноров зээлийн гэрээг 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр буюу гэрээний хугацаа дууссанаас хойш байгуулсан байдаг тул тэр зээлийн гэрээг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Иймд үндсэн гэрээний үүрэгт 225.000.000 төгрөг, нэмэлт гэрээгээр 75.000.000 төгрөгөөр түрээслүүлэхээр тохиролцсон 58.400.000 төгрөгийн төлбөр гарсан талаар тооцоо нийлсэн актад дурдсан тул 16.600.000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, нийт 283.400.000 төгрөг гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

Хариуцагч “Ш”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Жамбаноров шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Ш”ХХК нь “Багануур” ХК-иас хөрс хуулалтын ажлыг 2015 онд гэрээгээр авсан байдаг. Хөрс хуулалтын ажлыг зохион байгуулах шаардлага гарч, иргэн С.А-тэй 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр автосамосвалаар хөрс тээвэрлэх ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. С.А- нь жолооч нартай гэрээ байгуулан тохиролцож, тухайн ажлыг 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын сүүл гэхэд гүйцэтгэж, талууд тооцоо нийлсэн акт үйлдсэн. Гэрээний нийт дүн 1.100.000.000 төгрөгөөс 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 90.000.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 51.400.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 20.000.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 1.000.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 90.000.000 төгрөгийг тус тус С.А- бэлнээр өгсөн. Тооцоо нийлсэн актад хоолны гэх тодотголтой 1.000.000 төгрөгөөс бусдыг нь бэлнээр өгсөн гэж тусгасан ба С.А- нь 470.786.630 төгрөгийн түлшийг авах ёстой төлбөртөө тооцуулж авсан гэх баримтыг үйлдсэн байдаг. Тооцоо нийлсэн актыг 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр үйлдсэн бөгөөд энэ өдрөөс өмнө өгсөн мөнгийг тооцоо нийлсэн актад дээрх мөнгөнүүдийг гаргаж өгсөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд экскаватор, ковш түрээсэлсэн гэрээтэй холбоотой асуудал байгаа. Экскаватор, ковшийг 75.000.000 төгрөгөөр түрээсэлнэ гэж гэрээ хийсэн. Гэхдээ 75.000.000 төгрөгийн ажлыг С.А-ийн авчирсан экскаватор, ковш нь хийж гүйцэтгээгүй. Харин 36.000.000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн гэдэг нь талуудын хооронд хийсэн тооцоо нийлсэн актад маш тодорхой байгаа. Тооцоо нийлсэн актын тооцооны үлдэгдэл гэдэг хэсэгт өгсөн төлбөрүүдийг хасахад үлдэх 36.000.000 төгрөгийг ковш, экскаваторын төлбөр учраас үлдэгдэл төлбөр дээр нэмж байна гэж тооцооны үлдэгдлийн баталгаа гарч ирж байна. Талуудын тохиролцсоноор 36.000.000 төгрөгийг ковш, экскаваторт хийсэн гэж тооцоо нийлсэн актад тохиролцсон. Нэхэмжлэгч тал үндсэн гэрээнээс нэхэмжилж байгаа бол хийсэн гэдгээ нотлох ёстой. Тооцоо нийлсэн актаар бүх ажлаа хийсэн гэж баталж байгаа ч тооцоо нийлсэн актад талууд 8, 9, 10, 11 дүгээр саруудад 470.786.630 төгрөгийн түлш хэрэглэсэн гэж талууд 2015 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр тооцоо нийлсэн актад гарын үсэг зурсан. Хариуцагчийн зүгээс 116.555.739 төгрөгийн нүүрсийг гэрээний үндсэн дүнд суутгаж бодсон. Мөн “Багануур” ХК-иас нүүрсийг олгосон, олгосон гэдгийг С.А- өөрөө мэдэж байна. Нэмэлт гэрээний 75.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа ч тооцоо нийлсэн бодит актаар 36.000.000 төгрөг өгөх үүрэгтэй байсан. Бид нэхэмжлэх ёстой 36 000 000 төгрөгийг төлсөн. Тиймээс нэхэмжлэлд дурдсан шиг их хэмжээний буюу 300.000.000 төгрөгийг дутуу олгосон гэсэн нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч “Ш”ХХК-иас 62.900.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.А-эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 220.500.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.657.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 472.450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болоржаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн зүгээс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 2238 тоот шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч шинжилгээ хийх журамд заасан аргачлалын дагуу явуулаагүй тул дахин шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хүсэлтийг хангаагүй. Мөн шүүхээс шинжээчид үнэн зөв дүгнэлт гаргах, хүлээх хариуцлага болон түүний эрх үүргийг тайлбарлаж, баримтжуулаагүй. Тооцоо нийлсэн актаар хариуцагч нь нэмэлт гэрээний 58.400.000 төгрөг төлөхөөр заасан бөгөөд дээрх төлбөрийг төлсөн болох нь баримтаар тогтоогддоггүй. Үндсэн болон нэмэлт гэрээгээр төлбөрт нүүрсний үнэ суутгаж тооцох талаар огт дурдаагүй төдийгүй нүүрс хүлээж аваагүй тул 116.555.740 төгрөгийг нүүрсээр тооцож өгсөн гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн гэрээнд төлбөрөөс баримтжуулсан дизель түлшний үнийг суутгаж тооцохоор заасан ч шатахуунаар тооцож өгсөн гэх 470.786.630 төгрөгийг нийт төлбөрөөс хасч дүгнэснийг зөвшөөрөхүй байна. "Багануур" ХК-иас нотлох баримтаар гаргуулсан 8, 9, 10, 11 дүгээр сарын баримтад түлшний нийт төлбөр 449.358.299 төгрөг байтал "Ширээтбаян" ХХК нь төлбөрөөс 470.786.630 төгрөгийг буюу нэмж түлшний үнийг суутгаж тооцсоныг шүүх анхаарч үзээгүй. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байтал шүүхээс шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 288.1-т заасан эээлийн гэрээний үүргийг хангуулах барьцааны тухай зохицуулалтыг баримталсан нь буруу байх тул зөвтгөх нь зүйтэй байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ү.Амарбат давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагчийн зүгээс бүх төлбөрөө төлсөн бөгөөд гагцхүү уг төлбөрөөс 85.300.000 төгрөгийг хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан С.А-эд бус бодитоор ажил гүйцэтгэсэн жолооч нарт шууд олгож, энэ талаар баримт үйлдсэн. Энэ нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч С.А- нь төлбөр тооцоо дуусгавар болгох тухай акт үйлдэхээр тохиролцон нотариатч дээр очсон боловч тухайн үед үлдэгдэл мөнгөө авчихаад тооцоо дууссан акт дээр гарын үсэг зураагүйг нотариатч н.Энхтуяа нь гэрчийн мэдүүлэгтээ дурдсан. Хууль сануулсны үндсэн дээр мэдүүлсэн 2 гэрчийн мэдүүлгийг үнэлж үзээгүйгээр хариуцагчид төлбөр төлөх үүрэг ногдуулж байгаа нь үндэслэлгүй юм. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүи болгож, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч С.А- нь хариуцагч “Ш”ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 300 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан боловч хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 16 600 000 төгрөгөөр багасгаж, 283 400 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

 

Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэйн зэрэгцээ мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт  зааснаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах зорилгоор өөрөө олж авах боломжгүй нотлох баримтыг холбогдох байгууллагуудаас гаргуулах хүсэлт гаргах эрхтэй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өмгөөлөгчөөс “...нэхэмжлэгч “Ш”ХХК-ийн төлбөрт 116.555.740 төгрөгийн нүүрс, 470.786.630 төгрөгийн шатахуун нийлүүлсэн гэх анхан шатны хүлээлгэж өгсөн баримтуудыг “Багануур” ХК-иас  гаргуулах...” гэсэн хүсэлт гаргасныг шүүгч 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШЗ2019/06770 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэхдээ “...Ширээтбаян ХХК-ийн төлбөрт 116.555.740 төгрөгийг нүүрс, 470.786.630 төгрөгийн шатахуун нийлүүлэн хүлээлгэн өгсөн гэх анхан шатны баримтууд нь хэрэгт ач холбогдолтой...”  гэж дүгнэжээ. /хх-ийн 114, 122, 123/

Гэтэл “Багануур” ХК-иас түлшний тооцооны баримтуудыг ирүүлсэн боловч нүүрсний холбогдох баримтыг ирүүлээгүй буюу шүүгчийн захирамжийн биелэлт биелэгдээгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасныг зөрчжээ. Хариуцагчийн энэ талаарх нотлох баримт гаргуулах хүсэлт нь хэрэгт ач холбогдолтой байж болохоор байна.

 

Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэснээс давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/01630 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар зохигчдоос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1 260 450 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 472 950 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       М.НАРАНЦЭЦЭГ

                                         ШҮҮГЧИД                                       Ч.ЦЭНД

                                                                                                 Н.БАТЗОРИГ