| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2023/06592/И |
| Дугаар | 101/ШШ2023/05523 |
| Огноо | 2023-12-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 101/ШШ2023/05523
| 2023 оны 12 сарын 11 өдөр | Дугаар 101/ШШ2023/05523 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд C регистрийн дугаартай, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу, 7/1 хаягт байрлах Төрийн банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн ******* регистрийн дугаартай, тоотод оршин суух,******* овогт ******* *******,
Хариуцагч: Монгол улсын иргэн******* регистрийн дугаартай, тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 155,987,858.16 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Д.*******, Б.******* нар нь Төрийн банктай 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр дугаартай Зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 98,000,000 төгрөгийг сарын 2 хувь, жилийн 24 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлэн авсан. Зээлийн барьцаанд зээлдэгч Б.*******гийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг барьцаалсан.
Зээлдэгч Д.*******, Б.******* нар нь зээл авснаас хойш үндсэн зээлээс 29,474,496 төгрөг, үндсэн хүүнээс 24,477,721.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 258,617.48 төгрөг, нийт 54,210,834.96 төгрөг төлсөн байна. Зээл төлөгдөхгүй хугацаа хэтэрсээр Төрийн банкны тусгай активын алба буюу хугацаа хэтэрсэн зээлийн өр, төлбөр барагдуулдаг нэгжид шилжиж, 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр зээлийн зөрчил үүсэж, ангилал шилжүүлсэн, мөн сүүлийн төлөлтийг 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хийсэн муу ангилалтай зээл байна.
Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд төлбөр барагдуулах амлалт, хүсэлтийг удаа дараа өгч байсан боловч банкинд өгсөн амлалт, хугацаатай үүргүүд нь биелэгдээгүй. 2023 оны 9 дүгээр сарын 28-ны байдлаар зээлдэгч Д.*******, Б.******* нар нь үндсэн зээл 68,525,504 төгрөг, үндсэн хүү 78,952,146.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,510,206.84 төгрөг, нийт 155,987,857.5 төгрөгийн зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна.
Иймд зээлдэгч Д.*******, Б.******* нараас зээл, зээлийн хүүгийн төлбөрт 155,987,857.55 төгрөг, гаргуулж Төрийн банк ХХК-нд олгож өгнө үү. Зээлдэгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэв.
Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
овогтой ******* миний бие болон миний эхнэр болох овогтой ******* нар 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Төрийн банкнаас 98,000,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан авсан байдаг. Зээлийн гэрээний барьцаанд өөрийн эзэмшлийн Улаанбаатар хот, байрыг барьцаанд тавьсан. Энэхүү зээлийг авах болсон үндэслэл, шалтгаан нь овогтой нь хийгдэхээс өмнө тодорхой хэмжээний мөнгө хэрэгтэй байгаа тухайгаа өөрийн төрсөн дүү болох Д.******* миний 10 жилийн нэг ангийн найз С. дамжуулан надтай холбогдсоноор би Төрийн банкнаас зээл авсан байдаг. Зээл авсан өдөр миний бие Д.*******, эхнэр Б.*******, өөрийн найз болох С. хамт С.т 98,000,000 төгрөгийг бэлнээр аваачиж өгсөн.
Энэхүү С.ийн үйлдлээс болж эхнэр бид нарын өмчлөлийн байр банкны зээлийн төлөлтөд хураагдах болсон байгаад гомдолтой байгаа бөгөөд зээл авсан өдрөөс хойш үндсэн зээлд 29,474,496 төгрөг, үндсэн хүүд 24,477,721 төрөг, нэмэгдүүлсэн хүүд 258,717 төгрөгийг би өөрийн зүгээс төлсөн байдаг.
С.ийн үйлдэл нь эрүүгийн хуульд заагдсан итгэл эвдэн залилан мэхэлж бусдыг хохироосон үйлдэл гэж үзэж байгаа тул миний бие цагдаагийн байгууллагад гомдол гаргаж эрүүгийн журмаар шалгуулахаар өмгөөлөгч болох эрх зүйн туслалцаа авах болсныг дурдах хэрэгтэй болов уу.
Төрийн банкнаас авсан 98,000,000 төгрөгөөс би болон миний эхнэр бид хувьдаа нэг ч төгрөг хэрэглээгүй бөгөөд бүгдийг С.т өгсөн байдаг гэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд:
Нэхэмжлэгчээс 2018 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн Зээлийн гэрээ, 2018 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн дугаартай Барьцааны гэрээ, 11-1201328 дугаартай барьцаалбар, Зээл хүүгийн тооцооны хуудас, Мөнгөн шилжүүлгийн баримтыг тус тус гаргаж өгсөн нь хэрэгт авагдсан.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банк ХК нь хариуцагч Д.*******, Б.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 155,987,858.16 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... 2018 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн зээлийн гэрээ, мөн өдрийн дугаартай барьцааны гэрээний үүргийн дагуу хангуулна гэж тодорхойлсон.
Хариуцагч нар татгалзлын үндэслэлээ ... зээлийн гэрээний дагуу авсан мөнгийг С.т өгсөн нэг ч төгрөгийг өөрсдөө хэрэглээгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан байна.
Зохигч талуудын хооронд 2018 оны 6 дугаар сарын 19-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж 98,000,000 төгрөгийг 48 сарын хугацаатай жилийн 24 хувийн хүүтэйгээр, хэрэглээнй зээлийн зориулалтаар зээлдүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан тус гэрээний хуулбараар тус тус тогтоогдож байхаас гадна хариуцагч нар гэрээ байгуулагдсан үйл баримтад маргахгүй байна. /х.х-ийн 4-6 дахь талд/
Тус гэрээнд зохигчдын илэрхийлсэн хүсэл зориг, гэрээний агуулга зэрэг нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ-ний агуулгад нийцсэн хүчин төгөлдөр байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.
Хариуцагч Д.*******, Б.******* нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш гүйцэтгээгүй гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан зээл хүүгийн тооцооны хуудсаар тогтоогдож байна. /х.х-ийн 15 дахь талд/
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан. Тодруулбал, хариуцагч нар нь гэрээний төлбөрийг тохирсон хугацаанд заавал төлөх үүрэгтэй юм.
Хариуцагч нар нь зээлийн төлбөрөөс 29,474,496 төгрөгийг төлж 68,525,000 төгрөг, зээлийн үндсэн хүү, хугацаа хэтрүүлсний хүүд 103,429,868.19 төгрөгийг төлөхөөс 24,477,721.48 төгрөг төлж 78,952,146.71 төгрөгийн төлөх үүрэгтэй, нэмэгдүүлсэн хүүд 8,510,206.84 төгрөгийг нэхэмжлэгч тус тус тооцсон нь үндэслэлтэй байна. /х.х-ийн 15 дахь талд/
Хариуцагч нар зээлийн тооцооллын талаар маргаагүй гагцхүү уг зээлийн мөнгийг өөрсдөө авч ашиглаагүй бусдад өгч хохирсон гэж тайлбарласан боловч энэ талаарх баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй болно.
Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар татгалзлын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт ...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ гэсэн зохицуулалт мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус зохицуулснаар нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хүү буюу хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон шаардах эрхтэй.
Дурдсан үндэслэлээр, хариуцагч Д.*******, Б.******* нараас 155,987,858.16 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банк ХК-нд олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар мөнгөн дүнгээр төлөхгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцааны хөрөнгөөр хангуулна гэжээ.
Төрийн банк ХК Д.*******, Б.******* нарын хооронд 2018 оны 6 дугаар сарын 19-ны өдөр дугаартай барьцааны гэрээ байгуулагдаж, Б.*******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан тус гэрээний хуулбар, 11-1201328 дугаартай барьцаалбараар тус тус тогтоогдож байна. /х.х-ийн 7-8,10-11 дэх талд/
Барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт, 156.2 дахь хэсэгт заасан зохицуулалттай нийцсэн хүчин төгөлдөр байна.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана гэж тус тус зохицуулснаар улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваариалсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.*******, Б.******* нараас 155,987,858.16 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банк ХК-нд олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан үүргийн гүйцэтгэлийг Б.*******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс хангуулсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,008,090 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******, Б.******* 1,008,090 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банк ХК-нд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ