Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 136/ШШ2024/00127

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг Сайншанд сум. ..р баг ...........т байрлах, .... ХХК,

Хариуцагч: Дорноговь аймаг Сайншанд сум ...... дугаар баг ......... гудамж ......... тоотод оршин суух, Б овогт Д.Ц,

Хариуцагч: Дорноговь аймаг Сайншанд сум ........дугаар баг......... гудамж......... тоотод оршин суух, Б овогт Д. Б

Нэхэмжлэлийн шаардлага: 3,226,979.18 төгрөг гаргуулах, Дорноговь аймаг Сайншанд сум ........ дугаар баг, ............тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн ..........дугаартай ...... мкв ......х зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Ц.З, Г.С,

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ......... ХХК Д.Ц, Д.Б нараас 3,226,979.18 төгрөг гаргуулах, Дорноговь аймаг Сайншанд сум .......дугаар баг, ............ тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн ....... дугаартай....... мкв ........ зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Зээлдэгч Д.Ц, Д.Б  нар нь .С.. ХХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 1162130113001404 дугаартай зээлийн гэрээг байгуулан 5,000,000 төгрөгийн сарын 4,8 хувийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар талууд харилцан тохиролцож зээлийн гэрээг байгуулж, энэ өдрөө зээлдэгч Б-ннэр дээрх Хаан банк дахь .............тоот дансанд 5,000,000 төгрөгийг шилжүүлж зээлдүүлэгчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.

Зээлдэгч нар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 3,363,557.92 төгрөг, хүү 3,275,395 төгрөг, алданги 1,433,846.49 төгрөг нийт 8,072,799 төгрөг төлсөн.

Зээлдэгч, хамтран зээлдэгч нар нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй зээлийн төлбөрийг 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн төлөлгүй 316 хоног хугацаа хэтрүүлээд байна.

...........ХХК нь зээлийн төлбөрийг зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхийг зээлдэгч, хамтран зээлдэгч нараас удаа дараа шаардаж, утсаар холбогдон мэдэгдэж, мэдэгдэх хуудас зэргийг хүргүүлж байсан бөгөөд зээлдэгч, хамтран зээлдэгч нар гэрээний үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрсэн байна.

Иймд 1162130113001404 дугаартай зээлийн гэрээнд заасны дагуу 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 1,636,442.08 төгрөг, хуримтлагдсан хүү 736,348.31 төгрөг, алдангид 854,188.79 төгрөг нийт 3,226,979.18 төгрөгийг зээлдэгч Д.Ц, Д.Б  нараас тус тус гаргуулж өгнө үү гэв.

2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийнД.Ц, Д.Б нартай байгуулсан зээлийн гэрээний барьцааны гэрээнд Б овгийн Д. Б-ын өмчлөлийн Дорноговь аймаг, Сайншанд сум, .......дугаар баг, .......... тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн .......... дугаартай 54 мкв ............зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан бүртгэлийн байгууллагад барьцаалан бүртгүүлсэн.

Иймд хариуцагч ДД.Ц, Д.Б  нар сайн дураар шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б хариу тайлбартаа: Миний бие 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ................. ХХК-иас 5,000,000 төгрөгийг сарын 4,8 хувийн хүүтэй, 24 сараар зээлсэн. Зээлийг графикийн дагуу 2023 оны 04 дүгээр сар хүртэл төлж яваад хоёр сарын хугацаа хэтрүүлээд түүнээс хойш сар бүр 340,000 төгрөг төлсөн. Тэгээд дараа нь 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ....... ХХК-т зээлээ төлөөд дууссан байх гээд очсон чинь 2,000,000 төгрөг дутуу байна гэсэн. Яагаад ийм мөнгө дутуу байгаа юм гэсэн чинь алданги, хүү төлөх юм байна гэсэн. Би одоогоор 8,027,000 төгрөг төлчихөөд байхад гурван сая гаран төгрөг нэхэмжилсэн. 5,000,000 төгрөг аваад 10,000,000 гаран төгрөг төлөхөөр болоод байна. Ийм өндөр хүү, алданги төлнө гэж байдаг юм уу, үндсэн зээлийн төлбөрөө л төлмөөр байна. Гэрээний үүрэгт үл хөдлөх эд хөрөнгө ...... дугаартай 54 мкв2 ........... зориулалттай эд хөрөнгөөр зээлийн үүргийн гүйцэтгэлийг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бидний хувьд маргааныг шүүх хурлаар шийдвэрлүүлсний дараа үүргийн гүйцэтгэлийг мөнгөн хэлбэрээр төлж барагдуулах хүсэлтэй байна гэв.

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4-5х/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-6х/, итгэмжлэл /хх-7х/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-8х/, хуулийн этгээдийн салбар төлөөлөгчийн газрын гэрчилгээ /хх-9х/, 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээ /хх-10-11х/, барьцаалан зүйлийн жагсаалт /хх-12х/, Батлан даалтын гэрээ /хх-13-14х/, Барьцааны гэрээ /хх-15-16х/, зээлийн дансны хуулга /хх-17-21х/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нэхэмжлэл /хх-39х/, шилжүүлгийн баримт /хх-40х/, зээлдэгч Д.Б-ын дансны дэлгэрэнгүй /хх-41х-42х/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

а.Зээлдэгч ДД.Ц, Д.Б  нараас 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1162130113001404 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 1,636,442.08 төгрөг, хуримтлагдсан хүү 736,348.31 төгрөг, алдангид 854,188.79 төгрөг нийт 3,226,979.18 төгрөг гаргуулна. Үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй бол Дорноговь аймаг Сайншанд сум ......... баг үзүүр .......тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн .......дугаартай 54 мкв ......... зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж,

3.Хариуцагч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

а. Би 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 5,000,000 төгрөг зээлсэн. Би одоогоор 8,027,000 төгрөг төлчихөөд байхад гурван сая гаран төгрөг нэхэмжилсэн. Хүү алдангийг зөвшөөрөхгүй, шүүхээс төл гэж шийдвэл төлөх тул үл хөдлөх хөрөнгөөр төлбөр төлөхийг зөвшөөрөхгүй гэж тодорхойлж байна.

4.Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

......... ХХК-ийн Дорноговь салбар Д.Ц, Д.Б  нар 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ЗГ1162130113001404 дугаартай гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг сарын 4.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаанд хуваарийн дагуу төлөх, зээлийн төлбөрийн хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцжээ.

Зээлдэгч ....... ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний үйл ажиллагааг шинээр бүртгүүлж, Дорноговь салбарыг 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлтэйгөөр бүртгүүлж гэрчилгээ авсан барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх этгээд байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан барьцаалан зээлдэх журмаар зээл олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Уг гэрээгээр барьцаалан зээлдүүлэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах, барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн хүүг талууд тохиролцож тогтоохоор, зээлдэгч нь зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэх, ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын болон дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгохоор, уг гэрээг бичгээр хийхээр, бичгээр хийгээгүй тохиолдолд гэрээ хүчин төгөлдөр бус байхаар Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 286.3, 286.5-д зохицуулжээ.

Талуудын байгуулсан барьцаалан зээлдэх журмаар зээл олгох зээлийн гэрээ нь хуульд заасан бичгээр хийх шаардлагыг хангасан гэрээ байхаас гадна зээлдэгч ................ ХХК нь гэрээнд заасны дагуу 5,000,000 төгрөг шилжүүлэх үүргээ биелүүлсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

Харин гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.4, 2.1.5 дахь заалт нь Короновируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.2-т барьцаалан зээлдүүлэх газар зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцох хуулийн заалтыг зөрчжээ.

Өөрөөр хэлбэл барьцаалан зээлдүүлэх газраас олгох зээлийн хүүг талууд тохиролцож тогтоохдоо дээрх хуульд заасан дээд хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр тохиролцох байжээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1-д хууль зөрчсөн хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл байхаар, 61 дүгээр зүйлийн 61.1-д хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэхээр хуульчилсан байх тул ............ХХК, ДД.Ц, Д.Б нарын хооронд хийгдсэн барьцаалан зээлдэх журмаар олгох зээлийн гэрээ хүчин төгөлдөр, харин гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.4, 2.1.5 дахь хэсэгт заасан хүү, алданги тооцсон заалт хүчин төгөлдөр бус байна.

Нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт 5,000,000 төгрөгийг хариуцагч нарт шилжүүлсэн, хариуцагч нар 8,072,799 төгрөг буцааж өгсөн талаар талууд маргахгүй байх тул хариуцагч нар зээлийн гэрээгээр хүлээн авсан 5,000,000 төгрөгийг буцаан төлж үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн байна.

Иймд нэхэмжлэгч .............ХХК-ийн үндсэн зээл, зээлийн хүү, алданги нийт 3,226,979.18 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Талуудын хооронд байгуулсан 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн ЗГ1162130113001404 дугаартай барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй байхаар зохицуулан хуулийн заалтыг мөн зөрчсөн байна гэж үзлээ.

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй гэдгийг нөгөө талаар үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах эрхгүй гэж ойлгоно.

Иймд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх эрхтэй этгээд нь үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах эрхийг хуулиар олгоогүй байхад үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д заасныг зөрчсөн, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Нөгөөтэйгүүр хариуцагч нар талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн байх тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага үндэслэлгүй байна.

14.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 136,782 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэлээ,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Коронавируст халдвар /ковид 19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ......... ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Ц, Д.Б  нарт холбогдох 3,226,979.16 төгрөг гаргуулах, Дорноговь аймаг Сайншанд сум .... дугаар баг, ...... тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн ........ дугаартай 54 мкв ........... зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 136,782 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

                      

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ