Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 1760

 

 “Х С”НҮТББ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг, бүрэлдэхүүнд шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/02018 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Х С”НҮТББ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “Х А”ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 8 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч М.Батсайхан, түүний өмгөөлөгч М.Цогтбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баярбаясгалан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х С”НҮТББ нь олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа явуулсан бөгөөд “Х А”ХХК харилцан тохиролцож 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Ажил гүйцэтгэх бартерийн гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээний 1.2-т зааснаар “Х С”НҮТББ нь гэрээний хавсралтаар батлагдсан төсөл, хөтөлбөрийн дагуу үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж хавсралтад дурдсан үйлчилгээний төлбөрийг нийт 14.100.000 төгрөгөөр тооцож гэрээ хийсэн. Ажил гүйцэтгэлийн төлбөрийг захиалагч тал нь ажил гүйцэтгэх бартерийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.6-д зааснаар "...Захиалагч тал нь төсөл хөтөлбөрийн үнийн дүнд дүйцүүлэн гүйцэтгэгч талын 4 хүнийг 2018 оны 7 болон 8 дугаар сард Утай Гүмбэн 4 хүн, 2018 оны 12 дугаар сард 4 хүнийг Хайнань аялалд хамруулах..." үүргийг хүлээсэн. Гүйцэтгэгч байгууллагын зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж “Х А”ХХК аялал 15 минутын нэвтрүүлэг, “Х А”ХХК-ны нэвтрүүлэг, гүйцэтгэгчийн хийсэн бэлэн контентийг online.mn сайтад бүтэн 1 жилийн хугацаанд байршуулсан. Уг гэрээнд заасан үүргээ биелүүлж байхад захиалагч компани болох “Х А”ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Гүйцэтгэгч талын зүгээс Ажил гүйцэтгэх бартерийн гэрээнд заасан эхний ажлууд болох “Х А”ХХК аялал 15 минутын нэвтрүүлэг гэрээнд зааснаар 4.000.000 төгрөгийн өртөгтэй нэвтрүүлэг хийж гүйцэтгэсэн. “Х А”ХХК-ийн нэвтрүүлгийг online.mn сайтад байршуулсан. Энэ нь гэрээнд зааснаар 4.000.000 төгрөгийн өртөгтэйгээр хийгдсэн. Иймд “Х А”ХХК-аас ажил гүйцэтгэлийн төлбөр нийт 8.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Х А”ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2018 оны 4 дүгээр оарын 26-ны өдөр “Х А”ХХК нь ажил гүйцэтгэх, бартерийн гэрээг “Х С”ТББ-тай байгуулсан. Үүгээр "Хүчтэй сэтгэгч" НҮТББ нь “Х А”ХХК-ийн 5 минутын танилцуулга, 15 минутын аяллын нэвтрүүлэг, 15-30 секундын шторка, гүйцэтгэгчийн хийсэн бэлэн контентийг online.mn цахим хуудсанд байршуулах, компанийн пи арийг хариуцан хэвлэл мэдээллийн байгууллагатай нягт хамтран ажиллах, цаг үеийн хэвлэлийн бага хурлыг шуурхай зохион байгуулах, архив бүрдүүлэх зэрэг нийт 7 ажлыг хийж гүйцэтгэж, үүний хөлсөнд "Хөгжилтэй аялап" ХХК нь 2018 оны 7 болон 8 дугаар сард Утай Гүмбэн 4 хүн, 2018 оны 12 дугаар сард 4 хүнийг Хайнань-д аялапд хамруулахаар харилцан тохиролцсон. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар "Хүчтэй сэтгэгч" ТББ нь гэрээний дагуу дээр дурдсан нийт 7 ажлыг хийж гүйцэтгэн үр дүнг “Х А”ХХК-д хүлээлгэн өгөх үүрэггэй байсан. Нэхэмжлэлд дурдсан мөнгөн хөрөнгө болох 8.000.000 төгрөгийн тухайд тооцоот үнэ гэж тохиролцсон болохоос биш уг өртөгөөр ажил гүйцэтгүүлсэн гэсэн агуулгагүй юм. Мөн гэрээнд төлбөр төлөх нөхцлийг бартер эсвэл мөнгөн хөрөнгөөр төлөх талаар тохиролцоогүйгээс гадна, ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн тухай баримт хэрэгт авагдаагүйг дурдах нь зүйтэй. Гэрээнд бартерийн төпбөр тооцоог ажлын үр дүнг хүлээлгэн өгөхөөс өмнө урьдчилан төлөх талаар тохиролцоо байхгүй. "Хүчтэй сэтгэгч" ТББ нь ажпыг бүрэн гүйцэтгэж, ажпын үр дүнг хүлээлгэн өгөх үед захиалагч “Х А”ХХК нь бартерийн тохиролцоог биелүүлэх үүрэг үүсэх юм. Гэтэл гүйцэтгэгч тал гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгээгүй атлаа захиалагчаас бартерийн хөлсийг бус 8.000.000 төгрөгийг гаргуулахаар шаардах нь үндэслэлгүй юм. Түүнчлэн, гэрээний талууд Иргэний хуупийн 348 дугаар зүйлийн 348.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх тусгай хүгацааг гэрээгээр харилцан тохиролцоогүй тул гүйцэтгэгч нь гэрээний 1.6-д заасан хүгацаанаас өмнө ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан гэж үзнэ. Хэрэгт гэрээ цуцлагдсан холбоотой баримт авагдаагүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад үүнтэй холбоотой шаардлага байхгүй байна. Иймд "Хөгжилтэй аялап ХХК" нь гэрээний дагуу 8.000.000 төгрөгийг "Хүчтэй сэтгэгч ТББ"-д төлөх үүрэггүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар "Хөгжилтэй аялал"
ХХК-иас 6.666.666 төгрөгийг гаргуулж "Хүчтэй сэтгэгч" ТББ-д олгож, нэхэмжлэлийи шаардлагаас үлдэх 1.333.334 төгрөгийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох тэмдэгтийн хураамжид 121.617 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “Х А”ХХК давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Гэрээний агуулгаас үзвэл, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн бөгөөд уг гэрээний хувьд нэг талд ажлын үр дүнг хүлээлгэн өгөх, нөгөө тал хэлэлцэн тохирсон үнэд дүйцэх бартерийг төлөх үүрэгтэй байсан. Иргэний хуулийн 351 дүгээр зуйлийн 351.1.2-т зааснаар хариуцагч гэрээнд заасан үүргээ хугацаандаа биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй талаар дүгнэсэн. Гүйцэтгэгч байгууллага гэрээнд заасан ажлыг хэзээ гүйцэтгэсэн, уг ажлыг хүлээн авахтай холбоотойгоор захиалагчаас шаардаж байсан эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад захиалагч талыг ажлаа хүлээн аваагүй гэж буруутгасан нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор Brainpower pragency  гэх хэвлэмэл хуудсан дээр гаргасан 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 19/25 тоот тодорхойлолтыг хэрэгт хавсаргажээ. Үүнд "Хүчтэй сэтгэгч" НҮТББ-ын дэргэдэх onlinetv.mn сайтад бидний бэлтгэсэн “Х А”ХХК-ийн аяллын нэтрүүлгүүд байршиж байна. Тухайлбал, Улаанбаатар-Итгэлт Хамба-Байгаль нуур чиглэлийн "Аялалд гарцгаая" 5 минут 14 секундын нэвтрүүлэг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс, мөн Улаанбаатар-Манжуураас бэлтгэсэн "Хөгжилтэйгээр аялсан тэмдэглэл" 8 минут 15 секундын нэвтрүүлэг 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс өнөөг хүртэл байршуулж байгаа нь үнэн болно" гээд onlinetv.mn сайтын эрхлэгч Б.Мөнхтуяа гарын үсэг зурж, "Хүчтэй сэтгэгч" НҮТББ-ын тамгыг дарсан байна. Тодорхойлолтод дурдсан 5 минут 14 секундын бичлэг, 8 минут 15 секундын бичлэг нь шүүхийн журмаар үзлэг хийсэн бичлэгтэй тоо хэмжээний хувьд тохирохгүй байна. Гэрээний хавсралтад 15 минутын бичлэг гэсэн атлаа үзлэг хийсэн бичлэг 10 минут, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нотлох баримтад 5 минут 14 секунд, 8 минут 15 секунд гээд өөр хоорондоо зөрүүтэй байхад анхан шатны шүүх ажлыг доголдолгүйгээр гүйцэтгэсэн мэтээр дүгнэж, улмаар 10 минутын хөлс 2.666.666 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Түүнчлэн, дээрх нотлох баримт нь мэтгэлцээнд оролцож буй нэг талын баримт буюу нэхэмжлэгч талын үйлдсэн тодорхойлолт учир түүнийг нотлох баримтаар шууд үнэлэх боломжгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн журмаар үзлэг хийж баримтжуулах байсан. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч "Хүчтэй сэтгэгч" НҮТББ нь хариуцагч “Х А”ХХК-д холбогдуулж ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 8.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Ажил гүйцэтгэх бартерийн гэрээ 1 жилийн хугацаатай байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч "Хүчтэй сэтгэгч" НҮТББ нь уг гэрээний хавсралтад заасан 15 минутын аялалын нэвтрүүлгийг 4.000.000 төгрөгөөр,  гүйцэтгэгчийн хийсэн бэлэн контентийг onlinetv.mn сайтад жилийн хугацаанд 4.000.000 төгрөгөөр байршуулах,  мөн захиалагч ажлын хөлсөнд гүйцэтгэгч талын 4 хүнийг 2018 оны 7, 8 дугаар сард Утай-Гүмбэний аялалд 4 хүн, 2018 оны 12 дугаар сард Хайнань аялалд 4 хүнийг хамруулахаар  тус тус тохиролцсон гэрээний агуулгаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ. /хх-ийн 5-9/

 

Анхан шатны шүүхээс 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр аялалын нэвтрүүлгийн дүрс дууны бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлд 10 минутын бичлэг нь "Итгэлт хамба, Байгаль далайн аялал" 5 минут, "Манжуур хотын аялал" 5 минут, нийт 10 минутын зар сурталчилгааны нэвтрүүлгийг ямар маршрутаар, яаж аялал зохион байгуулж буйг танилцуулж байгаа агуулга бүхий мэдээлэл тусгагдсан болох нь тогтоогдсон байна. /хх-ийн 35-36/

Нэхэмжлэгч гэрээнд зааснаар захиалагчид 15 минутын зар сурталчилгааны нэвтрүүлгийг гүйцэтгэхээр тохиролцсон боловч 10 минутын нэвтрүүлгийг хийж гүйцэтгэсэн болох нь хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн журмаар хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон, хариуцагч “Х А”ХХК нь гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлээгүй тул ажлын хөлсийг 2.666.666 төгрөгөөр тооцсон шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Хариуцагч нь тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүйгээс гадна  onlinetv.mn сайтад 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс “Х А”ХХК-ийн аяллын нэвтрүүлгүүд байршиж байгаа талаар тодорхойлсон onlinetv.mn сайтын 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн тодорхойлолтыг болон хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэж баримтаар няцааж чадаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт зааснаар хариуцагч тал onlinetv.mn сайтад үзлэг хийлгэх талаар хүсэлт гаргаж байгаагүй тул “...нэг талын баримтыг нотлох баримтаар шууд үнэлэх боломжгүй...”  гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Харин нэхэмжлэгч гэрээнд зааснаар захиалагчид 15 минутын зар сурталчилгааны нэвтрүүлгийг гүйцэтгэхээр тохиролцсон боловч 10 минутын нэвтрүүлгийг хийж гүйцэтгэсэн болох нь тогтоогдсон байхад анхан шатны шүүх onlinetv.mn сайтад жилийн хугацаанд байршуулсан 4.000.000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.

Иймд зар сурталчилгааны нэвтрүүлгийг 10 минутын хөлс 2.666.666 төгрөг, onlinetv.mn сайтад байршуулсан 2.666.666 төгрөг, нийт 5.333.332 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж,  хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/02018 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад              “6 666 666” гэснийг “5 333 332” гэж, 2 дах заалтад “121 617” гэснийг “100 284” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсэг, заалтыг хэвээр үлдээсүгэй.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121 616 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       М.НАРАНЦЭЦЭГ

                                         ШҮҮГЧИД                                       Ч.ЦЭНД

                                                                                                 Н.БАТЗОРИГ