Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 00091

 

Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж, нарийн бичгийн дарга Д.Одончимэг, улсын яллагч П.Шижиртуяа, шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баянхас овогт Түвшинбаярын Мөнх-Эрдэнэд холбогдох 132/2017/0086/Э индекстэй, эрүүгийн 17150000100019 дугаартай хэргийг 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, байгаль хамгаалагч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын 4 дүгээр баг, Богдын гол, Бор дүнзэнгийн 1-2 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Баянхас овогт Түвшинбаярын Мөнх-Эрдэнэ /РД:ИЭ83101612/. Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнэ нь 2017 оны 6 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Булган аймгийн Рашаант сумын нутаг “Мөргөцөг” гэх газарт “Марк-2” маркийн 20- 08 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, Т.Галсанжамцын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийн өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. Эрүүл мэндийн болон эд хөрөнгийн хохирлыг бүгдийг төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг, 17150000100019 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлийн шатанд:  Хохирогч Т.Галсанжамцын өгсөн: ...Шөнө явсаар 04 цаг өнгөрч үүр цайж байхад Булган аймгийн Рашаант сумын нутагт төв засмал замаар баруун тийш чиглэлтэй явж байтал урдаас маань нэг жижиг суудлын тэрэг их хурдтай урсгал сөрөөд ороод ирэхээр нь би машиныхаа гэрлийг шилжүүлээд замын өөрийн явж байсан урсгалын баруун тал руу замын хойд шороон хэсгийн далан луу тонгойж, зам чөлөөлж зайлтал миний жолоодож явсан машины зүүн урд талаас ирээд мөргөж зогссон. ...Надтай хамт явсан Пүрэвням, урсгал сөрж орж ирсэн суудлын тэргэнд явсан залуу нар лоомоор хөшиж, ноцолдож байгаад хөлийг маань сугалж, намайг машинаас гаргаж авсан...миний нурууны 3 сэртэн хугарсан, баруун хөлний доод савхан яс хоёр хугарсан, зүүн хөлний өсгий тасарсан, нэг савхан яс хугарсан гэмтлүүдтэй байгаа гэх /хх-29 тал/, ...Т.Мөнх-Эрдэнэ нь 58-01ГАА улсын дугаартай, “Вонго Пронтер” маркийн машин шинээр худалдан авч Пүрэвнямын нэр дээр шилжүүлж өгсөн, миний эмчилгээний болон бусад зардлыг бүрэн баграгдуулж өгсөн болохоор Т.Мөнх-Эрдэнээс одоо болон цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, санал гомдолгүй гэх /хх-31 тал/ мэдүүлгүүд, Гэрч Н.Пүрэвнямын өгсөн: “...Би 2017 оны 6 дугаар 24-ний шөнө 00 цаг 40 минутын үед Улаанбаатар хотоос Говь-Алтай аймаг орохоор өөрийн эзэмшлийн “Бонго пронтер” маркийн 42-86 ГАА улсын дугаартай машиныг найз Галсанжамцаар жолоодуулан явсан. Тэгээд өглөө үүрээр 5 цагийн үед байх үүр цайж байхад Булган аймгийн Рашаант сумын нутагт орж ирсэн. Холын юм харагдахгүй ойрын юм чөлөөтэй харагдаж байсан бөгөөд машины гадна гэрэлтүүлэг бүрэн ажиллаж байсан. Зам тээврийн осол болох үед өөдөөс их хурц, цагаан гэрэлтэй жижиг автомашин орж ирсэн. Тэр үед манай жолооч гэрлээ шилжүүлээд замын хажуу руу машинаа шахаж замын хажуу руу буух гэж байтал тэр цагаан өнгийн “Марк-2” маркийн тээврийн хэрэгсэл өөдөөс ирээд мөргөсөн. Би тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй. Нэг сэрэхэд манай эхнэр Соёлмаа машины урд цонхоор унаад машины урд хэвтэж байсан. Манай жолооч суудал, жолооны хүрд хоёрын дунд хөлөө хавчуулчихаад гарч чадахгүй сууж байсан. Тэгээд би жолооны хүрд, суудал хоёрын дундуур лоом хийж хөшиж байгаад жолоочийн өмсөж явсан гутлыг хутгаар огтлон хөлийг нь гаргасан юм. Тэр хооронд хажууд байсан хүмүүс цагдаа болон эмнэлэгт дуудлага өгсөн байна лээ” гэх мэдүүлэг /хх-33-34 тал/, Гэрч Б.Баасандоржийн өгсөн: Би Завхан аймгийн Улиастай суманд ажиллаж амьдардаг юм. 2017 оны 6 дугаар сарын 24-ний өглөө найз Мөнх-Эрдэнийг Улаанбаатар хот явна гэхээр нь хамт явахаар болж 12 цагийн үед Мөнх-Эрдэнийн эзэмшлийн 10-08 ЗАА улсын дугаартай “марк-2” машинд нь суугаад, бид 2 хоёулахнаа Улаанбаатар хот руу Завхан аймгийн төвөөс гарсан юм. Тэгээд замд явсаар байгаад маргааш өглөө нь үүр цайхын үед Булган аймгийн Рашаант сумын нутагт орж ирсэн. Би жолоочийн хажуу талын суудал дээр суугаад унтаж явсан юм. Тэгтэл их хүчтэй доргилт болоод тас няс хийгээд явчихсан, би ч сэрээд хартал миний сууж явсан машин зам дээр цагаан өнгийн ачааны машинтай мөргөлдсөн байсан. Би сандраад машинаас буутал нөгөө ачааны машинд явсан жолоочийн хөл нь юманд хавчуулагдаад гарч чадахгүй байхаар нь бид нар хамжиж гаргах гэж оролдож, замын машинаар сумын төв рүү эмнэлэг, цагдаа дуудуулсан юм. Удаа ч үгүй цагдаа, эмнэлэг ослын газар хүрч ирсэн” гэх мэдүүлэг /хх-35-36 тал/, 

Сэжигтэн Т.Мөнх-Эрдэнийн өгсөн: “...Би 2017 оны 6 дугаар сарын 24-нөөс 25- нд шилжих шөнө Булган аймгийн Рашаант сумын нутагт Б.Баасандоржийн хамт өөрийн эзэмшлийн 20-08 3АА улсын дугаартай “гранд марк-2” маркийн тээврийн хэрэгсэлтэй асфальтан замаар замын хөдөлгөөнд оролцож явахдаа өөдөөс чиглэн ирж явсан машинтай эсрэг урсгалд орж мөргөлдсөн. Тэгээд осол болсоны дараа машинаас бууж ирээд цагдаа болон эмнэлгийн байгууллагад дуудлага өгөх гэсэн боловч утасны сүлжээ болохгүй байсан учраас замын хүмүүсээр дамжуулан цагдаа болон эмнэлгийн байгууллага дуудуулсан юм” гэх мэдүүлэг /хх-64 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн ¹8339 тоот: 1. Т.Галсанжамцын биед бүсэлхийн 2,3,4-р нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал, баруун тахилзуур ясны хоёрлосон хугарал, зүүн өсгийний шарх, нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх 43 тал/, Булган аймаг дахь Цагдаагийн газрын замын Цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн ¹25 тоот: 1. “Марк-2” маркийн 20-08 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.Мөнх-Эрдэнэ И383101612 регистрийн дугаартай ВСДЕ ангилалын 236539 тоот хүчинтэй үнэмлэхтэй, “КИА ПРОНТЕР” маркийн 42-86 ГАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.Галсанжамц ДГ73092711 регистрийн дугаартай ВС ангилалын 264235 тоот хүчинтэй үнэмлэхтэй байна. 2. “Марк-2” маркийн 20-08 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.Мөнх-Эрдэнэ нь Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь заалт "Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтыг зөрчин эсрэг урсгал сөрж өөдөөс чигээрээ ирж байсан “КИА ПРОНТЕР” маркийн 42-86 ГАА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн байна. “Киа Пронтер” маркийн 42-86 ГАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.Галсанжамц нь ямар нэгэн замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна. 3. Жолооч Т.Мөнх-Эрдэнэ нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь заалтыг зөрчсөнөөс шалтгаалан уул осол хэрэг гарсан байна гэж үзэв гэх дүгнэлт /хх 46-47 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх 1-2 тал/, хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоол /хх-4 тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тогтоол /хх-5 тал/, захиргааны зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-6 тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-11 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-15 тал/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-23-26 тал/, эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх мөрдөгчийн санал /хх 73 тал/, шүүгдэгчийн хувийн байдлын талаархи нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнэ нь 2017 оны 6 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Булган аймгийн Рашаант сумын нутаг “Мөргөцөг” гэх газарт “Гранд марк-2” маркийн 20-08 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь хэсэгт заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчин эсрэг урсгалд орж чигээрээ ирж явсан “Киа пронтер” маркийн 42-86 ГАА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж Т.Галсанжамцын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна. Энэ үйл баримт нь хэрэг бүртгэлийн шатанд хохирогч Т.Галсанжамц, гэрч Н.Пүрэвням, Б.Мөнхжаргал, Л.Соёлмаа нарын өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн ¹8339 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнэ нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч бусдад учруулсан эрүүл мэндийн болон эд хөрөнгийн хохирлыг төлж барагдуулан хохирогчтой харилцан тохиролцсоноор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ бичгээр гаргасан, хохирогч Т.Галсанжамц өөрт учирсан гэмтэл, түүнээс үүдэлтэй хохирлын талаар болон шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийн төрөл, хэмжээний хувьд маргаагүй байх тул хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлэж, шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учирсан байх ба шүүгдэгч эмчилгээний зардалд 1567000 төгрөгийг төлсөнөөр хохирогч Т.Галсанжамц санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ. Шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнэд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорыг арилгасан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, түүнд хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулж, шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийн хөрөнгө орлогын байдал, торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх тухай санал хүсэлтийг нь харгалзан торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурьдах нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхас овогт Түвшинбаярын Мөнх-Эрдэнийг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийг 990 /есөн зуун ер/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 990000 /есөн зуун ерэн мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийн 990000 /есөн зуун ерэн мянга/ төгрөгийн торгуулийн ялыг сар бүр 330000 /гурван зуун гучин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, биелүүлэх хугацааг 3 /гурав/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнэ нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД