Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 121/ШШ2023/0021

 

2023 оны 08 сарын 03-ны өдөр            Дугаар 121/ШШ2023/0021                                   Арвайхээр сум

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй даргалж, тус шүүхийн Б дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: ...........,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: .......... /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар ......../,

            Хариуцагч: Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ........... нарын хоорондын зардал, нөхөн төлбөр гаргуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв. 

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ............, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ............, гэрч ........, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болортуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч .........нь Өвөрхангай аймгийн Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэст холбогдуулан “1. Аймгийн зүгээс Аймгийн хүүхдийн больниц барих явцдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь заалт, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 14 дэх заалтыг болон Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 1 заалтаар олгосон эрхийг зөрчсөн болохыг тогтоолгох, 2. Монгол Улсын Үндсэн хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь заалт, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 1 дэх заалт, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 1, 3 дахь заалтууд, мөн хуулийн 108 дугаар зүйлийн 1, 8 дахь заалтыг иш үндэс болгон Хүүхдийн больництой одоогийн байдлаар хамтран эзэмшиж, ашиглаж байгаа 100м урттай, 150 мм-ийн голчтой хуванцар шугам хоолойн Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 12-р сарын 28-ны өдрийн 203-р тушаалын 1-р хавсралтаар баталсан Барилга байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээг хэрэглэх дүрэмд заасны дагуу нэгж жишиг үнэлгээний 50 хувийг Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн Хүүхдийн больницын барилгын төсөвт бохирын шугамын зардал тусгагдаагүй гэдгээр шалтгаалан гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг таслан зогсоож, 50 хувьд ноогдох жишиг зардлыг гаргуулж өгөхийг даалгахнэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөөгүй байна.

2. Өвөрхангай аймгийн “.........” орон нутгийн өмчит үйлдвэрийн газар ХХК-ийн 2009 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ......... дугаартай албан бичгээр “.........” ХХК-д Арвайхээр сумын төвийн зүүн хэсэгт баригдах үйлчилгээний төвийн барилга нь бохир шингэнээ зайлуулахдаа ашиглаж байгаа БГГХӨЭС албаны бохир шингэн зайлуулдаг Х*3 худагт /ф150 гүн 2м/ холболт хийхийг зөвшөөрч техникийн нөхцөл олгожээ.

3. Харин Өвөрхангай аймгийн “.........” орон нутгийн өмчит үйлдвэрийн газар ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Дулаан, ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн хэрэглэгчийг холбох техникийн нөхцөл № 17-өөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт баригдах Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 50 ортой хүүхдийн эмнэлгийн ...бохир шингэнээ зайлуулахдаа барилгын суурин доор байрлах шугамыг зөөж одоо ашиглаж байгаа БХ-4 худгаас БУХ-7 худаг хүртэл шинээр угсралт хийж схемийн дагуу холбох ... гэж олгогджээ.

4. Нэхэмжлэгч .......аас дээрх техникийн нөхцөлөөр 50 ортой хүүхдийн эмнэлгийн бохирын шугамын ажлыг хийж гүйцэтгэхдээ манай компанийн эзэмшлийн бохирын шугамыг дайруулан барьсан тул өмчлөх, эзэмших эрх зөрчигдөж байгаа талаар Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Өвөрхангай аймгийн Засаг дарга нарт өргөдөл гаргасныг Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн ........., Өвөрхангай аймгийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ........... дугаар албан бичгээр тус тус шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгчээ.

Нэхэмжлэгч нь 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон шүүхэд гаргасан тайлбартаа:

“...Миний бие 2012 онд "........." үйлчилгээний төвийг барихдаа энэ төвөөс нэгдсэн эмнэлгийн урдах хүртэл бохирын шугамыг өөрийн хөрөнгөөр барьсан болно. 2018 онд Хүүхдийн больниц барилгыг барихдаа манай бохирын шугамыг дайруулан барьсан бөгөөд энэ тухай надад урьдчилан ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй бөгөөд бохирын ажил эхэлж танай шугамтай холбогдож байгаа талаар тухайн үеийн “.........” орон нутгийн өмчит үйлдвэрийн газар ХХК-ийн инженер .........надад утсаар мэдэгдсэн бөгөөд энэ үед би хотод суралцаж байсан болно.

Тухайн үед .........инженерээс би 2 асуудлыг тодруулсан. 1. Яагаад бохирын шугамын хамгаалалтын бүсэд барилга барьж байна вэ? Хуулиар бол энэ барилга барихад хориотой та мэдэхийн цаагуур мэдэх ёстой гэж асуусан. ......... инженер хариулахдаа: Энэ бол төрийн ажил. Дээрээсээ ийм зураг төсөлтэй юм байна лээ гэсэн. Тэгвэл энэ шугамыг дундын болгон ашиглах нь, Иймээс энэ шугамын зардлын 50 хувийг авна шүү гэж хэлсэн. .........инженер зураг төсөвтэй юм чинь болно. Бас магадалшгүй ажлын зардал ч гэж бий. Энэ шугам таных болохыг бид мэдэж байгаа. Цааш нь хэлж шийдүүлнэ гэж хэлсэн ... Тэгээд барилгын ажил явагдсан. Тэр дунд нь би барилга барьж байгаа компанитай нь уулзаад манай шугамыг орсон, Онги ус сувгаас хүн ирсэн үү? гэсэн чинь танай шугам гэсэн. Гэхдээ зураг төсөлд шугамын мөнгө гэж ороогүй байгаа юм. Тэгэхээр танай мөнгийг шийдэж өгөхгүй, барилга дуусаад магадалшгүй ажлын зардал гээд шийдээд өгөх байх гэсэн. Хүүхдийн эмнэлэг явагдаад 2023 онд хүлээлгэж өгөхөд аймгийн даргатай уулз гэсэн. Уг нь гадагшаа гарсан шугамыг хөрөнгө мөнгө тавиад, хот суурин газар өөрсдийнхөө хөрөнгөд аваад явчихдаг, манайд ийм хөрөнгө төлөвлөөгүй болохоор аймгаас энэ жилдээ шийдэх боломжгүй, ирэх оны төсөв дээр ярих байх, та тэр өргөдлөө өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд өргөдөл өгсөн боловч хөрөнгө мөнгө байхгүй юм чинь эхнээсээ төсөлд бохирын шугам гэсэн зарлага тусгаагүй учир таны мөнгийг шийдэх боломжгүй гэсэн. Ингэж Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар 2 жил гаруй өргөдөл өгсөн. Тэрийг ирэхээр хариу өгнө, энийг ирэхээр хариу өгнө гэсээр байгаад өнгөрсөн намар өгөөд, хөрөнгө оруулалтын газар дахиж өргөдөл өгсөөр байгаад энэ жил эцсийн эцэст захиргааны шүүхээр шийдвэрлүүлэхгүй бол шийдэгдэхгүй юм байна гэж үзээд би нэхэмжлэл гаргасан. Миний шүүхэд хандсан үндэслэл бол Үндсэн хуульд заасан өмчийн бүх хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөх эрхийг хуулиар хамгаална гэсэн заалт байгаа. Үүгээрээ 150 сантиметр голчтой шугамын хамтран ашигласан гэдэг үндэслэлээр 50 хувийг гаргаж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасангэв.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэж байгаа. Монгол Улсын Үндсэн хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т өмчлөх эрхийн талаарх заалт байгаа. Монгол Улс хүний эрхийн түгээмэл тунхаглалд нэгдэн орсон улс. Уг түгээмэл тунхаглалын 17.2-т хэний ч хөрөнгийг дур мэдэн ашиглаж болохгүй гэж заасан. Захиргааны ерөнхий хуульд олон улсын гэрээ, Монгол Улсын Үндсэн хуульд аливаа төрийн байгууллагын шийдвэрт нийцэж байх ёстой гэж заасан. Гэтэл энэ хүний өмч хөрөнгийг нэгдүгээрт шийдэж өгнө гэж үгээр аргацаасаар байгаад барилгаа ашиглалтад оруулчхаад хөрөнгийг нь шийдэж өгөлгүй өнөөг хүрсэн. Арга буюу нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагч хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой. Учир нь дулааны шугам сүлжээ, ус, бохирын шугам бүгд төрийн болон орон нутгийн өмчид байна, эдний газрын хувьд төр өөрийнхөө газрыг хэдийд ч татаж авах эрхтэй, тийм учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбар гаргасан. Энэ тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл төр иргэний эзэмшлээс газраа татаж авч болно. Харин нөхөн төлбөр гаргаж өгөх ёстой. Гэтэл нөхөн төлбөрийн асуудал гаргаад өнөөдрийг хүртэл тэгсүгэй, ингэсүгэй гэсэн эрхийн акт гаргаагүй. Эрхийн акт гаргаагүй болохоор процесс үргэлжилж байгаа мэт харагдаж байгаа. Тийм учраас өнөөдөр яах аргагүй хариуцагч тал нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн. Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар захиргааны акт гаргаад татгалзсан шийдвэр гаргахгүй байгаа үйлдэл, эс үйлдэхүй хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн бол захиргааны байгууллагад даалгах, эсхүл хууль бус болохыг тогтоох эрхтэй. Үүгээр тогтоолгож өгөх хүсэлтийг гаргаж байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн тайлбартай байгаа. Ерөнхийдөө тоо тавиагүй зүгээр 50 хувь гэж байгаа. Гол нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хариуцагчийн хууль бус үйлдлийг тогтоож өгвөл мөнгийг өгөх өгөхгүйг иргэний журмаар нэхэмжилж болох үндэслэлтэй учир Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар шийдвэр гаргаж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан” гэв.

7. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “... ......... зочид буудлын бохир ус татан зайлуулах шугам нь нийтийн эзэмшлийн талбайд угсрагдаж Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн баруун хойд талын бохирын худагт холбогдсон байсан. Тухайн газарт 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилгын суурь таарсан тул бохир усны шугамыг шилжүүлэх шаардлага гарсан тул хангагч байгууллага болох “.........” орон нутгийн өмчит үйлдвэрийн газар ХХК-ийн 2019 оны .........дугаартай техникийн нөхцөлийн дагуу бохир усны шугамыг баруун зүгт нийтийн эзэмшлийн талбайд шилжүүлэн угсарч ашиглалтад оруулсан.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “Хот, суурины ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж, цэвэр ус дамжуулах, түгээх, бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж нь төрийн болон орон нутгийн өмчид байна” гэсэн заалтын дагуу шийдвэрлэх боломжгүй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч .........нь Өвөрхангай аймгийн Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэст холбогдуулан “1. Аймгийн зүгээс хүүхдийн эмнэлэг барих явцдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь заалт, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 14 дэх заалтыг болон Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 1 заалтаар олгосон эрхийг зөрчсөн болохыг тогтоолгох, 2. Монгол Улсын Үндсэн хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь заалт, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 1 дэх заалт, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 1, 3 дахь заалтууд, мөн хуулийн 108 дугаар зүйлийн 1, 8 дахь заалтыг иш үндэс болгон Хүүхдийн больництой одоогийн байдлаар хамтран эзэмшиж, ашиглаж байгаа 100м урттай, 150 мм-ийн голчтой хуванцар шугам хоолойн Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 12-р сарын 28-ны өдрийн 203-р тушаалын 1-р хавсралтаар баталсан Барилга байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээг хэрэглэх дүрэмд заасны дагуу нэгж жишиг үнэлгээний 50 хувийг Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн Хүүхдийн больницын барилгын төсөвт бохирын шугамын зардал тусгагдаагүй гэдгээр шалтгаалан гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг таслан зогсоож, 50 хувьд ноогдох жишиг зардлыг гаргуулж өгөхийг даалгахшаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан.

2. Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .........ад шүүх хуралдааны товыг 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд  хэргийг хянан хэлэлцэв.

3. Шүүх нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          4. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ “50 ортой хүүхдийн эмнэлгийн барилгын ажил эхлэхдээ манай компанийн бохир усны шугамын 100 орчим метр хэсгийг дур мэдэн холдуулсан, үүнээс шалтгаалж хүүхдийн эмнэлэгтэй хамтран эзэмшиж, ашиглаж байгаа 100 метр урттай 150 мм-ийн голчтой хуванцар шугам хоолойн 50 хувьд ноогдох жишиг зардлыг гаргуулах гэж,

          5. Хариуцагч талаас “Тухайн газарт 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилгын суурь таарсан тул бохир усны шугамыг шилжүүлэх шаардлага гарсан тул хангагч байгууллага болох “.........” орон нутгийн өмчит үйлдвэрийн газар ХХК-ийн 2019 оны .........дугаартай техникийн нөхцөлийн дагуу бохир усны шугамыг баруун зүгт нийтийн эзэмшлийн талбайд шилжүүлэн угсарсан.

          Хот  суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т заасны дагуу шийдвэрлэх боломжгүй гэж тус тус маргаж байна.

          6. Хот  суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-т "бохир усны гаргалгааны шугам" гэж хэрэглэгчийн сантехникийн хэрэгслээс барилгын гадна талын эхний худаг хүртэлх шугам сүлжээг”; 11 дүгээр зүйлийн 11.1-д “Техникийн нөхцөлд дараах шаардлагыг тусгасан байна”, ... 11.5-д “Техникийн нөхцөлд хэрэглэгчийг холбох цэгийн шугам хоолойн өмчлөгч, эзэмшигчийг заасан байна” гэж тус тус заажээ.

          Гэтэл Өвөрхангай аймгийн “.........” орон нутгийн өмчит үйлдвэрийн газар ХХК-ийн 2009 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ......... дугаар албан бичгээр “.........” ХХК-д олгосон бохир усны шугамд холбох тухай техникийн нөхцөл, 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн № ... дугаартай Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилгыг “Дулаан, ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн хэрэглэгчийг бохир усны  шугамд холбох тухай техникийн нөхцөл”-ийн аль алинд нь бохир усны гаргалгааны шугамын эзэмшигч, өмчлөгчийг тодорхой тусгаагүй байна.

           Нэхэмжлэгч .........аас “миний бие 2012 онд “.........” үйлчилгээний төвийг барихдаа уг төвөөс эмнэлгийн урд тал хүртэлх бохирын шугамыг өөрийн хөрөнгөөр барьсан”, гэрч .........гэрчийн мэдүүлэгтээ “... Тэрний дагуу шугамыг нь зайлуулаад, шугамыг зайлуулахдаа хүний өмч гэдгийг нь .........захиралтай яриад танай шугамтай ингэх нь ээ гэсэн чинь наадах чинь миний өмч шүү дээ, энийг яах юм бэ? гэсэн. Тэгэхээр нь хууль дүрмийнхээ дагуу шийдэж болох байх, магадалшгүй ажлын зардал гэдгээр гаргуулж, эсхүл төсөв зохиохдоо зардлыг нь тусгаж болох байлгүй дээ гэж хэлсэн ...” гэх мэдүүлгүүдээр иргэн .........ын эзэмшлийн бохирын гаргалгааны шугам гэж үзэх үндэслэлтэй.

          Харин хариуцагч, болон гэрч .........нарын тайлбар, мэдүүлгээр “Тухайн газарт 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилгын суурь таарсан тул бохир усны шугамыг шилжүүлэх шаардлага гарсан тул ... .........дугаартай техникийн нөхцөлийн дагуу бохир усны шугамыг баруун зүгт нийтийн эзэмшлийн талбайд шилжүүлэн угсарч ашиглалтад оруулсан гэжээ.

          Үүнээс үзэхэд Хот  суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Хангагч нь шинээр барилга байгууламж холбох техникийн нөхцөлийг шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг үндэслэн олгоно”, 15.1.10-т “хангагчаас олгосон техникийн нөхцөл, зөвшөөрөл, батлагдсан зураг төслийн дагуу өөрийн эзэмшлийн шугамаас бусад хэрэглэгчийг холбуулах” үүрэгтэй, 19 дүгээр зүйлийн 19.1-т “Хот, суурины ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж, цэвэр ус дамжуулах, түгээх, бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж нь төрийн болон орон нутгийн өмчид байна” гэж тус тус заасны дагуу иргэн .........нь 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилгын шугамыг холбуулахаас татгалзах эрхгүй юм.

          Хэдийгээр хангагч байгууллага болох “.........” орон нутгийн өмчит үйлдвэрийн газар ХХК нь дээрх 17 дугаартай техникийн нөхцөлийг олгохын өмнө эрх ашиг нь хөндөгдөж буй “.........” ХХК-д урьдчилан мэдэгдэх, барилгын суурь таарсан шугамыг хэрхэн шийдвэрлэх талаар урьдчилан мэдэгдээгүй, түүний эзэмшлийн шугамыг шилжүүлэн зайлуулсан хэсгийг хэний өмчлөл, эзэмшилд шилжүүлэх талаар техникийн нөхцөлд тодорхой тусгаагүй зэрэг Хот  суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан техникийн нөхцөлд тавигдах шаардлагыг бүрэн тусгаж өгөөгүй боловч нэхэмжлэгчээс уг техникийн нөхцөлийн талаар маргаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасны дагуу шүүх нэхэмжлэгчийн маргаагүй асуудлаар дүгнэлт гаргах боломжгүй юм.

          Иймд нэхэмжлэгчийн “Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 12-р сарын 28-ны өдрийн 203-р тушаалын 1-р хавсралтаар баталсан Барилга байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээг хэрэглэх дүрэмд заасны дагуу нэгж жишиг үнэлгээний 50 хувийг Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн Хүүхдийн больницын барилгын төсөвт бохирын шугамын зардал тусгагдаагүй гэдгээр шалтгаалан гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг таслан зогсоож, 50 хувьд ноогдох жишиг зардлыг гаргуулж өгөхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хот  суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.10, 19 дүгээр зүйлийн 19.1-т тус тус зааснуудыг баримтлан нэхэмжлэгч .........аас Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэст холбогдуулан гаргасан “1. Аймгийн зүгээс Аймгийн хүүхдийн больниц барих явцдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь заалт, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 14 дэх заалтыг болон Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 1 заалтаар олгосон эрхийг зөрчсөн болохыг тогтоолгох, 2. Монгол Улсын Үндсэн хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь заалт, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 1 дэх заалт, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 1, 3 дахь заалтууд, мөн хуулийн 108 дугаар зүйлийн 1, 8 дахь заалтыг иш үндэс болгон Хүүхдийн больництой одоогийн байдлаар хамтран эзэмшиж, ашиглаж байгаа 100м урттай, 150 мм-ийн голчтой хуванцар шугам хоолойн Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 12-р сарын 28-ны өдрийн 203-р тушаалын 1-р хавсралтаар баталсан Барилга байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээг хэрэглэх дүрэмд заасны дагуу нэгж жишиг үнэлгээний 50 хувийг Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн Хүүхдийн больницын барилгын төсөвт бохирын шугамын зардал тусгагдаагүй гэдгээр шалтгаалан гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг таслан зогсоож, 50 хувьд ноогдох жишиг зардлыг гаргуулж өгөхийг даалгахшаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                  Ц.НЭРГҮЙ