| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2024/00061/И |
| Дугаар | 150/ШШ2024/00113 |
| Огноо | 2024-04-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 150/ШШ2024/00113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, .... дүгээр хороо, Дэнж ............ тоотод оршин суух хаягтай, Өүлэн овогт Цамбын Хасбаатарын (РД:...............) ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Хасбаатар, гэрч Д.Ганхуяг, Л.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Хасбаатар шүүхэд гаргасан ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов. Үүнд:
“...Цамба овогтой Хасбаатар миний бие 1964 оны 01 дүгээр сарын 02-ний өдөр төрсөн. Би 1980 оны 07 дугаар сарын 30-нд Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд өвс хадланд анх ажилд орсон. Орхонтуул суманд 1983 оны 06 дугаар сарын 13-нд Цэрэгт татагдаж 1986 оны 06 дугаар сарын 09-ны өдөр халагдаж ирээд Орхонтуул суманд тракторчоор ажиллаж ирсэн. Орхонтуул суманд хөдөлмөрийн дэвтэр нээж ажилласан боловч хөдөлмөрийн дэвтэр нь олдохгүй ажилд орсон тушаал нь 1992 оны 03 дугаар сарын 12-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тушаал нь олдохгүй бичиг баримт байхгүй, Сэлэнгэ аймгийн архиваас олдохгүй байна. иймд намайг Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Орхон булаг ХХК-д 1992 оны 03 дугаар сарын 12-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл 2 жил тракторчоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хүсэлт гаргагч Ц.Хасбаатар тайлбартаа:
Би Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Орхонбулаг ХК-д 1992 оны 03 сарын 12-ноос 1994 оны 12 дугаар сарын 31 хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт өгсөн. 1980 оны 07 сарын 17-д Орхонтуулд тракторчнаар ажиллаж байгаад 1983 оны 06 сарын 07-д цэрэгт татагдаж 1986 оны 06 сарын 09-д халагдаж ирээд Орхонбулаг ХК-д трактор комбайнчаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтрээр гэрээ хийж ажилд орсон. 1992 оны 03 сарын 11-нээс 1994 оны 12 сарын 31 хүртэл хийсэн ажлын баримт байхгүй байгаа. Сэлэнгэ аймгийн архиваас лавлагаа авах гэхээр олдохгүй байгаа. Иймд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэсэн хүсэлттэй байна гэв.
Шүүх хуралдаанд хэрэгт авагдсан хүсэлт гаргагчийн, иргэний үнэмлэхний лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлсөн тухай баримт, Сэлэнгэ аймгийн Орхонтуулын Сангийн аж ахуйн даргын 1992 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №22 тоот “ ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №24 тоот тодорхойлолт, Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэл, Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн бат илэрхийлэл, фото зургууд, Сэлэнгэ аймаг, Орхонтуул сумын засаг даргын тамгын газрын 2024 оны 04 дүгээр сарын 26-ний өдрийн 2/201 тоот тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудыг уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Ц.Хасбаатар нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцсэн нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг зохигчийн тайлбар зэргээс дүгнэхэд:
Ц.Хасбаатар нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын “.............” ХХК-д 1992 оны 03 дугаар сарын 12-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл трактор комбайнчаар ажиллаж байсан байдал нь:
Сэлэнгэ аймгийн Орхонтуулын Сангийн аж ахуйн даргын 1992 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №22 тоот “ажлаас чөлөөлөх тухай” тушаал(энэ тушаалаар Орхонбулаг ХК-д шилжүүлсэн), гэрч “......................... Бид Орхонбулаг ХК-д 1992 оноос хойш хамт ажиллаж байсан. Олон жил хамт трактор комбайнчнаар ажилласан. 1992 оноос 1994 он хүртэл ажилласан Ц.Хасбаатартай хамт ажилласан...” гэх мэдүүлэг, гэрч “.......................... Бид 2 Орхонбулаг атрын 6 дугаар салаанд 1992 оноос хамт ажиллаж байсан. 1992-1994 он хүртэл трактор комбайнчнаар хамт ажиллаж байсан...” гэсэн мэдүүлэг, фото зургууд зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.
Иймд Ц.Хасбаатарыг Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын “...............” ХХК-д 1992 оны 03 дугаар сарын 12-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл трактор комбайнчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Ц.Хасбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Өүлэн овогт Цамбын Хасбаатарыг Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын “...............” ХХК-д 1992 оны 03 дугаар сарын 12-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл трактор комбайнчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш ................ 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.САРАНТУЯА