Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 184/ШШ2024//00010

 

2023 12 21 184/ШШ2024/00010

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 7/1 тоот хаягт оршин байх, Төрийн банк ХХК /рд:5341469/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 2-383 тоот хаягт оршин суух, Хяргас Биньяа овогт Төгссайханы Мөнхбат /рд:УУ86070835/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 18,695,888.95 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гантулга, Н.Батгэрэл, хариуцагч Т.Мөнхбат шүүх хуралдааны нарын бичгийн дарга Д.Баасанхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч Т.Мөнхбатаас зээлийн гэрээний үүрэгт 18,695,888.95 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Төрийн банкны Чингэлтэй дүүрэг, бага тойруу 7/1 хаягт орших төв салбараас зээлдэгч Т.Мөнхбат нь 2013 оны 09 сарын 16-ны өдөр 296 дугаар Цалингийн барьцаат зээлийн гэрээг 24 сарын хугацаатай, жилийн 16,8 хувийн хүүтэй байгуулан 8,000,000 төгрөгийн зээл авсан. Цалингийн барьцаат зээлийн гэрээний дагуу 2013 оны 09 сарын 16-ны өдөр зээлдэгч Т.Мөнхбатын Төрийн банкны 10970001478 дугаар харилцах дансанд 8,000,000 төгрөгийг шилжүүлж зээлийг бодитойгоор бүрэн олгосон. Зээл авах үед зээлдэгч нь Төрийн банкны Байгууллагын банкны газар үйл ажиллагааг дэмжих албаны гэрээний мэргэжилтнээр ажилладаг байсан. Төлбөрийг сар бүр төлж байсан 2013 оны 10 сард 399,316 төгрөг, 2013 оны 11 сард 396,940 төгрөг, 2013 оны 12 сард 396,245 төгрөг, 2014 оны 01 сараас төлбөрийн зөрчил үүсэж 2014 оны 01 сард зээлийн хүү 18,035 төгрөг, 2014 оны 05 сард зээлийн хүү 299,950 төгрөг, 2014 оны 12 сард үндсэн зээл 100,000 төгрөг, 2022 оны 05 сард үндсэн зээл 500,000 төгрөг тус тус төлөөд мөн хугацаанаас хойш төлөлт хийгээгүй байна. Төрийн банкнаас зээлийн төлбөрийг төлөх мэдэгдэл хүргүүлэх, тэмдэглэл хөтлөх, зээлдэгчтэй утсаар холбогдох болон биечлэн уулзалт хийж зээлийн төлбөрийг бүрэн төлж дуусгах шаардлага тавьж байсан боловч тухайн хугацаанд гэрээнд заасан үүргээ үл биелүүлж ирсэн. Зээлдэгч нь 296 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлд 1,431,610.22 төгрөг, хүүд 654,795.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 25,664.53 төгрөг, нийт 2,112,070.72 төгрөг төлсөн. Үүнээс хойш нэхэмжлэгч нь тодорхой хугацаанд холбоо барихгүй алга болсон тул нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 06 сарын 06-ны өдөр иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол цохих этгээд болох Т.Мөнхбатыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. 2018 оны 06 сарын 06-ны өдрийн 182/ШШ2018/01215 дугаар шүүгчийн захирамж гарсан. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсээс 2022 оны 04 сарын 15-нд Т.Мөнхбатыг Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 2-383 тоотод оршин суудаг болохыг тогтоосон тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд хариуцагчаас үндсэн зээлд 6,568,389.78 төгрөг, үндсэн хүүд 10,364,542.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,762,957.09 төгрөг, нийт 18,695,888.95 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Т.Мөнхбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн эс зөвшөөрч байна. Би цалингийн барьцаат зээлийн гэрээг байгуулсан. Тус зээлийн гэрээний дагуу үүргээ биелүүлэх боломжгүй болсон. Би 2015 оны 05 сард Хадгаламж банкны Байгууллагын банкны газарт гэрээний мэргэжилтнээр ажилд орсон. 2013 оны 07 сард Хадгаламж банк нь дампуураад Төрийн банктай нэгтгэгдсэн. Энэ үеэс Хадгаламж банкны бүх ажилтан Төрийн банканд шилжсэн. 2013 оны 07 дугаар сард Төрийн банктай хөдөлмөрийн гэрээ шинэчлэн байгуулаад Төрийн банкны Байгууллагын банкны газарт гэрээний мэргэжилтнээр албан ёсоор шилжин ажилласан. Тухайн үед бид нарыг Хадгаламж банкны албан тушаалтнуудыг хуучин албан тушаалд нь хэвээр ажиллуулна, та нар сандрах хэрэггүй гэж тайвшруулж байсан. Тухайн байгууллагын банкны газар гэдэг нь банкны гол үүргийг гүйцэтгэдэг алба байдаг. Энэ газрын албан тушаалд ажиллана гэдэг нь төрийн оролцоотой банкны хувьд чухал албан тушаал байсан юм шиг байна. Тухайн үед ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй байхад Хадгаламж банкнаас ирсэн ажилтнуудыг нэг нэгээр нь сольж эхэлсэн. Жишээ нь тухайн үед Хадгаламж банкнаас шилжиж ирсэн байгууллагын газрын захирал н.Ундраа гэдэг хүнийг Төрийн банкны Байгууллагын банкны газрын зээлийн газрын захирлаар ажиллуулахаар тушаал бууруулж, Хадгаламж банкны зээлийн хэлтсийн захирал байсан хүнийг ахлах болгож тушаал бууруулсан. Энэ мэтээр шахаж эхэлсэн. н.Ундраа захирал намайг Хадгаламж банканд анх орж байхад ажилд авч байсан хүн. Гэтэл тэр хүн ажлаас гарчихаар нь доод албан тушаалтнуудыг нь солих ажиллагаа хийж эхэлсэн. Тухайн үед Төрийн банкны Байгууллагын банкны захирал нь н.Сэндэн-Очир гишүүний хүү гэх н.Цэрэндаш гэдэг хүн ирсэн. Тэр хүн нь Сангийн яаманд мэргэжилтэн хийж байгаад Төрийн банкны байгууллагын банкны газрын захирлаар ирсэн. Хэрвээ би ажиллаж байгаад гарсан бол зээлээ хэвийн төлөөд явах боломжтой байсан. Тухайн үед Сангийн яам болон Хөгжлийн банкнаас хадгаламж ороод ирсэн байсан. Тухайн хадгаламжууд нь нийлээд 150,000,000,000 гаран төгрөгийн гэрээ байсан. Тэр гэрээ дээр нь хаа ч байхгүй өндөр хүүг төрийн байгууллагуудад өгнө гэсэн гэрээ байсан. Одоо ч тэр гэрээ нь надад хадгалаастай байгаа. Үүнийг намайг хяна гэхээр нь би манай байгууллага өөрөө хуулийн хэлтэстэй, тэр хуулийн хэлтсээрээ дамжуулаад хянах ёстой гээд гэрээг хянахгүй гэдгээ хэлсэн. Гэтэл Сангийн яам намайг ажлаа өг гэсэн. Төрийн банкны дотоод журмаараа 30 хоногийн дотор ажил хүлээлцэхээр заасан байдаг. Гэтэл өргөдлөө өгсөн өдөр нь Сангийн яамнаас миний ажлыг авна гээд хүн ирсэн. Би ингэж дарамтлуулж байхаар ажлаа өгсөн дээр юм байна гээд ажлаас гарах хүсэлтээ өгсөн. Тухайн үед би хууль дүрэм журмаа сайн судлаагүй, мэддэггүй байсан. Тэр үед намайг ажлаа өгөхгүй бол ажилгүйдлийн тэтгэмж олдохгүй, тийм болохоор ажлаас гарах хүсэлтээ өг гэсний үндсэн дээр би хүсэлтээ өгч байсан. Ингээд би нэг өдрийн дотор ажилгүй болсон. Энэ нь миний хувийн асуудал л даа, гэхдээ энэ байгууллагын хууль бус үйл ажиллагаа байгаад байна. Би 8,000,000 төгрөгийн зээл авсан дээр маргаан байхгүй. Нэхэмжлэгч тал миний төлсөн зээлийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж байна. Энэ зээл нь цалингаас шууд суутгаж авах ёстой зээл байсан. 2014 оны 01 сараас төлбөрийн зөрчил үүссэн гэж хэлж байна. Тухайн үед надтай холбоо барих гэж оролдсон, уулзалт хийсэн гэх тэмдэглэл үйлдсэн гэдэг. 2020 онд надтай уулзсан гэдэг нь худлаа. Нэхэмжлэгч нар нь тухайн үед эрэн сурвалжлуулаад олдсон бол шүүхдээ хандах ёстой байсан болов уу гэж бодож байна. Өөрсдөө тэмдэглэл үйлдээд надаар гарын үсэг хүртэл зуруулаагүй байж уулзсан гэж ярьж байна. Хавтаст хэргийн 9 дүгээр хуудсанд Төрийн банкны тусгай активын хэлтэст өргөдөл гаргах нь гэсэн миний бичсэн өргөдөл байдаг. Энэ нь 2014 оны 12 сард 100,000 төгрөг төлөхдөө бичиж өгсөн өргөдөл. Энэ өргөдөлдөө 2015 оны 02 сарын 10-ны өдрийн дотор 1,500,000 төгрөгийг төлж барагдуулна гэсэн байдаг. Энэ хүмүүс нь одоо ярихдаа зээлийн төлбөрөө хүлээн зөвшөөрөөд төлж байсан тул одоо ч гэсэн хүлээн зөвшөөрч байгаа гэсэн агуулгаар яриад байдаг. Гэтэл Иргэний хуулийн 75 дугаар зүйлд хөөн хэлэлцэх хугацааны талаар дурдсан байдаг. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан байдаг. Нэхэмжлэгч тал нь тайлбартаа 2014 оноос хойш зээлээ төлөхгүй байж байгаад 2022 оны 05 сард үндсэн зээл 500,000 төгрөг төлсөн гэж тайлбарлаж байна. Би нэхэмжлэгч талыг өөрөө олоод энэ асуудлаа цэглэе, энэ асуудлыг шийдэхэд боломжтой болсон байна, 10,000,000 төгрөгийн дотор би хүлээн зөвшөөрөх боломжтой болсон гэсэн зүйлийг хэлсэн. Ямар нэгэн зээлийн нэмэгдүүлсэн хүү болон хүү нь тухайн байгууллагыг хөрөнгөжүүлэх хэрэгсэл биш байдаг. Зээлийн гэрээний дагуу тухайн зээлээс шаардах эрх нь зээлийн гэрээний үүрэг шаардах эрх нь би төлж чадахгүй боллоо гэдгээ бичсэн өдрөөс буюу 2014 оны 12 сард хавтаст хэргийн 9 дүгээр талд авагдсан энэ баримтыг бичсэн гэж бодоход 2015 оны 02 сарын 10-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгч тал нь шаардах эрхээ хэрэгжүүлэх эрхтэй байсан. Шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаас 3 жил гэж үзэх юм бол 2018 оны 02 сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэлээ шүүхэд гаргах үндэслэлтэй байсан. Мөн дээрээс нь гэрээний үүргээ биелүүлэхтэй холбоотой мэдэгдлийг 2014 оны 03 сарын 13-ны өдөр гаргасан гэж байна. Би тус зээлийн гэрээг байгуулахдаа Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 2 дугаар байр, 383 тоот хаягт байж байсан. Намайг цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулаад олсон юм шиг зүйлийг ярьж байна. 2013 оны 09 сарын 16-ны өдрийн зээлийн гэрээн дээр хүртэл энэ хаяг маань бичээстэй, өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч талын намайг хайсан гэдэгт нь эргэлзэж байна. Мөн дээрээс нь миний талаар Google дээр миний нэрийг бичээд үзэхэд л бүх мэдээлэл маань гарч ирнэ. 2018 оны 09 сараас эхлэн би тодорхой хэмжээний эрх зүйн туслалцааны ажлыг сошиал хаягаар өнөөдрийг хүртэл идэвхтэй явуулсан. Энэ хугацаанд манайг олохгүй байсан гэдэг нь худлаа. Иймд олж чадахгүй байснаасаа болоод хугацаа алдсан юм шиг зүйлийг ярьж байна. Надтай Сонгинохайрхан дүүргийн шүүхээс ярьсан. Би өмгөөллийн хууль зүйн туслалцаа үзүүлдэг тул шүүх хуралдаантай үедээ гар утсаа авч чаддаггүй. Тэрнээс биш би ямар нэгэн байдлаар зугтаасан зүйл байхгүй. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд намайг эрэн сурвалжлуулахаар өгсөн гэж байна. Гэхдээ надтай тус шүүхээс холбоо бариагүй. Би Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр дуудагдаж ирээд одоо л хэргийн материалтай танилцаж байна. Би шүүхэд дуудагдсан үедээ ирээд хэргийн материалтай танилцаад намайг эрэн сурвалжилж байсан юм байна гэдгийг мэдсэн. Хуучин Зоос банкны байранд Төрийн банкны төв нь байдаг. Төв салбараас миний санаж байгаагаар тухайн үед зээлийн гэрээ байгуулаагүй. Тухайн үед ажиллаж байсан ажилтныг олох гээд чадсангүй. Тухайн үед намайг орж ирээд гарын үсгээ зураарай гэж байсан нь санагдаад байна. Тэр үед намайг ажлаас халж байсан тул би тухайн гэрээнд гарын үсэг зураагүй. Намайг ажлаас халах ажиллагаа нь 1-2 өдрийн тодор хийгдсэн зүйл биш. Бүхэл бүтэн 3 сарын дотор намайг дарамталж байсан. Тэр үед энэ ажилтайгаа л үлдье гэж бодож байсан. 09 сарын үед ажлаасаа гар, чамтай үргэлжлүүлэн ажиллах боломж байхгүй гэх зүйл яригдаж байсан. Тухайн үед намар болж байсан тул байр орон сууцны асуудал шийдэх асуудал гарч байсан. Нарийн ярих юм бол энэ авсан зээлээрээ өмнө нь авсан байсан банк бус санхүүгийн байгууллагын зээлийг дараад үлдэгдэл мөнгөөр нь байрны түрээсээ өгч байсан. Тэгэхээр зээлийн гэрээний гарын үсэгтэй санал нийлэхгүй байна. Би мөнгийг нь бол авсан, миний цалингаас бол суутгагдаад явж байсан. Гэхдээ тухайн зээлийн гэрээг надтай бичгээр байгуулаагүй. Өөрөө хэлбэл би өөрийн гарын үсгээ танина. Хавтаст хэрэгт байгаа миний бичсэн 2014 оны 12 сарын өргөдөл дээрээс миний гарын үсэг тодорхой харагдана. Би ийм гарын үсэгтэй болоод 10 жил болж байгаа. Гэтэл би 2013 онд тийм гарын үсэг зурсан гээд нэхэмжлэгч тал нь өөрсдийн алдаагаа засах гээд зурсан юм шиг байна. Үүн дээр нь шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ бүх зүйл дээр засвар хийгээд намайг гэрээ хийсэн гэж хэлээд байна. Иймд би нэхэмжлэлийн шаардлага болох 12,806,374,95 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Би нэхэмжлэгч талд нийт төлсөн 2,112,070 төгрөгийг үндсэн зээл 8,000,000 төгрөгөөс хасаж, төлөөгүй байгаа 5,889,514 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Иймд нэхэмжлэлийн хэсэгчилсэн татгалзлыг хангаж өгнө үү гэв.

 

3.Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд, Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Төрийн банкнаас Н.Батгэрэл, Н.Гантулга нарт олгосон итгэмжлэл, Төрийн банк ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээг нотариатаар батлуулсан хуулбар, 2013 оны 09 сарын 16-ны өдрийн 296 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, 2014 оны 03 сарын 13-ны өдрийн мэдэгдэл, Төрийн банкны тусгай активын хэлтэст гаргасан Т.Мөнхбатын өргөдөл, ТАА-аас зээлдэгчээс холбоо барьсан тэмдэглэл, Т.Мөнхбатын 2013 оны 01 сарын 01-ний өдрөөс, 2022 оны 12 сарын 27-ны өдрийн 340003999696 тоот цалингийн зээлийн дансны хуулга, Зээл, хүүний тооцооны хуудас, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 06-ны өдрийн 182/ШШ2018/01215 дугаартай шийдвэрийн хуулбар, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн 2022 оны 04 сарын 15-ны өдрийн 26з3-3/1667 дугаартай албан бичиг, Төрийн банкны 2021 оны 03 сарын 04-ний өдрийн 18/1041 дугаартай албан бичиг, 2020 оны 07 сарын 28-ны өдрийн 28-ны өдрийн 18/4835 дугаартай албан бичиг, 2020 оны 01 сарын 07-ны өдрийн 19/113 дугаартай албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 04-ний өдрийн 184/ШЗ2018/00418 дугаартай шүүгчийн захирамж, Төрийн банкны 2020 оны 09 сарын 14-ний өдрийн 18/5696 дугаартай албан бичиг,

 

Хариуцагчаас: Т.Мөнхбатын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,

 

Шүүхийн журмаар: Төрийн банк ХХК-ийн 2013 оны 09 сарын 06-ны өдрийн А/253 дугаартай журам шинэчлэн батлах тухай тушаал, хавсралт, Төрийн банкны ажилтны зээлийн журам, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 сарын 03-ны өдрийн 3455 дугаартай Шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл баримтуудыг цуглуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                            

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Төрийн банк ХХК нь хариуцагч Т.Мөнхбатад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,695,888.95 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргав.

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

5.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...талуудын хооронд 2013 оны 09 сарын 16-ны өдөр 296 тоот зээлийн гэрээ байгуулагдсан тул үндсэн зээлийн үлдэгдэл 6,568,389.78 төгрөг, хүү 10,364,542.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,762,957.09 төгрөг, нийт 18,695,888.95 төгрөгийг гэрээний үүрэгт зээлдэгч Т.Мөнхбатаас шаардана... хэмээн тайлбарлав.

 

Хариуцагч ...гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан, зээлдэгчтэй зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү тооцох үндэслэлгүй, нийт төлсөн мөнгийг үндсэн зээлээс хасаж тооцон 5,889,514 төгрөгийг төлөхөд татгалзахгүй хэмээн нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч маргав.

 

6.Төрийн банк ХХК нь 2013 оны 09 сарын 16-ны өдөр Т.Мөнхбаттай 296 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-г /цалингийн зээл/ байгуулжээ. Гэрээгээр 8,000,000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар зээлж авсан байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн ба гэрээ хүчин төгөлдөр байна. Зээлийн гэрээгээр нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх үүсэх бөгөөд зээлдэгч Т.Мөнхбатаас зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардсан. Гэрээний хугацаа 24 сар буюу 2015 оны 09 сарын 16-ны өдөр дуусахаар байжээ.

 

Зээлдэгч Т.Мөнхбат нь Төрийн банкны Байгууллагын банкны газарт Үйл ажиллагааг дэмжих албаны гэрээний мэргэжилтнээр ажилладаг байсан ба банкны Ажилтны зээлийн журам-ын дагуу хөнгөлөлттэй нөхцөлөөр цалингийн зээл авсан боловч 2013 оны 12 сард өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн үйл баримтын талаар талууд тайлбарладаг.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 5 дугаар зүйлд гэрээний үүргийг зөрчих, гэрээг цуцлах үндэслэлийг тодорхой заасан байх бөгөөд 5.1.2-т Зээлдэгчийн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн болон түүнтэй адилтгах гэрээ цуцлагдсан, дуусгавар болсон /шалтгаан хамаарахгүй/ тохиолдолд банк гэрээг дангаараа хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрийг бүхэлд нь шаардах эрхтэй, мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.8-д банк энэхүү гэрээний 5.1-д дурдсан үндэслэл бий болсон тохиолдолд зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээг цуцалж, зээлийг эргэн төлүүлэх эсэх болон зээл нь хөнгөлөлттэй нөхцөлөөр олгогдсон бол тухайн үеийн банкны мөрдөж буй ерөнхий нөхцөлийн дагуу цалингийн зээлийн хүүг нэмэгдүүлэн гэрээг үргэлжлүүлэх эсэхийг нэг талын санаачилгаар бие даан шийдвэрлэнэ гэж заажээ.

 

Мөн Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2013 оны 09 сарын 16-ны өдрийн А/253 тоот тушаал, түүний хавсралт болох Ажилтны зээлийн журам-ын 6 дугаар зүйлийн 6.7-д Ажилтан ажил олгогчийн болон өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдөх тохиолдолд ажилтны аль ч зээлийг тухайн зээлийн гэрээнд заасан хугацаанд энгийн харилцагчийн ижил төрлийн зээлд тухайн үеийн нөхцөлөөр нь шилжүүлж, гэрээнд өөрчлөлт оруулах-аар заасан байна.

 

7.Нэхэмжлэгч нь 2017 оны 12 сарын 01-ний өдөр хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч хаягтаа байхгүй байсан тул 2018 оны 03 сард Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан хэмээн тайлбарлаж Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүчгийн 2018 оны 01 сарын 04-ний өдрийн 184/ШЗ2018/00418 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 06-ны өдрийн 184/ШШ2018/01245 дугаар шийдвэрийг баримтаар ирүүлсэн.

 

Талуудын байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар Т.Мөнхбат 2013 оны 12 сард ажлаас чөлөөлөгдсөнөөр гэрээ цуцлагдсан гэж үзэх ба 2013 оны 12 сарын хэдний өдөр хариуцагч ажлаас чөлөөлөгдсөн талаар зохигчид санахгүй байна хэмээн тайлбарлах тул гэрээ цуцлагдсан хугацааг Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-т заасан хугацаа тооцох хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр, цагаас эхлэн тоолно журмаар 2014 оны 01 сарын 01-ний өдрөөс зээлдэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг тооцох нь зөв байна.

 

Дээрх 2014 оны 01 сарын 01-ний өдрөөс Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тооцвол 2017 оны 01 сарын 01-ний өдрөөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь анх 2017 оны 12 сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь даруй хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна.

 

Тиймээс хариуцагчийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх татгалзал үндэслэлтэй болно.

 

8.Хариуцагч нь 2013 оны 09 сарын 16-ны өдрийн 296 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-нд гарын үсэг зураагүй тул хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй, өмнө төлсөн мөнгийг үндсэн зээл 8,000,000 төгрөгөөс хасаж тооцон 5,889,514 төгрөгийг төлөхөд татгалзахгүй хэмээн тайлбарладаг.

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 сарын 03-ны өдрийн 3455 дугаартай Шинжээчийн дүгнэлт-ээр 2013 оны 09 сарын 16-ны өдрийн 296 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, гэрээний хавсралт 1 гэсэн баримтуудын зээлдэгч буюу барьцаалуулагч гэсний доор Т.Мөнхбат гэсний дээр зурсан гарын үсгүүд нь хариуцагч Т.Мөнхбатын гарын үсгийн загваруудтай хоорондоо тохирч байгаа болохыг тогтоожээ.

 

Тиймээс хариуцагчийн гэрээнд гарын үсэг зураагүй гэх татгалзал үндэслэлгүй тул хариуцагчаас гэрээний хугацаанд төлсөн хүү 654,795.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,664.53 төгрөгийг үндсэн зээлээс хасаж тооцох үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч нь хуульд заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлж нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нэгэнт үндсэн зээлийн үлдэгдлийг төлөхийг зөвшөөрсөн тул 8,000,000 төгрөгөөс гэрээний хугацаанд төлсөн үндсэн зээл 1,431,610.22 төгрөгийг хасаж, үлдэх 6,568,389.78 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, хүү болон нэмэгдүүлсэн хүүнд шаардсан 12,127,499.18 төгрөгийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасантай холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 6,568,389.78 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 120,044 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зөв байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Мөнхбатаас зээлийн гэрээний үүрэгт 6,568,389.78 төгрөг гаргуулж Төрийн банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 12,127,499.18 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 251,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Мөнхбатаас улсын тэмдэгтийн хураамжид 120,044 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.






ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.УРАНЗУЛ