Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 1773

 

БГД дэх Ц-ийн нэгдүгээр

хэлтсийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Т.Туяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/02307 дугаар шийдвэртэй, БГД дэх Ц-ийн нэгдүгээр хэлтсийн гаргасан Р.Т-ыг захиргааны журмаар архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг гуравдагч этгээд Р.Т-ын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: гуравдагч этгээд Р.Т-ын өмгөөлөгч Б.Солонго шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэл  болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энх-Учрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.Т-а нь тус дүүргийн нутаг дэвсгэрт байнга архидан согтуурч, эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэгдсэн, гэр орондоо байнга архидан согтуурч иргэдийн амгалан тайван байдал алдагдуулдаг тул архины албадан эмчилгээнд хамруулах шийдвэр гаргаж өгнө үү. Байнга уудаг боловч эхнэр нь тэр болгон цагдаа дуудаад байдаггүй юм. Иймд Р.Т-ыг архины албадан эмчилгээнд хамруулах нь зөв байх гэж бодож байна гэжээ.

Гуравдагч этгээд Р.Т-а шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би архины албадан эмчилгээнд явах сонирхол алга байна. Би чөлөөт уран бүтээлч бөгөөд хувиараа реклам сурталчилгаа, тоглолт зэргийг найруулдаг ажил хийдэг, хэрэв эмчилгээнд явах юм бол ажилгүй болно. Одоо “Харанга” хамтлагийн 30 жилийн ойг зохион байгуулах тал дээр ажиллаж байна. Би одоо хамтран амьдрагч Б.Болор, 3 хүүхдүүдийн хамт амьдардаг. Хамгийн сүүлд 2019 оны 4 дүгээр сард эрүүлжүүлэгдсэн. Би 7 хоногтоо 2 удаа л уудаг. Ер нь арваад жил ууж байгаа гэжээ.

Шүүх: Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Батхаан овогт Раднаагийн Тулгыг албадан эмчилгээнд хамруулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгүүдэд заасны дагуу хүсэлт гаргагч болон албадан эмчилгээ хийлгэх хүн, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Солонгын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хамтран амьдрагч гэх Б.Болормаагийн мэдүүлгээр “тэрээр согтуурсан үедээ агсан согтуу тавигдаж байсан уу” гэх асуултад “үгүй” гэж хариулдаг. Мөн гуравдагч этгээдийг холбогдогч гэх статусаар асуусан тэмдэглэлд тэрээр "Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ар гэртээ агсан тавьдаг уу” гэх асуултад "үгүй шууд унтаад өгдөг" гэж хариулсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь илт зөрүүтэй байхад шүүгч хэргийг шийдвэрлэсэн шийдвэрлэсэн байдаг. Хууль бус нотлох баримтад үндэслэн шийдвэр гаргасан. Жишээ нь: Б.Болормаа гэх хүн нь Р.Т-атай ямар хамааралтай болохыг тогтоогоогүй, түүний хүсэлтийг харгалзан үзэж шийдвэрлэсэн. Түүнийг гэр бүлийн гишүүн буюу төрөл садангийн хүн үзэх боломжгүй, мөн Б.Нямгэрэл гэх хүний хүсэлт хэрэгт авагдсан байх боловч тэрээр Баянгол дүүргийн хэддүгээр хорооны ажилтан болох нь тодорхойгүй, түүнийг хорооны ажилтан болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй.   Цагдаагийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энх-Учрал гэх боловч түүний итгэмжлэл хэрэгт авагдаагүй. Г.Тулгыг хэд хоногоор албадан эмчлүүлэх нь шүүхийн шийдвэрт тусгагдаагүй. Шүүх хуралдааны тэмдэглэл хавтаст хэрэгт авагдаагүй.  Гуравдагч этгээдийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн. Гэтэл цагдаагийн байгууллагаас ирүүлсэн хүсэлт 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр ирж, мөн өдрөө иргэний хэрэг үүсч тухайн өдрөө шүүхийн шийдвэр гарч байгаа нь "зохигч, гуравдагч этгээдэд өөрийн татгалзлаа нотлох, өмгөөлөгч авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүх хуралдаанд тэгш мэтгэлзэх боломжийг тус тус олгоогүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна. 

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс нь Р.Т-ыг “...тус дүүргийн нутаг дэвсгэрт болон гэр орондоо байнга архидан согтуурч, эрүүлжүүлэгдсэн, иргэдийн амгалан тайван байдал алдагдуулдаг” гэх үндэслэлээр архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Анхан шатны шүүх Р.Т-а нь архинд донтох эмгэгтэй болох нь Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна. 

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна”  гэж заажээ.

Гэтэл хэрэгт авагдсан Согтуурах, мансуурах донтой эсэхийг тодорхойлох эрүүл мэндийн дүгнэлтэд Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоолгосон хүний овог, нэр, нас, хаягийн бүртгэл, регистрийн дугаар зэрэг хувийн мэдээлэл огт тусгагдаагүй байх тул уг дүгнэлтийг Р.Т-ыг архинд донтох эмгэгтэй болохыг тогтоосон дүгнэлт гэж үзэх үндэслэлгүй байна. /хх-ийн 19/ Мөн “...энэ хуулийн 5.6-д заасан жагсаалтыг үндэслэн тодорхой бичнэ...”  гэсэн шаардлагыг уг дүгнэлт хангаагүй байна. /хх-ийн 19/

Түүнчлэн Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн  5 дугаар зүйлийн 5.7. дах хэсэгт “Энэ хуулийн 5.2-т заасан  дүгнэлтийг тухайн хүн, түүний гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн эс зөвшөөрвөл сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх төв байгууллагад хандан гомдол гаргаж болно” гэж заасны дагуу өөрт нь уг дүгнэлтийг танилцуулах, зөвшөөрөх эсэх, гомдол гаргах эсэхийг  тодруулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэжээ.

            Иймд анхан шатны шүүх Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн  8 дугаар зүйлийн 8.1.5 дах хэсэгт заасан баримт бүрдээгүй байхад тухайн хүнийг мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар албадан эмчилгээнд явуулахаар шийдвэрлэсэн байх тул  давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Р.Т-ыг архины албадан эмчилгээнд явуулах тухай Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/02307 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн  зүйлийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул  Р.Т-ыг архины албадан эмчилгээнд явуулж эмчлүүлэх тухай Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

  

                                                                                   

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.МӨНХЗУЛ                                         

                                               ШҮҮГЧ                                             Т.ТУЯА                                                                                                    

                                                                                                      Н.БАТЗОРИГ