Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 121/ШШ2023/0022

 

2023 оны 08 сарын 07-ны өдөр            Дугаар 121/ШШ2023/0022                                  Арвайхээр сум

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй даргалж, тус шүүхийн Б дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “.........” ХХК,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: .........

            Хариуцагч: Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .........

Гуравдагч этгээд: “.........” ХХК

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч .........нарын хоорондын барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгохтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв. 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ........., хариуцагч Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ........., гуравдагч этгээд “.........” ХХК-ийн захирал ........., гуравдагч этгээдийн өмгөөлөгч ........., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1 “.........” ХХК нь анх Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан “Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр “.........” ХХК-д олгосон .........дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралт 2 удаагийн сунгалтын хамт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 121/ШЗ2022/0185 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

            2. “.........” ХХК-аас 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дээрх нэхэмжлэлээ дахин гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 121/ШЗ2022/0189 дугаар “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах хугацаа тогтоох тухай” захирамжаар нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг тодруулахаар хугацаа тогтоож шийдвэрлэсэн.

            3. “.........” ХХК-ийн “Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр “.........” ХХК-д олгосон .........дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралт 2 удаагийн сунгалтын хамт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч тус шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 121/ШЗ2022/0241 дугаар захирамжаар Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 121/ШЗ2022/0249 дугаар захирамжаар тус захиргааны хэрэгт “.........” ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

            4. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр “.........” ХХК-д олгосон .........дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралт 2 удаагийн сунгалтын хамт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгох” гэж тодорхойлсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй байна.

5. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

“... 1/ Зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах эрхийг зөрчсөн.

2022 оны 05 дугаар сард “.........” ХХК нь Өвөрхангай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр олгосон .........дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг үндэслэн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын …. дугаар баг, Ренчинпэлжээ гудамж … тоот хаягт байрлах ......... нэгж талбарын дугаартай 487 мкв талбайтай газарт барилгын ажил эхэлсэн билээ. Уг компани барилгын ажил эхлэхдээ хойд талд нь байрлах манай “.........” ХХК-ийн хашааг зөвшөөрөлгүй онгойлгож, компанийн эзэмшлийн ............ нэгж талбарын дугаартай газрын урд хэсгээс 2 метр өргөн, 60 метр урт 120 мкв орчим газрыг доош З м орчим гүн ухаж манай компанийн Газрын тухай хуулийг үндэслэн төртэй байгуулсан “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний 3.1-д “... гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах эрхийг зөрчсөн.

2./ Хууль тогтоомж зөрчсөн.

Энэ асуудлыг шалгаж шийдвэрлүүлэхээр Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хандсан.      

Мэргэжлийн хяналтын газрын шалгалтын явцад Өвөрхангай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр “........." ХХК-д олгосон .........дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ болон түүний сунгалтууд Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм, Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт, Хот байгуулалтын тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Барилгын тухай хууль, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль, Газрын тухай хууль, Хог хаягдлын тухай хууль зэрэг олон хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж олгогдсон нь тогтоогдсон.

Мөн “.........” ХХК-ийн барилгын зураг нь манай компанийн эзэмшлийн газрын урд хэсэгтэй давхцаж байгаа нь тогтоогдсон.

“.........” ХХК нь мэргэжлийн хяналтын газрын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах албан бичгийн хүрээнд одоогоор ямар нэг арга хэмжээ авсан талаар мэдэгдээгүй.

Манай компани дээрх эзэмшлийн газартаа орон сууцны зориулалтаар барилга барихаар барилгын зураг хийлгэж байсан бөгөөд “.........” ХХК-д хууль зөрчиж барилга барих зөвшөөрөл олгосноос үүдэж манай компани газар эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлж чадахгүйд хүрч төлөвлөсөн ажил маань зогссон” гэжээ.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагад Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “.........” ХХК-д олгосон .........дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралт 2 удаагийн сунгалтын хамт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж байгаа. Энэхүү зөвшөөрөл нь яагаад хууль бус вэ? гэхээр Мэргэжлийн хяналтын газрын шалгалтаар олон төрлийн хууль зөрчиж, хот тосгоны төлөвлөлт, барилгажилт, норм ба дүрэм, орон сууцны барилгын зураг төсөл ба төлөвлөлт, Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, кадастрын зураг ба Газрын кадастрын тухай хууль, Газрын тухай хууль, Хог хаягдлын тухай хуулиудын холбогдох заалтуудыг болон нийтийн эрх ашиг мөн “.........” ХХК-ийн газар эзэмших эрхийг нь зөрчиж барилга барих зөвшөөрөл олгосон гэж үзэж байгаа. Өвөрхангай аймгийн “Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “.........” ХХК-д олгосон .........дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралт 2 удаагийн сунгалтын хамт хууль бус гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

7. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:

“... Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд “.........” ХХК-ийн захиалгаар баригдахаар зураг төсөл нь 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Барилгын Хөгжлийн төвийн ............ дугаартай магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажсан.

Тус барилгын газрын гэрчилгээ, архитектур төлөвлөлтийн даалгавар, байршлын схем, техникийн нөхцөлүүд олгогдсон. Барилгын зураг төсөл гүйцэтгэх тусгай зөвшөөрөл бүхий “.........” ХХК-аар зураг төсвийг гүйцэтгүүлж, барилга угсралтын ажлын тусгай зөвшөөрөл бүхий “Их гүрний бүтээмж констракшн” ХХК-аар барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлж байгаа болно.

Магадлалын ерөнхий дүгнэлтийн хавсралт №2-ийн 1-д Экспертийн санал, илэрсэн алдаа зөрчлийн биелэлтэд захиалагч “.........” ХХК-тай харилцан зөвшилцөж зураг төслийг боловсруулсан гэж тайлбарласан байна. Барилгын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т барилга байгууламжийн зураг төслийн холбогдох хэсгийг боловсруулсан зохиогч тухайн зураг төслийг баталгаажуулан, мэргэжлийн хариуцлага хүлээх; 38.1.3. зураг төсөл зохиогч хуулийн этгээд барилга байгууламжийн зураг төслийг хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагад нийцсэн эсэхэд хяналт хийж баталгаажуулан, хариуцлага хүлээх; 39 дүгээр зүйлийн 39.4.-т Эксперт барилга байгууламжийн зураг төслийн холбогдох хэсэгт магадлалын дүгнэлт гаргаж, мэргэжлийн хариуцлага хүлээнэ, 39.5.-д Экспертийн эрх бүхий хуулийн этгээд барилга байгууламжийн зураг төслийг хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагад нийцсэнийг нотолж, техникийн шийдлийн талаарх дүгнэлт гаргаж, хариуцлага хүлээнэ гэж тус тус заасан байдаг.

Иймд Барилгын хөгжлийн төвөөс магадлалын дүгнэлтийг хүчингүй болгосон тохиолдолд зөвшөөрлийг цуцлах боломжтой болно. Мэргэжлийн хяналтын байцаагч гаргасан дүгнэлтээ үндэслэн барилга угсралтын ажлыг зогсоох боломжтой” гэжээ.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын зүгээс иргэний гаргасан хүсэлтийн дагуу болон Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль журмын дагуу барилга барих зөвшөөрөл олгосон. Үүнд юуг үндэслэсэн бэ? гэхээр Монгол улсын хуулийн дагуу улсын эскизээр батлагдсан зургийн дагуу зөвшөөрөл өгсөн. Манай геодезийн инженерүүд, хөндлөнгийн аудитын байгууллагууд, барилгын төсөл хариуцсан “.........” ХХК-ийн холбогдох хүмүүс байлцсан. Мэргэжлийн хяналтын дүгнэлтийг үгүйсгэсэн зүйл ярьж байна. Барилгын ажлын зурагт мэргэжлийн хяналтын газар, эрүүл ахуйн хорио цээрийн дүгнэлт гаргасны дараа барилга барих зөвшөөрөл улсын эскизээр батлагддаг. Тэгэхээр мэргэжлийн хяналтын газрын барилгын улсын байцаагч, эрүүл ахуйн улсын байцаагч нар дүгнэлтээ гаргаад газрын дарга нь тухайн зургийг баталсан байгаа. “.........” ХХК-ний газар луу орсон, түүний эрх ашгийг хөндсөн зүйл байхгүй гэв.

9. Гуравдагч этгээд “.........” ХХК-аас шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“... Нэхэмжлэгч “.........” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгчийн эзэмшил газарт хууль бус үйлдэл гаргаагүй. Харин ч “.........” ХХК болон түүнтэй холбогдол бүхий хүмүүсээс удаа, дараа одоог хүртэл манай талд хандсан хууль бус үйлдлүүдийг гаргасаар байгаа нь баримтаар нотлогдоно.

Миний бие тухайн газрыг хуульд заасан журмын дагуу эзэмшдэг болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна” гэжээ.

            10. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч .........аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч өөрийн эрх ашгийг хамгаалах зорилгоор өөрийн газар луу хамааралтай байна гэдэг байдлаар нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийн хүрээнд хэрэгт шаардлагатай бүх нотлох баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр бүрдүүлж цуглуулж өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Тус шүүх хуралдааны хүрээнд нэхэмжлэгч “.........” ХХК-ийн газар луу ороогүй байна гэдэг зүйл нотлох баримтын хүрээнд тогтоогдож байгаа. Нэхэмжлэгч болохоор нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл бүхий байдлыг өмгөөлөгч нь тайлбарлахдаа Барилгын тухай хууль, Хог хаягдлын тухай хууль зэрэг холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн байна гэж байгаа. Энэ нь тус компанийн ямар эрх ашгийг хөндөөд байгаа тухай нь байхгүй. Зүгээр л “.........” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулъя гэдэг байр суурьтай оролцож байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх энэ хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхэд болон, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.  Хэргийн үйл баримтын тухайд.

2.1. Гуравдагч этгээд “.........” ХХК-ийн захирал ......... /Р........./-д Өвөрхангай аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ..... дугаар захирамжаар Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ... дугаар баг, Ринчинпэлжээ гудамж, .... тоот хаягт нэгж талбарын ........... дугаар бүхий 487.0 м.кв газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар, 36 жил 9 сарын хугацаатай эзэмшүүлэхээр олгож,

2.2. Өвөрхангай аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Газар ашиглалтын зориулалтад өөрчлөлт оруулах тухай” ....... дугаар захирамжаар иргэн .........ын хүсэлтийн дагуу уг газрын зориулалтыг нийтийн орон сууцны зориулалттай болгон өөрчлөлт оруулснаар тус газар дээрээ орон сууцны барилга барих зорилгоор анх 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн АТД-04 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу нийт 487.0 м.кв эдэлбэр газрын 70 хувиас ихгүй газар нь төлөвлөлтийн талбай байхаар схем зураг, болон загварын зургийг батлуулан, 2019 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр .........дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авч, 2020 оны 06 дугаар 22-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгажээ.

3. Нэхэмжлэгч “.........” ХХК нь “Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр “.........” ХХК-д олгосон .........дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралт 2 удаагийн сунгалтын хамт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгох” шаардлага гаргаж, түүний үндэслэлээ ... Уг компани нь барилгын ажил эхлэхдээ хойд талд нь байрлах манай “.........” ХХК-ийн хашааг зөвшөөрөлгүй онгойлгож, манай компанийн эзэмшлийн .......... нэгж талбарын дугаартай газрын урд хэсгээс 2 метр өргөн, 60 метр урт газрыг доош 3 метр орчим ухаж, Манай компанийн ... газар эзэмших, ашиглах эрхийг зөрчсөн, “.........” ХХК-д олгосон .........дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, түүний сунгалтууд Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм, Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт, Хот байгуулалтын тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Барилгын тухай хууль, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль, Газрын тухай хууль, Хог хаягдлын тухай хууль зэрэг олон хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж олгогдсон нь тогтоогдсон. Мөн “.........” ХХК-ийн барилгын зураг нь манай компанийн эзэмшлийн газрын урд хэсэгтэй давхцаж байгаа нь тогтоогдсон” гэж маргаж байна.

4. Нэхэмжлэгчээс “.........” ХХК-д олгосон .........дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, түүний сунгалтууд нь холбогдох хууль, тогтоомж зөрчсөн талаар Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн .............. дугаартай “Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай” албан шаардлагыг үндэслэл болгон тайлбарладаг бөгөөд тус албан шаардлагаар гуравдагч этгээд “.........” ХХК-д хандан 1. Урд талд байрлах хоёр давхар конторын барилгын өрөөний цонхтой хөндлөн талын хоорондох зайг 10м-ээс багагүй байхаар, нарны гэрлийн тусгалын үргэлжлэх хугацааг тооцож төлөвлөх, барих,

2. Барилга хоорондын зай хэмжээ зөрчин барилга барихгүй байх, одоо байгаа барилгын суурь, даацын хана бусад бүтээцэд нөлөөлөхгүй байх, ухсан шороог нягтруулан аюулгүй байдлыг бүрэн хангах,

3. Барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын зураг төсөл хийлгэж хөдөлмөрийн аюулгүй байдал, аюултай бүсчлэлийн заагийг тусгуулах магадлалаар баталгаажуулах,

4. Барилга байгууламж болон үйл ажиллагааныхаа талаарх иж бүрэн мэдээллийг тухайн нутаг дэвсгэрт нийтэд ил тод харагдахаар байрлуулах,

5. Барилгын ойр орчинд явган хүний урсгал хөдөлгөөн их байх тул хүн, эд зүйл унах аюулаас хамгаалах тор, хаалт, татлага, аюултай бүсийг тогтоож ажлын талбайн гадна хашаа, хашлага хамгаалалт зэргийг хийх, хариуцсан манаачтай болгож холбогдох хуулийн дагуу орчны болон аюулгүй байдлыг хангаж ажиллах ,

6. Тухайн барилга байгууламж дээр ажиллаж буй инженер, техникийн ажилтнуудыг мэргэжлийн хариуцлагын даатгалд, бусад ажилтнуудыг амь насны даатгалд хамруулах

7. Эдэлбэр газарт ногоон байгууламж, тоглоомын талбай, гэрэлтүүлэг, авто зогсоол зэргийг эдэлбэр газрын 30 хувьд тооцож төлөвлөх,

8. Газрын байршил тогтоолгохдоо эрүүл ахуйн дүгнэлт гаргуулах, мөн барилга байгууламжийн зураг төсөлд эрүүл ахуйн дүгнэлт гаргуулах,

9. .........талбарын дугаартай газар дээр барьж байгаа “.........” ХХК-ийн үйлчилгээний төвтэй 24-айлын орон сууцны барилгын зүүн урд хэсгийн хундаамны суурь нь ......... ХХК-ийн кадастрын эргэлтийн цэг рүү 80 см

орсон, хойд талын ............. нэгж талбарын дугаартай кадастрын эргэлтийн цэг рүү 2 метр орсон тул газрын талбайн хэмжээ, байрлалыг өөрчлөхгүйгээр өөрийн кадастрын эргэлтийн цэгийн дагуу газраа ашиглах

10. “.........” ХХК нь орон сууцны барилга барихдаа “........... ТӨХК-ийн эзэмшил ашиглалтад байгаа газар, оффисын барилгад, хойд талын ........... нэгж талбарын дугаартай газарт хохирол учруулахгүйгээр үйл ажиллагаа явуулах зэрэг ажлуудыг хийх шаардлагуудыг тавьж ажиллажээ.

5. Эдгээр шаардлагууд нь уг барилгын ажлын захиалагч болох “.........” ХХК-нд олгогдсон барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болохгүй бөгөөд дээрх шаардлагад нийцүүлэн барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэхэд нэхэмжлэгчийн өөрийн эзэмшлийн газраа хууль ёсны дагуу, эзэмших, ашиглах эрхэд халдсан гэж дүгнэх боломжгүй байна.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “Нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг, 52 дугаар зүйлийн 52.5.1-т “захиргааны актыг ... хүчингүй болгох ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн”-ийг тодорхойлохоор заасан. Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх хууль зүйн үр дагавар үүсэх учиртай.

7. Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “Барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтэд дараахь баримт бичгийг хавсаргана” гэж заасны дагуу Гуравдагч этгээд “.........” ХХК-нь Барилгын тухай хуулийн 28.2.1-28.2.5-д зааснаар гуравдагч этгээд “.........” ХХК-нь барилга байгууламжийн бүдүүвч зураг, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын дүгнэлт, Өвөрхангай аймгийн “Мэдээлэл, холбоо, сүлжээ” ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ..... дугаар, Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ....... дугаар, “Онги ус суваг” ОНӨААТҮГ-ын 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн ...... дугаар техникийн нөхцөлүүд, Барилгын хөгжлийн төвийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 417/2019 дугаар барилга, байгууламжийн зураг төслийн магадлалын ерөнхий дүгнэлт, түүний хавсралтууд, архитектур төлөвлөлтийн даалгавар, зураг төсөл зохиогч хуулийн этгээд “.........” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, газрын гэрчилгээ, барилгын инженер-геологийн “..........” ХХК-ийн геологийн судалгааны дүгнэлт зэрэг бичиг баримтуудад үндэслэн Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын .........дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгосон болох нь тогтоогдож байна.

8. Иймд хариуцагч нь Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 “барилгын ажлын зөвшөөрлийг дараах эрх бүхий этгээд олгоно”, 27.1.3 “энэ хуулийн 27.1.1, 27.1.2-т зааснаас бусад зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга”, 28.2-т “Барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтэд дараахь баримт бичгийг хавсаргана”, 28.6-д “Энэ хуулийн 27.1-д заасан байгууллага энэ хуулийн 28.2, 28.3, 28.4-т зааснаас бусад баримт бичиг шаардахыг хориглоно”, Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрмийн 4.1-т “Барилгын ажлын зөвшөөрлийг энэ дүрмийн 1 дүгээр хавсралтад заасан гэрчилгээгээр баталгаажуулан олгоно” гэж заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

9. Мөн нэхэмжлэгчээс “.........” ХХК-нь барилгын суурийн нүх ухах явцдаа манай эзэмшлийн ........... нэгж талбарын дугаартай газрын урд хэсгээс 2 метр, өргөн нь 60 метр урт, 120 м.кв орчим газрыг доош 3 м орчим гүн ухаж манай компанийн хууль болон гэрээнд заасан газраа эзэмших, ашиглах эрхийг зөрчсөн гэж маргасан.

10. Хавтаст хэрэгт авагдсан Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн баримтад авагдсан “Нэгж талбар болон барилгын суурийн хэмжилтийг тодорхойлсон” шинжээчийн дүгнэлтээр[1] “...Техникийн нөхцөлөөр олгогдсон барилгын байршлын эргэлтийн хойд Б, В цэгийг .........талбарын дугаартай зурган мэдээлэлтэй давхцуулан үзэхэд баруун хойд талын Б цэг 0.472 метр, зүүн хойд талын В цэг 0.090 метрийн зайтай .........ын эзэмшил газарт орж байна.

11. Барилгын суурийн нүх ухсан газар шорооны ажил хийгдсэн талбайн хойд талын ирмэгийн хэмжилтийн үр дүнг ........... нэгж талбарын дугаартай “.........” ХХК-ийн эзэмшил газрын кадастрын зурагтай давхцуулан үзэхэд .........ын эзэмшил газрын баруун хойд талын эргэлтийн цэгээс 1.794 метр, зүүн хойд талын эргэлтийн цэгээс 2.653 метр, уртаараа 36.9 метр буюу нийт 639.2 м.кв талбайд газрыг ухсан байна” гэжээ.

12. Мөн тус шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 121/ШЗ2023/0037 дугаар “Хүсэлт шийдвэрлэх тухай” шүүгчийн захирамжийн дагуу маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн явцад Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын баталсан “.........” ХХК-ийн 24 айлын орон сууцны барилгын бүдүүвч зурганд авагдсан координат 4 цэгээр хэмжилт хийж үзэхэд барилгын суурийн тэнхлэг 12 м х 43 м харьцаатайгаар цэгийг тогтоосон ба Уг цэг нь .........ын эзэмшлийн 487 м.кв газарт багтаж байх бөгөөд нэхэмжлэгч “.........” ХХК-ийн газарт нэвтрээгүй болохыг тогтоосон.

13. Харин гуравдагч этгээд “.........” ХХК-ийн захиалгаар Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах түүний эзэмшлийн газарт баригдах 24 айлын орон сууцны барилгын ажлын суурийн нүхийг ухах явцдаа хөрш газар болох “.........” ХХК-ийн эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй нэвтэрсэн гэх зөрчлийг Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрх бүхий албан тушаалтны 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ........ дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн .........ыг “.........” ХХК-ийн эзэмшил газар луу халдаж, бусдын эзэмшил газарт саад учруулсан үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 12 дугаар зүйлд зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “.........” ХХК-ийн захирал ......... нь энэхүү зөрчлийг хүлээн зөвшөөрч торгуулийн мөнгийг төлсөн гэж мэдүүлсэн.

14. Хэдийгээр барилгын ажил гүйцэтгэх явцдаа гуравдагч этгээдийн зөвшөөрөлгүйгээр түүний эзэмшил газарт дур мэдэн халдсан нь тогтоогдож Зөрчлийн тухай хуульд заасан арга хэмжээ авагдсан болох нь тогтоогдсон боловч энэхүү үндэслэлээр гуравдагч этгээд “.........” ХХК-д олгосон барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

  Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.3, 28 дугаар зүйлийн 28.1-т зааснуудыг баримтлан нэхэмжлэгч “.........” ХХК-ийн Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр “.........” ХХК-д олгосон .........дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралт 2 удаагийн сунгалтын хамт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар нь 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              

 

[1] Хавтас хэргийн 139 дүгээр хуудас.