| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 194/2026/0332/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/698 |
| Огноо | 2026-03-17 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2026/ШЦТ/698
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд,
нарийн бичгийн дарга С.Оюунбат,
улсын яллагч М.Энхбаатар,
шүүгдэгч Х.О, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр нарыг оролцуулан эрүүгийн 2406070012726 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр ******* төрсөн, 44 настай, эрэгтэй, боловсролгүй, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ганцаараа ********* тоотод оршин суух хаягтай, урьд
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2002 оны/ 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн.
Х овогт Х.О- /регистрийн дугаар: ********/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Х.О- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Б дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** байрны ** давхарт иргэн Д.У-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний биед халдаж, биед баруун эгэм ясны зөрсөн хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокуророос Х.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Д.У-, гэрч Х.А- нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн ЕГ0725/1116 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгч Х.О-ын яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Х.О- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Б дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** байрны ** давхарт иргэн Д.У-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний биед халдаж, биед баруун эгэм ясны зөрсөн хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.О-ын хохирогч Д.У-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
шүүгдэгч Х.О- нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “…Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
түүний мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Тухайн өдөр буюу 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр би ****** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэр **** байр буюу манай хамаатан Б-ын гэрт 6 хонож байсан. Тэгтэл тухайн өдөр 09 цагийн үед найзтайгаа пиво, нэг шил архи уугаад, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Манай найз яваад өгсөн, тэгээд би буцаад Б-ын гэрт орох гэж байтал нэг үл таних эмээ Б-ын гэрт араас дагаад орж ирээд “муу архичин, зайл, чамайг хөөнө, энд архи уудаг хүн байхгүй" гэхээр нь би тухайн эгчид хандан "би ариун цэврийн өрөө орчхоод унтлаа" гэтэл тухайн эгч “чамайг нойл оруулахгүй, хөөж гаргана” гэхээр нь би тухайн эгчийг гараараа цээж хэсэг рүү нь түлхтэл тухайн эгч хуучны орос паарны турба мөргөөд унасан. Тэгээд босож ирээд намайг цагдаа дуудаж өгнө гээд хацар хэсэг рүү нэг алгадсан. Тэгэхээр нь би тухайн эгчийг түшээд гэрт нь оруулчхаад буцаж орж ирээд унтчихсан. Удалгүй цагдаа нар ирээд намайг авч явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-57/,
Хохирогч Д.У-ийн түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хөрш айлын хөгшин Б эмнэлэгт хэвтсэн. Ингээд 16-ны өдрөөс гэрийн харахаар Б-ын хүргэн ахын дүү гэх залуу ирсэн юм. Тэр залуу ирсэн өдрөөс хойш архидан согтуурсан бөгөөд 19-ний өдөр 08 цагийн үед би уг залуутай гэрийн үүдэнд таарч, уг залууд хандаж “манай подволд архи уудаг хүн байхгүй чи одоо яв" гэж хэлсэн намайг багалзуурдаж "чамайг алсан ч яадаг юм” гэж хэлээд чирээд явахад би ухаан алдаж унасан. Эргээд би ухаан ороход гэмтлийн эмнэлэгт сэрсэн юм. Би хөдөлж чадахгүй баруун талын эгэм хугарсан байсан. Манай подволд нийт 8 айл байдаг. Тухайн намайг зодуулдаг өдөр хүмүүс ажилдаа явчихсан байсан. Харин зүүн талын айлын Саруул гэх хөгшин намайг зодуулж байхыг хараад СӨХ-ийн дарга Одсүрэнд утсаар хэлсэн байсан. Баруун талын эгэм хугарсан. Намайг 20-ны өдөр гэртээ байхад Б-ын хамаатан садангийн 2 эмэгтэй ирээд та цагдаагийн байгууллагад гомдолгүй гэж хэлчих гэж хэлээд өвчин намдаах эм, 100,000 төгрөг өгсөн. 2 хоногийн дараа мөн 200,000 төгрөг, 10 дугаар сарын 05-ны өдөр 200,000 төгрөг өгчхөөд бид нар дахин мөнгө өгч чадахгүй гэж хэлээд явсан. Надад гомдолтой байна хуулийн дагуу шалгана уу. Хяналтын камер байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,
түүний дахин өгсөн: “...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгохгүй. Надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 60/,
гэрч Х.А-гийн түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний төрсөн дүү О- ...19-ны өдөр миний гар утас руу О- яриад Ба-гийн ахын хөрш айлын хөгшин настай хүнийг мангасдаад түлхсэн унаад эгэм нь хугарч, би Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр байна гэж хэлээд би Ба-тэй утсаар яриад гэрийн заалгаад хөрш айл У- гэх хүний утасны дугаарыг аваад ярьсан эмнэлэг дээр байна гэж хэлээд би хүлээж байгаад 22 цагийн үед гэрт нь уулзаж, эмчийн (бичгийн дагуу эм авч өгөөд 100,000 төгрөг өгсөн, 22-ны өдөр 200,000, 23-ны өдөр 200,000 төгрөг нийт 500,000 төгрөг У-т өгсөн юм. Өөрөө У- надад хэлэхдээ гомдол саналгүй боллоо гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” №ЕГ0725/1116 дугаартай “Д.У-ийн баруун эгэм ясны зөрсөн далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 68-69/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн тухай 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн тэмдэглэл /хх-ийн 15/,
Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Урьдчилан сэргийлэх, шуурхай удирдлагын тасагт 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 16/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Х.О- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Б дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** байрны ** давхарт иргэн Д.У-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний биед халдаж, биед баруун эгэм ясны зөрсөн хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Х.О-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хохирогчийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар
Шүүгдэгч Х.О-ын үйлдлийн улмаас хохирогч Д.У-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч Эрүүл мэндийн даатгалын сангаас 249.782 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан.
Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчид 500.000 төгрөг төлсөн, хохирогч нь “надад ямар нэгэн гомдол санал байхгүй, сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгохгүй” /хх-ийн 60/ гэсэн тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” нөхөн төлүүлэхээр заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилсэн 249.782 төгрөгийг шүүгдэгч Х.О-оос гаргуулах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт Х.О-ыг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Х.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.О- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож сольдог болохыг түүнд тайлбарласугай.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т тус тус зааснаар шүүгдэгч Х.О-оос 249.782 төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.О-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР