Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2021/ДШМ/064

 

Ж.Хадбаатар, Өгөөж дүүрэн нутаг нөхөрлөлд тус тус

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Нямдорж, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор В.Дэлгэрмаа

Цагаатгагдсан этгээд Ж.Хадбаатар, түүний өмгөөлөгч Т.Пүрэвдаваа, П.Өлзийбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Цогдэлгэр нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/224 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор В.Дэлгэрмаагийн бичсэн эсэргүүцлээр Ж.Хадбаатар, Өгөөж дүүрэн нутаг нөхөрлөлд тус тус холбогдох эрүүгийн 2014003630423 дугаар хэргийг 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Ахиад овогт Жавзаны Хадбаатар, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн дугаар ВИ79110429,

Монгол улсын хуулийн этгээдийн бүртгэлийн 000138888 дугаарт бүртгэлтэй, тоног төхөөрөмжийн худалдааны чиглэлээр үндсэн үйл ажиллагаагаа явуулах эрхтэй, 9 хүний гишүүнчлэлтэй, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Задгай 4 дүгээр багт байрлах хаягтай, Өгөөж дүүрэн нутаг нөхөрлөл, регистрийн дугаар 3135918,

Улсын бүртгэлийн 0321001111 дугаартай бүртгэгдсэн регистрийн 3135918 дугаартай “Өгөөж дүүрэн нутаг” нөхөрлөл буюу хуулийн этгээд нь өөрийн ашиг сонирхлын төлөө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг даргатай байгуулсан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээнийхээ дагуу 2020 оны 07 дугаар сард Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Хөх толгой 2 дугаар багийн нутаг “Тогоотын ам” гэх газарт 2 га талбайд ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулахаар гэрээ байгуулсан хэдий ч гэрээнд заасан газраас өөр газарт буюу 682.5м2 буюу 0.07га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулан байгаль орчинд 802.451 төгрөгийн хохирол учруулсан,

Ж.Хадбаатар нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг даргатай байгуулсан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээний дагуу 2020 оны 07 дугаар сард Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Хөх толгой 2 дугаар багийн нутаг “Тогоотын ам” гэх газарт 2 га талбайд ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулахаар гэрээ байгуулсан хэдий ч гэрээнд заасан газраас өөр газарт буюу 682.5м2 буюу 0.07га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулан байгаль орчинд 802.451 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ж.Хадбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1, Өгөөж дүүрэн нутаг нөхөрлөлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Аймгийн прокурорын газраас Ахиад овогт Жавзангийн Хадбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч хуулийн этгээд “Өгөөж дүүрэн нутаг” нөхөрлөлд тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Ж.Хадбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Өгөөж дүүрэн нутаг” нөхөрлөлийн Монгол улсын хуулийн этгээдийн бүртгэлийн 000138817 дугаартай тоног төхөөрөмж худалдаалах чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх 000138888 дугаартай хуулийн этгээдийн гэрчилгээ 1 ширхэгийг /1-р хх-ийн 230 дугаар талд байгаа/ , шүүгдэгч Ж.Хадбаатарт буцаан олгож, СД-ийн 1 ширхгийн хэргийн хадгалах хугацаа дуустал хэргийн хамт хадгалж, Иргэний нэхэмжлэгч Д.Тулгын эзэмшлийн ...Daewoo-55 маркийн SL-55G гэсэн бичиглэлтэй 21302 серал дугаартай улаан өнгийн жижиг трактор...ыг, иргэний нэхэмжпэгч Б.Далайхүүгийн эзэмшлийн ... Нуudai robex 55I-7 маркийн М80110266 аралын дугаартай шар өнгийн жижиг оврын трактор..ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, иргэний нэхэмжлэгч Д.Тулга, Б.Далайхүү нарт тус тус буцаан олгож, Ж.Хадбаатар нь хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор В.Дэлгэрмаа тус шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Үүнд:

- Хэргийн үйл баримтын тухайд “шүүгдэгч улсын бүртгэлийн 0321001111 дугаартай бүртгэгдсэн регистрийн 3135918 дугаартай Өгөөж дүүрэн нутаг нөхөрлөл буюу хуулийн этгээд нь өөрийн ашиг сонирхлын төлөө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг даргатай байгуулсан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээнийхээ дагуу 2020 оны 07 дугаар сард Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Хөх толгой 2 дугаар багийн нутаг Тогоотын ам гэх газарт 2 га талбайд ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллаа явуулахаар гэрээ байгуулсан хэдий ч гэрээнд заасан газраас өөр газарт буюу 682.5м2 буюу 0.07га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулан байгаль орчинд 802.451 /найман зуун хоёр мянга дөрвөн зуун тавин нэгэн/төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж, байгаль орчинд 802.451 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

Шүүгдэгч Өгөөж дүүрэн нутаг нөхөрлөл буюу хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан Ж.Хадбаатар нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг даргатай байгуулсан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээний дагуу 2020 оны 07 дугаар сард Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Хөх толгой 2 дугаар багийн нутаг Тогоотын ам гэх газарт 2 га талбайд ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллаа явуулахаар гэрээ байгуулсан хэдий ч гэрээнд заасан газраас өөр газарт буюу 682.5м2 буюу 0.07 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулан байгаль орчинд 802 451 /найман зуун хоёр мянга дөрвөн зуун тавин нэгэн/ төгрөгийн хохирол учруулсан” болох нь нотлогдсон.

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд “хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын өгсөн мэдүүлэгт шүүгдэгч Ж.Хадбаатарыг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлосон гэж яллах ач холбогдол бүхий мэдүүлэг байхгүй, Ж.Хадбаатар нь гэрээний дагуу бичиг уурхайн үйл ажиллагаа явуулахаар техник буюу 2 ширхэг тракторыг 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Хөх толгой 2 дугаар багийн нутаг Тогоотын ам гэх газарт байршуулсан талаар дээр дурдагдсан хэрэгт авагдсан оролцогч нар мэдүүлсэн, шүүгдэгч Ж.Хадбаатар нь техник тоног төхөөрөмжийг байршуулсан явдал нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засан даргатай байгуулсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай” гэрээний дагуу хууль бус ашигт малтмал хайх, ашиглах, олборлохоор техник тоног төхөөрөмж байршуулж бэлтгэл ажил хийсэн гэж үзэх боломжгүй байна” гэж огт үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

Учир нь прокуророос яллах дүгнэлтдээ “...гэрээ байгуулсан хэдий ч гэрээнд заасан газраас өөр газарт буюу 682.5м2 буюу 0.07 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулсан...” гэж буюу гэрээнд заасан газраас үргэлжлүүлэн биш зөвшөөрөгдсөн талбайгаас огт өөр Ашигт малтмал газрын тосны газрын ямар нэгэн дүгнэлтгүй газарт зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэж үзсэн болно.

Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад “Өгөөж дүүрэн нутаг” нөхөрлөлийн гэрээнд заасан газраас хэтрүүлэн ухсан гэх нөхцөл байдал нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй болно.

Нөгөөтээгүүр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр тухайн хууль бус үйл ажиллагаа явуулсан гэх 0.07 га газар нь хэдий хуучин эвдрэлд орсон газар ч нүдээр үзэж, харахад илтэд шинээр үйл ажиллагаа явуулснаас ухагдсан нүх, цооног бий болж, эвдрэлд орсон байхад ямар ч үйл ажиллагаа явуулаагүй мэт үзсэн нь үндэслэлгүй юм.

Монгол улсын Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.23-т заасан “энэ хуулийн 12.1.5-д заасны дагуу сум, дүүргийн Засаг даргын гаргасан хүсэлтийг хүлээн авч сонгосон газар нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан эсэх талаар дүгнэлт гаргаж, газрын хэмжээ, хил хязгаарыг тогтоох” гэж заасан байдаг бөгөөд Монгол улсын Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор баталсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”- ын 9 дүгээр зүйлийн 9.1.1.энэхүү журмын 8.1.3-т заасан хүсэлтийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 11.1.23-д заасан дүгнэлтийг ажлын 10 хоногт багтаан гаргаж, уг дүгнэлтэд холбогдох мэдээллийг хавсарган аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлэх шаардлагатай тохиолдолд газар дээр нь ажиллах” гэж,

8 дугаар зүйлийн 8.1.3. бичил уурхайн үйл ажиллагаа эрхлэх талаар сум, дүүргийн Засаг даргын Ашигт малтмалын тухай хуулийн 11.1.23-т заасан дүгнэлт гаргуулах хүсэлтийг геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага (цаашид “төрийн захиргааны байгууллага” гэх)-д хүргүүлэх” гэж тус тус зааснаас үзэхэд Өгөөж дүүрэн нутаг нөхөрлөл нь Ашигт малтмалын газрын тосны газраас зөвшөөрсөн дүгнэлттэй талбайд үйл ажиллагаа явуулахаар байтал дээрх үйл ажиллагаа явуулсан талбай нь эрх бүхий байгууллагын дүгнэлтгүй талбай байдаг.

Нөгөөтээгүүр Монгол улсын Ашигт малтмалын тухай хуулийн 3.2 дугаар зүйлд Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг журмаар зохицуулах бөгөөд уг журмыг Засгийн газар батална” гэж заасан бөгөөд Монгол улсын Засгийн газраас 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 151 дүгээр тогтоолоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг батлан гаргасан хэдий ч Засгийн газрын 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 355 дугаартай тогтоолын 1.1 дэх хэсэгт “Бичил уурхай эрхлэгч этгээдэд тавигдах шаардпагыг хангахгүй болсон, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй этгээдийн гэрээг цуцлах, бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох дүгнэлт гарсан талбайд бичил уурхай эрхлэх гэрээ шинээр байгуулахгүй байхыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт” үүрэг болгосон 151 дүгээр тогтоолын биелэлтийг түр түдгэлзүүлсэн гэж үзэхээр байгааг ч шүүх анзаарч үзэлгүй, Сумын засаг даргатай байгуулсан гэрээг төрийн захиргааны холбогдох байгууллагын тусгай зөвшөөрөл гэж үзнэ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь Сумын засаг дарга нь Засгийн газрын 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 355 дугаартай тогтоолыг зөрчиж гэрээ байгуулсан байна.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан бол...” гэж хуульчилсан байна.

Дээрх гэмт хэргийн шинжийг хангахын тулд тусгай зөвшөөрөлгүй байх, тусгай зөвшөөрөлгүй этгээд нь эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан байх, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсанаар уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэхээр байна.

Иймээс Өгөөж дүүрэн нутаг нөхөрлөл болон эрх бүхий албан тушаалтан Ж.Хадбаатар нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэргийн нэр томьёоны утгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж заасны дагуу ашигт малтмал гэж юу болох, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах, хайгуулын тусгай зөвшөөрөл, ашиглалтын тусгай зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл эзэмшигч, “бичил уурхай эрхлэх” гэсэн хууль зүйн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Ашигт малтмалын тухай хуулийг хэрэглэхээр байна.

Монгол Улсын Их Хурлаар 2006 оны 07 дугаар сарын 08-ны өдөр батлагдсан одоо хүчин төгөлдөр үйлчилж буй “Ашигт малтмалын тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлд заасан нэр томьёоны тодорхойлолтод дээрх нэр томьёо нэг бүрийг тодорхойлжээ.

Ашигт малтмалын тухай хуульд “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл” гэж Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх олгосон баримт бичгийг, харин “тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэж Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх авсан, эсхүл түүнийг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу шилжүүлэн авсан хуулийн этгээдийг, “Бичил уурхай эрхлэх” гэж үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд ашигт малтмал олборлох зорилгоор Иргэний хуулийн 481.1-д заасны дагуу бүртгэгдээгүй нөхөрлөлийн, Иргэний хуулийн 35 дугаар зүйлд заасан нөхөрлөл болон 36.4-д заасан хоршооны хэлбэрээр зохион байгуулагдсан иргэдийн эрхэлж байгаа үйл ажиллагаа гэж тус тус хуульчилсан байна.

Үүнээс дүгнэхэд хууль ёсоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулах нь тусгай зөвшөөрлийн дагуу болон бичил уурхай явуулах байдлаар хэрэгжихээр байна.

Тэгвэл тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан гэх ойлголтод Ашигт малтмалын тухай хуулинд заасан үндэслэл, журмын дагуу тусгай зөвшөөрөл олж аваагүй этгээд, мөн Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 151 дугаартай журам батлах тухай тогтоолын хавсралтаар батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын дагуу бичил уурхай эрхлэгч бус этгээд хамаарахаар байна.

Дээрх 2 тохиолдлоос гадна тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан гэх ойлголтод:

Ашигт малтмалын тухай хууль болон “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын дагуу холбогдох тусгай зөвшөөрлөө авсан боловч Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн 27.1.1 дэх заалтад заасан “тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа ашигт малтмалыг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашиглах”, мөн зүйл, хэсгийн 27.1.5 дахь заалтад заасан “уурхайн талбайд ашигт малтмалын хайгуул явуулах”,

“Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 2 дугаар хавсралтын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад заасан “бичил уурхай эрхлэгч этгээдэд олгосон талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаагаа явуулах”, тус журмын 3 дугаар хавсралтын 4 дэх хэсгийн 4.1.1 дэх заалтад заасан “гэрээт талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах” гэсэн үүргээ зөрчиж, зөвшөөрөгдсөн талбайгаас өөр газарт ашигт малтмал хайх, ашиглах олборлох үйл ажиллагаа явуулсныг мөн тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан гэж үзнэ.

Дээрх нөхцөл байдлуудаас нэгтгэн дүгнэхэд шүүхээс хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснийг дагуу гэм буруугүйн асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой юм.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/224 дугаартай цагаатгах тогтоолыг Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн байх тул хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Бичсэн эсэргүүцлээ дэмжиж оролцоно. Цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлнэ үү гэв.

Цагаатгасан этгээдийн өмгөөлөгч нар тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэцгээв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхэд прокурор В.Дэлгэрмаагийн бичсэн эсэргүүцэлд үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзэхэд:

1 дүгээр хавтаст хэргийн 239 дүгээр талд эх байдлаараа авагдсан Улсын бүртгэлийн гэрчилгээг үзэхэд 0321001111 дугаартай бүртгэгдсэн регистрийн 3135918 дугаартай “Өгөөж дүүрэн нутаг” нөхөрлөл нь 9 гишүүнтэй, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа эрхлэх эрхээ болон өмчлөгч нь Ж.Хадбаатар болохоо Улсын бүртгэлд 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр бүртгүүлсэн бичил уурхай эрхлэх эрхтэй этгээд байна.

1 дүгээр хавтаст хэргийн 189-191 дүгээр талд авагдсан “Өгөөж дүүрэн нутаг” нөхөрлөл түүний ахлагч Ж.Хадбаатар нөгөө талаас Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг дарга А.Мөнхжаргал нар харилцан тохиролцож байгуулсан 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ”-нээс харахад 2020 оны 07 дугаар сард Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Хөх толгой 2 дугаар багийн нутаг “Тогоотын ам” гэх газарт 2 га талбайд ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулахаар тохиролцохдоо тухайн гэрээндээ болон бусад нотлох баримтуудаар “Онийн булан” гэх газрын 2 га талбайн цэг солбицолыг нарийвчлан тогтоож улмаар гортиг татаж хүлээлгэн өгсөн болохыг нотлох, нотлох баримт хэрэгт авагдаагүйгээс гадна гэрээний дагуух 2 га талбай мөн өөр газрын 682.5м2 буюу 0.07га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулсан цэг солбицлыг прокурорын яллах дүгнэлтэд бичээгүйгээс эргэлзээтэй, ойлгомжгүй болжээ.

Энэ нь 1 дүгээр хавтаст хэргийн 37-39, 58-59, 100-101 дүгээр талд тус тус авагдсан “...гэрээ хийсний дараагаар ...цэг солбицлыг зааж өгөх гэхээр комисс бүрдээгүй... зааж өгч чадаагүй...” гэх Бөмбөгөр сумын Засаг даргын Тамгын орчны хяналтын улсын байцаагч ажилтай Д.Мөнх-Очирын хохирогч байгууллагын төлөөлөгчөөр оролцож мэдүүлсэн мэдүүлэг, “... би тухайн үед ямар нэгэн бичгийг үндэслэж дээрх цэг солбицолыг гаргаагүй... программ руу “Тогоотын ам” гэх газрын цэг солбицлыг хайхад гарч ирсэн үр дүнг хэвлээд өгсөн юм...” гэх тус сумын газрын төлбөр, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн ажилтай О.Мөнхцэцэгийн гэрчээр өгсөн мэдүүлэг болон “...ашигт малтмалын газрын тосны газраас “Тогоотын ам” гэх газар холбогдуулан гарган ирүүлсэн дүгнэлтийг Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын газрын даамал О.Мөнхцэцэгээс “Өгөөж дүүрэн нутаг” нөхөрлөлд хүлээлгэн өгөхдөө гаргасан Ашигт малтмалын газрын тосны газрын дүгнэлттэй талбайд хамаарахгүй” гэх Нуман-Алтай ХХК-ийн шинжээчийн 1/93 тоот дүгнэлт зэргээр илэрхийлэгджээ.

Нөгөө талаар “Өгөөж дүүрэн нутаг” нөхөрлөл түүний ахлагч Ж.Хадбаатар, нөгөө талаас Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг дарга А.Мөнхжаргал нар нь 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 355 дугаар “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол гарч, хэрэгжсэний дараа байгуулжээ.

Энэ нь Засгийн газрын 355 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн 1.3-д “...бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох дүгнэлтгүй талбайд олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд байнгын хяналт тавих...” 2 дахь хэсэгт “...буруутай этгээдээр нөхөн төлүүлэхийг...” сум, дүүргийн Засаг дарга нарт даалгасан байхад хэрэгжүүлэх, хяналт тавих эрх бүхий Засаг дарга гэрээ байгуулж, Засаг даргын Тамгын газар нь хохирогч болсон ноцтой алдаануудад Засаг дарга болон бусад албан тушаалтнууд хуулиас гадуур байж, тэдний буруутай үйл баримт тогтоогдсон байхад “Өгөөж дүүрэн нутаг” нөхөрлөл түүний ахлагч Ж.Хадбаатарыг гэмт хэрэгт буруутгах нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй юм.

Мөн 2 дугаар хавтаст хэргийн 225-26 дугаар талд авагдсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 1/336 дугаар, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 01/3185 дугаар албан бичгүүдийг үзэхэд Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 3/6 тогтоол нь Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, арга хэмжээтэй нийцэхгүй, Засгийн газрын 355 дугаар тогтоолыг зөрчсөн шийдвэр гэж үзсэн болохыг дурдвал зохино.

“Өгөөж дүүрэн нутаг” нөхөрлөл түүний ахлагч Ж.Хадбаатарын үйлдэл нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1-д “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох нэгж талбайн хэмжээ 5 га-аас ихгүй байна” гэж заасан хэмжээнээс бага, тухайн эвдэгдсэн газар нь урьд өмнө нь уул уурхайн үйл ажиллагаагаар ухагдаж, эвдэгдсэн газар байсан,хохирлын үнэлгээ нь 802451 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан болон дээр дурдсан хэргийн нөхцөл байдлуудыг харгалзан нийгэмд аюултай байх гэмт хэргийн шинжгүй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэж, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Прокурорын “....Өгөөж дүүрэн нутаг” нөхөрлөл нь ...эрх бүхий байгууллагын дүгнэлтгүй талбайд үйл ажиллагаа явуулсан, ...Сумын засаг дарга нь Засгийн газрын 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 355 дугаартай тогтоолыг зөрчиж гэрээ байгуулсан..., ...бичил уурхай эрхлэгч бус этгээд хамаарахаар байна ..., ...гэрээт талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах үүргээ зөрчиж, зөвшөөрөгдсөн талбайгаас өөр газарт ашигт малтмал хайх, ашиглах олборлох үйл ажиллагаа явуулсныг мөн тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан гэж үзэх ... тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх...”-ээр бичсэн эсэргүүцлийг дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дүгээр зүйлийн 22.4.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/224 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, Прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ Л.НЯМДОРЖ

Г.УЛАМБАЯР