Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 15

 

Капитал банк ХХК-ийн нэхэмжлэлтэй Ж.Бт

холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж  заалдах шатны  шүүхийн Иргэний хэргийн  шүүх  хуралдааныг Ерөнхий шүүгч  М.Мөнхдаваа  даргалж, шүүгч Б.Болор-Эрдэнэ,  Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 22-ны  өдрийн 131/ШШ2019/00252  дугаар  шийдвэртэй

Нэхэмжлэгч Капитал банк ХХК-ийн  нэхэмжлэлтэй   

Хариуцагч Жадамбын Бт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн нийт 11.382.128 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгчдсэн төлөөлөгч Ж.Дын давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 19-ний  өдөр  хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, хариуцагчийн өмгөөлөгч Л.Батбаяр, нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нар оролцов. 

Нэхэмжлэгч Капитал банк ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Капитал банк ХХК нь иргэн Ж.Б, Ж.Д нартай  2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 2031000318 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 14.800.000 төгрөгийн зээлийг жижиг дунд бизнесийн зориулалтаар, 36 сарын хугацаатай, сарын 2.2 хувийн хүүтэй олгосон.  Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Баянхонгор сум, 1 дүгээр баг Титэм дэлгүүрийн баруун талд байрлах 90 м2 талбайтай, 1 давхар ажлын байрны зориулалттай байр, эзэмших эрхтэй хэвлэлийн үйлдвэрийн зориулалттай 368 м2  талбайтай  газрыг тус тус барьцаалсан байдаг.

Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 01 дүгээр  сарын 15-ны өдөр дуусгавар болсон боловч иргэн Ж.Б, Ж.Д нар  нь өнөөдрийг хүртэл үндсэн зээл 6.713.542.48 төгрөг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг төлөөгүй ба Капитал банк ХХК иргэн Ж.Б нарын хооронд байгуулсан 2031000318 зээлийн гэрээний 8.3.2, 8.3.3 дахь заалтуудыг тус тус зөрчин банкинд хүндрэл учруулаад байна. Иймд үндсэн зээл 6.713.542.48 төгрөг, зээлийн хүү 4.110.593.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 557.992.82 төгрөг, нийт 11.382.128 төгрөгийг гаргуулж  өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Ж.Б нь 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 36 сарын хугацаатай, сарын 2.2 хувийн хүүтэй 14.800.000 төгрөгийг 3 жилийн хугацаатай авсан. Мөн хэрэглээний зээлийг 2014 оны 8 дугаар сарын 27-нд 24 сарын хугацаатай, 2.6 хувийн хүүтэй зээл давхар авсан ба энэ харилцагч нь хэрэглээний зээл болох зээлээ төлж дуусгасан байгаа. Одоогийн байдлаар бизнесийн зээл нь хугацаа хэтэрсэн явж байгаа. Бизнесийн зээлээс 3.251.258 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийлээд 11.000.000 хугацаа хэтрэлттэй явж байгаа уг зээлээ төлөхгүй байгаа учир нэхэмжлэл гаргасан байгаа гэжээ.

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д шүүхэд гаргасан тайлбартаа:

2015 оны 01 сарын 15-ны өдөр Капитал банкнаас 36 сарын хугацаатай, 14.800.000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Капитал банкны эдийн засагч Ц.А нь 2016 оны 12 сарын 25-ны өдөр зээлийн хугацаа хэтэрсэн байна, зээлийн үлдэгдлийг бүрэн төлж дуусгахыг удаа дараа шаардаж 3.800.000 төгрөгийг бэлнээр авч явсан.  Гэтэл 2016 оны 12 сарын 31-ний өдөр зээл төлөгдөөгүй болохыг мэдээд очиж уулзтал манай найз банкнаас зээл авах гэж байгаа тул түр хаагаад зээл нь гарахаар хийнэ гэсэн. Ц.Аг дуудаж баримттай болохын тулд зээлийн гэрээ хийсэн. Иймд Капитал банкнаас нэхэмжилсэн 6.713.542 төгрөгөөс 3.800.000 төгрөгийг төлөхгүй, мөн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй, тухайн үед эдийн засагч нь надаас мөнгийг авч явсан учир уг ажилтан нь хариуцан төлөх ёстой.  Бид 2.913.542 төгрөгийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг хариуцан төлнө гэв.

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Капитал банкнаас хоёр төрлийн зээл авсан нь үнэн.  Капитал банкны эдийн засагч Ц.А нь зээлээ төл гэж байнга ажил дээр болон гар утас луу ярьдаг байсан.  Манай үйлдвэрт  3.000.000 төгрөгийн орлого  2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр орж ирсэн. Энэ тухай Ц.Ад хэлээд 3.800.000 мянган төгрөг болгоод энэ мөнгийг  Ц.А нь надаас бэлнээр авч явсан.  Капитал банкны  теллерээс зээлийнхээ талаар асуусан тэр үед 3.800.000 төгрөгийг  Ц.А нь зээлд төлөөгүй болохыг мэдсэн юм. Ц.Аг Капитал банкны эдийн засагч учраас итгээд мөнгөө бэлнээр өгч явуулсан, мөн хугацаа нь болон мөнгөн дүнг нь багасгах зорилгоор өгч явуулсан. Ц.Аг өөр зүйлд ашигласан гэдгийг мэдээгүй байсан. Ц.Аг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ажиллахаа гарсан гэдгийг мэдсэн. Энэ зээлээс би 6.700.000  төгрөгөөс 3.800.000 төгрөгийг эдийн засагч Ц.Ад өгсөн тухай үед Ц.А нь капитал банкны эдийн засагч байсан учир  энэ хүнээс  3.800.000 төгрөгийг хүүгийн хамт гаргуулж  өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Бээс үндсэн зээл 6.713.542.48 төгрөг, зээлийн хүү 4.001.197 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 384.581 төгрөг, нийт 11.099.320 төгрөгийг гаргуулж Капитал банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 282.808 төгрөгийг хасч, хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Б нь энэхүү шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцаа хөрөнгө болох Баянхонгор аймаг, Баянхонгор сумын 1-р баг, Титэм дэлгүүрийн баруун талд байрлах, 90 м2талбайтай, 3 өрөө үл хөдлөх хөрөнгө /Ү-0320002137/, тус хаягт байрлах 368 м2 эзэмшлийн газар /№0111341/-ыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Капитал банк ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 197.064 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 192.539 төгрөгийг гаргуулж, Капитал банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  

Хариуцагч Ж.Б нь Капитал банк ХХК-иас зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 14.800.000 төгрөгийг жижиг дунд  бизнесийн зориулалтаар авсан нь үнэн. Буцаан төлөлтийг хуваарийн дагуу хийж байхад Капитал банкны эдийн засагч Ц.А нь надаас зээл төлөлтийн  3.800.000 төгрөгийг гаргуулан аваад банкинд тушаалгүйгээр залилан авч хувьдаа завшсан юм. Иймд зээлийн үлдэгдэл 6.713.542 төгрөгөөс Капитал банкны эдийн засагч ажилтай Ц.Агийн албаны нэр барьж авсан 3.800.000 төгрөгийг  Капитал банк өөрийн ажилтны өмнөөс хариуцах ёстой гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие үзэж байна. Учир нь Ц.А нь тэр үед тус Капитал банкны эдийн засагчаар ажиллаж байсан хүн. Зээл төлөлтөө хий гэж ажил дээр удаа дараа ирж дарамт шахалт үзүүлсээр байж авсан юм.  Капитал банкны нэхэмжлэлээс 6.713.542 төгрөгнөөс 3.800.000 төгрөгийг хасаад үлдэгдэл 2.913.542 төгрөгийг хүү болон нэмэгдүүлсэн хүүг нь төлнө гэсэн байр сууринаас анхан шатны шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон, тайлбарласан боловч уг асуудлыг шүүх авч хэлэлцэлгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Шүүхийн хэлэлцүүлэг болж шийдвэр гардаж авах үед хариуцагч Ж.Б нь өвчтэй учир нас барсан болно. Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт: хариуцагч Ж.Бээс үндсэн зээл 6.713.542.48 төгрөг, зээлийн хүү 4.001.197 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 384.581 төгрөг, нийт 11.099.320 төгрөгийг гаргуулж Капитал банк ХХК-д олгохоор болсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.  Тухайн үед  3.800.000 төгрөгийг уг ХХК-ийн хариуцлагатай ажилтан өөрийн биеэр авч явсныг нотлох баримтаар шүүхийн хэлэлцүүлэгт оруулсан болно.

Хариуцагч Ж.Б нь 2019 оны 5 сарын 18-нд өвчний учир нас барсан болно. Мөн шийдвэрт барьцааны гэрээний 7 дугаар зүйлд “барьцааны зүйлийг шүүхээс гадуур худалдах” гэж заасан байхад шүүх шийдвэртээ албадан худалдаагаар худалдан борлуулах үүргийг Баянхонгор аймгийн ШШГГазарт даалгаж  байгаа нь буруу бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна.  Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль бус гэж үзэж хүчингүй болгуулахаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Капитал банк ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Жадамбын Бээс зээлийн гэрээний үүргийн нийт 11.382.128 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Анхан шатны шүүх Ж.Бээс үндсэн зээл 6.713.542.48 төгрөг, зээлийн хүү 4.001.197 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 384.581 төгрөг, нийт 11.099.320 төгрөгийг гаргуулж Капитал банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 282.808 төгрөгийг хасч,  хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр гарсанаас хойш  хариуцагч Ж.Б нь 2019 оны 5 дугаар сарын 18-нд өвчний учир нас барсан боловч хариуцагч Ж.Д нь  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр  оролцож байгаа,  мөн Капитал банк ХХК нь татан буугдсан боловч Капитал банк ХХК  дахь Банкны эрх хүлээн авагчийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн тушаалаар Д.Гг Банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийн ажлын албанд орон нутгийн ажилтнаар томилж хөдөлмөрийн гэрээ байгуулсан  болох нь  тогтоогдож байна. 

Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч хариуцагч талууд эвлэрэн хэлэлцээд хариуцагч Ж.Д нь  үндсэн зээл  2.913.542 төгрөг, хүү  977.659 төгрөг, торгуулийн хүү  195.551 төгрөг нийт  4.086.752 төгрөгийг  Банкны эрх хүлээн авагчийн 2031000054 тоот дансанд 2019 оны 8 дугаар сард төлөхөөр, нэхэмжлэгч  Капитал банкны  Банкны эрх хүлээн авагч талаас  үндсэн зээл 3.800.000 төгрөг, хүү 3.212.586 төгрөг нийт 7.012.568 төгрөгийг болон бусад нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж эвлэрэн хэлэлцсэн болох нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч хариуцагч  талуудын бичгээр гаргасан  Эвлэрлийн гэрээгээр  тогтоогдож байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж  хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй гэж үзнэ. Эвлэрлийн гэрээ нь  Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй  байна гэж үзлээ. 

Нэхэмжлэгч Капитал банк ХХК-иас анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжинд 197.064 төгрөг төлснийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж,  хариуцагч  Ж.Даас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 192.539 төгрөгийг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т зааснаар төрийн сангийн дансанд хэвээр үлдээх үндэстэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4,  168 дугаар зүйлийн 168.2, 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг  удирдлага болгон

ТОГТООХ  нь:

1.  Баянхонгор  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 131/ШШ2019/00252 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Капитал банкны Банкны эрх хүлээн авагч  зөвлөл нь зээлийн гэрээний үүрэгт  нийт 4.086.752 төгрөгийг гаргуулж, үлдэх 7.012.568 төгрөгийг болон зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж,  хариуцагч  Ж.Д нь нийт 4.086.752 төгрөгийг төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 168 дугаар зүйлийн 168.2-т зааснаар Нэхэмжлэгч  Капитал банк ХХК-иас анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 197.064 төгрөг, хариуцагч Ж.Даас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 192.539 төгрөгийг  тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйийн 74.4-т зааснаар  зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                                              ШҮҮГЧИД Б.БОЛОР-ЭРДЭНЭ    

                                                                     Г.УЛАМБАЯР