Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 16

 

Чандмань Андууд Хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлтэй

 Л.А, М.Э нарт холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Б.Болор-Эрдэнэ, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 131/ШШ2019/00457 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд байрлах Чандмань Андууд Хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлтэй

Хариуцагч Л.Ат

Хариуцагч М.Э нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэг 2.880.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт хариуцагч Л.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаагийн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Чандмань Андууд Хадгаламж зээлийн хоршоог төлөөлж захирал Б.Н, хариуцагч Л.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа, хариуцагч М.Эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баасангарав, нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нар оролцов.

Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд байрлах Чандмань Андууд Хадгаламж зээлийн хоршооны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд үйл ажиллагаа явуулдаг Чандмань андууд хадгаламж зээлийн хоршоо нь 2005 онд үүсгэн байгуулагдаж байсан, өдгөө 268 гишүүнтэй хоршоо юм. Л.А нь 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 3.250.000 төгрөгийг лизингийн зориулалтаар нэг сарын 2 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай авсан. Энэ хугацаанаас хойш зээлээ хугацаанд нь төлөлгүй явж байгаад түүний хүсэлтээр 2016 оны 09 сарын 30-ны өдөр зээлийн гэрээг сунгаж шинээр гэрээ байгуулсан. Энэ өдөр хийсэн зээлийн гэрээнд түүний эхнэр М.Э батлан даалтын гэрээг манай хоршоотой хийсэн юм. Ингээд Л.А, М.Э нар нь манай хоршооноос авсан үндсэн зээлийн үлдэгдэл 2.620.000 төгрөг, түүний хүүгийн авлага 260.000 төгрөг буюу нийт 2.880.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Н анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Би энэ хоршооны гүйцэтгэх захирлаар ажилладаг. Манай хоршоо зээлийн үйл ажиллагаа явуулдаг гишүүддээ үйлчилдэг байгууллага юм. А нь 2015 оны 04 сарын 28-ны өдөр анх манай байгууллагаас 3.250.000 төгрөгийн зээл авч 2015 оны 10 дугаар сарын 30-наас 2016 оны 05 дугаар сарын 30- хүртэлх хугацаанд нийт 329.800 төгрөгийн эргэн төлөлт хийгээд өөр төлөлт хийгээгүй юм. Энэ төлөлтөө өөрийн зээл рүү биш М.Эгийн дүү М.Өлзийгийн зээлийн төлөлтрүү хийсэн байдаг.

Ингээд 2016 оны 09 сарын 30-нд өмнөх зээл хүү болох 3.693.529 дээрээ нэмж 1.006.740 төгрөг болох М.Өлзийгийн зээлийн үлдэгдлийг өөрийн зээл дээр нэмж 4.700.000 төгрөгийн зээлийн гэрээг сунгасан юм. Энэ зээлийг сунгаснаас хойш 2016 оны 12 дугаар сарын 13 нд 2.470.000 төгрөгийг нэг удаа хийсэн. 300.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Одоо зээлийн үлдэгдэл 2.620.000 төгрөг хүү 260.000 төгрөгийн нийт 2.880.000 төгрөг нэхэмжилж байгаа юм гэжээ.

Хариуцагч М.Э шүүхэд гаргасан тайлбартаа:

Би тус Хадгаламж зээлийн хоршооноос 2.500.000 төгрөгийг лизингийн бус бэлэн мөнгөөр авсан бөгөөд Хадгаламж зээлийн хоршоо 30 хувь нэмэгдэл гэж миний мөнгө дээр 750.000 төгрөгийг хий нэмж 3.250.000 төгрөгийг зээлсэн болж харагдсан. Үүнээс хойш өөрийн авсан 2.500.0000 төгрөгийг хүүгийн хамт төлсөн гэж үзэж байгаа. Би төлөлт хийхдээ банкны дансаар болон бэлэн мөнгөөр хийдэг байсан. Би ХААН банкны 5240015529 гэх өөрийн данснаас энэ Хадгаламж зээлийн хоршооны данс болох ХААН банкны 5240048656 тоот дансанд 2015 оноос төлсөн мөнгөний дүн 3.042.700 төгрөг үүнээс гадна захирал Б.Нт 100.000, 200.000 төгрөг зэргийг тус тус гар дээр нь өгсөн. Одоогоор өөрийн мэдэж байгаа дүн нь 3.342.700 төгрөгийг төлсөн байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний үйлчлүүлэгч Л.А нь хариуцагч М.Эгийн гэр бүлийн хүн юм. Тэрээр ямар нэгэн байдлаар Чандмань андууд ХЗХ-оос зээл авч байгаагүй, харин нь Л.Аын нэрээр М.Э нь 2.500.000 төгрөгийн зээлийг авч байсан бөгөөд энэ зээлээ хүүгийн хамт 3.342.700 төгрөг болгон төлсөн. 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээг огт мэдэхгүй, гэрээний хугацааг сунгаад 4.700.000 төгрөг авсан мэтээр тайлбарлаж, нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ гэрээнд Л.А гарын үсэг зураагүй, ийм хэмжээний мөнгө зээлсэн зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрэгт авагдсан баримтаар зээлдэгч нар нь лизингийн зээл авсан гэх баримт хэрэгт байхгүй болно гэжээ.

Хариуцагч М.Эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баасангарав анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. М.Э нь Чандмань андууд ХЗХ-оос 2.500.000 төгрөгийн зээлийг 2015 онд авч хүү төлбөрийг бүрэн төлсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2016 оны 09 сард зээл авч байгаагүй, зээлийн гэрээнд М.Э гарын үсэг зурж зээл авсан зүйл байхгүй тул хариуцагчаар татан оролцуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна..гэв.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Ааас зээлийн гэрээний үүрэг 1.467.300 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Чандмань андууд хадгаламж зээлийн хоршоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.412.700 төгрөг болон хариуцагч М.Эд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг тус тус баримтлан хариуцагч Л.Ааас улсын тэмдэгтийн хураамж 38426 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Чандмань андууд ХЗХ-нд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Миний үйлчлүүлэгч М.Э, Л.А нар нь нэхэмжлэгч Чандмань андууд хадгаламж зээлийн хоршооноос зээл болон лизингийн зээл авч байгаагүй бөгөөд зээлийн гэрээг байгуулаагүй болно. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн маргаан бүхий 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан гэх гэрээ, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан гэх зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, зээл хүссэн өргөдөл зэрэг дээр Л.А гэж зурагдсан гарын үсэг өөр өөр байдлаар бичигдсэн байдаг ба М.Э гарын үсэг зураагүй тул гарын үсгийн шинжилгээ хийлгэх, өөрийн гарын үсэг мөн бишийг тогтоолгохоор шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээчийн дүгнэлт гаргуулахыг хүссэний дагуу шүүхээс 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн захирамжаар шинжээч томилсон. Гэтэл шинжилгээний албанаас зөвхөн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээнд шинжилгээ хийж 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээ болон, барьцаанын гэрээ, зээл хүссэн өргөдөл зэрэгт шинжилгээ хийгээгүй байна. Иймд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй дахин дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан ч шүүхээс хүсэлтийг хангаагүй болно.

Нэхэмжлэгч талтай миний бие зээл авах талаар уулзаж байгаагүй, тус хадгаламж зээлийн хоршооноос бэлэн мөнгө гардаж аваагүй, лизингээр бараа ч авч байгаагүй болно.

Мөн тус хоршоо зээл олгож өгсөн гэх мөнгөө надад хэрхэн яаж өгснөө нотлоогүй болно.

Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 131/ШШ2019/00457 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд байрлах Чандмань Андууд Хадгаламж зээлийн хоршооноос хариуцагч Лхагвасүнжидийн Ат холбогдуулж, зээлийн гэрээний үүрэг 2.880.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Анхан шатны шүүх хариуцагч Л.Ааас зээлийн гэрээний үүрэг 1.467.300 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Чандмань андууд хадгаламж зээлийн хоршоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.412.700 төгрөг болон хариуцагч М.Эд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Н болон түүний өмгөөлөгч нараас анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа “…Л.А нь 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр манай байгууллагаас 3.250.000 төгрөгийн зээл авсан юм. Зээлийн төлөлт хийхдээ М.Эгийн дүү М.Өлзийгийн зээлийн төлөлт гэж хийсэн байдаг. Дараа нь Л.А нь өөрийнхөө зээл дээр М.Өлзийгийн зээлийн үлдэгдэлийг нэмээд 4.700.000 төгрөгийн зээлийн гэрээг шинэчилж хийсэн байдаг…” гэж тайлбарлажээ. Нэхэмжлэгч талаас тайлбарлахдаа тус тусдаа авсан 2 өөр хүний зээлийг нэгтгээд Л.А, М.Э нараас нэхэмжилж байгаа тухай тайлбартаа дурьджээ.

Гэтэл анхан шатны шүүх дүгнэхдээ нэхэмжлэгч талаас Л.Ат 3.250.000 төгрөгийн зээлийн гэрээ бодитой хийгдсэн байна. 4.700.000 төгрөгийн зээлийн гэрээ бодитой хийгдээгүй байна гэж дүгнээд зөвхөн нэг зээлийн гэрээний үүрэгт холбогдох хэсгийг шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигч талуудын тайлбарт үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, М.Өлзийд холбогдох зээлийн гэрээний үүрэг хамт шийдвэрлэгдэж байхад энэ зээлийн гэрээний үүргийг хасаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээдийг хамтран хариуцагчаар татан оролцуулж болно гэж заасан байхад энэ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байгаа нь давж заалдах шатны шүүх шийдвэрийг өөрчлөх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Л.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаагийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Л.Ааас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 61.030 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 131/ШШ2019/00457 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар харуицагч Л.Ааас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 61.030 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                                          ШҮҮГЧИД Б.БОЛОР-ЭРДЭНЭ

                                                 Г.УЛАМБАЯР