Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 451

 

 

Н.У, Г.О нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Пүрэвлхам, Ц.Бат-Өлзий, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 384 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 683 дугаар магадлалтай, Н.У-, Г.О- нарт холбогдох 201601000222 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.О-ын өмгөөлөгч Р.Пүрэвлхамын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1968 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Сагил суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, инженер, бага эмч мэргэжилтэй, “...” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт ... оршин суух, ял шийтгүүлж байгаагүй С овогт Н-н У,

2. Монгол Улсын иргэн, 1977 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ... ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ... оршин суух, ял шийтгүүлж байгаагүй Б овогт Г-н О.

Н.У- нь орлогын гүйлгээ хийгдсэн өөрийн “...” ХХК-ийг татан буулгаж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор ... байцаагч Г.О-т албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 5,000,000 төгрөгийн хээл хахууль өгсөн,

Г.О- нь ... ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс орлогийн гүйлгээ хийгдсэн “...” ХХК-ийг татан буулгах илтгэх хуудас бичиж, хийх ёсгүй үйлдлийг хийж Н.У-ээс 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Н.Э-р дамжуулан 5,000,000 төгрөгийн хээл хахууль авсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Н.У-т холбогдох хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэг болгож, Г.О-т холбогдох хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэг болгон тус тус зүйлчилж,  шүүгдэгч Н.У-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан албан тушаалтанд хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Г.О-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байхаар урьдчилан амлалгүйгээр бусдаар дамжуулж хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.У-ийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9,792,000 төгрөгөөр торгох ялаар, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-ыг татварын улсын байцаагч хийх эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9,792,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч Н.У-ийн цагдан хоригдсон 77 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, түүнийг ял эдэлж дууссанд тооцож, шүүгдэгч Г.О-ын цагдан хоригдсон 42 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, 8,064,000 төгрөгийг торгох ялаас хасч, түүний биечлэн эдлэх ялыг 1,728,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож,

2015 оны Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-аас хураан авч, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 5,000,000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн шүүгдэгч Г.О-аас хураан авсан 1,241,300 төгрөгийг энэ тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.У-, шүүгдэгч Г.О-ын өмгөөлөгч Р.Пүрэвлхам нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.О-ын өмгөөлөгч Р.Пүрэвлхам гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхдээ хуулийг буруу хэрэглэсэн болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх Татварын Ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасан татварын алба, татварын улсын байцаагч нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, тэдэнд итгэл үзүүлэн ажиллана гэж заасны дагуу бичигдсэн "илтгэх хуудас” нь хамтын шийдвэрийн хувьд хүчин төгөлдөр байгааг үгүйсгээгүй бөгөөд хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүй дүгнэлт гаргасан гэж үзэхээр байна.

Тухайн гэмт хэрэг нь авилгын гэмт хэргийн шинжийг агуулсан уу үгүй юу гэдгийг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзсэнгүй. Тусгайлсан хуулийг хэрэглэх шаардлагатай байсан. Компанийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлд хамаарал бүхий компанийг хуульчлан тусгасан. “...” ХХК нь илтгэх хуудсанд дурдагдсан асуудлыг тэр хэвээр нь өөрийн компани дээр тусгаад тайлагнаж, асуудлыг шийдвэрлүүлсэн байдаг. Уг асуудлыг хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн боловч шүүх үнэлж, дүгнээгүй. Уг нотлох баримтыг үнэлэх юм бол авилга авах, өгөх шалтгаант холбоо, нөхцөл байхгүй юм. “...” ХХК-ийн илтгэх хуудсыг “...” группд тайлагнасан эсэхийг очиж шалгаагүй. Прокурор очиж үзэх шаардлага байхгүй, 5,000,000 төгрөг орсон л бол асуудал дууссан гэх зүйл ярьж байдаг. “...” ХХК-ийн илтгэх хуудсыг “...” группд тайлагнах асуудлыг бүгдийг нь гаргаж өгсний дараа нас барсан ахтай нь холбоотой мөнгөний асуудал гарч ирснийг авилга гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Авилгын гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэж үзэж байна.

Мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд хамаарал бүхий компанийн тухай нэг бүрчлэн заасан байдаг. Тусгайлсан хуулийг нэг мөр нягтлан үзээд хамаарал бүхий компани нь эцсийн бүлэгтээ мөнгөн дүнг тайлагнаагүй байсан бол авилга авсан өгсөн гэх нөхцөл байдлыг ярих үндэслэл болох байсан байх. Гэтэл дээрх нөхцөл байдлыг шалгаж, тогтоож үзсэнгүй. Гэм буруутайд тооцож байгаа дүгнэлт нь татварын хяналт шалгалтын журмыг зөрчиж хийгдсэн байсан. Уг дүгнэлт нь татварын байцаагчийн акт, гарын үсэгтэй, хэвлэмэл 3 хуудсан дээр гарах ёстой байдаг. Гэтэл А4 цаасан дээр хэвлэсэн зүйлээ дүгнэлт гэж байгаа нь учир дутагдалтай байна. Дээрх дүгнэлтийг үндэслэл болгож байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болсон. Хяналтын шатны шүүх бүрэлдэхүүнээс дээрх нөхцөл байдал болон авилга авсан, өгсөн гэж байгаа гэмт хэргийн шинжийг миний үйлчлүүлэгчийн аль үйлдэл нь хангаж байгаа зэргийг харгалзаж үзэхийг хүсэж байна.

Түүнчлэн хоёр шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. “...” ХХК ямар нэгэн орлого, зарлагын гүйлгээ хийгээгүй бөгөөд зөвхөн “... групп” ХХК нь харилцан хамаарал бүхий компани болох “...” ХХК-ийн дансаар өөрийн орлогоо дамжуулан авч өөрийн санхүүгийн болон татварын тайландаа бүрэн тусгасан талаарх баримтаа анхан шатны шүүхэд гаргаж өгсөн байтал шүүх нотлох баримтыг үнэлээгүйгээс өнгөцхөн буюу бэлэн байсан 5,000,000 төгрөгийг шууд авилга авсан гэх таамаглалд тулгуурласан дүгнэлтийг хийх үндэслэл болсон болно.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож Г.О-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү”  гэв.

Мөн шүүхэд шүүгдэгч Н.У-ийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий хэлсэн саналдаа “Р.Пүрэвлхам өмгөөлөгчтэй санал нэг байна. Гомдлыг дэмжиж байна. Авилгын гэмт хэрэг нь онцлогтой, гарцаагүй нотлогдох ёстой. 5,000,000 төгрөг гуйхаар нь өгсөн үйл баримт хэргээс харагддаг. Авилга өгсөн, авсан гэх үйл баримт мөрдөн байцаалтын шатанд эргэлзээгүйгээр нотлогдсон байх ёстой. Гэтэл хангалттай нотлогдож, тогтоогдоогүй. Улсын байцаагчийн дүгнэлт гарсны дараа 5,000,000 төгрөг өгөөч гэж гуйхаар нь өгсөн байдаг. Гэтэл энэ үйл баримтыг таамаг төдий дүгнэлт хийж, авилга авсан байна гэж дүгнэж, ял халдааж байгаа нь үндэслэлгүй юм. Иргэд хоорондоо 5,000,000 төгрөг зээлэх асуудлыг хуулиар хориглоогүй.

Шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн үйл баримттай нийцэхгүй байна. Улсын байцаагчийн дүгнэлт, акт өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байна. Хүчин төгөлдөр акт гарснаас хойш мөнгө зээлэх асуудал үүссэн. Шүүх шүүх шиг ажиллах ёстой. Хөтөлбөргүйгээр тогтоосон нотлох баримтыг үндэслэж, хэргийг шийдвэрлэх ёстой. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэв.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Н.У- нь өөрийн компанийг үндэслэлгүйгээр татан буулгуулах, Г.О- нь үндэслэлгүй акт, дүгнэлт үйлдэж, 5,000,000 төгрөг авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож, тогтоогдсон.

“Шалгагдаж байх хугацаанд ...” ХХК-ний дансаар 227,000,000  төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн, шинжээчийн дүгнэлтээр аж ахуй нэгжийн орлогын албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татварт нийт 361,521,000 төгрөгийн татвар төлөхөөр гарсан байдаг. Гэтэл “...” ХХК-ний дансаар орлого, зарлагын гүйлгээ хийгдэж байсан, санхүүгийн чадвартай компанийг Г.О- нь татварын зөрчилгүй гэж илтгэх хуудас гаргасан нь хийх ёсгүй үйлдлийг хийж түүнийхээ хариуд хахууль авсан болох нь гэрч Энхбаатарын болон Н.У-ийн мэдүүлэг бусад нотлох баримтуудаар тогтоогддог.

Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалын хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.О-ын өмгөөлөгч Р.Пүрэвлхамын гаргасан гомдлыг үндэслэн Н.У-, Г.О- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, түүнчлэн шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Н.У- нь орлогын гүйлгээ хийгдсэн өөрийн “...” ХХК-ийг татан буулгаж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор ... байцаагч Г.О-т албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 5,000,000 төгрөгийн хээл хахууль өгсөн,

Г.О- нь ... ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс орлогын гүйлгээ хийгдсэн “...” ХХК-ийг татан буулгах илтгэх хуудас бичиж, хийх ёсгүй үйлдлийг гүйцэтгэж Н.У-ээс 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Н.Э-р дамжуулан 5,000,000 төгрөгийн хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Хээл хахууль авах гэмт хэрэг нь хахууль авагч тал нь өөртөө ашиг олох, өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн авах, өгөх хоёр талын сонирхлын үүднээс асуудлыг шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нийгмийн шударга ёсыг зөрчсөн байдаг. Энэ гэмт хэрэг нь албан тушаалтан хууль бус үйл үйлдлээ хийж бодит хор уршиг бий болгосон эсэхийг харгалзахгүй, хээл хахууль авснаар бүрдэл төгсдөг.

Н.У- нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор татварын улсын байцаагч Г.О-т албан тушаалын байдалтай нь холбогдуулан 5,000,000 төгрөгийн хээл хахууль өгж Г.О- нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд хийх ёсгүй үйлдлийг хийж “...” ХХК-ийг татан буулгах “илтгэх хуудас” бичиж Н.У-ээс 5,000,000 төгрөгийг Н.Э-р дамжуулан авсан нь хээл хахууль авах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Прокуророос Н.У-т 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Г.О-т мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ Н.У-ийн үйлдсэн гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1, Г.О-ын үйлдсэн гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дахь хэсэг болгон өөрчилж шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд үндэслэлтэй байх бөгөөд, харин энэ талаар дүгнэлт хийхдээ хөнгөрүүлэн өөрчилж байгаа бус хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, зөвтгөж байгаа байдлаар дүгнэх нь илүү зохистой болохыг тэмдэглэж байна.

Учир нь үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, түүнд хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэх нь хууль хэрэглэх үндсэн зарчим бөгөөд гагцхүү тухайн зарчим зөрчигдөх онцгой тохиолдол нь шинээр батлагдсан хуулиар эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хэм хэмжээг тогтоосон бол Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх ойлголт бий болдог.

Шүүгдэгч Н.У-, Г.О- нарын үйлдсэн гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар зүйлчилж, шүүгдэгч нарын цагдан хоригдсон хугацааг шүүхээс оногдуулсан торгох ялд дүйцүүлэн тооцож шийдвэрлэж буй нь хууль буцаан хэрэглэх ойлголт, үндэслэлд хамаарахгүй, харин хууль үйлчлэх үндсэн зарчмын талаарх Эрүүгийн хуулийн заалтын агуулгыг зөв тайлбарлан хэрэглэх үндэслэлд  хамаардаг болно.

Шүүгдэгч Н.У-, Г.О- нарын дээрх үйлдэл нь тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1, 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байх бөгөөд анхан шатны шүүх энэхүү хуулийг хэрэглэж, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний ял шийтгэж шийдвэрлэхдээ холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтаар шүүгдэгч нарын гэм бурууг үгүйсгэж, хоёр шатны шүүхийн тогтоосон хэргийн үйл баримтыг өөрчлөх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг няцаах эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.О-ын өмгөөлөгч Р.Пүрэвлхамын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 384 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 683 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.О-ын өмгөөлөгч Р.Пүрэвлхамын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

        ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                         Ч.ХОСБАЯР

                                                                                          Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН