Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2016/00865

 

М.Энхтунгалагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 115 дугаар шийдвэр,

Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 103 дугаар магадлалтай,

М.Энхтунгалагийн нэхэмжлэлтэй

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 28 дугаар цэцэрлэгт холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Энхтунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 28 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал үндэслэлгүй. Эрхлэгч тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар Нийгмийн даатгалын хэлтсийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 485 тоот дүгнэлтийг үндэслэсэн гэсэн нь Хөдөлмөрийн хуульд нийцэхгүй байх тул үндэслэлгүй халагдсан. Би сүрьеэ өвчнөөр өвчилж байсан нь үнэн боловч одоо эрүүл болсон. Тухайн үед манай цэцэрлэгт ажиллаж байгаа хүмүүсийн гэр орон, ойр дотны хүмүүс нь өвдөж байсан хүмүүс зөндөө байгаа. Сүрьеэ өвчин агаар дуслын замаар халддаг учир хэн хаанаас халдвар авсан нь тодорхой биш. Надаас халдвар авсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Намайг ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэж үзэж ажлаас чөлөөлсөн гэж байгаа боловч уг байдал нь хөдөлмөр магадлах комиссын шийдвэрээр нотлогдсон байх ёстой атал Нийгмийн даатгалын хэлтсийн даргаас гаргасан дүгнэлт гэх баримтыг үндэслээд байгаа нь хуульд нийцэхгүй. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 7 253 965 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай тушаал үндэслэлтэй. Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт, Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дүгнэлт зэргээр М.Энхтунгалаг нь сүрьеэ өвчтэй болох нь тогтоогдож байх тул Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг үндэслэн ажлаас халсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийг эдгэрсэн гэж сонсоод мэргэжлийнхээ ажлыг хийгээсэй гэж бодоод ажилд авснаараа би буруутаад олон хүнийг сүрьеэгийн халдвар авахуулаад байж байна. 2011 онд манай сумын эмч, М.Энхтунгалагийг халдварт өвчтэй тул ажлаас нь гарга гэж удаа дараа хэлж байсан. Ингэж хэлэх тоолонд би явж шинжилгээ хийлгэж ир гээд явуулдаг ч шинжилгээ хийлгэх гэж яваад надад шинжилгээний бичгээ үзүүлж байгаагүй. Тэгтэл би хүний нэр төрийг бодоод ямар нэгэн асуудал гаргалгүй өнөөдрийг хүртэл явсан. Би Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын дэргэдэх магадлах эмч н.Батсүх, дарга н.Байгалмаа нартай очиж уулзаж энэ хүнийг эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын хурлаар оруулж дүгнэлт гаргуулах, хөдөлмөр эрхлэлтийг шийдвэрлэх хүсэлт тавьсан. Гэтэл М.Энхтунгалаг өөрөө очиж энэ тухай асуудлаа шийдвэрлүүлээгүй. Үүргээ биелүүлэхгүй, өвчнөө эмчлүүлэхгүй, өвчнөө тарааж байгаа нь буруу, бид албадан авчрах учиргүй гэсэн. Эмчилгээгээ орхисон, энэ хүн одоо өвчтэй байгаа, бид боломжтой дүгнэлт гаргасан, ийм өвчтэй хүн ажил хөдөлмөр эрхэлж болохгүй гэсэн. Ийм өвчтэй хүн Эрүүл мэндийн сайдын 2009 оны 379 дүгээр тушаалын 7.3-д зааснаар өвчин бусдад халдвартай, эмчлэхэд төвөгтэй, эмч нарын хяналтад байх, эмчилгээг хийлгэх, хийлгэхгүй бол амь насанд аюултай, ойр дотны хүмүүст амьсгалын замаар халдвар тараадаг учир ажиллуулахгүй гэж үзсэн. Ялангуяа олон эмэнд дасалтай сүрьеэ нь маш аюултай учир ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 115 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Энхтунгалагийн хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 28 дугаар цэцэрлэгт холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.Энхтунгалаг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 103 дугаар магадлалаар Нэхэмжлэгч М.Энхтунгалагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 115 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч хяналтын гомдолдоо: 05 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг болон Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 485 дугаар тушаалыг үндэслэсэн. Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарлахдаа “ажилтан эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдгийг эмнэлэг хөдөлмөрийн магадлалын албан ёсны дүгнэлт шийдвэр гарсан байхыг ойлгоно.” гэж тайлбарлажээ. Эмнэлэг, хөдөлмөр магадлах комисс гэдэг нь Засгийн газрын 2008 оны 304 дүгээр тогтоолын хавсралтад заасан Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэмд зааснаар байгуулагдаж ажиллах бөгөөд тус дүрмийн 2.2-т “Аймаг дүүргийн эмнэлэгт хөдөлмөрийн магадлах комисс нь нарийн мэргэжлийн дотрын мэдрэлийн, мэс заслын эмч, нэгдсэн эмнэлгийн  ерөнхий эмч, нийгмийн даатгалын хэлтсийн магадлан эч, нарийн бичгийн дарга болон нийгмийн халамжийн байгууллага, ажил олгогч, даатгуулагч, хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрх ашгийг хамгаалах байгууллагуудын төлөөлөл бүхий 9-11 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллахаар журамлажээ. Гэтэл Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дүгнэлтийг эмнэлэг, хөдөлмөрийн маргаан таслах комиссын дүгнэлт гэж үзэж ажлаас чөлөөлж байгаа нь ажилтан эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд ажлаас халах үндэслэл болсон Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Ч.Байгалмаагийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 485 тоот дүгнэлт нь өөрөө хууль зүйн хувьд Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар зөвлөмжтэй зөрчилдөж байна. Уг дүгнэлтийг байгууллагын дарга гаргадаг биш учраас тушаалыг хууль зөрчиж гаргасан. Мөн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт шинжилгээний төвийн даргын дүгнэлтэд Эрүүл мэндийн сайдын 20136 оны 212 тоот тушаалын 1-р хавсралтын 4.2-т “Урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээний дүн эерэг /+/ буюу халдвартай гарсан ажилтнуудыг эмчилж эрүүлжүүлэх, Хөдөлмөрийн нөхцөлийг солих актыг эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурлаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэжээ. Мөн хариуцагч тал ажилтан эмнэлэгт үзүүлдэггүй, зугатаадаг бусад ажилчдад өвчин халдаах магадлалтай гэсэн агуулгатай тайлбар хэлдэг. Эрүүл мэндийн сайдын 2013 оны 212 тоот тушаалд шинжилгээний дүн эерэг /+/ буюу халдвартай гарсан ажилтнуудыг эмчилж эрүүлжүүлэх гэж онцгойлон заасан байдаг. Гэтэл би Эрүүл мэндийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4, 43.2.6-д заасны дагуу халдварт өвчний үзлэг шинжилгээнд 2010 оноос хойш жил бүр өөрийн санаачилгаар орж, улсын төв эмнэлэгт эмчлүүлсэн. 2010 онд шинжилгээ өгөхөд сөрөг буюу халдваргүй гэх 15 удаагийн шинжилгээний хариу гарч байсан. Эрүүл мэндийн сайдын 397 тооот тушаалын 1.4-т халдваргүй болсон гэдгийг өсгөвөрлөх шинжилгээ, 2 удаа дараалан сөрөг гарсан тохиолдлыг, эдгэрсэн гэдгийг 5 удаагийн өсгөвөрлөх шинжилгээ дараалан сөрөг гарсан тохиолдол, 3-4 өсгөвөрлөх сөрөг, эмнэлзүйн хувь сайжирсан тохиолдлыг хэлнэ гэжээ. Би 4 удаагийн өсгөвөрлөх шинжилгээ сөрөг гарч, цээжний зураг авахуулахад шохойжсон байдаг. Мөн 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн диспанерийн эмчид үзүүлэхэд хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох групп заалтгүй болно, идэвхигүй хэлбэрийн сүрьеэ тул хөдөлмөр эрхлэх боломжтой гэж үзээд тодорхойлолт хийж өгсөн. ХӨСҮТ-ийн эмч нарын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлтэд идэвхигүй хэлбэрийн бусдад халдвар талаархгүй гэж тодорхойлсон. Эрүүл мэндийн сайдын 397 тоот тушаалд урьдчилан сэргийлэх үзлэг эерэг буву халдвар гарсан ажилчид хөдөлмөр эрхэлж болохгүй гэж заасан болохоос сөрөг тохиолдолд ажиллаж болохгүй гэсэн заалт байхгүй тул миний хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байна. Иймд магадлалыг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ажилтан эрүүл мэндийн хувьд эрхэлж байсан ажилдаа тэнцэхгүй болсон үндэслэл тогтоогдсон тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 28 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар тушаалыг буруутгах үндэслэлгүй байна. 

М.Энхтунгалаг нь эрүүл мэндийн хувьд хүүхдийн цэцэрлэгт арга зүйчээр ажиллах боломжгүй болох нь Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн акт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн даатгалын хэлтсийн дүгнэлт, эмч нарын зөвлөгөөний шийдвэр, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлт зэрэг баримтаар тогтоогдсон байх ба нэхэмжлэгч эдгэрсэн болохоо баримтаар нотлоогүй тул ажилд нь эгүүлэн тогтоох үндэслэлгүй байна.

Хоёр шатны шүүхээс ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4, 43.2.6, 44 дүгээр зүйлийн 44.1.5, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3, 18 дугаар зүйлийн 18.2.4, 18.2.7 дахь хэсгийг зөрчөөгүй тул нэхэмжлэгч М.Энхтунгалагийн гомдлыг хангахгүй орхив.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ

1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 115 дугаар шийдвэр, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 103 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.Энхтунгалагийг хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

 

    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        П.ЗОЛЗАЯА