Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2024/02068

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2024/02068

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: * * дугаар хороо *дугаар байр * тоотод оршин суух, * онд төрсөн * настай, *овогт Ёндонжамцын Ж

Хариуцагч: Баянгол дүүрэг * дүгээр хороо ЗТҮТ ТӨҮГ

Зам ашигласны хураамж 267,000 төгрөгийн төлбөрөөс чөлөөлөх нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ё.Ж, хариуцагчийн төлөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ё.Ж нь хариуцагч ЗТҮТ ТӨҮГазарт холбогдуулж Зам ашигласны хураамж 267,000 төгрөгийн төлбөрөөс чөлөөлөх нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Нэхэмжлэгч Ё.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Налайх дүүргийн* дугаар хорооны * байр * тоотод 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр шилжин ирж улсын бүртгэлийн газарт бүртгүүлж байнгын оршин суугчаар бүртгэгдсэн буюу постны цаана амьдардаг. Гэтэл 2022 оны 10 дугаар сарын 24-нөөс 2023 оны 09 дүгээр сарын 16-ны хооронд 267,000 төгрөгний нэхэмжлэл үүссэн байна. Энэ төлбөрийн талаар миний утсанд нэхэмжлэх ирж байгаагүй. Төлбөр гарсанг оношлогоонд орохдоо мэдсэн. Би * руу нэвтэрч татвар шалгаж байгаагүй. Зам тээврийн хөгжлийн сайдын 2021 оны * дугаар тушаалаар баталсан Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах журамын 2.2-т төлбөр авах цэгийн гадна оршин суугч миний эрх зөрчигдөж төлбөрийн нэхэмжлэх үүссэн байна. Би ЗТҮТийн захирлын 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн * дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын 3.2.2, 3.2.3 дугаар заалтын дагуу цагаан жагсаалтад орохоор Налайх дүүргийн * дугаар хорооны хэсгийн ахлагч Б.Тт 2021 оны 09 дүгээр сарын 26-нд машины эзэмшигч, өмчлөгчөөр нэрээ шилжүүлсэн материалаа бүрдүүлэн өгсөн. Хорооны зохион байгуулагч 300-гаад хүний нэрс явуулсан гэсэн. Цаасаар авсан материалаа яагаад албажуулдаггүй юм гэдэгт гомдолтой байна. ЗТҮТийн захирлын 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн дугаар * тушаалаар 2021 оны 09 дүгээр сарын 28-наас 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд цагаан жагсаалтад бүртгүүлж төлбөрөөс чөлөөлөгдөж ирсэн. Тус төвийн захирлын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн дугаар* тушаалаар * дугаар тушаалыг хүчингүй болгосон. 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хур системд шилжихдээ өмнөх журмын дагуу бүртгэлтэй машинуудын мэдээллийг шалгах шаардлагатай байсан. Цахим системд нэвтэрч байгаа тухай мэдээллийг иргэнд өгөх ёстой. Энэ байдлыг би огт мэдээгүй тул нэг жилийн хугацаанд нэхэмжлэл үүссэн байна. Цагаан жагсаалтад бүртгэлтэй байсан иргэдэд хаягийн өөрчлөлт гарсантай холбогдуулан ямар нэг байдлаар мэдэгдэх эсхүл албан тоотоор бичиг хүргүүлж болох байсан. Шинэ журам дээр тээврийн хэрэгсэл өөрийн нэр дээр, хаяг бичиг баримтын зөрчилгүй байна гэж заасантай маргахгүй. Энэ тээврийн хэрэгсэл Чингэлтэй дүүрэгт бүртгэлтэй байсанг оношлогоонд оруулахдаа мэдсэн. Ингээд маргааш нь АТҮТ дээр очиж тээврийн хэрэгслийн хягийн өөрчлөлт хийлгэснээр төлбөр гарахаа больсон. *-д заасан журмын дагуу 2021 онд Цагаан жагсалт-д орох материалаа анх бүрдүүлж өгсөн тул зам ашигласны хураамж 267,000 төгрөгний төлбөрийн нэхэмжлэхээс чөлөөлж өгнө үү гэв.

2. Хариуцагч ЗТҮТ ТӨҮГазар шүүхэд гаргасан хариу тайлбар болон төлөөлөгч Э.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ЗТҮТ ТӨҮГазар нь улсын авто замын сангийн эх үүсвэрийн нэг болох олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөр авах үйл ажиллагааг зохион байгуулах эрхийг Зам тээврийн хөгжлийн сайдын 2015 оны 130 дугаар тушаалаар тус газарт шилжүүлсний үндсэн дээр хэрэгжүүлэн ажиллаж байна. Монгол улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.6.2.3 дахь дэд заалт, 2021 оны * дугааар тогтоолоор батлагдсан Шинэ сэргэлтийн бодлогод тус тус тусгагдсан төлбөр хураах цэгийн тоог нэмэгдүүлж бүрэн цахимжуулах ажлын хүрээнд 2022 оны 10 дугаар сараас Улаанбаатар хот орчмын Эмээлт, Налайх, Хоолт, Түргэний гүүр, Хөшигийн хөндийн төлбөр авах цэгийн үйл ажиллагааг бүрэн цахимжуулсан. Зам тээвэр хөгжлийн сайдын 2015 оны *дугаар тушаалаар Зам тээвэр хөгжлийн төвд эрх олгосны дагуу авто замын сүлжээ, авто замын тусгай сан, олон улсын авто зам ашигласны төлбөр авах үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Авто замын тухай хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар олон улсын чанартай авто замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашиглалтын төлбөр хураах үйл ажиллагааг 31 цэгээр дамжуулан хэрэгжүүлж, төлбөрийг улсын авто замын санд төвлөрүүлдэг. Төвлөрсөн хөрөнгө тухайн авто замын байгууламжийн ажилд зарцуулагдаад явж байна. Ё.Ж нь * улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд нийт 267,000 төгрөгийн нэхэмлэх үүссэн бөгөөд үүнээс Налайх төлбөр авах цэгээр нэвтэрсэн төлбөр 260,000 төгрөгийн Хоолт төлбөр авах цэгээр нэвтэрсэн 7,000 төгрөгийн нэхэмжлэх үүссэн байна. Ё.Ж нь 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн дугаар * тушаалаар батлагдсан журмаар 2021 оны 09 дүгээр сарын 28-наас 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд цагаан жагсаалтад бүртгүүлж төлбөрөөс чөлөөлөгдөж байсан. Энэ * тушаалаар батлагдсан журам 2023 оны 24 дүгээр тушаалаар шинэчлэн батлагдаж шинэчлэлтийн хүрээнд цахим мэдээллийн дагуу бүртгэл шинэчлэгдсэн. Энэ шинэчлэх үүргийг Авто тээврийн хөгжлийн төв хүлээхгүй. Зам тээврийн хэрэгслийн төлбөрөөс чөлөөлөгдөх зохицуулалт нь Зам тээврийн хөгжлийн сайдын дугаар * тушаалын 2.2 дахь заалтаар батлагдсан. Цахим мэдээллийн дагуу бүртгэл шинэчлэгдсэн. Иргэний хаягийн өөрчлөлт мэдээллийн хаягийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой асуудлыг иргэн өөрөө цахим мэдээлэлдээ шинэчлэлт оруулах буюу АТҮТ иргэний өгсөн мэдээллийн дагуу хаягийн шилжилт хөдөлгөөнийг бүртгэдэг. Тэгэхээр мэдээлэл өгөх үүрэг нь иргэний үүрэг. АТҮТ нь төрийн өмчийн хур системийг ашиглаж байгаа. Ё.Ж нь Налайх дүүрэгт бүртгэлтэй хаягтай боловч * тээврийн хэрэгслийн мэдээлэл нь * дүүрэгт харъяалагддаг учир цагаан жагсаалтад хамрагдах боломжгүй. * дүүрэгт харьяалалтай тээврийн хэрэгсэл *дүүргээр нэвтэрсэн учир нэхэмжлэх гарсан. Өөрөөр хэлбэл төрийн мэдээллийн хур системтэй холбоотой цахимд шилжсэн учир цахим мэдээлэлд үндэслэж төлбөрийн нэхэмжлэх үүсдэг. Нэхэмжлэгч үүнийгээ мэдээд 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Авто тээврийн хөгжлийн төвийн цахим мэдээллийн сангийн мэдээлэлд өөрчлөлт оруулж тээврийн хэрэгслийн хаягийн өөрчлөлт хийгдсэнээр цагаан жагсаалтад хамрагдсан байгаа. Энэ нь авто зам ашигласны төлбөр болохоос торгууль биш. Цахимд шилжихээс өмнө тухайн цэгүүдээр гарахад хүний оролцоотойгоор тасалбар олгодог байсан. Иргэн өөрийн нэр дээр ирсэн төлбөрийн нэхэмжлэхийг *, *т, * гэх мэт мэдээллийн системээр шалгах боломжтой тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

3. Нэхэмжлэгчээс Иргэний үнэмлэхийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, * дүүргийн * дугаар хорооны тодорхойлолт,

4. Хариуцагчаас АТҮТ ТӨҮГ-ын тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн албан бичиг, ЗТҮТийн захирлын 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн дугаар * тушаал, уг тушаалын хавсралт, цагаан жагсаалтад бүртгэх журам, мөн төвийн захирлын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн дугаар * тушаал, тушаалын хавсралт буюу цагаан жагсаалтад бүртгэх журам, УШААЛ ТГЦ ХХК-ийн 2022.03.03, 2022.03.11, 2022.03.18-ны өдрийн гэрээ дүгнэх болон хариу хүргүүлэх тухай албан бичиг, кассын орлогын ордер, бараа материал худалдан авсан

5. Хариуцагчийн хүсэлтээр * цахим сайтад үзлэг хийж баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч нь постны гадна амьдарч * дүүргийн * хороонд бүртгэлтэй, 2022 оны 10 сарын 24-ны өдөр хур системд шилжихдээ өмнөх журмын дагуу цагаан жагсаалтад орсон машинуудын мэдээллийг хариуцагч шалгах шаардлагатай байсан. Тээврийн хэрэгсэл * дүүрэгт бүртгэлтэй байсанг өөрчилж бүртгүүлсэн. Хур системтэй холбоотой мэдээллийг аваагүй, албан бичиг тоотоор мэдэгдэж хүргүүлж болох байсан гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

3. Хариуцагч нь 2022 оны 10 дугаар сараас Улаанбаатар хот орчмын Эмээлт, Налайх, Хоолт, Түргэний гүүр, Хөшигийн хөндийн төлбөр авах цэгийн үйл ажиллагааг бүрэн цахимжуулж, хур системд нэвтэрч, цахим мэдээллийн дагуу бүртгэл шинэчлэгдсэн. Бүртгэл шинэчлэх үүргийг Авто тээврийн хөгжлийн төв хүлээхгүй. Тээврийн хэрэгслийн хаягийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой асуудлыг иргэн өөрөө цахим мэдээлэлдээ шинэчлэлт оруулах буюу АТҮТ иргэний өгсөн мэдээллийн дагуу хаягийн шилжилт хөдөлгөөнийг бүртгэдэг. Ё.Ж нь Налайх дүүрэгт бүртгэлтэй хаягтай боловч * тээврийн хэрэгслийн мэдээлэл нь * дүүрэгт харьяалалтай учир уг тээврийн хэрэгсэл Налайх дүүргээр нэвтэрч цахим мэдээлэлд үндэслэж төлбөрийн нэхэмжлэл үүссэн. Нэхэмжлэгч үүнийгээ мэдээд 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Авто тээврийн хөгжлийн төвийн цахим мэдээллийн сангийн мэдээлэлд өөрчлөлт оруулж тээврийн хэрэгслийн хаягийн өөрчлөлт хийгдсэнээр цагаан жагсаалтад хамрагдсан байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэсэн.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. ЗТҮТийн захирлын 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн * тушаалаар олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламж ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөх, Цагаан жагсаалтад бүртгэх түр журам батлагдсан байна.

ЗТҮТийн захирлын 2023 оны 03 дугаар сарын 13-ны дугаар * тушаалаар олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламж ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөх, Цагаан жагсаалтад бүртгэх түр журамыг хавсралтаар шинэчлэн баталж энэ тушаал гарсантай холбогдуулан 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн дугаар * тушаалыг хүчингүй болгосон.

Зам тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 08 дугаар сарын 22-ны дугаар * тушаалаар Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах журамыг хавсралтаар шинэчлэн баталж, энэ тушаал гарсантай холбогдуулж Зам тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 07 сарын 23-ны өдрийн * тушаалыг хүчингүйд тооцсон бөгөөд нэхэмжлэгч нь энэ хугацаанд Цагаан жагсаалт-д бүртгэгдэж төлбөрөөс 2023 оны 10 дугаар сарын 23-ны хүртэл хугацаанд авто зам, замын байгууламж ашигласны төлбөрөөс тус тус чөлөөгдсөн байна.

4.2. Монгол улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Шинэ сэргэлтийн бодлогод тус тус тусгагдсан төлбөр хураах цэгийн тоог нэмэгдүүлж бүрэн цахимжуулах ажлын хүрээнд 2022 оны 10 дугаар сараас Улаанбаатар хот орчмын Эмээлт, Налайх, Хоолт, Түргэний гүүр, Хөшигийн хөндийн төлбөр авах цэгийн үйл ажиллагааг бүрэн цахимжуулж, төлбөр авах цэгийн цахим систем нь Төрийн мэдээллийн Хур системд холбогдсонтой холбоотойгоор цахим мэдээлэлд үндэслэж төлбөрийн нэхэмжлэх үүсчээ.

Нэхэмжлэгч Ё.Жийн эзэмшлийн * тээврийн хэрэгсэл нь * дүүрэгт харъяалалтай бүртгэлтэй тул 2022 оны 10 дугаар сарын 24-нөөс 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд 267,000 төгрөгний төлбөрийн нэхэмжлэх үүссэн болох нь*цахим сайтад хийсэн үзлэгээр тогтоогдож, нэхэмжлэгч нь төлбөрийн нэхэмлэх үүссэнг оношлогоонд орохдоо мэдсэн, Хур системтэй холбоотой, цахим системд нэвтэрсэн мэдээллийг аваагүй, албан бичиг тоотоор мэдэгдээгүй хэмээн нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан боловч тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой мэдээллийг АТҮТд өөрчилж бүртгүүлэх, өөрийн нэр дээр ирсэн төлбөрийн нэхэмжлэхийг шалгах боломжтой тул тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч тээврийн хэрэгсэл * дүүрэгт бүртгэлтэй байсанг өөрчилж бүртгүүлээгүй гэдгээ оношлогоонд орохдоо мэдэж маргааш нь 2023 оны 09 сарын 21-ний өдөр АТҮТд хаягийн бүртгэлийн мэдээллийг өөрчлүүлсэн талаар тайлбарласан тул Авто замын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4-т зааснаар олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэлгүй байна.

5. Иймд хариуцагч ЗТҮТ ТӨҮГазарт холбогдох авто зам ашигласны төлбөр 267,000 төгрөгийн нэхэмжлэхээс чөлөөлөх нэхэмжлэгч Ё.Жийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,650 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Авто замын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т зааснаар хариуцагч ЗТҮТ ТӨҮГазарт холбогдох авто зам ашигласны төлбөр 267,000 төгрөгийн нэхэмжлэхээс чөлөөлөх нэхэмжлэгч Ё.Жийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,650 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА