Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батчулууны Мөнхбат |
Хэргийн индекс | 133/2024/00035/И |
Дугаар | 133/ШШ2024/00148 |
Огноо | 2024-04-09 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 133/ШШ2024/00148
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ц.М-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ******* оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 1987 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 1997 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар Говь-Алтай аймгийн Алтай хотын 2 дугаар цэцэрлэгт асрагч/туслах багш/-аар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
2. Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие 1968 онд төрсөн, 55 настай. Би 1986 онд 10 дугаар ангиа төгсөөд Алтай хотын 2 дугаар цэцэрлэгт түр орон тоонд ажиллаж байгаад 1987 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс асрагч багшаар томилогдон ажилласан.
Алтай хотын 2 дугаар цэцэрлэгт асрагч багшаар тасралтгүй ажиллаж байгаад 1997 оны 08 дугаар сарын 30-ны өдөр суралцах шаардлагатай болсон тул ажлаасаа чөлөөлөгдсөн.
Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл ажилд томилогдсон тушаал аймгийн Архиваас олдоогүй. Учир нь Алтай хотын 2 дугаар цэцэрлэг нь баримтаа архивт шилжүүлж өгөөгүй байсан.
Мөн Алтай хотын 2 дугаар цэцэрлэг нь 1987-1997 онуудын баримт бичиг хадгалагдаж үлдээгүй, устаж алга болсон гэсэн хариу өгсөн. Тухайн үеийн байгууллагын удирдлага нь ажилд томилсон, чөлөөлсөн тушаалыг өгдөггүй байсны дээр хадгалагдаж байх ёстой эх хувь нь хэн нэгний буруугаас алга болсон.
Би 1987 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 1997 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Алтай хотын 2 дугаар цэцэрлэгт тасралтгүй ажиллаж байсан нь үнэн болно.
3. Нэхэмжлэгч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 16 дугаар албан бичиг,
- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын хоёрдугаар цэцэрлэгийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 48 дугаар албан бичиг
- Хөдөлмөрийн дэвтэр/*******/, нийгмийн даатгалын дэвтэр/*******/
- Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар архивын лавлагаа
- Говь-Алтай аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 75 дугаар Ажилд томилох тухай тушаал
- Говь-Алтай аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 81 дүгээр Чөлөө олгох, ажилд томилох тухай тушаал
- Говь-Алтай аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1988 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 17 дугаар ажилд томилох, чөлөө олгох тухай тушаал
- Говь-Алтай аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1988 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 29 дүгээр Ажилд томилох, чөлөө олгох тухай тушаал
- Говь-Алтай аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1987 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 31 дүгээр Ажилд томилох тухай тушаал
- Говь-Алтай аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1989 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 25 дугаар Ажилд томилох, ажлаас чөлөөлөх, чөлөө олгох тухай тушаал
- Хөдөлмөрийн дэвтэр/*******/, нийгмийн даатгалын дэвтэр/*******/
4. Шүүх бүрдүүлсэн нотлох баримт:
- Гэрч *******, ******* нарын мэдүүлэг
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.
Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ******* нь 1987 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 1997 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар Говь-Алтай аймгийн Алтай хотын 2 дугаар цэцэрлэгт асрагч/туслах багш/-аар ажиллаж байсан байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах бичмэл нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:
2.1. Хөдөлмөрийн дэвтэр:
Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаар тогтоолоор Ажилласан хугацааг тооцох журам-г баталсан нь хүчин төгөлдөр үйлчилж байна.
Уг журмын 5 дахь хэсэгт БНМАУ-ын хууль тогтоомжид заасан журмын дагуу хөтлөгдсөн хөдөлмөрийн дэвтэр нь ажилласан хугацааг тооцож тогтоох үндсэн баримт болно гэжээ.
Говь-Алтай аймгийн Алтай хотын 2 дугаар цэцэрлэгээс 1990 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр *******д олгосон 305511 дүгээр Хөдөлмөрийн дэвтэр-т:
- Алтай хотын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1987 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 17 дугаар тушаалаар 1987 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн асрагчаар авч ажиллуулсан,
- Есөнбулаг сумын нийгмийн даатгалын байцаагчаас 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 253357 дугаар нийгмийн даатгалын дэвтэр нээсэн тул хөдөлмөрийн дэвтэрт хаалт хийсэн бичилт тус тус хийгджээ.
Уг хөдөлмөрийн дэвтрийн олголт, ажилд томилсон бичилт нь ажил олгогч хуулийн этгээдийн тэмдгээр албажиж, зохих журмын дагуу хөтлөгдсөн байх тул нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдлыг тогтоох үндсэн баримт байна.
2.2. Нийгмийн даатгалын дэвтэрт:
Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс-ээс 1995 онд *******д олгосон 253357 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт ажилласан аж ахуйн нэгж, байгууллагын нэр: Есөнбулаг сумын 2 дугаар цэцэрлэг, эрхэлж байсан ажил, албан тушаал: туслах багш, ажилд орсон огноо: 1987 оны 12 дугаар сарын 20-ны өдөр, ажлаас гарсан огноо: 1997 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гэж тэмдэглэж, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын бэлтгэл шатны сургууль гэсэн тэмдгээр албажуулжээ.
2.3. Ажил олгогчийн шийдвэр:
- Говь-Алтай аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 75 дугаар Ажилд томилох тухай тушаалд ... *******ыг 10 дугаар сарын 13-ны өдрөөс 23-ныг хүртэл хүмүүжүүлэгчээр түр томилсугай...,
- Говь-Алтай аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 81 дүгээр Чөлөө олгох, ажилд томилох тухай тушаалд ...бүрэн дунд боловсролтой *******ыг 2 дугаар цэцэрлэгт 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хүмүүжүүлэгчээр түр томилсугай...,
- Говь-Алтай аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1988 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 17 дугаар Ажилд томилох, чөлөө олгох тухай тушаалд ...хүмүүжүүлэгч Д.Наранцэцэг нярай хүүхдээ асарч байгаа тул оронд нь бүрэн дунд боловсролтой *******ыг 03 дугаар сарын 03-ны өдрөөс Алтай хотын 2 дугаар цэцэрлэгт хүмүүжүүлэгчээр түр томилсугай...,
- Говь-Алтай аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1988 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 29 дүгээр Ажилд томилох, чөлөө олгох тухай тушаалд ...хүмүүжүүлэгч ******* хүүхдээ асрах болсон тул оронд нь бүрэн дунд боловсролтой *******ыг 04 дүгээр сарын 27-ны өдрөөс Алтай хотын 2 дугаар цэцэрлэгт хүмүүжүүлэгчээр түр томилсугай...,
- Говь-Алтай аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1987 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 31 дүгээр Ажилд томилох тухай тушаалд ... дор дурдсан хүмүүсийг 4 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн хүмүүжүүлэгчээр түр томисугай, бүрэн дунд боловсролтой *******ыг 2-р цэцэрлэгт...,
- Говь-Алтай аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1989 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 25 дугаар Ажилд томилох, ажлаас чөлөөлөх, чөлөө олгох тухай тушаалд ...хүмүүжүүлэгч Д.Наранцэцэг өвчтэй байгаа хүүхдээ асрах болсон тул оронд нь бүрэн дунд боловсролтой *******ыг 02 дугаар сарын 09-ний өдрөөс 18-ны өдрийг хүртэл хүмүүжүүлэгчээр түр томилсугай... гэжээ.
2.4. Нийгмийн даатгалын лавлагаа:
Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 014 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар архивын лавлагаанд *******ын 1995 оны 01 дүгээр сараас эхлэн 1997 оны 08 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг Говь-Алтай аймгийн Алтай хотын 2 дугаар цэцэрлэгээс төлснийг тодорхойлжээ.
2.5. Гэрчийн мэдүүлэг:
- Гэрч *******ийн мэдүүлэгт Би 1982-2013 онуудад Говь-Алтай аймгийн Алтай хотын 2 дугаар цэцэрлэгт багшаар болон эрхлэгчээр ажиллаж байсан. ******* нь 10 дугаар анги төгсөөд Говь-Алтай аймгийн Алтай хотын 2 дугаар цэцэрлэгт асрагчаар томилогдож, 1997 онд Завхан аймгийн Санхүүгийн сургуульд суралцах хүртэл хугацаанд ажилласныг сайн мэднэ. Асрагч багш гэдэг ажил нь сүүлд туслах багш нэртэй болсон.
- Гэрч *******ын мэдүүлэгт Би 1987 онд Улаанбаатар хотод цэцэрлэгийн багшийн сургуулийг төгсөөд Говь-Алтай аймгийн Алтай хотын 2 дугаар цэцэрлэгт багшаар ажилд ороход ******* туслах багшаар ажиллаж байсан. Би тухайн цэцэрлэгт 1999 он хүртэл тасралтгүй багшаар ажиллахад ******* нь Завхан аймгийн Санхүүгийн техникумд суралцахаар ажлаасаа чөлөөлөгдөх хүртэл тасралтгүй ажилласан. ******* нь тухайн үед асрагч нэртэй ажил хийдэг байсан. Одоогийнхоор бол туслах багш юм.
Дээрх хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, ажил олгогчийн шийдвэр, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа зэрэг бичмэл нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг хооронд харьцуулж, харилцан бие биенээ дэмжин нотолж байгаа, хэрэгт ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад ажиллаж байсан байдал-ыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамааруулан шүүх тогтоохоор заажээ.
Хуулийн дээрх заалтыг баримтлан *******ыг 1987 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 1997 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Говь-Алтай аймгийн Алтай хотын 2 дугаар цэцэрлэгт асрагч/туслах багш/-аар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Шүүхээс нэхэмжлэгч *******ын ажиллаж байсан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана гэжээ.
- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 16 дугаар албан бичигт Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа баримтад Алтай хотын 2 дугаар цэцэрлэгийн баримт шилжиж ирээгүй тул *******д холбогдох лавлагаа олгох боломжгүй болно гэжээ.
- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын хоёрдугаар цэцэрлэгийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 48 дугаартай албан бичигт Тус цэцэрлэгийн архивт 1987-1997 он хүртэлх эрхлэгчийн тушаал, хадгалагдаагүй нь үнэн болно гэжээ.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгч *******ын 1987-1997 онуудад ажиллаж байсан байдлыг гэрчлэх цаасан суурьтай анхдагч нотлох баримт болох ажилд томилсон шийдвэр байхгүйн улмаас онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт гаргах шаардлага үүссэн нь нотлогдож байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж байхаар заажээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Их мянган овгийн Цэвээлжийн Мөнхтуулыг 1987 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 1997 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Говь-Алтай аймгийн Алтай хотын 2 дугаар цэцэрлэгт асрагч/туслах багш/-аар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200/далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ