Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2021/ДШМ/066

 

П.Батмөнхөд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Л.Нямдорж, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор В.Дэлгэрмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Цогдэлгэр нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/205 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Бат-Оргилын бичсэн эсэргүүцлээр П.Батмөнхөд холбогдох эрүүгийн 2014004080452 дугаар хэргийг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Тайж овогт Пагвын Батмөнх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавъяа шагналгүй, регистрийн дугаар /ВИ79100918/

П.Батмөнх нь Улаанбаатар хотоос Баянхонгор аймаг руу 53-55 БНХ улсын дугаартай SCANIA маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслээр ачаа тээврийн үйлчилгээ үзүүлэхдээ 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр П.Мөнхзаяагийн эзэмшлийн итгэмжлэн хариуцуулан өгсөн эд хөрөнгө болох сөдөн урт ханцуйтай куртик 40 ширхгийг завшиж бусдад 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

Баянхонгор аймгийн Прокурорын газраас П.Батмөнхөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Пагвын Батмөнхөд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, П.Батмөнхөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, П.Батмөнх нь хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Бат-Оргил 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 39 дүгээр эсэргүүцэлдээ: Шүүхийн цагаатгах тогтоолд: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул Эрүүгийн хариуцлага тооцох үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан “хөрөнгө завших” гэмт хэрэг нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж өөрийн өмчийн адил захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байхыг шаарддаг.

Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө гэдэг нь хувь хүн, байгууллагаас өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн байхыг хэлэх бөгөөд итгэмжпэн өгсөн эд зүйлс, өмч хөрөнгийг өмчлөгчид мэдэгдэлгүйгээр хууль бусаар өөртөө ашиглах нь хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж бөгөөд шүүгдэгч П.Батмөнхийн дээрх үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг хангаагүй гэж шүүх үзэв.

Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-т тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ... гэж хуульчилсан бөгөөд тээвэрлэгч нь ачааг тогтоосон газар хүргэж, хүлээлгэн өгөх буюу тодорхой газраас тодорхой газар хүргэх үйл ажиллагаа байна.

Шүүгдэгч П.Батмөнх нь Улаанбаатар хотоос Баянхонгор аймаг руу өөрийн эзэмшлийн 53-55 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр ачаа тээврийн үйлчилгээ буюу иргэн П.Мөнхзаяагийн ачааг тээвэрлэж байгаа нь хохирогч, шүүгдэгч хоёрын хооронд иргэний эрх зүйн харилцаа буюу тээвэрлэлтийн гэрээ хийгджээ.” гэж Эрүүгийн хуулийг илт буруугаар тайлбарлаж Эрүүгийн хууль болон Иргэний хуульд заасан өөр өөр зохицуулалтуудыг хооронд нь хольж субъектын хувьд шаардлага хангахгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Тодруулбал прокуророос П.Батмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд зааснаар бусдын эзэмшлийн итгэмжлэн хариуцуулан өгсөн эд хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Уг хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд субъект нь хууль болон гэрээгээр эсхүл бусад зорилгоор бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд байдаг.

Гэтэл шүүхээс “шүүгдэгчийг бусдын итгэмжпэн хариуцуулсан хөрөнгө завших гэмт хэргийн аль ч шинжийг агуулаагүй байна гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх бөгөөд Эрүүгийн хууль, Иргэний хуульд заасан хоёр өөр ойлголтыг хооронд нь хольж хэрэглэж болохгүй юм.

Энэ хэргийн хувьд П.Батмөнх нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг тогтоосон хугацаанд буцаан өгөөгүй завшсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан гэж үзнэ.

2. Шүүхээс хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн үндэслэлийн талаар:

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох гэрч Б.Цэвээнсүрэнгийн ...Би гадаад улсаас ирсэн хүмүүсийн ачаа тээшийг хүлээн авч орон нутаг болон хот дотор хүргэж төлбөр авдаг, иргэн П.Мөнхтуяагийн 1 хайрцаг ачааг Баянхонгор аймаг явах автомашинд өгөөд явуулчих гэхээр би Баянхонгор аймаг явах гэж 53- 84 гэсэн машинд ачааг өгөөд би П.Мөнхтуяатай жолоочийг өөрийнхөө утсаар яриулж ачааг хүлээлгэж өгсөн...гэх мэдүүлэг,

Гэрч А.Болортуяагийн .... Баянзүрхийн товчоо гараад МТ клонкийн цаад талд карго задардаг газар байдаг тэндээс Баянхонгор явах 1 тн ачаа авсан, гадна талаараа ногоон шуудаатай том хайрцагтай ачаа байсан орой 21 цаг өнгөрч байхад Нарантуул захын өргөтгөл дээр зогсож байсан 53-84 гээд том ачааны машинд аваачиж өгөөрэй гэж хүлээн авагч нь хэлэхээр нь өгсөн...жолоочид би тухайн ачааг өгөөд хүлээн авагчтай ярьсан...миний явуулсан ачааг бол хүлээн авагч нь авсан гэсэн, хүлээн авагчийг П.Мөнхзаяа гэдэгхүн байсан... гэх мэдүүлэг,

Гэрч Ш.Одончимэгийн Оринтал зочид буудлын баруун талын хашаанд байрлах каргоноос ачаа аваад П.Мөнхзаяа гэх хүний хэлсэн 53-84 улсын дугаартай авто машинд тавьсан. Ямар содон шинж тэмдэгтэй ачаа байсан эсэхийг санахгүй байна ямар ч байсан 31000 ачааны мөнгө гэж авч авсан бол ачаа нь жижиг хэмжээтэй ачаа байсан гэсэн үг. ... гэх мэдүүлэг зэргээс үзэхэд шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тухайн ачаа ачигдсан талаар хөтөлбөргүй нотлогдож байгаа нь хэргийн бодит байдал болно.

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/205 дугаартай цагаатгах тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор В.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна. Цагаатгах тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Баянхонгор аймгийн Прокурорын газраас П.Батмөнхийг Улаанбаатар хотоос Баянхонгор аймаг руу 53-55 БНХ улсын дугаартай SCANIA маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслээр ачаа тээврийн үйлчилгээ үзүүлэхдээ 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр П.Мөнхзаяагийн эзэмшлийн итгэмжлэн хариуцуулан өгсөн эд хөрөнгө болох сөдөн урт ханцуйтай куртик 40 ширхгийг завшиж бусдад 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан Хөрөнгө завших гэмт хэргийн шинж нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг өмчлөлдөө авах, буцаан өгөхгүй байх, өөрийн өмчийн адил захиран зарцуулах гэх мэт санаатай идэвхитэй үйлдлээр илэрдэг. П.Батмөнхийн хувьд П.Мөнхзаяагийн эзэмшлийн сөдөн урт ханцуйтай 40 ширхэг куртик нь түүний ачаа тээврийн үйлчилгээ үзүүлдэг 53-55 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачигдсан эсэх нь тодорхойгүй байхад түүнийг санаатайгаар тухайн эд зүйлийг завшиж, өөрийн өмчлөлд захиран зарцуулсан гэж үзэх боломжгүй, анхан шатны шүүхийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасны дагуу “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгах тогтоол гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар П.Батмөнх нь П.Мөнхзаяагийн эзэмшлийн сөдөн урт ханцуйтай 40 ширхэг куртикийг завшиж, П.Мөнхзаяад 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдоогүй, тухайн 40 ширхэг куртик бүхий ачаа П.Батмөнхийн машинд ачигдсан эсэх нь тодорхойгүй, гэрч А.Болортуяа, Ш.Одончимэг нарын мэдүүлэг нь тухайн 40 ширхэг куртик бүхий ачаа мөн эсэхийг нотлоогүй, 40 ширхэг куртик бүхий ачааг хүлээлгэж өгөх болон хүлээн авахдаа хөтөлсөн данс бүртгэл хэрэгт авагдаагүй байх тул дээрх эргэлзээ бүхий байдлуудыг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/205 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дүгээр зүйлийн 22.4.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/205 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР

ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

Б.БОЛОР-ЭРДЭНЭ