Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 17

 

Ц.Цын нэхэмжлэлтэй Б.Бд холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Б.Болор-Эрдэнэ, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 131/ШШ2019/00419 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц.Цын нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Бд холбогдох

Эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирлын 1.853.150 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Огийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Цогтбаатарын Ц миний бие нь 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 19 цагийн үед Рrius11 маркийн машинтай 9-р багийн 14 дүгээр гудамжинд айлд очих гээд явж байтал 25-56 БНА улсын дугаартай sonota-6 маркийн автомашин гудамжнаас гэнэт хурдан гарч ирж мөргөсөн. Тухайн үед даатгал, цагдаа бүгд ирсэн. 100 хувь нөгөө талын буруу болж Б.Б даатгалаараа хохирлоо барагдуулмаар байна, би хөдөө ажилладаг, бас танай нөхрийг ч таних юм байна гээд байхаар нь даатгалаар хохирлоо барагдуулахаар болсон хэдий ч маргааш өдрөөс нь эхлээд миний толгой нуруу өвдөж эхэлсэн. Тухайн үед нь нөгөө машины жолооч Б.Бтэй уулзаж эмнэлэгт үзүүллээ, эм тариа авч хэрэглэ гэж байна гэхэд Чи одоо юу яриад байгаа юм бэ, даатгалаар эм тарианы мөнгө олдохгүй нэг бол машинаа засуул нэг бол эмчилгээгээ хийлгэ /манай ээж, эгч, эхнэр гээд бүгд эмнэлгийн хүмүүс байдаг/ гэж уурласан. Би ч тухайн үед юм хэлэлгүй өнгөрсөн. Миний нуруу толгой ихээр өвдөж Улаанбаатар хот руу явж онош тодруулах шаардлагатай гээд компьютер томограф хийлгэсэн. Нөгөө жолооч болох Б.Б нь холбоо бариагүй, залгахаар дугаар блоклочихсон ярьдаггүй, өөр дугаараас залгахаар хоолой сонсож байгаад утсаа салгадаг, холбогдож чадахгүй байж байгаад 04-р сарын 01-ний өдөр Холбооны гадаа таархад тухайн үед даатгалаараа шийдүүлнэ гэж ярьчихаад юун эм тарианы мөнгө яриад байгаа юм бэ, тийм л юм бол цагдаадаа өгөөд шүүх эмнэлгээр явахгүй яасан юм, чи ер нь яах гэж цагдаад өргөдөл өгөөд байгаа юм бэ, чаддаг юм бол надаас юм олж долоогоорой гэж намайг элдвээр хэлж байгаад явсан. Хүний машиныг сар гаруй ажиллагаагүй болгочихоод бас болоогүй өөрсдөө яаж байна гэж ярихгүй, залгахаар хүн шиг утсаа аваад ярьчихгүй байж ганц уулзсан чинь намайг элдвээр доромжилсон. Надад үнэхээр гомдолтой байна. Цагдаад 2 удаа өргөдөл өгсөн боловч ээж нь ганц хоёр удаа ирж уулзсан өөрөө болохоор ганцхан удаа ирж уулзсан байгаа юм. Даатгалын нөхөн төлбөр ороогүй байхад өргөдлөө өгч байхад яагаад цагдаагийн байгууллага тухайн жолооч дээр арга хэмжээ авч ажиллаагүй юм бэ. Надад үнэхээр их гомдолтой байна.

Иймд хариуцагч Б.Бгээс машинд учруулсан хохирол 1.345.000 төгрөг, даатгалын үнэлгээгээр гарсан төлбөр 840.000 төгрөгийг хасаад үлдэгдэл 505.000 төгрөг, эм тарианы 98.050 төгрөг, осол болсноос хойш машин засвараас гарах хүртэл буюу 03-р сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны миний өөрийн олох ёстой байсан орлого болох 34 хоногийн /1 хоног х 27,900/ 948,600 төгрөг, 02-р сарын 12-ны өдрөөс 03-р сарын 18-ны өдрийг хүртэл зөвхөн ажлын өдрүүдэд таксины зардалд ажлын 23 хоногийн /1 хоног х 3500/ 80.500 төгрөг, Улаанбаатар хотруу явсан зардалд 61.000 төгрөг, эмнэлэгт компьютер томограф хийлгэсэн зардалд 160.000/ толгой нуруу тус тусдаа 80.000/ нийт 1.853.150 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Цогтбаатарын Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хотод байдаг үнэлгээний компаниар машины зурагнуудаа явуулж үнэлгээ хийлгэсэн. Эхлээд 480.000 төгрөгийн үнэлгээ гарсан байсныг зөвшөөрөлгүй ахиж үнэлгээ хийлгээд 840.000 төгрөг болсон. Приус-11 урьд гупер бодит үнэ нь 550.000 төгрөг, их гэрлийг 180.000 төгрөгөөр үнэлсэн, бодит байдал дээр 350.000 төгрөг болсон байгаа. Радиотар 180.000 төгрөгөөр үнэлсэн байгаа харин радиотар бодит ханш нь 300.000 төгрөг болсон. Ажлын хөлс 75.000 төгрөг гэж үнэлсэн, гэтэл үнэндээ ажлын хөлс 200.000 төгрөг болсон. Тэнхлэг тохиргоо хийгээгүй байгаа тул одоо машины жолооны хүрд далийхад дугуй тэгширдэг байдалтай байгаа. Иймд одоо 1.853.150 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О шүүхэд гаргасан тайлбартаа:

Б.Б нь 2019 ны 02 дугаар сарын 11-ний орой 19 цагийн үед sonata-6 маркийн 25-56 БНХ улсын дугаартай өөрийн автомашинаар дэлгүүр орох гээд гудамжныхаа үзүүр тойртол нөгөө талаас prius-11 маркийн 82-02 БНХ улсын дугаартай автомашин гарч ирээд мөргөлдсөн байсан. Тухайн үед цагдаа, шинжээч, даатгалыг дуудаж бүгд ирсэн, би ч бас очсон. Хоёр тал тохиролцоод даатгалаар шийдвэрлүүлэхээр болоод цагдаа нар явж даатгал бүх зургийг аваад маргааш өглөө бичиг баримтаа аваад 2-уулаа ир гээд явсан. Маргааш нь манай хүүхэд очиход нөгөө жолооч нь машиныхаа бичиг баримтаа авч ирээгүй, машин нь Гялс төгрөг ХЗХоршоонд барьцаанд байгаа гэсэн. Даатгалаас тэр гэрээгээ аваад ир гэхэд өөрсдөө бараг 7-8 хонож байж авчирч өгсөн. Бодь даатгал үнэлгээг хот руу явуулж хийлгээд 840.000 төгрөгөөр тогтоож, даатгалын мөнгийг нэхэмжлэгчийн данс руу хийсэн. Гэтэл машинд учруулсан хохирол гэж 1.345.000 төгрөг нэхэмжлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. 3-4 хоногийн дараа манай хүүхэд ээж нөгөө хүмүүс чинь эмчилгээний зардал нэхээд байна гэхээр нь ээж рүүгээ явуулчих, албан ёсоор шинжээч томилуулаад эмнэлэгт үзүүлж, харуулж өгье гэсэн. Албан ёсоор шинжээч томилуулж, эмнэлэгт үзүүлэх гэтэл нэхэмжлэгчийн утас нь холбогдоогүй. Тэгээд манай хүүхэд ажлаар хөдөө явсан. Албан ёсоор шинжээч томилуулаад эмнэлэгт үзүүл гэхэд ирээгүй байж одоо төрөл бүрийн эмчилгээний төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Сүүлд уулзахад мэдрэлийн Батаа эмч дээр очиж үзүүлээд зураг авахуул гээд явуулсан юм байна лээ.

Зураг авахуулаад түүн дээр өөрчлөлттэй гэсэн зүйл байхгүй байсан. Тэгээд 10-аад хоногийн дараа Улаанбаатар хот руу ажлаар явах гэж байгаа, 13А маягт өгөөч гэж гуйгаад аваад явсан байсан. Тэгээд хотод очоод томографикийн зураг авахуулсан, зураг дээр нь өөрчлөлттэй гэсэн зүйл гараагүй байсан. Баримттай юман дээр татгалзах зүйлгүйгээр гарсан зардлыг нь төлнө. Тэр машинд учруулсан хохирол 1.345.000 төгрөг гээд нэхээд байгаа нь хаанаас гараад ирсэн зардал юм. Машинд учирсан хохирол 840.000 төгрөгөө энэ хүн авсан. Мөн таксинд явж олох байсан орлого гэж нэхсэн, гэтэл Баянхонгорт бүтэн өдөржин таксинд явахад 27.900 төгрөг олохгүй. Энэ таксинд явж олох байсан орлогыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Осол болох үед би очсон. Цагдаа, шинжээч, хоёр даатгал нар ирсэн байсан. Тэр үед цагдааа нар даатгалаараа шийдүүл гэсэн зүйл гарсан. Бг байхад бичиг баримтаа бүрдүүлж өгөөгүй. Энийг надаа хэлсэн эмчилгээний төлбөр гэж байна. Нааш нь явуулчих албан ёсоор шинжээч томилуулаад шаардлагатай эмчилгээний зардлыг төлье гэсэн. Ц над дээр ирээгүй. Цагдаа дээр очоод 2 удаа дуудуулахад ирээгүй. Цагдаа нарт хэлсэн шинжээч томилоод албан ёсоор баримтыг бүрдүүлээд өгөөч гэдэг хүсэлтээ тавьсан. Сүүлд уулзахад мэдрэлийн Батаа эмч дээр очоод тэгээд зураг авхуул гэсэн явуулсан юм байна лээ. Тэр зураг авахуулаад түүн дээрээ өөрчлөлттэй гэсэн зүйл байхгүй байсан. Тэгээд 10-аад хоногийн дараа Улаанбаатар луу ажлаар явах гэж байгаа 13А өгөөч гээд аваад явсан байсан. Тэгээд хотод очоод томографикийн дүгнэлт гарсан. Тэгээд дүгнэлт дээрээ өөрчлөлттэй гэсэн зүйл гараагүй. Би баримттай юман дээр би татгалзах эрхгүй. Томографикийн НӨАТ-ын баримтуудыг өгнө энэ баримтууд байхгүй. Үнэхээр тэр 1.345.000 төгрөг гэдэг зүйл нь хаанаас гараад ирсэн юм. Баянхонгорт өдөржингөө явахад 27.900 төгрөг олдог билүү таксины мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Бид нарт лав ажлын бус цагаар таксидаад явж байх зав байхгүй байдаг. Бүх юмны баримтаа аваад ирвэл зөвшөөрнө гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510-р зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан Б.Бгээс эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсны хохиролд 604.050 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Цад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.249.100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Цын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44.600 төгрөгийг төвлөрсөн төсвийн санд үлдээж, хариуцагч Б.Бгээс улсын тэмдэгтийн хураамжид 18.771 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Цад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтыг буруу үнэлж, бодит байдалд үл нийцсэн хууль бус шийдвэр гаргасан. Үүнд:

1. Эмнэлгийн байгууллагаар явахдаа албан ёсоор шинжээч томилуулаад асуудлыг

шийдээгүй, би бидний зүгээс эмчид хандахыг зөвлөхөд тоож үзээгүй гэмтлийн эмч, мэдрэлийн эмчид хувийн журмаар үзүүлэх, таамгаар зураг авахуулахад ямар ч өөрчлөлтгүй гэж бичсэн байхад өөрсдөө эмчилгээнд хүзүүний чигийг авч бичээгүй зүйлийн баримт гаргаж, өөрийн хүсэлтээр 13А маягт авч Улаанбаатар хотын гэмтэл согог судлалын үндэсний төвд компьютерт томографик хийлгэн ямар ч өөрчлөлт, эмчилгээ гараагүй буюу өөрийн хувийн ажлыг амжуулах зорилгоор явснаа бусдад шүүх хурал дээр машиныхаа сэлбэгийг авч ирсэн гэж ярьсан.

2. Автомашин техникийн эвдрэл хохирлыг үнэлгээний төвөөр гаргуулж даатгалаас

мөнгийг нь хийлгээд байхад нэмж 550.000 төгрөгийг нэхэмжлээд байгаа хэдий ч мөнгөний нотлох баримтууд нь шаардлага хангаагүй, он саргүй, хүлээн авсан хүний гарын үсэг байхгүй, засварын хөлсийг зарлагын падаан дээр гарын үсэг байхгүй, үнэлгээн дээр засварын бусад зардал 120.000 төгрөг тавьж өгсөн байхад 115.000 төгрөг дахин нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм. Мөн 1 баримтад 3 төрлийн нэр бичээд 2 төрлийн үнэ тавьсан нь хуурамч баримт болохыг нотолж байна. Их гэрэл 300.000 нотлох баримтгүй гэж үзэж байна. Энэ нь хэн гэдэг хүн хаанаас авсан нь мэдэгдэхгүй байхад эдгээр баримтуудыг анхан шатны шүүх үнэлж дүгнэж гаргасан учир хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж гомдол гаргаж байна. Иймд 1.249.100 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрч харин 604.050 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ц нь зам тээврийн ослын улмаас өөрийн эрүүл мэнд, тээврийн хэрэгсэлд болон олох ёстой орлого нийт 1.853.150 төгрөгийг хариуцагч Б.Бгээс нэхэмжилсэн, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байна.

Хариуцагч Б.Б нь 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 19 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутагт 25-56 БНА улсын дугаартай Sonata-6 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ нэхэмжлэгч Ц.Цын 82-02 БНХ улсын дугаартай Рrius-11 маркийн тээврийн хэрэгсэлийг мөргөж зам тээврийн осол гаргасан, осолд гэм буруутай, энэ талаар зохигчид маргаангүй байна. 

Хариуцагч Б.Бгийн гаргасан зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч Ц.Цын 82-02 БНХ улсын дугаартай Рrius -11 маркийн тээврийн хэрэгсэлд гэм хор учирсан болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцсэн машины эвдрэлийн зураг, Хос стандарт ХХК-ийн автомашин, техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, тайлангийн хавсралт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх бөгөөд хохирлыг 100 хувь даатгалын байгууллагаас гаргаж 840.000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Ц авсан байна./ хэргийн 5-8, 41-42 дугаар тал/

Нэхэмжлэгч Ц.Ц нь радиаторын үнэ 150.000 төгрөг, баруун урд их гэрлийн үнэ 180.000 төгрөг, ажлын хөлс 85000 төгрөг зэргийг Хос стандарт ХХК-ийн даатгалын нөхөн төлбөрөөс авсан байх бөгөөд авто машинд учирсан хохирлын зөрүү гэх 505000 төгрөгийн талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй байхад анхан шатны шүүх радиаторын үнэ 210.000 төгрөг, ажлын хөсний зөрүү 115.000 төгрөг, их гэрлийн үнийн зөрүү 120.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Мөн Б.Бгийн гаргасан зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч Ц.Цын эрүүл мэндэд гэм хор учраагүй болох нь Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн компьютерт томографиар Ц.Цын эрүүл мэнд нь өөрчлөлтгүй, хэвийн байна гэх эмчийн дүгнэлт хавтаст хэрэгт авагдсан, эрүүл

мэндэд нь гэм хор учирсан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй буюу Ц.Цын эмчилгээ хийлгэхтэй холбоотой замын зардал, эм тарианы болон олох ёстой байсан орлого зам тээврийн осолтой шалтгаант холбоогүй, нэхэмжлэгч Ц.Ц нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-д зааснаар эмчилгээний зардлыг хариуцагч Б.Бгээс шаардах эрхгүй байхад анхан шатны шүүх анхааралгүйгээр 604050 төгрөгийг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-д шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг үнэлэх, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг зөрчжээ. /хэргийн 12 дугаар тал/

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Огийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18.771 төгрөгийг төвлөрсөн төсвийн сангаас гаргаж, хариуцагч Б.Бд буцаан олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар

зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 131/ШШ2019/00419 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Цын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Огийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18.771 төгрөгийг төвлөрсөн төсвийн сангаас гаргаж, хариуцагч Б.Бд буцаан олгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР

             ШҮҮГЧИД Б.БОЛОР-ЭРДЭНЭ

                        М.МӨНХДАВАА