Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 18

 

Ц.Нгийн хүсэлттэй иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Б.Болор-Эрдэнэ, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 131/ШШ2019/00568 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ц.Нгийн хүсэлттэй

Садан төрлийн холбоо тогтоолгохыг хүссэн хүсэлттэй иргэний хэрэгт хүсэлт гаргагч Ц.Нгийн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ц.Н, өмгөөлөгч Н.Энхжаргал, прокурор С.Болорзул, нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нар оролцов.

Хүсэлт гаргагч Ц.Нгоос шүүхэд гаргасан хүсэлтэндээ:

Миний аав С.Д нь /С.Д/ 1890 онд төрсөн тухайн үед лам хүн байсан бөгөөд 1938 онд улс төрийн хилс хэрэгт татагдан 1938 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Онц бөгөөд бүрэн эрхт комиссын 24 дүгээр тогтоолоор 10 жил хорих ялаар шийтгүүлсэн. Тэрээр 1948 онд суллагдан ирээд жирийн ард болон амьдарч байх хугацаандаа миний ээж Базайгийн Сүрэнтэй гэр бүл болж 1949 оны 09 сард ганц охин нь болж миний бие төрсөн юм . Миний ээж намайг төрүүлээд төрөхийн хүндрэлээс болж нас барсан. Миний бие төрсөн цагаас өөрийн аав С.Дагва түүний төрсөн дүү болох Сономын Уртнасан нартай амьдарч намайг өсгөж хүн болгосон. Эсэргүү ламын хүүхэд гэж хэлэгдэхгүйн тулд аавын дүү Сономын Уртнасангийн хүүхэд болох Навааны Цэнд-Аюушаар овоглож байсан. Миний бие өөрийн төрсөн ах дүүгүй учир удам судраа зөвөөр үлдээж үр хүүхэддээ таниулахын тулд төрсөн эцгээ тогтоолгох хүсэлт гаргаж байна. Иймд төрөл садангийн холбоотой болохыг буюу Сономын Дагвын төрсөн охин болохыг 1933,1956 оны хүн амын тооллогын Үндэсний төв архивын лавлагааг үндэслэн тогтоож өгнө үү.

Хүсэлт гаргагч Ц.Н анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний ээж намайг төрүүлээд төрөхийн хүндэрлээс болж нас барсан байдаг. Би аавтайгаа үлдсэн миний аав болох хүн нь С.Д гэдэг хүн байсан гэсэн. Миний аав хилс хэрэгт татагдан хорих ялаар шийтгүүлж байсан хүн байсан гэсэн. Миний бие өөрийн төрсөн ах дүүгүй учир удам судраа үр хойчдоо таниулах бодолтой байгаа. Мөн хилс хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийн ар гэрт халамж олгодог гэж дуулсан. Миний бие төрсөн цагаас өөрийн аав, аавын төрсөн дүү болох С.Уртнасан нартай амьдарч намайг өсгөж хүн болгосон. Тухайн үед эсэргүүний хүүхэд гэж хэлүүлэхгүйн тулд аавын дүү С.Уртнасангийн хүүхэд болох Н.Цэнд-Аюушаар овоглож байсан гэсэн. Би энэ талаар сүүлд эмээгээсээ мэдсэн. Одоо Сономын Дагвын охин мөн болохыг тогтоолгох хүсэлт гаргаж байна гэжээ.

Прокурор С.Болорзул анхан шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт, тайлбартаа:

Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын дэд зөвлөх С.Болорзул би Монгол улсын прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйл, мөн хуулийн 21.10 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийг удирдлага болгон төрийг төлөөлж дараах дүгнэлтийг гаргаж байна. Иргэн Ц.Н нь Сономын Дагвын охин болох нь хавтаст хэрэгт авагдсан С.Дамбыг хилс хэрэгт шийтгүүлж цагаатгасан цагаатгалын гэрчилгээний хуулбар, Архивын хүн амын тооллогын лавлагаа, гэрч А.Бямбажав, М.Цогзол, Б.Сумъяа нарын мэдүүлгээр Ц.Н нь С.Дагвын төрсөн охин мөн болох нь тогтоогдож байх тул садан төрлийн холбоо тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэжээ.

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-т заасныг баримтлан Олхонууд овогт Ц.Нгийн хэлмэгдэгч Сономын Дагвын төрсөн охин мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг/хүсэлтийг/ бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар хүсэлт гаргагч Ц.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хүсэлт гаргагч Ц.Нгоос давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Би шүүхэд хандаж садан төрлийн холбоотой болохыг тогтоох буюу аав С.Дагвын төрсөн охин болохыг тогтоолгохыг хүсч архивын лавлагаа авч холбогдох баримтуудаа хавсарган өгсөн бөгөөд миний зүгээс уг үйл явдлыг хамгийн сайн мэдэх гэрчүүд шүүхэд мэдүүлэг өгсөн байхад хүсэлтийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Шүүхээс миний аав С.Д нь 1890 онд төрсөн бөгөөд улс төрийн хилс хэрэгт 10 жил хорих ялаар шийтгүүлж суллагдан ирээд Базайгийн Сүрэнтэй гэр бүл болж 1949 онд Ц.Н төржээ гэж дүгнэсэн боловч шүүх хуралдааны явцад над шиг дүлий настай хүнд цуурайтаад хэн юу ярьж байгаа нь мэдэгдэхгүй, анх удаа шүүх хуралд сууж байгаа хүнд сандрах, тэвдэн буруу хариулах, юу хэлэхээ мэдэхгүй байхад үйл явдал цаг хугацааг буруу зөрүү хэлсэн гэж үзэн уг тайлбарыг үндэслэж хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон байна. Тухайн хурал болж байхад миний чих сонсохгүй, асуусан асуулт ойлгохгүй байгаа талаар удаа дараа хэлсэн.

Намайг бага байхад эсэргүүний хүүхэд гэж ад шоо үзэх, нийгэмд гадуурхагдаж байсан мөн төрсөн эх маань намайг төрүүлээд нас барсан учраас аргагүй эрхэнд тухайн үеийн хүн амын тооллого болон сургуулийн бичиг баримтаа өөрийн аавын дүү Уртнасангийн /намайг өсгөж хүн болгосон учир би хөгшин ээж гэж нэрлэдэг/ хүү болох Н.Цэнд-Аюушаар овоглож өрх, хүн амын бүртгэлд бүртүүлж байж сургуульд орох боломж бүрддэг хэцүү цаг үе байсан. Тийм ч учраас төрсөн эцэгтэйгээ хамт амьдарч байсан ч эцгээр овоглох эрхгүй байсаар өдийг хүрлээ.

Миний ээж намайг төрүүлээд төрхийн хүндрэлээс болж нас барсан гэсэн боловч хэрэгт С.Д, Базайн Сүрэн нар гэр бүлийн харилцаатай байсан талаар болон Б.Сүрэнгийн талаар, уг өрхийн талаар мэдээлэл, нотлох баримт авагдаагүй байна. гэж шүүх дүгнэсэн байна. Миний бие өөрийн төрсөн эхийн талаар Үндэсний төв архиваас лавлагаа авахаар хандсан боловч уг овог нэрээр ямар ч мэдээлэл гарч ирээгүй бөгөөд аавын дүү С.Уртнасан /намайг өсгөж хүн болгосон учир би хөгшин ээж гэж нэрлэдэг / миний аавыг Архангай аймгаас суллагдаж ирэхдээ чиний ээжийг дагуулж ирсэн. Өнчин өрөөсөн 30 гаран настай анх ирсэн гэж ярьдаг байсан. Хүн амын тооллогыг улсын хэмжээнд 1933, 1944, 1956, 1963, 1969, 1979 зэрэг онуудад хийсэн гэх бөгөөд Үндэсний төв архивын 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 03-5/803 дугаар лавлагаанд Өвөрхангай аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн 1933 оны хүн амын тооллогын бүртгэлийн 86 дугаар хуудсанд өрхийн тэргүүн Доогийн Наваан эрэгтэй, 47 настай, эхнэр Сономын Уртнасан 37 настай, хүү Зэвэгийн Цэнд-Аюуш 14 настай, хүү Навааны Цэнд-Аюуш 4 настай, хүү Навааны Пүрэв 2 настай, ах С.Д лам 43 настай гэж бүртгэгдсэн ч дээрх онуудын хүн амын тооллогоор миний эцэг эхийг гэр бүлийн харилцаатай байсан талаар болон Б.Сүрэнгийн талаар, уг өрхийн талаар мэдээлэл, нотлох баримт гарах боломжгүй юм. Учир нь хүн амын тооллого болсон 1944 онд миний аав хилс хэргээр ял эдлэж байсан, миний ээж 1949 онд намайг төрүүлээд нас барсан учир ямар ч бүртгэл байх боломжгүй юм. Миний аав С.Д нь 1890 онд төрж 1965 онд 75 насандаа нас барсан байдаг. Би өөрийн аав С.Дагва, түүний дүү С.Уртнасан /хөгшин ээж/ нартай насан эцэс хүртэл хамт амьдарч байсан бөгөөд 1963 оны хүн амын тооллогоор биднийг хамт нэг ам бүл гэдгийг нотлох баримт боловч Үндэсний төв архив болон аймгийн архивын тасагт холбогдох баримт байхгүй уг онд хийгдсэн тооллого нь нэр төдий л хийгдсэн учир баримтууд нь хаана байгаа талаар тодорхойгүй гэж албаны хүмүүс тайлбар өгсөн мөн зарим нь энэ онд тооллого хийгдээгүй гэж янз янзаар хариулт өгсөн.

С.Д нь 1938 онд буюу 48 настайдаа хилс хэрэгт татагдан 10 жилийн хорих ялаар шийтгэгдсэн. 1948 онд буюу 58 настайдаа суплагдан ирээд Б.Сүрэнтэй гэр бүл болж, 1949 онд хүсэлт гаргаж Н төрсөн байх ба энэ байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй, түүнчлэн хүсэлт гаргагч нь шүүх хуралдааны явцад өөрийгөө гэр бүлээ бүртгүүлэхийн тулд төрсөн оноо буруу бүртгүүлсэн 1960 онд төрсөн, эцгийгээ 40 гаруй настай байхад нь төрсөн гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй, зөрүүтэй байна гэж шүүх дүгнэсэн.

Тухайн үед эцгийн овог нэр зэргийг сольсон албан ёсны бүртгэл хийгддэггүй байсан бөгөөд амьдралын шаардлагаар эцгийн овог нэрийг мэдэгдэхгүй байж овоглож болохгүй хэцүү цаг үед амьдарч байсан.

Мөн шүүхийн шийдвэрт архивын лавлагаанд Н бус Норжмаа гэж бичигдсэн гэж дүгнэсэн. Гэтэл овог нь Цэнд-Аюуш гэж овогтой таарч байхад 2 өөр хүн байгаа мэтээр үзэж хэрэгсэхгүй болгосныг ойлгохгүй байгаа бөгөөд тухайн үеийн бүртгэлийг буруу үг үсгийн алдаатай бичигдсэн талаар анх шүүхэд тайлбар гаргахдаа бичсэн бөгөөд хэрэгт авагдсан лавлагаа дээр хүний нэрийг тухайн үед буруу бичигдэж, бүртгэсэн хэн нэгний буруутай үйлдлээс болж миний эрх зөрчигдөх ёсгүй юм.

Хэрэгт миний амьдралыг хамгийн сайн мэдэх хүмүүсийг гэрчээр /А.Бямбажав, М.Цогзол, Д.Сумъяа/ асуулгаж тайлбарлуулсан боловч дээрх гэрчүүдийн мэдүүлгийг ямар учраас хүчингүй гэж үзэж байгаа тухайгаа тайлбарлаагүй. Шүүх гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дутуу үнэлж хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд миний бие гомдолтой байна. Мөн төрийн нэрийн өмнөөс оролцож байгаа прокурор нь хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзсэн байхад миний хүсэлтийг хангаагүй байдаг.

Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 131/ШШ2019/00568 тоот шийдвэрийг хүчингүй болгож миний хүсэлтийг хангаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Н нь хэлмэгдэгч Сономын Дагвын төрсөн охин болохыг тогтоолгохоор хүсэлт гаргаж, анхан шатны шүүх хүсэлтийг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.Нд эрх үүрэг танилцуулсан баримт байгаа боловч танилцуулсан он, сар өдөр нь тодорхойгүй байгаа нь шүүх хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хангаагүй байна гэж үзлээ. Тухайлбал Ц.Н нь шүүхэд нотлох баримт гаргаж өгөх эрхтэй болохоо сайн ойлгоогүй, давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гэрэл зураг байгаа гэж тайлбарлаж байгаа нь анхан шатны шүүх дээр нотлох баримтаа сайн бүрдүүлж өгөх үүргээ сайн ойлгоогүй байна. Нэхэмжлэгч Ц.Н нь хэргийн материалтай хэзээ танилцсан нь тодорхойгүй, нэхэмжлэгчийг шүүх хуралдаан оролцохоор ирэхэд нь шүүхээс хэд хэдэн баримтад нэгэн зэрэг гарын үсэг зуруулдаг байдлаар хэргийн оролцогчийн эрх үүргийг хангаж байгаа нь хангалттай гэж үзэх боломжгүй юм.

Нэхэмжлэгч Ц.Нгоос гэрч асуулгах тухай хүсэлтээ /хх-ийн 21 дүгээр тал/ гаргасан байгаа боловч шүүх хүсэлтийг хэзээ хүлээн авсан тухай дардас огноо байхгүй, хүсэлтийг хангах эсэх талаар шүүгчийн захирамж гаргаж шийдвэрлэх байтал шүүгчийн захирамж гаргалгүйгээр гэрчүүдийг асууж шийдвэрлэсэн.

Хэлмэгдэгч С.Д нь 1965 онд 75 настай нас барсан гэж Ц.Нгоос тайлбарладаг гэтэл гэрчээр асуугдаж байгаа хүмүүс нь С.Дтай ойролцоо насны байж түүний амьдрал, гэр бүлийн талаар сайн мэдэх байтал хэлмэгдэгч С.Дагвыг 1965 онд нас барахад гэрч Н.Цогзол нь 14 настай байсан, гэрч Д.Сумъяа нь 8 настай хүүхдүүд байсан бөгөөд олон жилийн дараа хэлмэгдэгч Сономын Дагвын гэр бүлийн тухай гэрчлэх боломтой эсэх, хэлмэгдэгчийн нэр нь Сономын Дамба гэж байхад нэхэмжлэгчийн садан төрөл тогтоолгох гээд байгаа хүн нь С.Д гэж нэр зөрүүтэйг тайлбарлаагүй байгааг шүүх анхаараагүй зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчжээ.

Иймд шүүхээс хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хангаагүй гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгч Ц.Нгийн садан төрлийн холбоо тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг энэ шүүх хуралдаанаар хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Ц.Нгоос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 131/ШШ2019/00568 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Нгоос улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                                          ШҮҮГЧИД Б.БОЛОР-ЭРДЭНЭ

                                                Г.УЛАМБАЯР