Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2024/00930

 

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ........................... тоотод оршин суух, регистр , Б овогт С А,

Хариуцагч: Баянгол дүүргийн ............................. тоот, регистр , Б ХХК,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн .............. тоотод оршин суух, регистр ЧЛ77121408, Б овогтой Бийн О ,

Нэхэмжлэлийн шаардлага: Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Хан-Уул дүүргийн ...........................тоот хаягт байрлах 72.81 м.кв, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, барьцаанд шилжүүлсэн 17 000 000 төгрөг гаргуулах тухай,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн төлбөрт 190 284 305 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, Т.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.П, Ч.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Э /үнэмлэх/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч С.А нь Б ХХК, Б.О нарт холбогдуулан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Хан-Уул дүүргийн ...........................тоот хаягт байрлах 72.81 м.кв, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, барьцаанд шилжүүлсэн 17 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

Миний бие 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Б ХХК-тай Ж барилгын В1 давхарт талбай түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулж, үйлчилгээний зориулалттай 335 м.кв талбайг ресторан баарны зориулалтаар түрээслэхээр тохиролцсон. Ийнхүү гэрээ байгуулах явцад түрээслүүлэгч талаас түрээсийн төлбөрийг 12 сараар тооцож, 216 000 000 төгрөг төлөхийг шаардсан. Миний хувьд ийм их хэмжээний бэлэн мөнгө байхгүй байсан тул түрээсийн төлбөрийн бартерт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Н палас барилгын А блок 2 дугаар орц 5 давхар 69 тоотод 2 өрөө 72.81 м.кв орон сууцыг санал болгосон. Б ХХК-ийн захирал Б.О нөхцөлийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулагдсан ба хожим энэхүү орон сууцыг тэрээр өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байдаг. Түрээсийн барьцаанд тухайн үедээ 17 000 000 төгрөгийг бэлнээр төлүүлсэн. Ийнхүү түрээсийн төлбөрт 162 000 000 төгрөг шилжүүлсэн. Түрээсийн гэрээ 2020 оны 09 дүгээр сард байгуулагдсан хэдий ч Ковид 19 цар тахлын улмаас 2021 оныг дуустал үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэрээг шинэчлэн байгуулж, үйл ажилгаагаа эхлүүлсэн. 2021 оны 10 дугаар сарын эхээр Б ХХК-ийн зүгээс надад тус барилгын 17 давхрын 295 м.кв талбайг лоунжийн зориулалтаар нэмж түрээслэх санал тавьсан. Харин тухайн талбайг түрээслэн эзэмшиж байсан С ХХК-ийн зүгээс энэхүү 17 давхарт байрлаж буй тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл, тохи жилт заслыг худалдан авах санал тавьсан. Бид дээрх саналуудыг судалж үзээд түрээслүүлэгч Б ХХК-ний захирал Б.О , С ХХК-ний захиар захиарл С.Х нартай уулзан ярилцаж 17 давхарт байрлах лоунжийн зориулалттай тоног төхөөрөмж тавилга хэрэгсэл, гоёл чимэглэл, тохижилт заслыг нийт 100 000 000 төгрөгөөр худалдан авч, хөрөнгө оруулалт хийж эхэлсэн. Энэхүү бүх засвар тохижилт, хөрөнгийн худалдан авалт, бусад хөрөнгө оруулалтыг миний бие зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн. Ж барилгын В1 давхрын диско клуб, 17 дугаар давхрын лоунжийн үйл ажиллагааг богино хугацаанд эхлүүлэх зорилготой түрээсийн талбайнуудад засан сайжруулах ажил хийж байтал 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Б ХХК-ийн Ерөнхий захирал Б.О ийн зөвшөөрлөөр бидний түрээсэлсэн талбайг бидний авсан 100 000 000 төгрөгний үнэ бүхий эд хөрөнгийг бүгдийг нь Э.Э гэж хүн ачаад явсан байсан. Ингээд бид төлөвлөж байсан үйл ажилгаагаа явуулж, олох байсан орологоо олж чадхгүй нөхцөл байдалд хүрсэн. Энэ талаар Б ХХК-ний удирдлагатай уулзахад Э.Э гэж хүн ямар учраас худалдан авсан эд хөрөнгийг аваад явсан, ямар учраас авч явах боломж олгосон, түрээсийн талбайн үүд хаалгыг онгойлгон өгсөн талаар асуухад үндэслэл бүхий тайлбар хийгээгүй. Харин та нар худалдаж авсан учраас очоод авчих, бид байгаа газрыг нь мэднэ гээд бичлэг үзүүлсэн. Ингээд үйл ажиллагаа явуулах боломжгүй болж алдагдалд орохгүйн тулд Б.О болон туслах ажилчдынх нь ярьсны дагуу хүн хүч машин хөлсөлж очиж авсан. Тус эд хөрөнгийг буцаан авахад ихээхэн хөрөнгүүд эвдэрч гэмтсэн, зарим эд хөрөнгө нь алга болсон байснаас гадна тоног төхөөрөмжийг засварлах, угсархад цаг хугацаа зарцуулж, нэмэлт зардал чирэгдэл болсон. Гэтэл Э.Э гэгч нь намайг эд хөрөнгө хулгайлсан гэж Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл гаргаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгагдах болсон. Энэ хэргийг 2022 оны 11 сарьг дуустал жил гаруй шалгасан. Миний бие дээрх хөрөнгө оруулалтыг хийхийн тулд И ББСБ ХХК-ийн зээл авсан, хүүгийн төлбөр нэмэгдэж байсан тул эрүүгийн хэрэг шалгагдаж байгааг үл хэрэгсэн 2022 оны 2 дугаар сарын 5-наас 4 сарын 22-ныг хүртэл нөөц боломжоо дайчлан зүгтгэж ажилласан. Ийнхүү эрүүгийн хэрэгт шалгагдаж, хувь хүнийхээ хувьд сэтгэл санаагаар унасан, дарамтанд орсон байдалтай чадан ядан үйл ажиллагаа явуулж, түрээсийн үйл ажиллагаагаа жигдрүүлэхээр ажилласан. Э.Э 2022 оны 04 дүгээр сарын 22 өдөр Сүхбаатарын талбайд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг дуудан ирүүлж мэдэгдэл хийж, намайг өөрийнх нь хөрөнгийг нь хулгайлсан, дарамталсан, цагдаа хуулийнхныг гартаа оруулсан, орон гэргүй болоод гудамжинд явж байна, арга буюу хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандаж, энэхүү мэдэгдлийг хийж байна гэх агуулгатай ярилцлага өгч, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр маш өргөн хүрээнд цацагдсан. Түүний энэхүү мэдэгдлийн улмаас цахим ертөнцөд Хар сарнайн А бол дээрэмчин, хүний хөрөнгийг нь дээрэмдээд орон гэргүй болгосон, Жт ажиллуулж байгаа лоунж, диско клүбээр нь битгий үйлчлүүл, үйлчлүүлсэн нь мөнгөө битгий өг гэх пост цацагдах болсон. Энэ бүхнийг манай ажилчид хүндээр хүлээн авч ийм нөхцөлд бид ажиллаж чадахгүй гэсэн тул бид 2022 оны 4 сарын 22-ны өдрөөс хойш бүх үйл ажиллагаагаа зогсоосон. Дээрх байдлаар бид Жын В1 давхрын үйл ажиллагааг 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс, 17 дугаар давхрын үйл ажиллагааг 2022 оны 01 дүгээр сарын дундаас тус тус ажиллуулж эхэлсэн боловч 4 дүгээр сарын дунд үе хүртэл аижллаж байгаад бүрэн зогссон. Иймд Б ХХК болон С.А нарын хооронд 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан Ж В1 давхарт талбай түрээслэх, түрээслүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан ...үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэсэн шаардлагыг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Н паласын А блок, 2 дугаар орц, 5 давхар, 69 тоот, 2 өрөө 72.81 м.кв орон сууц өмчлөх эрхийг С.Ад шилжүүлэхийг хариуцагч Б О т даалгаж өгнө үү, бэлнээр төлсөн 17 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: С.А нь 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн М ХХК-тай байгуулсан Орон сууц захиалан бариулах тухай 19/04/17-14 дугаартай гэрээний дагуу Хан-Уул дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах Н палас барилгын А блок, 2-р орц, 5 давхар, 69 тоот, 2 өрөө, 72.81 м.кв орон сууцыг түрээсийн төлбөрт тооцон өгөхөөр болсон. Б ХХК-ний гүйцэтгэх захирал Б.О нь энэ нөхцөлийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан бөгөөд гэрээний барьцаанд 17 сая төгрөгийг бэлнээр төлсөн. Гэрээний төлбөрт тооцож С.Аын өмчлөлийн, дээрх орон сууц захиалан бариулах гэрээг шилжүүлэн өгсөн. Түрээсийн гэрээний 4.2-т Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг 12 сараар тооцож 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн бөөн төлж байгаатай холбогдуулан 1 сарын түрээсийн төлбөрийг 17 000 000 төгрөг болгож хямдруулсан ба энэхүу төлбөрийг 12 сарын 31-ний дотор бүрэн төлж барагдуулна. Эсвэл 100 хувь төлбөрийг төлсөн Н палас 2 өрөө орон сууцыг түрээсийн гэрээний төлбөрт тооцож авна гэж заасан. Орон сууц захиалан бариулах гэрээг шилжүүлэхдээ Б ХХК-ний нэр дээр бус бус иргэн Батсуурь овогтой О ийн нэр дээр шилжүүлэн авсан. Ингээд Б.О нь ............. бүртгэлийн дугаартай, ......... гэрчилгээтэй өмчлөгч болсон. Талуудын хооронд байгуулсан 2020 оны 09 сарын 12-ны өдрийн түрээс гэрээ нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн эрхийг түрээслэгч, түрээслүүлэгчийн аль нэг талын гаргасан мэдүүлгийг үндэслэн энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан журмын дагуу буртгэнэ, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3.Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. гэж заасанчлан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй. Мөн Иргэний хуулийн 318.4.Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасны гэрээ бичгээр байгуулагдсан хэдий ч хуульд зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ юм. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т дээр дурьдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн бусад хэлцэл, 56.5.Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шижүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. гэж заасны дагуу Б ХХК-тай байгуулсан хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр иргэн Б.О ийн өмчлөлд шилжүүлсэн Хан-Уул дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах Н палас барилгын А блок, 2-р орц, 5 давхар. 69 тоот, 2 өрөө, 72.81 м.кв орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Б ХХК-ний итгэжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Үүнд:

Түрээсийн гэрээ хүчин төгөлдөр байна. Жийн барилгын талбайг бүхэлд нь түрээслэх, тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлнэ. Харин энэ тохиолдолд В1 тусдаа обьектийг түрээслэж байгаа учир хамаарахгүй. Түүнчлэн нэхэмжлэгч нь гэрээг хүчин төгөлдөр гэж хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж, баталгаажуулан бодитоор үйл ажиллагаа явуулж байсан. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасны дагуу түрээсийн гэрээний эрх зүйн харилцаа нь аж ахуйн үйл ажиллагааг явуулах үндсэн зорилгыг агуулж байдаг бөгөөд С.Аын хувьд тус зорилгын дагуу бидний өмчлөлийн талбайг бодитоор ашигласан байдаг. Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээнд заасан эрхээ эдэлж түрээсийн зүйлийг ашигласнаар гэрээний зорилго биелэсэн. Гэтэл түрээсийн гэрээний харилцаа анхнаасаа үүсээгүй мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Түрээсийн гэрээ байгуулснаас хойш Б ХХК нь ковидын үеийн нөхцөл байдлыг харгалзан төлбөр авалгүй хөнгөлж, 2022 оны 2 дугаар сараас эхлэн түрээсийн төлбөрийг тооцож эхэлсэн. С.Аын хувьд Б ХХК-ний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг ашиглаж цахилгааны төлбөр төлж байсан болно. Иймд гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэж буй шаардлага нь бүхэлдээ үндэслэлгүй. Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан үйл баримт нь иргэний хэрэгт хамааралгүй, хувь хүний хоорондын асуудал, өөрөөр хэлбэл, Э.Э С.А нарын хооронд үүссэн маргаан нь түрээсийн гэрээтэй хамааралгүй юм. Түүнчлэн тусдаа хуулийн хүчинтэй түрээсийн гэрээг нэгтгэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжэгч нэхэмжлэлийн шаардлагаа Ж В1 давхарт талбай түрээслэх, түрээслүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах гэж тодорхойлсон. Гэтэл нэхэмжлэлийн үндэслэлд дурдаад байгаа 17 давхарт байрлах үйлчилгээний талбай түрээслэхтэй холбоотой үүссэн маргаан нь тусдаа асуудал бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан ажлын байрны түрээсийн талбай түрээслэх 21/026 тоот гэрээгээр Жын 17 давхарт байрлах 245 м.кв талбайг иргэн С.Атай байгуулаагүй, харин М ХХК-тай байгуулсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт гэж заасан байх бөгөөд нэхэмжлэлийн үндэслэл тодорхой байх ёстой байхаар хуульчилсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ түрээсийн гэрээ байгуулж, түрээсийн харилцаа үүссэн гэдэгтэй маргахгүй агуулгаар тайлбарласан. Нэхэмжлэгч 2022 оны 2 дугаар сарын 5-наас хойш 2022 оны 10 дугаар сарын 7-ний өдрийн тооцоо нийлсэн актаар 205 856 877 төгрөгийг төлбөрийг төлөх ёстой болсон. Үүнээс барьцаанд болон орон сууцны бартерт төлсөн 204 744 000 төгрөгийг суутгаж, 1 112 877 төгрөг төлөгдөөгүй байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагч нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбартаа: Түрээсийн төлбөрийг гэрээний 4.2-т зааснаар 1 сарын 18 000 000 төгрөгөөр тооцон бартерт үл хөдлөх хөрөнгийг авахаар талууд тохиролцсон. Гэрээгээр тохиролцсоноор Ж төвийн В1 давхрыг С.А түрээслэж, төлбөрт маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг Б.О ийн өмчлөлд шилжүүлэн өгсөн байдаг. Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь 2020.09.12-ний өдрөөс 2022.10.15-ний өдрийг хүртэл үргэлжилсэн, харин энэ хугацааны туршид түрээсийн талбайг эзэмшилдээ байлгасан тул түрээсийн төлбөрийг төлөх үүрэг иргэн С.Ад хууль ёсны дагуу үүссэн. Гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргаж үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор маргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд түрээсийн гэрээний хувьд түрээслүүлэгч өөрийн эзэмшлийн талбайгаа ашиглуулж, эзэмшүүлсэн цаг хугацааг буцаах боломжгүй байдгаараа онцлогтой юм. Түүнчлэн Иргэний хуулийн 56.1.10-т заасан дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн бусад хэлцэл гэдэгт ямар хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тодорхойлж буй нь ойлгомжгүй, тодорхойгүй, харин эсрэгээрээ тус үл хөдпөх хөрөнгө бол Ж төвийн В1 давхрын талбайг түрээслүүлэн эзэмшүүлж ашиглуулсаны төлбөр тул нэхэмжлэгч өмчлөгчөөр тогтоолгохоор шаардаж буй нь үндэслэлгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан 2020.09.12-ний өдрийн В1 давхарт талбай түрээслэх, түрээслүүлэх гэрээний 4.7-д зааснаар түрээслэгч нь түрээсийн байрыг ашиглаагүй нь түрээсийн төлбөр болон аливаа хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч С.А нь түрээсийн талбайг бүрэн хугацаанд ашиглаж чадаагүй, бизнесийн үйл ажиллагаа доголдсон зэрэг нь тухайн хувь хүн, хуулийн этгээдийн дотоод асуудал тул төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч Б.О , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О нь маргаж байгаа үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр олж аваагүй бөгөөд С.А, Б ХХК-ний хооронд 2020 оныы 9 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан Ж В1 давхарт талбай түрээслэх, түрээслүүлэх гэрээний дагуу түрээсийн төлбөрт төлсөн болно. Тус гэрээний 4.2-т заасны дагуу түрээслэгч нь түрээсийн төлбөрийг 12 сараар тооцож бөөн төлөх ба 2020 оны 12 сарын 12-ний өдрөөс эхлэн тооцох, бөөн төлж байгаатай холбогдуулан 1 сарын түрээсийн төлбөрийг бартер 18 000 000 төгрөг болж хямдруулсан ба энэхүү төлбөрийг 12 сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулна. Эсвэл С.Амармандахын өмчлөлийн Н палас 57 м.кв 2 өрөө байрыг 1 м.кв-ыг 2 400 000 төгрөгөөр бодож тооцон авна. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг түрээслүүлэгчийн заасан нэр дээр гаргаж өгнө гэж тохиролцсон. Үүний дагуу үл хөдпөх хөрөнгийг түрээсийн төлбөрт суутган авч захиран зарцуулсан болно. Түүнчлэн одоогоор тус үл хөдлөх хөрөнгө нь Б.О ийн нэр дээр байхгүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо Иргэний хуулийн 318.3-т заасан ..үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлнэ гэсэн шаардлагыг хангаагүй хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тодорхойлж, үүний хүрээнд өгсөн авсанаа буцаахаар үл хөдлөх хөрөнгөө шаарджээ. Гэтэл иргэн С.А нь Ж төвийн В1 давхарт байрлах талбайг 2020.09.12-ний өдрөөс хойш эзэмшилдээ байлгаж, ашигласан, захиран зарцуулсан хугацааг буцаах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, түрээсийн талбайг ямар ч үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ байлгаж, эцэст нь өгсөн төлбөрөө буцаан гаргуулах агуулгаар шаардах эрх нь илтэд үндэслэлгүй байна. Улмаар иргэн С.Аын бизнесийн үйл ажиллагааг явуулж чадаагүй зэрэг нөхцөл байдал нь Б ХХК-д хамааралгүй бөгөөд тухайн байгууллагын үйл ажиллагаа амжилттай явах эсэхэд манай байгууллагаас шалтгаалах агуулгаар тайлбарлаж, дурдаж байгаа нь илт үндэслэлгүй байна. Гэрээний 4.7-д Түрээслэгч түрээсийн гэрээний хүчинтэй хугацаанд түрээсийн байрыг ашиглаагүй нь түрээсийн төлбөр болон аливаа бусад хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй" гэж заасан. Иймд талуудын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээний дагуу түрээсийн төлбөрийн үлдэгдэл төлбөрийг иргэн С.А төлөх ёстой атал тус үүргээ биелүүлэхгүй байгаа нь Б ХХК-ний эрх хууль ёсны ашиг сонирхолыг зөрчөөд байгаа билээ. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагч Б ХХК нь  С.Ат холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 190 284 305 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэл гаргаж, шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

Б ХХК нь өөрийн эзэмшлийн талбай болох Ж В1 давхарт байрлах 335 м2 талбайг түрээслүүлэн ашиг олох үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нэхэмжлэгч С.А нь 2020 оны 09 сарын 12-ний өдөр түрээсийн гэрээ байгуулсан байдаг. Ингээд 335 м.кв талбайг өөрийн эзэмшилдээ байлгаж, үйл ажиллагаа явуулсан атлаа түрээсийн төлбөрийг өнөөдрийг хүртэл хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй. Түүнчлэн 2022 оны 10 сарын 15-ний өдөр түрээсийн үйл ажиллагаа явуулж байсан тавилга, хэрэгслээ бусдад зарж, улмаар өөрийн 100 хувь хувьцаа эзэмшдэг М" ХХК-ний хувьцааг бусдад шилжүүлж, бидэнд мэдэгдэлгүй түрээслэж байгаа үл хөдлөх хөрөнгөө шилжүүлж өгөхгүйгээр холбоо тасарсан. Гэтэл өөрийн түрээсийн үйл ажиллагаа явуулахад ашиглаж байсан пабын тавилга, мөн М ХХК-ний хувьцаагаа П.Н гэх хүнд зарсан талаар хожим мэдсэн. Ингээд бид түрээсийн гэрээг 2022.10.15-ны өдрөөс өөр этгээдтэй байгуулсан. Харин С.А нь 2022.10.15-ны өдрөөс өмнөх төлбөрөө огт төлөлгүйгээр сураг тасарсан. Улмаар 2020.09.12-ний өдөр байгуулсан В1 давхарт талбай түрээслүүлэх гэрээний 2.1-ийн А хэсэгт түрээслүүлэгч ресторан пабын үйл ажиллагаа явуулахад зориулж, түрээсийн талбайг шилжүүлэх, Б хэсэгт Түрээслэгч нь түрээсийн байрыг гэрээнд заасан нөхцөл зориулалтаар эзэмшиж, ашиглан гэрээнд заасан төлбөрийг төлнө гэж заасан. Түүнчлэн тус түрээсийн гэрээний 3.1-т заасны дагуу 2020.09.12-ны өдрөөс 2025.09.12-ны өдрийг хүртэл 5 жилийн хугацаанд байгуулсан. Улмаар гэрээний 4.1-т заасны дагуу үндсэн төлбөр 20 000 000 төгрөг байхаар тохиролцож, түрээслүүлэгчийн зүгээс 1 сарын 18 000 000 төгрөг болж хямдруулсан. Ингээд бартерийн төлбөрөөр түрээсийн 12 сарын төлбөрийг үл хөдлөх хөрөнгөөр төлсөн. Харин үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл хугацаанд төлөөгүй байна. Түрээслэгч С.А нь 2020.09.12-ний өдрөөс 2022.10.15-ны өдрийг хүртэл хугацаанд түрээслүүлэгчийн эзэмшлийн Ж В1 давхарт байрлах 335 м.кв талбайг өөрийн эзэмшилдээ байлгаж, захиран зарцуулж ашиглаж байсан болно. Дэлхий нийтээр дэгдээд байгаа ковид 19 цар тахлыг түрээслүүлэгчийн зүгээс ойлгож 7 сарын түрээсийн төлбөрийг чөлөөлсөн. Гэтэл нэхэмжлэгч түрээсийн төлбөр байхгүй байсан мэтээр тайлбарлаж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Түүнчлэн бодит байдал дээр манай үл хөдлөх эл хөрөнгийг ашиглаж үйл ажиллагаа явуулж улмаар түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 190 284 305 төгрөгийг төлөөгүй. Иргэний хуулин 318 дугаар зүйлийн 318.1-т заасны дагуу 2020.09.12-ний өдрөөс Жем плас В1 давхарт байрлах 335 м.кв талбайг 2022.10.12-ний өдрийг хүртэл С.А эзэмшилдээ байлгаж ашигласан тул төлөх үүрэг хүлээнэ. Иймд 2020.09.12-ны өдөр байгуулагдсан түрээсийн гэрээний төлөгдөөгүй төлбөр болох 190 284 305 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Миний бие 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Б ХХК-тай Ж барилгын В1 давхарт талбай түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулж, үйлчилгээний зориулалттай 335 м.кв талбайг ресторан баарны зориулалтаар түрээслэхээр тохиролцсон. Ийнхүү гэрээ байгуулах явцад түрээслүүлэгч талаас түрээсийн төлбөрийг 12 сараар тооцож, 216 000 000 төгрөг төлөхийг шаардсан. Миний хувьд ийм их хэмжээний бэлэн мөнгө байхгүй байсан тул түрээсийн төлбөрийн бартерт Хан-Уул дүүргийн  дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Н палас барилгын А блок 2 дугаар орц 5 давхар 69 тоотод 2 өрөө 72.81 м.кв орон сууцыг санал болгосон. Б ХХК-ийн захирал Б.О нөхцөлийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулагдсан ба хожим энэхүү орон сууцыг тэрээр өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байдаг. Түрээсийн барьцаанд тухайн үедээ 17 000 000 төгрөгийг бэлнээр төлүүлсэн. Ийнхүү түрээсийн төлбөрт 162 000 000 төгрөг шилжүүлсэн. Түрээсийн гэрээ 2020 оны 09 дүгээр сард байгуулагдсан хэдий ч Ковид 19 цар тахлын улмаас 2021 оныг дуустал үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэрээг шинэчлэн байгуулж, үйл ажилгаагаа эхлүүлсэн. 2021 оны 10 дугаар сарын эхээр Б ХХК-ийн зүгээс надад тус барилгын 17 давхрын 295 м.кв талбайг лоунжийн зориулалтаар нэмж түрээслэх санал тавьсан. Харин тухайн талбайг түрээслэн эзэмшиж байсан С ХХК-ийн зүгээс энэхүү 17 давхарт байрлаж буй тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл, тохи жилт заслыг худалдан авах санал тавьсан. Бид дээрх саналуудыг судалж үзээд түрээслүүлэгч Б ХХК-ний захирал Б.О , С ХХК-ний захиар захиарл С.Х нартай уулзан ярилцаж 17 давхарт байрлах лоунжийн зориулалттай тоног төхөөрөмж тавилга хэрэгсэл, гоёл чимэглэл, тохижилт заслыг нийт 100 000 000 төгрөгөөр худалдан авч, хөрөнгө оруулалт хийж эхэлсэн. Энэхүү бүх засвар тохижилт, хөрөнгийн худалдан авалт, бусад хөрөнгө оруулалтыг миний бие зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн. Ж барилгын В1 давхрын диско клуб, 17 дугаар давхрын лоунжийн үйл ажиллагааг богино хугацаанд эхлүүлэх зорилготой түрээсийн талбайнуудад засан сайжруулах ажил хийж байтал 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Б ХХК-ийн Ерөнхий захирал Б.О ийн зөвшөөрлөөр бидний түрээсэлсэн талбайг бидний авсан 100 000 000 төгрөгний үнэ бүхий эд хөрөнгийг бүгдийг нь Э.Э гэж хүн ачаад явсан байсан. Ингээд бид төлөвлөж байсан үйл ажилгаагаа явуулж, олох байсан орологоо олж чадхгүй нөхцөл байдалд хүрсэн. Энэ талаар Б ХХК-ний удирдлагатай уулзахад Э.Э гэж хүн ямар учраас худалдан авсан эд хөрөнгийг аваад явсан, ямар учраас авч явах боломж олгосон, түрээсийн талбайн үүд хаалгыг онгойлгон өгсөн талаар асуухад үндэслэл бүхий тайлбар хийгээгүй. Харин та нар худалдаж авсан учраас очоод авчих, бид байгаа газрыг нь мэднэ гээд бичлэг үзүүлсэн. Ингээд үйл ажиллагаа явуулах боломжгүй болж алдагдалд орохгүйн тулд Б.О болон туслах ажилчдынх нь ярьсны дагуу хүн хүч машин хөлсөлж очиж авсан. Тус эд хөрөнгийг буцаан авахад ихээхэн хөрөнгүүд эвдэрч гэмтсэн, зарим эд хөрөнгө нь алга болсон байснаас гадна тоног төхөөрөмжийг засварлах, угсархад цаг хугацаа зарцуулж, нэмэлт зардал чирэгдэл болсон. Гэтэл Э.Э гэгч нь намайг эд хөрөнгө хулгайлсан гэж Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл гаргаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгагдах болсон. Энэ хэргийг 2022 оны 11 сарьг дуустал жил гаруй шалгасан. Миний бие дээрх хөрөнгө оруулалтыг хийхийн тулд И ББСБ ХХК-ийн зээл авсан, хүүгийн төлбөр нэмэгдэж байсан тул эрүүгийн хэрэг шалгагдаж байгааг үл хэрэгсэн 2022 оны 2 дугаар сарын 5-наас 4 сарын 22-ныг хүртэл нөөц боломжоо дайчлан зүгтгэж ажилласан. Ийнхүү эрүүгийн хэрэгт шалгагдаж, хувь хүнийхээ хувьд сэтгэл санаагаар унасан, дарамтанд орсон байдалтай чадан ядан үйл ажиллагаа явуулж, түрээсийн үйл ажиллагаагаа жигдрүүлэхээр ажилласан. Э.Э 2022 оны 04 дүгээр сарын 22 өдөр Сүхбаатарын талбайд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг дуудан ирүүлж мэдэгдэл хийж, намайг өөрийнх нь хөрөнгийг нь хулгайлсан, дарамталсан, цагдаа хуулийнхныг гартаа оруулсан, орон гэргүй болоод гудамжинд явж байна, арга буюу хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандаж, энэхүү мэдэгдлийг хийж байна гэх агуулгатай ярилцлага өгч, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр маш өргөн хүрээнд цацагдсан. Түүний энэхүү мэдэгдлийн улмаас цахим ертөнцөд Хар сарнайн А бол дээрэмчин, хүний хөрөнгийг нь дээрэмдээд орон гэргүй болгосон, Жт ажиллуулж байгаа лоунж, диско клүбээр нь битгий үйлчлүүл, үйлчлүүлсэн нь мөнгөө битгий өг гэх пост цацагдах болсон. Энэ бүхнийг манай ажилчид хүндээр хүлээн авч ийм нөхцөлд бид ажиллаж чадахгүй гэсэн тул бид 2022 оны 4 сарын 22-ны өдрөөс хойш бүх үйл ажиллагаагаа зогсоосон. Дээрх байдлаар бид Жын В1 давхрын үйл ажиллагааг 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс, 17 дугаар давхрын үйл ажиллагааг 2022 оны 01 дүгээр сарын дундаас тус тус ажиллуулж эхэлсэн боловч 4 дүгээр сарын дунд үе хүртэл ажиллаж байгаад бүрэн зогссон. Ийнхүү Б ХХК болон түүний захирал Б.О нь бидэнд тайван үйл ажиллагаа явуулах боломж олгоогүй бөгөөд В1 болон 17 давхрыг дундаж хүчин чадлаар 2022 оны 2-4 сар хүртэл ажилуулсан 3 сарын дундаж орлого зардлаа хасаад 22 600 000 төгрөг байсан. Иймд тус Б ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

8. Нэхэмжлэгчээс: С.Аын иргэний үнэмлэхний хуулбар /хх 7/, 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Ж В1 давхарт талбай түрээслэх, түрээслүүлэх гэрээ /хх 8-15/, 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Б ХХК-иас М ХХК-ийн захирал С.Ад мэдэгдэл хүргүүлэх тухай /хх 16/, 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Орон сууц захиалан бариулах тухай гэрээ /хх 17-19/, 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Орон сууц захиалан бариулах тухай гэрээ /хх 20-22/, Б.О ийн иргэний үнэмлэхний хуулбар /хх 23/, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 211002324 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол /хх 24/, Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 16 дугаартай Хэрэг бүртгэлтийг хаасан хэргээс холбогдох материалын хуулбарлан, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлэх тухай прокурорын тогтоол /хх 25/, Б ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 27/, Ж барилгын 17 давхарын худалдаж авсан эд хөрөнгийн фото зураг /68-71/, Н пласд байрлах орон сууцыг худалдах тухай цахим сүлжээнд оруулсан зар /78-80/, 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Э.Хийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 81/, М ХХК-иас 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр санал гаргах тухай албан бичиг /2 дугаар хавтас 47-48/, 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б ХХК-ийн М ХХК-д хүргүүлсэн 182 тоот албан бичиг /2-р хавтас 49-50/, 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Б ХХК-ийн М ХХК-д хүргүүлсэн албан бичиг /2-р хавтас 51/, 2022 оны 06 дугаар сарын 15, 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр мэдэгдэл /2-р хавтас 52-53/,

 

Хариуцагчаас: Б ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 35/, 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр С.А болон М ХХК-ийн түрээсийн тооцоо /хх 54-55/, Э.Эийн цахим сүлжээнд хийсэн лайв, хүмүүсийн ирүүлсэн сэтгэгдэл /72-77/, Б ХХК нь М ХХК-д нэхэмжлэх хуудас хүргүүлэх /хх 87-96/, 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх төлбөрийн баримт /хх 97-119/, Монгол улсын засгийн газрын тогтоол /хх 135-137/, 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 118 дугаар засгийн газрын тогтоолын хавсралт /хх 138-141/, 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Итгэмжлэл /хх 158/, 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр С.А болон М ХХК-ийн түрээсийн тооцоо /хх 159/, 2021оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримт/хх 161/, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Ажлын байрны талбай түрээслэх гэрээ /хх 162-164/, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан /187-190/, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Итгэмжлэл/хх 226/,

 

Шүүх зохигчийн хүсэлтээр: Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 132/, 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2019/425 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт /хх 155-156/, 2023 оны 11 дүгээр сарын 23-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгийн жагсаалт /хх 2-22/, Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн албан бичиг /хх 32/, Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 33/, 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх 34/, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн албан бичиг /хх 69/, 2021 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг /хх 70-71/, 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээ /хх 73-75/, 2020оны 12 дугаар сарын 04-ны өдрийн Хот байгуулалт хөгжлийн газрын хаягийн тодорхойлолт /хх 76/, Хаяг байршлын схем зураг /хх 77-78/, Фото зураг/хх79/, Б.О ийн иргэний үнэмлэхний хуулбар /хх 80/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ/хх 81/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:

С.А нь 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Б ХХК-тай Ж барилгын В1 давхарт талбай түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулж, үйлчилгээний зориулалттай 335 м.кв талбайг ресторан, пабын зориулалтаар 5 жилийн хугацаатай, нэг сарын түрээсийн төлбөрийг 18 000 000 төгрөгөөр тогтоож, нэг жилийн түрээсийн төлбөрт тооцож Хан-Уул дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Н палас барилгын А блок 2 дугаар орц 5 давхар 69 тоотод 2 өрөө 72.81 м.кв орон сууцыг шилжүүлэх, барьцаа 17 000 000 төгрөгийг төлөхөөр тус тус / 1-р хавтас 8-15/ тохирчээ.

2.1. С.А нь Моност инженеринг ХХК-тай 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн дүгээр хороо, Н палас байрны А блок 2 дугаар орц 5 давхар 69 тоотод 2 өрөө 72.81 м.кв орон сууцыг 145 620 000 төгрөгөөр захиалсан /1-р хавтас 17-19/ байх ба нэг жилийн түрээсийн төлбөрт тооцож Б.О т шилжүүлсэн /1-р хавтас 20-23/ байна.

 

Б.О нь М ХХК-тай орон сууцны захиалгын гэрээ байгуулснаар С.Ааас орон сууцны захиалгын эрхийг шилжүүлэн авсан гэж үзнэ.

Улмаар Б.О нь 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдөр улсын бүртгэлийн ............. дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүргийн хороо, Арцатын ам /17100/, Н ийн зам гудамж ...... байрны 69 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн, өмчлөх эрхийн ......... тоот гэрчилгээ /2-р хавтас 70-81/ олгогджээ.

 

2.2. Түрээслэгч нь 2022 оны 2 дугаар сарын 5-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 23-ны хугацаанд түрээсийн талбайд үйл ажиллагаа явуулж, гэрээ цуцалсан, үйл ажиллагаа явуулахаас өмнөх хугацаанд засвар тохижилтын ажил хийсэн, Ковид 19 цар тахлын улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан нь зохигчийн тайлбараар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна.

 

2.3. Ж төвийн 17 дугаар давхарт байрлах лоунжийн зориулалттай 295 м.кв талбай бүхий үйлчилгээний хэсгийг С ХХК түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан гэх ба М ХХК нь Б ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 21/026 тоот Ажлын байрны талбай тзрээслэх гэрээ /1-р хавтас 162-164/ байгуулжээ.

Нэхэмжлгч нь С ХХК болон Б ХХК-тай тохирч лоунжийн зориулалттай тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл, гоёл чимэглэл, тохижилт заслыг нийт 100 000 000 төгрөгөөр худалдан авч хөрөнгө оруулсан гэх ба харин 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Б ХХК-ийн захирал Б.О ийн зөвшөөрснөөр иргэн Э.Э эд хогшлийг авч явсан, улмаар Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргаснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, 2022 оны 04 дүгээр сарын 22 өдөр Сүхбаатарын талбайд мэдээлэл хийснээс талуудын хооронд маргаан гарсан нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.

 

Хэдийгээр 17 давхарын түрээсийн талбайн талаарх маргаан нь энэ нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй боловч В1 давхарын түрээсийн гэрээг цуцлах үндэслэл болсон, гэрээ цуцалсан нь түрээслүүлэгчийн буруутай үйл ажиллагаатай холбоотой байжээ.

2.4. Нэхэмжлэгч нь В1 давхарын түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шаарджээ.

 

Тухайн талбай нь гэрээ байгуулах үед Б ХХК-ний өмчлөлд бүртгэгдээгүй, харин 2022 оны 12 дугаар сарын 1-ний өдөр иргэн Б.О ийн өмчлөлд, улсын бүртгэлийн ........ дугаарт бүртгэгдэж, өмчлөх эрхийн 001045365 тоот тоот гэрчилгээ /1-р хавтас 132/ олгогдсон нь баримтаар тогтоогдсон байна.

 

Энэ тохиолдолд Б ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагагүй байжээ.

 

Үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

2.5. Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, Н паласын А блок, 2 дугаар орц, 5 давхар, 69 тоот, 2 өрөө 72.81 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагын үндэслэлээталуудын хооронд байгуулсан 2020 оны 09 сарын 12-ны өдрийн түрээс гэрээ нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн эрхийг түрээслэгч, түрээслүүлэгчийн аль нэг талын гаргасан мэдүүлгийг үндэслэн энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан журмын дагуу бүртгэнэ, үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус гэрээ, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн бусад хэлцэл тул энэ хуулийн 56.5 дахь хэсэгт зааснаар хэлцлээр шижүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж тайлбарлажээ.

 

Б.О нь М ХХК-тай орон сууцны захиалгын гэрээ байгуулснаар С.Амармандахаас орон сууцны захиалгын эрхийг шилжүүлэн авсан, өөрөөр хэлбэл, түрээсийн гэрээний төлбөрт тооцож шилжүүлсэн байна.

 

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн эрхийг түрээслэгч, түрээслүүлэгчийн аль нэг талын гаргасан мэдүүлгийг үндэслэн улсын бүртгэлд бүртгэх ба харин түрээсийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө Б ХХК-ний өмчлөлд бүртгэгдээгүй байсан, түрээсийн гэрээний талуудын хэн алины хүсэлтээр улсын бүртгэлд бүртгэх нөхцөл үүсээгүй байжээ.

 

Түрээсийн гэрээ хүчин төгөлдөр тул С.А, Б.О нарын хооронд хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхгүй.

 

Иймд өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

2.6. Нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр өгсөн, авсанаа буцаах үндэслэлээр барьцааны 17 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 

Шүүх хэлцлийг хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэсэн тул 17 000 000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

3. Б ХХК нь С.Ааас түрээсийн төлбөр болон ашиглалтын зардалд 190 284 305 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэжлэл гаргажээ. Сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Түрээсийн төлбөрт 17 давхарын болон В1 давхарын төлбөрийг хамтруулан тооцсон нь үндэслэлгүй.

 

Нөгөө талаас, түрээслэгч нь нийтэд илэрхий үйл баримт болох Ковид 19 цар тахлын улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан, түүнчлэн 2022 оны 2 дугаар сарын 5-ны өдрөөс 4 дүгээр сарын 22-ныг хүртэл 2 сар гаруй хугацаанд үйл ажиллагаа явуулж, гэрээг цуцалсан нь тогтоогдсон байна.

 

Түүнчлэн ашиглалтын зардал гарсан нь баримтаар тогтоогдоогүйгээс гадна 2022 оны 10 дугаар сарын 14-нийг хүртэл хугацааны түрээсийн төлбөр шаардсан нь үндэслэлгүй байна.

 

Түрээслүүлэгч цар тахлын үеийн түрээсийн төлбөрөөс чөлөөлсөн гэж тайлбарладаг боловч гаргуулахаар шаардсан, шүүхэд гаргасан тайлбар татгалзалдаа түрээсийн төлбөрийн 1 112 877 төгрөг төлөгдөөгүй талаар тайлбарлажээ.

 

4. Нэхэмжлэгч С.А шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2 014 050 төгрөг, хариуцагч Б ХХК сөрөг нэхэмжлэл гаргахдаа 1 109 400 төгрөг тус тус төлсөн байна.

Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын төлсөн хураамжийг тус тус улсын орлогот хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэг, 318.4 дэх хэсэгт заасныг баримтлан Б ХХК-д холбогдох 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Ж В1 давхарт талбай түрээслэх, түрээслүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай, барьцааны 17 000 000 төгрөг гаргуулах тухай, Б.О т холбогдох түүний өмчлөлийн, улсын бүртгэлийн ............. дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, Арцатын ам /17100/, Н ийн зам гудамж . б...айрны 69 тоот 72.81 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн С.Аын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтан С.Ааас 190 284 308 /нэг зуун ерэн сая хоёр зуун наян дөрвөн мянга гурван зуун найм/ төгрөг гаргуулахыг хүссэн Б ХХК-ний сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Амармандахаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 014 050 төгрөг, хариуцагч Б ХХК-иас төлсөн 1 109 400 төгрөгийг тус тус улсын орлогот хэвээр үлдээсүгэй.

 

4. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                                       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Р.АЛТАНТУЯА