Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
Хэргийн индекс | 102/2023/04133/И |
Дугаар | 102/ШШ2024/01019 |
Огноо | 2024-02-28 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 102/ШШ2024/01019
Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн дүгээр хороо, Бага тойруу 7/1 тоот, н банкны төв байранд оршин байрлах, регистр , А банк ХК,
Хариуцагч: Баянгол дүүргийн, .......... тоотод оршин байрлах, регистр , М ХХК,
Хариуцагч: Баянгол дүүргийн, ......... тоотод оршин суух, регистр , Б овогт Ц Ц ,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн давхар, сан,
Нэхэмжлэлийн шаардлага: 912 058 180 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, Н.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнхзаяа нар оролцов.
Хариуцагч шүүх хуралдаанд ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А банк ХК нь М ХХК болон Ц.Ц нарт холбогдуулан 744 818 180 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
Зээлдэгч М ХХК нь А банк ХК-иас 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 04/20-12 дугаар бүхий зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 800 000 000 төгрөгийн тэжээвэр амьтдын цогц үйлчилгээг өргөтгөх төсөл зээлийг жилийн 13.82 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай авсан. 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 04/20-13 дугаар барьцааны гэрээ байгуулан дараах үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд: Баянгол дүүрэг, ............... тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн ....... дугаартай 617 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн ...... дугаартай, 579 м.кв үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газарт тус тус барьцаалсан. А банк ХК нь зээлийн гэрээний дагуу зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэж тухайн зээлийн төлбөр болох 800 000 000 төгрөгийг зээлдэгчийн дансанд бүрэн шилжүүлсэн. Зээлэнд тэжээвэр амьтдын цогц үйлчилгээг өргөтгөх төсөл хэрэгжүүлэх зориулалттай Батлан даалтын сангийн эх үүсвэртэй зээл байсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт нэгт заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч нь 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр үндсэн хүү 1 406 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр үндсэн хүү 25 756 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр үндсэн хүү 6 997 000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр үндсэн зээлнээс 7 000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр үндсэн хүүнээс 3 000 000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр сан нь батлан даалтын гэрээний дагуу үндсэн зээлд 167 238 537 төгрөг төлөөд мөн хугацаанаас хойш төлбөр төлөгдөөгүй юм. А банкны зүгээс 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр, 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрүүдэд зээл төлөх, гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл,2023 оны 03 дугар сарын 31-ний өдөр уулзалт хийсэн тэмдэглэл, 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр уулзсан тэмдэглэл хөтлөн уулзалт хийж байсан боловч өнөөдрийн байдлаар гэрээний үүрэг биелэгдээгүй байна. Ингээд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээлд 465 514 463 төгрөг, зээлийн хүүд 277 669 450 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 634 267 төгрөгийн зөрчилтэй байсан. Мөн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 04/20-15 дугаартай Батлан даалтын гурвалсан гэрээний 1.1, 3.1.3, 3.4.2 дах хэсэгт тус тус заасны дагуу төлөгдөгүй үндсэн зээлийн үлдэгдэл 167 240 000 төгрөгийг Батлан даалтын сангаас гаргуулж, нийт 912 058 181 төгрөгийг хариуцагч М ХХК-иас гаргуулахаар нэхэмжилж байна. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүлээгүй тохиолдолд барьцааны гэрээнд дурдагдсан Баянгол дүүрэг, ............... тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн ....... дугаартай 617 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө мөн хаягт байрлах улсын бүртгэлийн ............ дугаартай, 579 м.кв үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: Тус шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа А банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М ХХК, сан, Ц.Ц нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа шаардлагыг М ХХК-иас зээлийн гэрээний төлбөрт 744 818 180 төгрөг, сангаас 167 240 000 төгрөг гаргуулах. Зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах гэж гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж хариуцагч М ХХК, Ц.Ц нараас 912 058 180 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах гэж өөрчилж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч сангаас татгалзаж, тухайн сангаас нэхэмжилж байсан 167 240 000 төгрөгийг хэргийн бусад хариуцагч нар болох М ХХК, Ц.Ц нараас нэхэмжлэж байгаа юм. Иймд хариуцагч нараас үндсэн зээл 632 754 463 төгрөг, хүү 277 669 450 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 634 267 төгрөг нийт 912 058 180 төгрөг ийг гаргуулж, зээлдэгч нар үүргээ сайн дураараа гүйцэтгэхгүй бол барьцаа хөрөнгөөр гүйцэтгүүлж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Ц.Ц , М ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчаас тус шүүхэд хянагдаж буй А банк ХК-ийн гаргасан 744 818 180 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Хариуцагч нь нэхэмжлэгч А банктай 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Зээлийн гэрээг байгуулж 120 сарын хугацаатай 800 000 000 төгрөгийг зээлсэн. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан зээлийн дүн болон зээлийн төлбөртэй холбоотой тайлбар, тооцоолол нь хэргийн бодит нөхцөл байдалтай нийцээгүй байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид дэлгэрэнгүй нэмэлт тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргаж өгнө. Мөн өөрийн гаргасан тайлбартаа холбоотой баримтуудаа цаг хугацаа алдалгүй яаралтай гарган өгөх болно гэжээ.
4.Нэхэмжлэгчээс: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 6/, 2023 ны 04 дүгээр сарын 26-ны өдрийн итгэмжлэл /хх 7/, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн М ХХК-ийн А Банк ХК-иас дэмжлэг хүссэн тухай /хх 8-9/, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Зээлийн гэрээ /хх 10-12/, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх 13/, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Барьцааны гэрээ /хх 14-17/, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 18/, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх 19/, тус эзэмшлийн газрын байршил зураг /хх 20/, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Батлан даалтын гэрээ/хх 21-22/, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Батлан даалтын гурвалсан гэрээ /хх 23-24/, Батлан даалтын шимтгэл төлөлтийн хуваарь /хх 25/, 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Батлан даалтын ерөнхий гэрээ /хх 26-32/, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн зээлдэгчийн анкет /хх 33-35/, 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Ц.Ц ийн А банк ХК-д гаргасан өргөдөл /хх 36/, 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр, 09 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл /хх 37-38/, 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн уулзалт хийсэн тэмдэглэл /хх 39/, 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн уулзалт хийсэн тэмдэглэл /хх 40/, зээлийн дансны харилцагчийн хуулга /хх 41-44/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШЗ2022/19473 дугаар шүүгчийн захирамж /хх 45-46/, 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Итгэмжлэл /хх 98/, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Зээл, хүүгийн тооцооны хуудас /хх 99/ зэрэг баримтуудыг гаргажээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон байна.
А банк ХК нь М ХХК болон Ц.Ц нартай 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 04/20-12 дугаар бүхий зээлийн гэрээ байгуулан 800 000 000 төгрөгийг 120 сарын хугацаатай, сарын 1.15 хувийн хүүтэйгээр Тэжээвэр амьтдын цогц үйлчилгээг өргөтгөх төсөл зориулалтаар олгожээ.
Барьцааны 04/20-13 дугаар гэрээгээр улсын бүртгэлийн ....... дугаарт бүртгэгдсэн, Ц.Ц ийн өмчлөлийн Баянгол дүүргийн ............... тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн ....... дугаартай 617 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, газар эзэмших эрхийн ..... тоот гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн ............ дугаарт бүртгэгдсэн 579 м.кв үйлчилгээний зориулалттай газар зэргийг барьцаалсан байна.
Түүнчлэн 04/20-14 дугаар Батлан даалтын гэрээ-ээр Ц.Ц нь М ХХК-ний өмнө үүрэг хүлээсэн, улмаар сантай гурвалсан гэрээг байгуулжээ.
2.1. А банк ХК нь 800 000 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн, харин зээлдэгч нь гэрээгээр тохирсон үүргээ биелүүлээгүйгээс талуудын хооронд маргаан гарсан байна. Зээлдэгч үндсэн зээлд 7000.00 төгрөг, сангаас 167 238 537 төгрөг, зээлийн хүү 10 024 162 төгрөг төлсөн байна.
Зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлэхийг 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 01 тоот, 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 03 тоот мэдэгдлээр хүргүүлсэн, зээл төлүүлэх талаар 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн уулзалтын тэмдэглэл, 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн уулзалтын тэмдэглэлээр тус тус тогтоогдсон, улмаар зөрчлийг арилгаагүй нь гэрээний 6.2.1 дэх хэсэгт заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг ноцтой зөрчиж байгаа талаар удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгаагүй үндэслэлээр гэрээ цуцлах үндэслэл болжээ.
2.2. Зээлдэгч М ХХК болон Ц.Ц нараас үндсэн зээл 632 754 463 төгрөг, зээлийн хүү 277 669 450 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 634 267 төгрөг нийт 912 058 180 төгрөгийг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн ....... дугаарт бүртгэгдсэн, Ц.Ц ийн өмчлөлийн Баянгол дүүргийн ................. тоот хаягт байрлах, 617 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, газар эзэмших эрхийн 000080908 тоот гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн ............ дугаарт бүртгэгдсэн 579 м.кв үйлчилгээний зориулалттай газар зэргийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэлээ.
2.3. Хариуцагч нар төлбөр тооцооны талаар маргаж үндэслэл бүхий баримт гаргаагүй тул хэрэгт авагдсан баримтын хэмжээнд, нэхэмжлэгч нь санд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 4 718 241 төгрөг төлсөн байна. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч М ХХК, Ц.Ц нараас 4 718 241 төгрөг гаргуулж А банк ХК-д олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан М ХХК, Ц.Ц нараас 912 058 180 /есөн зуун арван хоёр сая тавин найман мянга нэг зуун ная/ төгрөг гаргуулж А банк ХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлийн ....... дугаарт бүртгэгдсэн, Ц.Ц ийн өмчлөлийн Баянгол дүүргийн ..............тоот хаягт байрлах, 617 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, газар эзэмших эрхийн ........ тоот гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн ............ дугаарт бүртгэгдсэн 579 м.кв үйлчилгээний зориулалттай газар зэргийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар А банк ХК нь санд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 718 241 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч М ХХК, Ц.Ц нараас 4 718 241 /дөрвөн сая долоон зуун арван найман мянга хоёр зуун дөчин нэг/ төгрөг гаргуулж А банк ХК-д олгосугай.
5.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА