Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2024/01050

 

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн .......... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Австрали улс, Сидней, ..... тоот хаягт оршин суух, регистр ЧБ81111761, Б овогтой Б М,

Хариуцагч: Баянгол дүүргийн ............ тоотод оршин суух, регистр , У овогтой Б О,

Нэхэмжлэлийн шаардлага: Автомашины зогсоолыг чөлөөлүүлж, зогсоолын байршлыг бататгахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ж /үнэмлэх 0267/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, А.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Х.Л /үнэмлэх 3540/, гэрч Л.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.М нь Б.О холбогдуулан Баянгол дүүрэг, ...................... тоот 18 м.кв бүхий авто машины зогсоолыг чөлөөлүүлж, зогсоолын байршлыг бататгахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

Миний бие 2013 оны 05 дугаар сард иргэн Б, Т, Б.А нараас Баянгол дүүргийн .................. тоот байрыг худалдан авсан. Энэ үеэс хойш тус байрны подвалын давхрын 7 тоот гэсэн хананы бичээс бүхий зогсоолд түрээсийн журмаар машинаа байрлуулдаг байсан. 2021 оны 08 дугаар сард тус зогсоолыг н.Таас худалдах,худалдан авах гэрээ байгуулан худалдан авч нэр дээрээ шилжүүлсэн. Үүнээс хойш 10 гаруй жил зогсоолд ..... цагаан өнгийн Toyota crown, .... УБО BMW ХЗ, .... УНЦ Land cruiser 200 маркийн машинуудыг тасралтгүй тавьж ашиглаж байсан. Энэ хугацаанд иргэн Б.О манай машины хажууд машинаа байршуулдаг байсан. Мөн СӨХ 2 удаа солигдоход хэзээ ч байршлын маргаан гарч байгаагүй. Гэвч 2023 оны 09 дүгээр сараас манай зогсоолыг 14 номер гэж иргэн Б.О машинаа тавьж эхэлсэн ба үүнээс шалтгаалан бид өөрийн хөрөнгөө ашиглаж чадахгүйд хүрч олон сар хохирч байна. Энэ хугацаанд СӨХ-ийн даргатай удаа дараа уулзаж, үл хөдлөх хөрөнгийн газрын архиваас шаардсан материалыг авч ирж өгсөн. Гэтэл М.Бийн байр баригдах үеийн гаражийн байршлын зураг авч ирж өгөхийг шаардсан. Иргэн М.Б нас барсан, эхнэр н.Т нь өндөр настай биеийн байдал муу, хүү Б.А нь гадаадад байгаа зэрэг шалтгааны улмаас анхны зургийг олж өгч чадаагүй. Миний бие 2023 оны 03 дугаар сараас Австрали улсад мастерийн зэрэг горилохоор сурч байгаа, манай байр, гаражийг миний төрсөн дүү Б.М түр эзэмшиж байна. Иймд Б.О Баянгол дүүрэг, ..............тоот 18 м.кв бүхий авто машины зогсоолыг чөлөөлүүлж, зогсоолын байршлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О нь 2017 оны 04 дүгээр сард Баянгол дүүргийн ................тоотод нүүж ирсэн. 2018 оны 09 дүгээр сард П.Б, Ж.С нарт төлөх төлбөр тооцоо дуусаж 88 м.кв 3 өрөө орон сууц, 18 м.кв зоорийн давхар, нийт 106 мкв үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх гэрчилгээг өөрийн нэр дээрээ шилжүүлэн авсан. П.Бээс өөрийн авто машины зогсоолыг анх заалгаж авсан. Б.О нь ажлын шаардлагаар ихэнхдээ 23:00 цагийн үед ирдэг. Энэ үед үндсэн зогсоолдоо машинаа тавих гэхээр нэхэмжлэгч машинаа байршуулсан байдаг. Орой тул Б.Мийн тав тухыг алдагдуулахгүй гээд хажуу талд нь машинаа зогсоодог байсан. 2023 оны 09 дүгээр сард Сууц өмчлөгчдийн холбооноос хурал зарлаж зоорийн давхрын зогсоол эзэмшигч нартай уулзсан. Сууц өмчлөгчдийн холбооноос зоорийн давхрын 14 тоот зогсоолд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй, өөрсдийн үндсэн зогсоолдоо авто машинаа байршуулахыг шаардсан. Баянгол дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар хүсэлт гаргаж 106 м.кв талбайтай 3 өөрөө орон сууц, авто машины зогсоолын зориулалттай гэсэн 2 тусдаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулсан. 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс өөрийн үндсэн зогсоол дээрээ авто машинаа байршуулсан, 2012 онд засвар хийлгээд зогсоолуудын дугаарыг арилгасан бөгөөд сууц өмчлөгчдийн холбооноос дахин шинээр дугаарыг тавьсан. Энэ бичээгүй хэсэгт зарим сууц өмчлөгч нар дур мэдэн дугаар бичсэн. Иймд бичиг баримтууд дээр үндэслэн зогсоолын байршлыг үнэн зөвөөр тогтоож Б.Мийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс: Б.Лийн иргэний үнэмлэхний хуулбар /хх 5/, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 6/, 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн худалдах,худалдан авах гэрээ /хх 7-8/, Б.Мийн иргэний үнэмлэхний хуулбар /хх 9/, 2006 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн К ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бичсэн хүсэлт /хх 10/, 2002 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн орон сууц байранд хөрөнгө оруулалт хийж, бариулах тухай гэрээ/ хх 11-12/, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байр эзэмших гэрчилгээ /хх 13/, 07 тоот зогсоолын фото зураг /хх 14/, Цоколийн давхрын байгуулалтын план зураг /хх 15-16/, .....УАО улсын дугаартай авто машины фото зураг /хх 17/, 2023 оны 11 дүгээр 20-ны өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх 18/, 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Итгэмжлэл /хх 19/, Б.Лийн иргэний үнэмлэхний хуулбар /хх 20/, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Итгэмжлэл /хх 51/, Баянгол дүүрэг, ................ тоот зогсоолын фото зураг /хх 62/, Цоколийн давхрын байгуулалтын план зураг /хх 63/,

 

Хариуцагчаас: Итгэмжлэл /хх 23/, 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 30-31/, 2006 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 32/, 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 33/, К ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бичсэн хүсэлт /хх34/, 2002 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн орон сууц байранд хөрөнгө оруулалт хийж, бариулах тухай гэрээ /хх 35-36/, Баянгол дүүрэг,.............. тоот зогсоолын фото зураг/хх 37-38/, Б ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн орон сууцны хэмжилтийн тайлан /хх 39-43/, 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн барилга хот байгуулалтын яамны тусгай зөвшөөрөл хуулбар /хх 44/, Б ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 45/, 2006 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн эд хөрөнгө өмчлөх эрх,түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 46/, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Итгэмжлэл/хх 144/,

 

Шүүхээс: Баянгол дүүрэг, ......7 тоот болон 14 тоот зогсоолын баримтуудыг Баянгол дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсээс /хх 86-128/ тус тус бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

2. Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар

дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:

 

Иргэн Б.А нь К компанитай байгуулсан гэрээний үндсэн дээр 2006 онд 67/3 байрны 7 тоот сууц, 7 тоот авто зогсоолын өмчлөгчөөр бүртгүүлсэн, авто зогсоолын байршил тухайн зоорийн давхарын баруун талын хананы 7 дугаартай буюу сум заасан хэсэгт байрлалтай нь улсын бүртгэлийн баримтуудаар тогтоогдсон баримтуудаар тогтоогджээ. /хх 86-107/

 

Б.М нь 2021 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Ч.Ттай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдах авах гэрээ байгуулж, улсын бүртгэлийн . дугаарт бүртг...эгдсэн Баянгол дүүргийн ........... байрны зоорийн давхарын 7 тоот авто зогсоолыг худалдан авч, өмчлөх эрхийн .... тоот гэрчилгээтэй өмчлөгч /хх 108-112/ байна.

 

2.1. Өмчлөгч Б.М нь өөрийн өмчлөлийн 7 тоот авто зогсоолыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж байсан боловч 2023 оны 9 дүгээр сараас хариуцагч Б.О нь 7 тоот зогсоолд авто машинаа тавьж, улмаар 14 тоот зогсоол гэж маргаан үүсгэжээ.

 

Б.О нь 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр улсын бүртгэлийн ...... дүгээрт бүртгэгдсэн Баянгол дүүргийн ........ байрны 14 тоот хаягт байрлалтай 106 м.кв талбай бүхий 3 өрөө сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон, улмаар 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр орон сууц болон авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг /хх 108-112/ тус тусад нь гаргуулсан /хх 30-31/ байна.

 

Өмчлөгчийн авто зогсоолын байршил, хэмжээ өөрчлөгдөөгүй, энэ талаар хариуцагч маргаагүй.

 

Харин 14 зогсоолд М машинаа тавьдаг гэх үндэслэлээр 7 дугаарыг 14 болгож будсан нь хариуцагчийн тайлбараар тогтоогдсон байна.

 

Түүнчлэн гэрч Л.А мэдүүлэхдээ 6 тоот зогсоол манайх, байхгүй байж байгаад ирсэн чинь 14 болгоод будчихсан байсан. Б.Батбаярт тэгж ойлгуулсан юм шиг байна лээ. Өөрөөр нь засаж будуулж янзлуулсан гэжээ.

 

Гэрч Ч.П мэдүүлэхдээ14 гэсэн дугаар өөрчлөгдсөн байсан гэжээ.

 

Үүнээс дүгнэвэл, хариуцагч Б.О , түүний төлөөлөгч Б.Б нь тухайн авто зогсоолын 6 тоот болон 7 тоот дугаарыг 14 дугаар болгон өөрчилж байгаа нь бусдын өмчлөх эрхийг зөрчсөн үйлдэл болно.

 

2.2. Үзлэгээр 7 дугаарыг 14 болгосон, 14 дугаарыг арилгасан үйл баримт тогтоогдсоноос гадна эхний өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдоход 7 дугаар нь сараалжин салхивчний 3-4 хооронд байсан бол одоо 14 болгосон, 14 дугаар нь 5-6 хооронд байсан бол одоо 7 болгож өөрчилсөн нь тогтоогджээ.

 

2.3. Зогсоолын байршлыг бататгах тухай шаардлага нь агуулгын хувьд бусдын эрхийг зөрчихгүй байх агуулгыг илэрхийлсэн байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

 

3. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 134 950 төгрөг төлжээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134 950 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Б.О аас 134 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Мт олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь хэсэг, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Мийн өмчлөлийн, улсын бүртгэлийн .......8 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн ................ байр, зоорийн давхар 7 тоот /одоо 14 болгож будсан/, 18 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Б.О ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, бусдын өмчлөх эрхэд саад учруулахгүй, зөрчихгүй байхыг хариуцагчид даалгасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56. 1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134 950 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Б.О аас 134 950 төгрөг гаргуулж Б.Мт олгосугай.

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА