Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2021/ДШМ/068

 

Д.Чүлтэм, Б.Төмөрчөдөр нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Л.Нямдорж, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор В.Дэлгэрмаа

Яллагдагчийн өмгөөлөгч Ц.Баярмаа

Нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ШЗ/712 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор В.Дэлгэрмаагийн бичсэн эсэргүүцлээр Д.Чүлтэм, Б.Төмөрчөдөр нарт холбогдох эрүүгийн 2014000000395 дугаар хэргийг 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Тариачин овогт Бямбын Төмөрчөдөр, эрэгтэй, дээд боловсролтой, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /ВИ90100111/,

Монгол улсын иргэн, Боржигон овогт Дүгэрийн Чүлтэм, эрэгтэй, дээд боловсролтой, урьд 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сараар хасаж, 2 жилийн хорих ял оногдуулж уг оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 2-жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан, регистрийн дугаар /ВЭ84042072 /,

Б.Төмөрчөдөр, Д.Чүлтэм нар нь бүлэглэн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг Түүхийн хөндий гэх газарт 0.0244 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулан байгаль орчинд 408.924 /дөрвөн зуун найман мянга есөн зуун хорин дөрвөн/төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.Төмөрчөдөр, Д.Чүлтэм нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Төмөрчөдөр Д.Чүлтэм нарт холбогдох 2014000000395 дугаартай эрүүгийн хэрэг тус шүүхэд 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр яллах дүгнэлт үйлдэгдэж ирсэн бөгөөд гэрч оролцуулах үүднээс шүүх хуралдааныг хойшлуулсан үед шүүгдэгч Б.Төмөрчөдөр, Б.Наранмандах, М.Батмөнх нарт холбогдох 2114000800227 дугаартай эрүүгийн хэрэг тус шүүхэд яллах дүгнэлт үйлдэгдэж хянан шийдвэрлэгдэхээр ирсэн байна.

Шүүх шүүгдэгч Б.Төмөрчөдөрийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх зорилгоор 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 687 дугаар захирамжаар шүүгдэгч Б.Төмөрчөдөрийн холбогдсон 214400800227 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Төмөрчөдөрийн өмнөх 2014000000395 дугаартай эрүүгийн хэрэгт нэгтгэн шүүх хуралдааныг явуулахаар шийдвэрлэсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон гэрч Ц.Азбаясгалангийн өгсөн: “...Чүлтэм ах хамтраад ажиллах боломжтой гэсэн. Гэрээний хувьд нөхөрлөлийн хүрээнд гэрээ байгуулсан байгаа, Гэрээ байгуулахад үед утсаар Мөнхнасан дарга ярьж байсан, Газар заасан үед байгаагүй. Нөхөрлөлийн ямар бичиг баримт бүрдүүлэх вэ гэж уулзсан байгаа, Үүнийхээ үр дүнд тодорхой хувь авахаар Анх ярьж байхдаа тэр талаар ярьж л байсан...” гэх мэдүүлэг,

гэрч Н.Түвшинжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэрээ байгуулаад үйл ажиллагаа явуулсан газар очсон, Газрын цэгийг зааж өгсөн, тухайн газар үйл ажиллагаа явуулаагүй, ашиг олохоор аман яриагаар ажлаа эхэлбэл 70/30 хувиар авна гэж л байсан, техникийг Чүлтэм ахын найз авч ирсэн...” гэх мэдүүлэг,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Чүлтэмийн өгсөн “.... Энэ хэргийг Ц.Азбаясгалан надад санал тавьсан учраас би энэ хэргийг эхлүүлсэн. Тийм учраас хамт шалгуулмаар байна. Төмөрчөдөрийг яваад гэрээ хийгээд ирээч гэж гуйсан...” гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд шүүгдэгч Д.Чүлтэм, Б.Төмөрчөдөр нарт холбогдох 2014000000395 дугаартай хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл үүссэн буюу шүүгдэгч Б.Төмөрчөдөр, Д.Чүлтэм нартай гэрч Ц.Азбаясгалан, Н.Түвшинжаргал нар нь гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн байна гэж дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Төмөрчөдөр, Д.Чүлтэм нартай Ц.Азбаясгалан, Н.Түвшинжаргал нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж, хамтран ярилцаж, гэрээ байгуулах ажлыг эхлүүлж, ашиг орлогоо хуваалцах талаарх тохиролцож байсан нь уг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн....үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан нь зүйтэй гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1.1-д зааснаар “яллах дүгнэлтэд заасан шүүгдэгчийн холбогдох гэмт хэргийг тухайн шүүгдэгч үйлдсэн нь нотлогдоогүй бол” буюу шүүгдэгч Б.Төмөрчөдөр, Д.Чүлтэм нар нь бүлэглэн оролцсон нь нотлогдоогүй бөгөөд харин 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг Түүхийн хөндий гэх газарт 0.0244 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулсан хэргийг хэрэгт гэрчээр оролцсон Ц.Азбаясгалан, Н.Түвшинжаргал нар үйлдлээрээ нэгдсэн байна гэж дүгнэж Б.Наранмандах нарт холбогдох 211400800227 дугаартай хэргээс 2014000000395 дугаартай хэргийг тусгаарлан 2014000000395 дугаартай эрүүгийн хэргийг Баянхонгор аймгийн Прокурорын газарт шүүгчийн захирамж гаргаж буцаан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй бөгөөд шүүх Б.Төмөрчөдөр, Д.Чүлтэм нарт холбогдох эрүүгийн 2014000000395 дугаартай хэргийг тусгаарлан мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 Прокурор В.Дэлгэрмаа 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 40 дугаар эсэргүүцэлдээ:

2014000000395 дугаартай эрүүгийн хэргийг Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцаан шийдвэрлэсэн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр эс зөвшөөрч дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Үүнд:

1. Шүүгчийн захирамжид “...шүүгдэгч Б.Төмөрчөдөр, Д.Чүлтэм нартай гэрч Ц.Азбаясгалан, Н.Түвшинжаргал нар нь гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн байна гэж дүгнэлээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Төмөрчөдөр, Д.Чүлтэм нартай Ц.Азбаясгалан, Н.Түвшинжаргал нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж, хамтран ярилцаж, гэрээ байгуулах ажлыг эхлүүлж, ашиг орлогоо хуваалцах талаарх тохиролцож байсан нь уг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж шүүх дүгнэлээ... гэж дүгнэн Ц.Азбаясгалангийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн, Н.Түвшинжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн, шүүгдэгч Д.Чүлтэмийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг дурдаж, өөр ямар нэгэн баримтад үндэслэлгүйгээр тэдгээрийг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж прокуророос шүүхэд шилжүүлсэн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнээс хальж дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан анхны шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчжээ.

Шүүхээс гэрч Ц.Азбаясгалан, Н.Түвшинжаргал нарыг шүүгдэгч Б.Төмөрчөдөр, Д.Чүлтэм нартай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэхдээ дараах мэдүүлгийн нотлох баримтуудыг иш татсан бөгөөд нотлох баримт бүрийн доор харгалзах дүгнэлтүүдийг хийе. Үүнд:

Гэрч Ц.Азбаясгалан мэдүүлэхдээ: “...Чүлтэм ах хамтраад ажиллах боломжтой гэсэн. Гэрээний хувьд нөхөрлөлийн хүрээнд гэрээ байгуулсан байгаа. Гэрээ байгуулах үед утсаар Мөнхнасан дарга ярьж байсан. Газар заасан үед байгаагүй. Нөхөрлөлийн ямар бичиг баримт бүрдүүлэх вэ гэж уулзсан байгаа. Үүнийхээ үр дүнд тодорхой хувь авахаар анх ярьж байхдаа тэр талаар ярьж л байсан гэхдээ огт үйл ажиллагаа явуулаагүй. Түвшинжаргал гэдэг хүнтэй өмнө ямар бичиг баримт бүрдүүлэх вэ гэж хамт явж байсан...” гэсэн мэдүүлгийг дурдсан байна.

Дээрх Ц.Азбаясгалангийн мэдүүлгээс дүгнэхэд гэрээ байгуулсны дараа газарт нь очсон боловч үйл ажиллагаа явуулахад нь огт оролцоогүй, мэдээгүй байна. Өөрөөр хэлбэл бусадтай хамтран үйл ажиллагаа явуулна гэж ярилцсаны төлөө хүнийг гэмт хэрэгт бүлэглэн оролцсон гэж дүгнэх үндэслэлгүй болно.

Гэрч Н.Түвшинжаргал мэдүүлэхдээ: “...Гэрээ байгуулаад үйл ажиллагаа явуулсан газар очсон. Газрын цэгийг зааж өгсөн, тухайн газар үйл ажиллагаа явуулаагүй, ашиг олохоор аман яриагаар ажлаа эхэлбэл 70/30 хувиар авна гэж л байсан, техникийг Чүлтэм ахын найз авч ирсэн...” гэсэн мэдүүлгийг дурдсан байна.

Н.Түвшинжаргалын мэдүүлгээс дүгнэхэд гэрээ байгуулсны дараа газарт нь очсон боловч үйл ажиллагаа явуулахад нь огт оролцоогүй, мэдээгүй байна. Өөрөөр хэлбэл бусадтай хамтран үйл ажиллагаа явуулна гэж ярилцсаны төлөө хүнийг гэмт хэрэгт бүлэглэн оролцсон гэж дүгнэх үндэслэлгүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Чүлтэмийн өгсөн “...Энэ хэргийг Ц.Азбаясгалан надад санал тавсан учраас би энэ хэргийг эхлүүлсэн. Тийм учраас хамт шалгуулмаар байна. Төмөрчөдөрийг яваад гэрээ хийгээд ирээч гэж гуйсан..." гэсэн мэдүүлгийг дурдсан байна.

Д.Чүлтэмийн мэдүүлгээс дүгнэхэд гэрч Ц.Азбаясгалантай хамтран ажиллах талаар ярилцсаны дараа шүүгдэгч нар нь үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл үйл ажиллагаа явуулахад нь Ц.Азбаясгалан огт оролцоогүй ба үйл ажиллагаа явуулсныг мэдээгүй байна.

Түүнчлэн хэрэг урьд нь шүүхээс буцахад Ц.Азбаясгалан нар нь гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхийг шалгах талаар шүүгчийн захирамжид заасан бөгөөд хэргийг шалгах явцад Ц.Азбаясгалан, Н.Түвшинжаргал нарыг 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 09 дугаартай “эрүүгийн хэрэг үүсгэхээс яллагдагчаар татахаас татгалзах” тухай прокурорын тогтоолоор гарсан байхад уг тогтоолд шүүхээс хэрхэн, ямар байдлаар үнэлэлт дүгнэлт хийсэн болох нь тодорхойгүй, прокурорын хүчин төгөлдөр тогтоолыг огт анхаарч авч үзээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснийг зөрчжээ.

Прокуророос Д.Чүлтэм, Б.Төмөрчөдөр нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад шүүхэд шилжүүлээгүй буюу гэрч Ц.Азбаясгалан, Н.Түвшинжаргал нарыг бусадтай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж илт хууль бус дүгнэлт хийсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Шүүх гаргах гэж байгаа шийдвэр, яллагдагчийн гэм буруутай эсэх асуудлаар байр суурь, саналаа урьдчилан илэрхийлэхийг хориглоно...” гэснийг зөрчиж шүүгдэгч нарыг бусадтай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэж, шүүгдэгч нараас гадна шүүгдэгч бус этгээдүүдийг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэж тус тус илт хууль бус дүгнэлт хийж хэргийг прокурорт буцаасан.

4. Шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчсөн. Тухайлбал:

Шүүгчийн захирамжинд “...шүүгдэгч Б.Төмөрчөдөр, Д.Чүлтэм нартай гэрч Ц.Азбаясгалан, Н.Түвшинжаргал нар нь гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн байна гэж дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Төмөрчөдөр, Д.Чүлтэм нартай Ц.Азбаясгалан, Н.Түвшинжаргал нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж, хамтран ярилцаж, гэрээ байгуулах ажпыг эхлүүлж, ашиг орлогоо хуваалцах талаарх тохиролцож байсан нь уг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж шүүх дүгнэлээ...” гэсэн нь ойлгомжгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулснаар төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг юм. Гэрч Ц.Азбаясгалан, Н.Түвшинжаргал нар нь хамтран ажиллахаар ярьж тохиролцож байснаас бус үйл ажиллагаа явуулахад нь гар бие огт оролцоогүй, үйл ажиллагаа явуулсныг нь огт мэдээгүй байхад тэдгээрийг хамтран оролцсон гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.

Урьдчилан үгсэн тохироогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэнэ гэдэг нь гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан ярьж тохироогүй боловч гэмт хэрэг үйлдэгдэх үед үйлдлээрээ нэгдэж оролцсоныг хэлнэ. Гэтэл Ц.Азбаясгалан, Н.Түвшинжаргал нар нь тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулахад нь гар, бие огт оролцоогүй, үйл ажиллагаа явуулсныг мэдээгүй байна.

Шүүхээс урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн гэх хуулийн ойлголтын утга агуулгыг илт гажууд ойлгож урьдчилан үгсэн тохирсон гэж дүгнээд байгаа юм уу эсхүл тохироогүй гэж дүгнээд байгаа юм уу гэдэг нь ойлгомжгүй дүгнэлт хийжээ.

Иймд шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021/ШЗ/712 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор В.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Бичсэн эсэргүүцлээ дэмжиж оролцоно. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Mөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тогтоовол зохих зүйлийг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалган тогтоосон, Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.Төмөрчөдөр, Д.Чүлтэм нарыг бүлэглэн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг Түүхийн хөндий гэх газарт 0.0244 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулан байгаль орчинд 408.924 /дөрвөн зуун найман мянга есөн зуун хорин дөрвөн/төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсний дагуу хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудыг шүүгч тал бүрээс нь харьцуулан хянаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн хэр хэмжээг тооцон шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

Тус хэргийг өмнө нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЗ/1266 дугаар шүүгчийн захирамжаар прокурорт буцааж, гэрч Ц.Азбаясгалангаас дахин мэдүүлэг авч гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхийг шалгасан, мөн гэрч Н.Түвшинжаргалаас мэдүүлэг авах зэргээр шүүгчийн захирамжид дурдсан асуудлаар хэрэгт хийгдвэл зохих ажиллагаанууд хийгдсэн байх тул “... гэрч Ц.Азбаясгалан, Н.Түвшинжаргал нар хамтран ажиллахаар ярьж тохиролцож байснаас бус үйл ажиллагаа явуулахад нь гар бие оролцоогүй, үйл ажиллагаа явуулсныг нь огт мэдээгүй, ... урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн гэх хуулийн ойлголтын утга агуулгыг илт гажууд ойлгож, урьдчилан үгсэн тохирсон гэж дүгнээд байгаа юм уу эсхүл тохироогүй гэж дүгнээд байгаа юм уу гэдэг нь ойлгомжгүй...” гэх агуулга бүхий прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ШЗ/712 захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дүгээр зүйлийн 22.4.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ШЗ/712 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Д.Чүлтэм, Б.Төмөрчөдөр нарт урьд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР

ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

Б.БОЛОР-ЭРДЭНЭ