Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2024/01178

 

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-уул дүүргийн ......... тоотод оршин суух, регистр УЧ90122633, Б овогтой Лийн Б,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн .............. тоот, регистр , С ХХК,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, өөрийн байр,Н газар,

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У, гуравдагч этгээд Р ББСБ ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнхзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагч, гуравдагч этгээдийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Л.Б нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 4162 тоот шийдвэрээр С ХХК-иас 259 776 526 төгрөгийг гаргуулж Р ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Л.Б миний өмчлөлийн ............. дугаарын өмчлөх эрхийн бүртгэлтэй 116.87 м.кв, Хан-Уул дүүрэг, ......................... тоот хаягт байрлах орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дах хэсэгт заасны дагуу үнэлгээ тогтооход 487 748 413 төгрөгөөр үнэлэгдсэнийг 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №4-181/21969 тоот мэдэгдлээр надад мэдэгдсэн. Миний бие дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Дээрх үнэлгээг хийлгэхэд манай компани болон миний саналыг огтхон ч тусгаагүй. Мөн ижил төрлийн үл хөдлөх эд хөрөнгө 600 000 000 төгрөгийн үнэ ханштай байна. Учир нь манай орон сууц нь 8 дугаар давхар буюу өндөрт байрлаж дуу чимээнээс ангид нарны тусгал сайн мөн бусад байрны хувьд агаар сэлгэлт илүү зэрэг олон давуу талыг орхигдуулж үнэлгээ хийлгэжээ. Б ХХК нь дээрх үнэлгээ зах зээлийн бодит ханшид нийцээгүй хэт бага үнэлсэн байгаа тул зөвшөөрөх боломжгүй байна. Түүнчлэн үнэлгээ хийсэн аргачлал нь тодорхой бус хэт Иргэний хууль нуршсан дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасны дагуу миний өмчлөлийн ............. дугаарын өмчлөх эрхийн бүртгэлтэй 116.87 м.кв, Хан-Уул дүүрэг, ......................... тоот хаягт байрлах орон сууцыг 487 748 413 төгрөгөөр тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

2. Нэхэмжлэгч С ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 4162 тоот шийдвэрээр С ХХК-иас 259 776 526 төгрөгийг гаргуулж Р ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч Л.Бын өмчлөлийн ............. дугаарын өмчлөх эрхийн бүртгэлтэй 116.87 м.кв, Хан-Уул дүүрэг, ......................... тоот хаягт байрлах орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дах хэсэгт заасны дагуу үнэлгээ тогтооход 487 748 413 төгрөгөөр үнэлэгдсэнийг 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №4-181/21969 тоот мэдэгдлээр 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр надад мэдэгдсэн. Манай компани дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь орон сууц өмчлөгчийн гэр бүлийн орох оромж зах зээлд байж боломгүй хямд үнээр борлогдож бидний эрх ашиг ноцтой зөрчигдөх нөхцөлд хүрлээ. Энэ орон сууцныхаа үнийг төлөх гэж энд тэндээс нэлээн өр тавьж даамжран явсаар эцэст нь Ковид-19 цар тахлаас болж, бизнес уналтад орж Р ББСБ ХХК-д 259 776 526 төгрөгийн төлбөрийн үүрэгтэй болсон билээ. Дээрх үнэлгээг хийлгэхэд манай компани болон өмчлөгчийн саналыг огтхон ч тусгаагүй. Мөн ижил төрлийн үл хөдлөх эд хөрөнгө 600 000 000 төгрөгийн үнэ ханштай байна. Учир нь манай орон сууц нь 8 дугаар давхар буюу өндөрт байрлаж дуу чимээнээс ангид нарны тусгал сайн мөн бусад байрны хувьд агаар сэлгэлт илүү зэрэг олон давуу талыг орхигдуулж үнэлгээ хийлгэжээ. Б ХХК нь дээрх үнэлгээ зах зээлийн бодит ханшид нийцээгүй хэт бага үнэлсэн байгаа тул зөвшөөрөх боломжгүй байна. Түүнчлэн үнэлгээ хийсэн аргачлал нь тодорхой бус хэт Иргэний хууль нуршсан дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасны дагуу миний өмчлөлийн ............. дугаарын өмчлөх эрхийн бүртгэлтэй 116.87 м.кв, Хан-Уул дүүрэг, ......................... тоот хаягт байрлах орон сууцыг 487 748 413 төгрөгөөр тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

3. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У шүүхэд болон шүүа хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 4162 тоот шийдвэрээр С ХХК-иас 259 776 526 төгрөгийг гаргуулж Р ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч С ХХК-ийн төлбөрт үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Л.Бын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ............. дугаартай Хан-Уул дүүрэг, ......................... тоот хаягт байрлах, 116.87 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах заалтыг үндэслэн эд хөрөнгийн үнэлгээг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр талуудад зохих хугацаанд мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэгч С ХХК, Л.Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартааР ББС нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Төлбөр төлөгч С ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан байдаг. Тухайн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаа болгож захирал Л.Бын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, ......................... тоот хаягт байрлах орон сууцыг барьцаалсан. Ингээд зээл авснаас хойш хугацаа хэтэрсэн учир Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гараад 259 776 526 төгрөгийг Р ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Энэ хүрээнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Улмаар барьцаа хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн санал авахад 650 000 000 төгрөг буюу зах зээлийн үнээс хэт өндөр үнээр үнэлсэн. Тиймээс манай зүгээс тухайн үнийн саналыг хүлээн зөвшөөрөөгүй учраас шинжээч томилуулах хүсэлт гаргасаны дагуу Б ХХК-иар үнэлгээ хийлгүүлэхэд 487 748 413 төгрөгөөр үнэлсэн. Энэ нь зах зээлийн стандарт үнэ шаардлагад нийцсэн үнэлгээ гэж хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгчийн зүгээс тус үнэлгээг зөвшрөөгүй учир нэхэмжлэл гаргасан байдаг. Тиймээс хуульд заасны дагуу эрх бүхий байгууллага буюу хөндлөнгийн этгээдээр үнэлгээ хийлгэсэн учир үнэлгээг хэвээр үлдээж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5. Нэхэмжлэгчээс: Л.Бын иргэний үнэмлэхний лавлагаа /хх 4, 23/, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийнН газрын үнэлгээний мэдэгдэл /хх 5/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 6-15/, 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шинжээч томилох тухай тогтоол /хх 16/, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол /хх 24/, 2023 оны 11 дугаар сарын 09-ний өдрийнН газрын үнэлгээний мэдэгдэл /хх 25/, албадан дуудлага худалдаа /хх 26/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 44/, 2023 оны 11 дугаар сарын 09-ний өдрийнН газрын үнэлгээний мэдэгдэл /хх 45/, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийнН газрын үнэлгээний мэдэгдэл /хх 46/, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол /хх 47/, албадан дуудлага худалдааны мэдэгдэл /хх 48/,

Хариуцагчаас: 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудас /хх 75/, 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хх 76-77/, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хх 78-82, 145-147/, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлал /хх 83-86, 148-151/, 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол /хх 87/, 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан тухай тэмдэглэл /хх 88/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт бичиг хүлээн авах баталгаа /хх 89-90/, 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх 91/, 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол /хх 92/, 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийнН газрын хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай албан бичиг /хх 93/, 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг /хх 94/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 95, 126/, 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх 96-97/, 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Мэдэгдэл /хх 98/, 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх 99/, 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх 100-101/, 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх 102/, 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилуулах тухай хүсэлт /хх 104/, 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Шинжээч томилох тухай тогтоол/хх 105-106/, 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн С ХХК руу илгээсэн чат /хх 107/, Шинжээч томилуулах тухай тогтоол гардуулах акт /хх 108/, 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх 109/, Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 110-119/, Үнэлэгдэж буй хөрөнгийн фото зургууд /хх 120-124/, 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Шинжээч томилох тухай тогтоол /хх 125/, хөрөнгийн үнэлгээний байгууллагын гэрчилгээ /хх 127/, Зах зээлийн мэдээлэл /хх 128-130/, 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт /хх 131/, 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн нэхэмжлэх хуудас /хх 132/, 10 дугаар сарын 27-ны өдрийнН газрын үнэлгээний мэдэгдэл /хх 133-134/, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх 135-137/, Монголын мэдээ сонин /хх 139-140/, 2023 оны 11 дугаар сарын 09-ний өдрийнН газрын мэдэгдэл /хх 82, 143/, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх 142/, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх 144/,

Гуравдагч этгээд: Р ББСБ-ын хүсэлт /хх 57-58/, 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Итгэмжлэл /хх 59/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 60/, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх 61/, 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Зээлийн гэрээ /хх 62-66/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

2.Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогджээ. Үүнд:

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2022/04162 дугаар шийдвэрНийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2023/00283 дугаар магадлалаар С ХХК-иас 259 776 526 төгрөгийг гаргуулж Р ББСБ ХХК-д олгох, барьцааны зүйл болох Л.Бын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ............. дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг, ......................... тоот хаягт байрлах, 116.87 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худаалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн, шийдвэр, магадлал /хх 78-86/ хүчинтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхээр заажээ.

 

2.1. Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 102/ШЗ2023/05761 дугаар захирамж, 625 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн /хх 75-77/ шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явагдаж, төлбөр төлөгч нарын үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны зүйл болох Л.Бын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ............. дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг, ......................... тоот хаягт байрлах, 116.87 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагаа хийгдсэн /хх 96-102/, улмаар төлбөр төлөгч, төлбөр авагч нарт үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналаа ирүүлэхийг 2023 оны 9 дүгээр 27-ны өдөр мэдэгджээ.

 

2.2. Төлбөр төлөгч С  ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшаар 650 000 000 төгрөгөөр үнэлж санал өгсөн /хх 103/, харин төлбөр авагч Р ББСБ ХХК нь үнийн саналыг зах зээлийн үнээс хэт өндөр үнэлсэн гэж үзэж 2023 оны 10-р сарын 6-ны өдөр шинжээч томилуулах хүсэлтийг /хх 104/ гаргажээ.

Шинжээч Б ХХК-ний захирал, мэргэшсэн үнэлгээчин С.Мөнхжаргалын 23/0029 дугаар дүгнэлтээр /хх 110-131/ Хан-Уул дүүрэг, ......................... тоот хаягт байрлах, 116.87 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 487 748 413 төгрөгөөр үнэлсэн байна.

 

2.3. Шинжээч дүгнэлт гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар үнэлгээний олон улсын болон үндэсний стандарт, энэ хуулийн 7.2-т заасан хөрөнгийн үнэлгээний журам, аргачлалыг зөрчөөгүй байна.

 

Хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний үнэ цэнийн суурийг тодорхойлоход өртгийн хандлагын тооцоолол, зах зээлийн хандлагын тооцооллыг үнэлгээний зорилгод тохируулан сонгож, Хан-Уул дүүргийн 4-р хороо, .....хотхон, 156.31 м.кв, 158 м.кв, 117 м.кв сууцны худалдахаар зарласан үнийг Үнэгүй.мн, Ремакс.мн эх сурвалжаас авсан, тайланд энэ хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасан мэдээллийг бүрэн тусгасан байна.

 

Шинжээч тухайн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээр үнэлсэн нь Иргэний хуулийн 177-р зүйлийн 177.1 дэх хэсгийг зөрчөөгүй, төлбөр төлөгч нь үнэлэгдсэн үнээс багагүй үнээр орон сууцаа худалдан борлуулах, төлбөр авагчид төлбөрийг төлөх ямар нэг арга хэмжээ авсан нь нотлогдоогүйгээс гадна шийдвэр гүйцэтгэгч нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55-р зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна.

 

3. Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн талаарх баримт нотлогоог гаргаагүй, өөрөөр хэлбэл, шаардлага, үндэслэлээ нотлоогүй гэж үзнэ.

 

4.Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн байх ба нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын орлогот үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 177-р зүйлийн 177.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55-р зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан Л.Бын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ............. дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг, ......................... тоот хаягт байрлах, 116.87 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 487 748 413 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэгч Л.Б болон С ХХК-ний нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА