Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
Хэргийн индекс | 102/2024/00200/И |
Дугаар | 102/ШШ2024/01431 |
Огноо | 2024-03-21 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2024/01431
Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ........тоотод оршин суух, регистр МЕ81072903, Б овогт С Б ,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн ........ хаягт байрлах, Н газар,
Нэхэмжлэлийн шаардлага: Албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.Б нь Н газарт холбогдуулан албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2020/02926 дугаартай шийдвэрээр С.Б , Т.Өлзийжаргал нараас 147 196 000 төгрөг гаргуулж, Ө.А олгохоор шийдвэрлэсэн байна. Н газрын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 21370126 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэх тогтоолоор тус газрын 224 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах тэслэгч М.М шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж байна. Н газрын 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар Эрхийн улсын бүртгэлийн ............... дугаартай орон сууцыг 85 200 000 төгрөгөөр худалдаж, З.Т дуудлага худалдааны ялагч болсон байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10 дэх хэсэгт дуудлага худалдаагаар борлогдсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн эсэх тухай дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг тогтоосон хугацаанд танилцуулна. Энэ хугацаа нь 14 хоногоос хэтрэхгүй байна гэж, мөн хуулийн 71.12 дах хэсэгт дуудлага худалдааны ялагч худалдаж авсан эд хөрөнгийн үнийг энэ хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10 дэх хэсэгт заасан хугацаанд төлөөгүй бол дэнчинг улсын орлого болгоно гэж тус тус заажээ. Дуудлага худалдааны ялагч нь хуульд заасан хугацаанд дуудлага худалдааны мөнгөө төлнө гэснээс маргаан үүсвэл буцаан авна гэсэн хуулийн зохицуулалт байхгүй байхад ялагч З.Т нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Н газарт дуудлага худалдааны ялагчийн мөнгөө буцаан авах тухай хүсэлт гаргаж, хүсэлтийн дагуу 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр З.Тэмүүлэнгийн Голомт банк дахь дансанд шилжүүлсэн байна. Дуудлага худалдааны ялагч төлсөн мөнгөө буцаан авсан байх тул дуудлага худалдааны ялагчаас татгалзсан гэж үзэж, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааны зарын 13 дугаарт зарлагдсан орон сууцыг худалдан борлуулсан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү. 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдол гаргаагүй гэж Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 22005 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. Шүүхийн биелүүлэх ерөнхий газрын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 03/2519 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар шийдвэрлүүлсэн тул нэхэмжлэлээ дахин гаргасан гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2926 дугаар шийдвэрээр С.Б , Т.Ө нараас 147 196 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 964 130 төгрөг нийт 148 160 130 төгрөгийг гаргуулж Ө.А олгох, шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Т.Өын өмчлөлийн Баянгол дүүргийн .................. тоот, эрхийн улсын .......... дугаарт бүртгэлтэй 47.3 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Төлбөр төлөгч С.Б , Т.Ө нар нь 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр энэ 39 тоотод байрлах 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2022/00600 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 820 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол Улсын дээд шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 001/ШХТ2022/00805 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алийн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан. Ингээд дээрх хөрөнгийг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахад 85 200 000 төгрөгөөр иргэн З.Тэмүүлэн ялагч болж, худалдан авсан. Төлбөр төлөгч С.Б , Т.Ө нар албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2023/00515 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1044 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 001/ШХТ2023/00827 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Аийн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Албадан дуудлага худалдааны ялагч худалдаж авсан хөрөнгийн үнийг хуульд заасан хугацаанд төлсөн бөгөөд төлбөр төлөгчийн талаас албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай шүүхэд нэхэмжпэл гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 18749 дүгээр захирмжаар хэрэг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд худалдан борлогдсон хөрөнгөтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байхыг тус газарт даалгасан тул албадан дуудлага худалдааны ялагчийн хүсэлтийг үндэслэн худалдаж авсан хөрөнгийн үнийг иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд буцаасан нь хууль зөрчөөгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т "Шүүхийн хүчин төгөпдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйп баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул нэхэмжлэгч С.Б гийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 4/, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг /хх 5/, 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас /хх 6-7/, 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол /хх8/, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 4-224/18431 тоот мэдэгдэх хуудас /хх 9/, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /х 10/, 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх 11/, 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол /хх 12/, 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хариу мэдэгдэх хуудас /хх 13/, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол /хх 14/, 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Итгэмжлэл/хх 81/,
Хариуцагчаас: 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн шүүхийн гүйцэтгэх хуудас /хх 28-29/, 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хх 30-31/, 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хх 32-39/, 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн С.Б гийн Н газарт бичсэн хүсэлт /хх 40/, 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол /хх 41/, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хх 42-50/, 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлал /хх 51-57/, 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны тогтоол /хх 58/, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хх 59-61/, 2022 оны 11 дгээр сарын 22-ны өдрийн З.Тэмүүлэнгийн шүүхийн шийдвэрт бичсэн хүсэлт /хх 62/, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хх 63-69/, 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлал /хх 70-73/, 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны тогтоол /хх 74/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогджээ. Үүнд:
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2926 дугаар шийдвэрээр С.Б , Т.Ө нараас 148 160 130 төгрөг гаргуулж Ө.Ад олгох, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Т.Өлзийжаргалын өмчлөлийн, эрхийн улсын Ү-2205037832 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн ................ дүгээр байр 39 тоот 2 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд төлбөр төлөгч нар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2022/00600 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 820 дугаар магадлал хүчин төгөлдөр байна.
Түүнчлэн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2023/00515 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, харин Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1044 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, магадлал хүчин төгөлдөр болжээ.
Албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ...төлбөр төлөгч нарт дуудлага худалдааны талаар мэдэгдээгүй гэж маргаж байжээ.
2.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Хүсэлт шийдвэрлэж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 102/ШЗ2022/18749 дүгээр захирамжаар хэрэг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд Т.Өлзийжаргалын өмчлөлийн, эрхийн улсын . дугаарт бү....тгэгдсэн Баянгол дүүргийн .........дүгээр байр 39 тоот 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байхыг Н газарт даалгажээ.
Энэ захирамж гарснаар дуудлага худалдааны ялагч З.Тэмүүлэн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Н газарт хүсэлт гаргаж, анхны дуудлага худалдааны ялагч болж 2 өрөө байрыг 85 200 000 төгрөгөөр авсан боловч шүүхийн захирамж гарсан тул тухайн шүүхийн ажиллагаа дуустал миний дэнчин 8 320 000 төгрөгийг үлдээж, ялагчийн мөнгө болох 76 880 000 төгрөгийг миний дансанд шилжүүлж өгнө үү гэжээ.
Үүнээс дүгнэвэл, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байхыг даалгасан шүүхийн шийдвэрийг үндэслэн З.Т нь шүүхийн ажиллагаа дуустал дэнчингээ үлдээж, бусад 76 880 000 төгрөгийг шилжүүлж авсан нь ...ялагчаас татгалзсан гэж үзэж дуудлага худалдааг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
2.2. Албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэсэн дээрх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор З.Т нь дэнчингийн мөнгөө шилжүүлсэн, улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байрыг чөлөөлснөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон нь хариуцагчийн тайлбараар тогтоогдсон байна.
4.Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн байх ба нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын орлогот үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Ө өмчлөлийн, эрхийн улсын .............. дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн . тоот 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан 2022 ..........оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгохыг хүссэн С.Б гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА