Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2024/01235

 

 

 

2024 оны 03 сарын 19 өдөр

 

 

 

 

Дугаар 183/ШШ2024/01235

 

 

 

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ........ байрлах, А ХХК /РД:........./

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ............. оршин суух, Д-ын Г  нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, .......... тоотод оршин суух, Б  овогт Д-ийн М /РД:............/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 205.940.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Л.Н, хариуцагч Д.М, хариуцагчийн өмгөөлөгч Н.Т, гэрч Б.Ж, нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нь ажил олгогчийн хувиар хариуцагчтай хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд оролцож, 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 0000000 дугаартай компанийн гүйцэтгэх захирлын тушаалаар Чанарын менежерийн үүрэгт ажилд нэг сарын 2.000.000 төгрөгийн үндсэн цалинтай ажиллуулахаар томилж, хөдөлмөрийн гэрээ, нууц хадгалах гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнүүдийг байгуулж, шударга хараат бус байдлын мэдэгдэлд гарын үсэг зуруулж тус тус баталгаажуулсан бөгөөд эдгээр тушаал болон гэрээнүүдийн хүрээнд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд оролцож ирсэн болно. Хариуцагч нь дээрх хөдөлмөрийн харилцааны хүрээнд Чанарын менежер байнгын ажлын байранд ажиллаж байх хугацаанд дараах байдлаар нэхэмжлэгчээс буюу ажил олгогчоос өөрийн хувийн хэрэгцээндээ удаа дараалан хүүгүйгээр мөнгө зээлж авсан. Үүнд: 2020 оны 10 сарын 22-ны өдөр 12.000.000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөг, 2021 оны 11 сарын 25-ны өдөр 10.000.000 төгрөг, 2022 оны 04 сарын 27-ны өдөр 2.000.000 төгрөг, 2022 оны 07 сарын 18-ны өдөр 800.000 төгрөг, 2022 оны 08 сарын 18-ны өдөр 4.000.000 төгрөгийг тус тус зээлж авсан. Хариуцагч нь дээрх мөнгөнүүдийг зээлж авсан болохоо баталгаажуулж талууд Кассын зарлагын ордерын баримтыг үйлдэж гарын үсэг зурцгаасан. Хариуцагч Д.М нь мөн өөрийн амьдрах орон байрны асуудлыг шийдэх шаардлагатай байна мөнгө зээлээч гэж нэхэмжлэгч талаас удаа дараа гуйсан тул 2021 оны 12 сард 171.140.000 төгрөгийг зээлсэн. Тухайн үед нэхэмжлэгч тал их хэмжээний мөнгийг шууд зээлдүүлэх боломжгүй байсан тул компанийн нэр дээр шилжүүлэн авахаар 100 хувийн төлбөрийг нь төлж Б ХХК-тай 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан байсан А-000 тоот Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээний зүйл болох Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцатын ам, хан-Уул дүүргийн эмнэлэгийн урд талд Арцат Апартмент 2 хотхоны 3-р блок 9 давхарын 3 өрөө 79,6 мкв үл хөдлөх хөрөнгийг бусдад буюу иргэн Ц.М гэх хүнд худалдаж, түүний төлбөр 2021 оны 12 сарын 14-ний өдөр нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал болох Д.Г-гийн Голомт банкны 0000000 тоот дансанд орж ирсэнийг уг данснаас шууд тухайн өдрөө 2 удаагийн 3.000.000 төгрөгийн гүйлгээгээр 6.000.000 төгрөгийг, хариуцагчийн Голомт банкны 0000000 тоот данс руу, 2 хоногийн дараа буюу 2021 оны 12 сарын 16-ны өдөр 165.140.000 төгрөгийг мөн данснаас мөн данс руу тус тус шилжүүлж, нийт 171.140.000 төгрөгийг хариуцагчид зээлдүүлсэн болно. Нэхэмжлэгч хариуцагч нар нь дээрх мөнгийг зээлүүлсэн болохыг баталгаажуулж мөн Кассын зарлагын ордерын баримтыг үйлдэж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан болно. Гэтэл хариуцагч нь 2022 оны 10 сарын 19-ний өдөр Хувийн шалтгааны улмаас цаашид ажиллах боломжгүй болсон тул зохих журмын дагуу үүрэгт ажлаас чөлөөлж өгнө үү гэж өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээр хариуцагч нь ажиллах боломжгүй болсон. Хариуцагч нь нэгэнт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн учир түүний өргөдлийг нь үндэслэн 2022 оны 10 сарын 21-ний өдөр 00000 тоот ажлаас чөлөөлөх тухай нэхэмжлэгч талын гүйцэтгэх захиралын тушаал гарч хариуцагч нь ажлаас чөлөөлөгдсөн буюу талуудын хооронд үүссэн байсан хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон болно. Ийнхүү ажлаас чөлөөлөгдсөний дараа хариуцагчийг дээрх зээлүүдийг хэрхэн төлж барагдуулах талаар ирж уулзах, хэзээ төлж дуусгах талаар удаа дараа утсаар холбогдон хэлэхэр ирж уулзахгүй байгаа бөгөөд хариуцагч нь Миний бие төлж чадахгүй гэсэн тайлбарыг утсаар ярихдаа аман байдлаар илэрхийлээд байгаа болно. Дээрх бүх зээлүүдийг олгохдоо ажилтан, ажил олгогчийн харилцаа, итгэлцэл байсан учраас бичгээр гэрээг байгуулж байгаагүй бөгөөд хүү, алданги төлөх талаар тохиролцож байгаагүй. Тиймээс зээлүүлсэн үндсэн мөнгө төлөхийг шаардаж байгаа болно. Иймд хариуцагчаас гэрээний үүрэгт 205.940.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.М нь мөн өөрийн амьдрах орон байрны асуудлыг шийдэх шаардлагатай байна мөнгө зээлээч гэж удаа дараа гуйсан тул 2021 оны 12 сард 171.140.000 төгрөгийг зээлсэн. АХХК-ийн нэр дээр шилжүүлэн авахаар 100 хувийн төлбөрийг төлж Б ХХК-тай 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан байсан А-029 тоот орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээний зүйл болох Хан-Уул дүүрэг, ............. давхарын 3 өрөө 79,6 мкв үл хөдлөх хөрөнгийг бусдад буюу иргэн Ц.М гэх хүнд худалдаж, түүний төлбөр 2021 оны 12 сарын 14-ний өдөр нэхэмжлэгч Д.Гансэрээгийн Голомт банкны 1109053843 тоот дансанд орж ирсэн. Үүнийг тухайн өдрөө 2 удаагийн 3.000.000 төгрөгийн гүйлгээгээр 6.000.000 төгрөг, Д.Мөнхтулгын Голомт банкны 3205104012 тоот данс руу, 2 хоногийн дараа буюу 2021 оны 12 сарын 16-ны өдөр 165.140.000 төгрөгийг шилжүүлж, нийт 171.140.000 төгрөгийг хариуцагчид зээлдүүлсэн болно гэв.

 

2. Хариуцагч шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариу тайлбар хүргүүлэх нь Д.Г-гийн нэхэмжлээд байгаа 171.000.000 төгрөг нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй. Миний бие анх 2020 оноос 2022 оны хооронд ажиллах хугацаандаа Армос ХХК-д хийж бүтээсэн ажлын бүтээмжээрээ урамшуулал болгон 130.000.000 төгрөгийн Арцат 2 хотхоны 79.06 м.кв байрыг шагнал урамшуулал хэлбэрээр авсан байдаг. Уг байрыг би өөрөө 2021 онд худалдан борлуулахаар шийдэж үнэ цэнийг нь нэмэгдүүлээд өөрийн хүсэлтээр зарсан ба энэхүү орлого нь тухайн үед Д.Г-гийн хүссэнээр санал ирээд байгууллагын нэр дээр НӨАТ гарсан учраас Д:Г-гийн хувийн дансаар орж миний данс руу орсон. Д.Г-гийн үүрэг оролцоо энд байхгүй. Тийм учраас 171.000.000 төгрөг нэхэмжлэх нь үндэслэлгүй гэж үзэж байна. А ХХК-ийн нэхэмжлэлийн тухайд би өөрийн 00000000 Хаан банкны тоот дансаар А ХХК-ний 00000000 тоот дансаар хүлээн авсан доорх үнийн дүнг хүлээн зөвшөөрч байна. Үүнд 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 27-ны 2.000.000 төгрөг,2022 оны 08 дугаар сарын 18-ны 4.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Дансаар хүлээж авсан мөнгөө хүлээн зөвшөөрч байна. Үлдэгдэл төлбөрийг би өөртөө хүлээн аваагүй учраас татгалзаж байна. Шүүх процессыг хурдан шуурхай шийдвэрлэхийг хүсэж байна. Учир нь Д.Г  нь фэйсбүүк, вайбер, мессенжерээр элдэв зураг явуулж байнгын дарамталж байна. Миний бүхий л аккаунтыг хакердаж байна. Энэ талаараа Цагдаагийн байгууллагад хандсан байдаг. Нэхэмжлэгч тал ажилтнуудаа илгээн мөнгө нэхэж манай гэрийн гадаа ирж 3 хүүхдийг чинь оролдоно гэж удаа дараа сүрдүүлсэн. Энэ тухайгаа Хан-Уул дүүргийн 2 дугаар хэлтэст гомдол гарган өгсөн. Миний араас шөнө машинтай холын гэрлээ асаагаад дагадаг. Миний төрсөн эгч рүү шөнө залгаж мөнгөө нэхдэг. Түүний нөхөр болох хадам ах руу сүрдүүлж нөлөөлөх ажиллагаануудыг хийсээр байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс талаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020.05.01-ний өдрийн AM-HRS-0000 ажилд томилох тухай тушаал, 2021.04.01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, 2020.05.01-ний өдрийн 000000 нууц хадгалах гэрээ, 2020.05.01-ний өдрийн эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, Шударга, хараат бус байдлын мэдэгдэл, 2020.10.22-ны өдрийн А ХХК-ийн кассын зарлагын ордер, 2021.07.20-ны өдрийн кассын зарлагын ордер, 2021.11.08-ны өдрийн кассын зарлагын ордер, 2021.11.25-ны өдрийн кассын зарлагын ордер, 2022.04.27-ны өдрийн кассын зарлагын ордер, 2022.07.18-ны өдрийн зарлагын ордер, 2022.08.18-ны өдрийн кассын зарлагын ордер, 2021.12.14-ний өдрийн кассын зарлагын ордер, 2021.03.10-ны өдрийн 0000  Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ, Б т ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021.08.17-ны өдрийн Бүтээлч трейд ХХК-д хүсэлт хүргүүлэх тухай албан тоот, 2021.12.14-ний өдрийн Голомт банкны шилжүүлгийн 2 баримт, 2021.12.16-ны өдрийн шилжүүлгийн баримт, 2022.10.19-ний өдрийн Д.М-гын хүсэлт, 2022.10.21-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 000000 тоот тушаал, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2023.04.18-ны өдрийн итгэмжлэл, 2023.09.25-ны өдрийн хамтран нэхэмжлэгч оролцуулах нэхэмжлэл, А ХХК-ийн 2020.10.22, 2021.07.20, 2021.11.08, 2021.11.25, 2022.04.27, 2022.08.18,-ны өдрүүдийн Хаан банкны дансны хуулга, 2021.04.02-ны өдрийн А ХХК-ийн Томилолтоор ажиллуулах тухай захирлын тушаал, 2022.10.03-ны өдрийн зээлийн гэрээ, 2023.10.17-ны өдрийн итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023.04.20-ны өдрийн С ХХК-ийн 0000 тайлан зэрэг баримтыг гаргаж өгсөн.

 

Хариуцагчаас: Д.М-ын 2021.08.11, 2022.04.27, 2022.08.18-ны өдрүүдийн Хаан банкны дансны хуулга гаргаж өгсөн.

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.М, Э.Б, Ц.Мөнхбаатар, Б.Ж нараас гэрчийн мэдүүлэг авсан, хариуцагчийн хүсэлтээр Г.О, Б.М нараас гэрчийн мэдүүлэг авсан, Голомт банкнаас 2021.12.15-ны өдрийн AM-LET-614 тоот А ХХК-ийн захирлын тушаал гаргуулсан.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А ХХК, Д.Г нар нь хариуцагч Д.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 205.940.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 2021.11.25-ны өдрийн 1.000.000 төгрөг, 2022.04.27-ны 2.000.000 төгрөг, 2022.08.18-ны 4.000.000 төгрөг, нийт 7.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэснийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх хэрэгт авагдсан баримтууд болон зохигчийн тайлбарт үндэслэж нэхэмжлэлийн шаардлагаас заримыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

А ХХК, Д.Ганар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...компани ажилчидаа дэмжих зорилгоор зээл өгдөг байсан, үүнийгээ баталгаажуулаад 2022 оны 10 сард кассын орлогын ордер үйлдэж баталгаажуулсан тул Д.М-д зээлсэн 205.940.000 төгрөгийг шаардаж байна гэжээ.

 

АХХК Д.М-тай 2021.04.01-ний өдөр 000000000 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулж, чанарын менежер албан тушаалд томилсон, улмаар 2020.10.22-ны өдөр 12.000.000 төгрөг, 2021.07.20-ны өдөр 5.000.000 төгрөг, 2021.11.08-ны өдөр 1.000.000 төгрөг, 2021.11.25-ны өдөр 10.000.000 төгрөг, 2022.04.27-ны өдөр 2.000.000 төгрөг, 2022.07.18-ны өдөр 800.000 төгрөг, 2022.08.18-ны өдөр 4.000.000 төгрөг, 2021.12.14-ний өдөр 171.140.000 төгрөгийн кассын зарлагын ордер үйлдэж, хариуцагч Д.М эдгээр баримтад гарын үсэг зурсан байна.

 

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч АХХК 2022.10.21-ний өдрийн гүйцэтгэх захирлын 22/10/21-11 тоот тушаалаар Д.М-ыг өөрийн гаргасан өргөдлийн дагуу мөн өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

А ХХК-ийн 2020-2022 оны кассын орлогын ордероор нийт 34.800.000 төгрөгийг зээлж, 2022.10.03-ны өдрийн зээлийн гэрээгээр баталгуулсан гэх бөгөөд Армос ХХК-иийн Хаан банкны депозит дансны 2020.10.22-ны өдрийн 10.000.000 төгрөг, 2021.08.11-ний өдрийн 1.000.000 төгрөг, 2022.08.18-ны өдрийн 4.000.000 төгрөг, 2022.04.27-ны 2.000.000 төгрөг нийт А ХХК-иас Д.М-ад 17.000.000 төгрөгийг шилжүүлсэн гэж шүүх үзэв.

 

2020.10.22-ны өдрийн АТМ машинаас 10.000.000 төгрөгөөр 2 удаагийн үйлдлээр хариуцагч Д.М компанийн карт авч зарлага гаргасан гэж шаардах бөгөөд үүнийг гэрч Б.Ж гэрчлэх бөгөөд хариуцагч нь уг шаардлагатай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар үгүйсгэж байгаа үндэслэлээ баримтаар нотлож чадаагүй тул хариуцагч Д.М-гаас 17.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-нд олгохоор шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч А ХХК 2022 оны 10 сарын 03-ны өдрийн зээлийн гэрээгээр 34.800.000 төгрөгийг зээлүүлсэн гэх боловч үүнээс 17.800.000 төгрөг шилжүүлсэн гэх үйл баримтаар тогтоогдоогүй байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Армос ХХК-ийн зээлийн гэрээний дагуу дансаар шилжүүлсэн 17.000.000 төгрөгийг хангаж, үлдэх 17.800.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Д.Г-гийн Голомт банкны 2021.12.14-ний өдрийн 3.000.000 төгрөг, 2021.12.14-ний өдрийн 3.000.000 төгрөг, 2021.12.16-ны өдрийн 165.140.000 төгрөгийн мемориалын баримтаас үзэхэд Д.Г-гээс Д-д нийт 171.140.000 төгрөг шилжсэн байна.

 

Хариуцагч нь уг мөнгийг ...Д.Г болон Д.М бид 3 сууж байгаад амьдрах нөхцөлөө сайжруулах зорилгоор байр авах шаардлагатай болсон гэдгээ хэлсэн. Тэгсэн надад шагнал урамшуулах зорилгоор энэ байрыг өгье гэж аман байдлаар тохиролцсон гэх боловч энэ нь гэрч Д.М-ийн ...Д.М-д 130 хэдэн сая төгрөгөөр байр авсан, би 135.000.000 төгрөгийн зээл авсан. Энэ мөнгийг шагнал урамшуулалын аль ч биш, зээл байсан гэх мэдүүлэг, Б.Ж-гийн ... Д.М  нь чанарын менежерээр ажиллаж байсан. Эрдэнэтийн үйлдвэрийн төсөл нь 90.000.000 төгрөгийн ажил байсан. Ийм үнэтэй төслийн ажилд урамшуулал гэж 100 гаран сая төгрөг өгөх боломжгүй. Д.М өөрөө хүлээн зөвшөөрөөд зээл гэдэг утгаар аваад энэ мөнгөнүүд нь нийлсээр байгаад 34.800.000 төгрөг болсон. Анх 130.000.000 төгрөгөөр Б  ХХК-аас 2 өрөө байр авсан байдаг. Тэр байраа зарах болоод хэдэн төгрөгийн ашигтай болгоод зарах гэсэн чинь 171.000.000 төгрөгөөр зарсан тэр мөнгө нь Д.Г-гийн данс руу орсон. Д.М нь эхнэр хүүхэд төрсөн орох оронгүй хуучин байраа зарсан гэж хэлсэн. Тэгсэн манай нөхөр 171.000.000 төгрөгөөрөө байрныхаа урьдчилгааг өгчих гэж хэлээд өгсөн гэх мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байна.

 

Б  ХХК 2021.03.10-ны өдрийн орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын 000 гэрээгээр Хан-Уул дүүрэг, ........... давхар 3 өрөө 79.6 м.кв орон сууцыг 143.280.000 төгрөгөөр тооцож, А ХХК, Д.Г нарт худалдан борлуулахаар байгуулж, төлбөрийн 2021.03.10-ны өдөр 100 хувь төлжээ. /хх-ийн 30-35 дугаар тал/

 

Хариуцагч нь уг орон сууцыг надад урамшуулал гэж шилжүүлсэн гэх боловч гэрч Г.О-ийн 2021 онд 3 өрөө байр худалдах талаар Д.М-тай уулзсан, зарах байрны өмчлөгч нь Бүтээлч трейд ХХК байсан, үл хөдлөхийн гэрчилгээ гаргаагүй байсан ба Д.Г, А ХХК нарын нэр дээр хөрөнгө оруулалтын гэрээ байсан гэжээ. /хх-ийн 82-83 дугаар тал/

 

2021.08.17-ны өдрийн А ХХК-ийн 000000тоот албан бичгээр Б ХХК-нд А ХХК нь Арцат апартмент 2 хотхоны 3-р блок урд орцны 9 давхар 3 өрөө 79.6 мкв байрыг 2021.03.10-ны өдөр А-209 гэрээ байгуулан 100 төлөлт хийн худалдан авсан. Тус байрыг иргэн Ц.М-д худалдан борлуулсан тул байрны гэрчилгээ болон бусад зөвшөөрлийг иргэн Ц.М-ын нэр дээр гаргуулж өгнө үү гэжээ.

 

Эдгээр баримтаас үзэхэд хариуцагч Д.М урамшуулалаар Арцат апартмент 2 хотхоны 3-р блок урд орцны 9 давхар 3 өрөө 79.6 мкв байрыг өгсөн гэх байдал үгүйсгэгдэж байгаа ба уг байрыг Р ХХК-иар зуучлуулж худалдан борлуулсан үнэ болох 171.140.000 төгрөгийг Д.М-д нэхэмжлэгч Д.Г зээлсэн гэж шүүх үзэв.

 

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Д.М-аас 188.140.000 төгрөг гаргуулж, 17.000.000 төгрөгийг А ХХК-нд, 171.140.000 төгрөгийг Д.Г-д тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17.800.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.М-аас 181.140.000 төгрөг гаргуулж, 171.140.000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Г-д, 17.000.000 төгрөгийг нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17.800.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.187.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.М-аас 1.063.650 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК, Д.Г нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО