| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2023/06582/И |
| Дугаар | 102/ШШ2024/02016 |
| Огноо | 2024-04-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2024/02016
Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн . тоотод оршин суух, регистр ...., Б овогт Аийн С,
Хариуцагч: Баянгол дүүргийн ............тоотод оршин суух, регистр 8, Б овогт Бын С,
Нэхэмжлэлийн шаардлага: 43 396 100 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гэрч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А.С нь Б.Ст холбогдуулан 43 396 100 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
Би 2021 оны 2-р сарын 25-ны өдөр Худалдаа хөгжлийн банк дахь зээ охин М.Нийн хадгаламжийг барьцаалан 21 600 000 төгрөг, охин Ж.Мийн хадгаламжаас 18 418 100 төгрөгийг А.Сын Худалдаа хөгжлийн банкны тоот дансанд шилжүүлж зээлүүлсэн. Яаралтай мөнгөний хэрэг гарсан, удахгүй өгнө гэхээр нь өгсөн. Зээ охины хадагламжийг би хамтран эзэмшдэг. Тухайн үед 10-р ангид байсан. А.С өнөөдрийг хүртэл мөнгийг өгөөгүй, мөнгөө нэхэмжилхээр цагдаа, шүүхдээ өг гэдэг. Иймд А.Саас зээл 39 600 000 төгрөг, хүү 3 388 000 төгрөг нийт 43 396 100 төгрөг гаргуулж өгнөүү гэв.
2. Хариуцагч А.С шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2019-2022 оны эцэс хүртэл А.С, охин Ж.Мтэй хамтран амьдарч байсан бөгөөд 2021 онд иргэн А.Сийн нэхэмжлэлд дурдсан мөнгийг бараа материалын төлбөр дутсан тул авсан нь үнэн. Тухайн бараа материалыг хамтран ажиллагч байгууллагад нийлүүлэн Богд вилла хороололд 72 м.кв 3 өрөө байр авсан боловч Г.Б гэх этгээдэд залилуулан одоог хүртэл цагдаагийн байгууллагад хандан нэхэмжилж байгаа. Хамтран амьдрах хугацаандаа Ж.Мд 2021 онд өөрийн авто машин болон Ж.Мийн өөрийн эзэмшлийн Приүс 30 машиныг оролцуулан Ниссан Quashkai загварын 2019 онд үйлдвэрлэсэн авто машиныг бэлэглэсэн. Уг машиныг би тэр үед 60 000 000 төгрөгөөр тооцон авч байсан юм. Тухайн машины одоогийн үнэ нь үнэгүй.мн сайтад 43 000 000-48 000 000 төгрөг байгаа нэхэмжлэлийн үнэтэй харьцуулахад ижил хэмжээнд байна. 40 000 000 төгрөг гэж үзэхэд би 10 000 000 төгрөгийг нь хасаад 30 000 000 төгрөгийг биет байдлаар төлсөн гэж үзэж байна. Мөн өвөө аавын минь дамжиж ирсэн хөөрөг үнэлэх боломжгүй. Эргүүлж авах хүсэлтэй байна. Өмнөх хуралд онгоцны тасалбарт гэх төлбөрийг Ж.Мийн дансруу 9 000 000 төгрөг шилжүүлсэн байна. Ж.М аав ээждээ өгсөн эсэхийг мэдэхгүй байна. Тухайн үед онгоцны тасалбар авах ёстой тухай яриад мөнгө өгөх ёстой гэхээр нь өгсөн. Мөн гэрийн маань тавилга болох буйдан, хөргөгч, 6 сандалтай ширээ гэх мэт хадгалаатай байгааг нэхэмжлэгч мэдэж байгаа. Хадгалах газаргүй болоод ээж, аав туслаад хадгалж байгаа гэдгийг дурдах нь зүйтэй байх гэж бодож байна гэжээ.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болортуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь зээ охин М.Нийн хадгаламжийг барьцаалан 21 600 000 төгрөгийг Б.Сын Худалдаа хөгжлийн банкны ... гэсэн дансанд, мөн охин Ж.Мийн хадгаламжаас уг тоот дансанд 18 418 100 төгрөгийг яаралтай хэрэг гарсан гэхээр нь зээлсэн гэжээ. Тухайн үед зээ охин нь насанд хүрээгүй байсан байна. Охины хувьд өмнөх шүүх хуралд, мөн өнөөдөр хүүхдийнхээ хадгаламжийг барьцаалаад өгсөн гэж удаа дараа ярьдаг. Тухайн үед насанд хүрээгүй байсан хэдий ч өнөөдөр 20 настай, одоогоор Солонгос улсад суралцдаг. Тэгэхээр өнөөдөр А.С нь энэ хүнийг төлөөлөх эрх байгаа эсэх нь эргэлзээтэй. Мөн охин Ж.Мийн хадгаламжаас 18 418 100 төгрөгийг зээлсэн гэх асуудал яригддаг. Гэтэл энэ 2 хүн насанд хүрсэн. Нэг нь А.Стай хамтран амьдарч байсан. Тэгэхээр нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт зааснаар бүрдүүлбэр дутуу, нэхэмжлэлийн үндэслэл шаардлага, түүнийг нотлох баримтаа өөрөө бүрдүүлэх ёстой. Учир нь зээ охиныхоо хадгаламжийг барьцаалсан талаар яридагч үүнийг нотлох баримт байхгүй. Ингэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дах хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг нэхэмжлэгч өөрөө нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Түүнчлэн нэхэмжлэгч нь Ж.М гэх хүнийг бүрэн төлөөлөх эрхийн талаар баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дах хэсэгт зааснаар Ж.М, М.Н нараас төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэл байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт зааснаар эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн уг эрхийг сэргээлгэхээр шүүхэд хандсан этгээдийг нэхэмжлэгч гэнэ. Тэгэхээр Ж.М, М.Н нар нь өөрсдөө нэхэмжлэл гаргаагүй. Түүнчлэн тэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхний хуулбар /хх 3/, 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотоод шилжүүлгийн баримт /хх 4/, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх 5-7/,
Хариуцагчаас: 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Авто тээврийн хэрэгсэл өмчлөх, эзэмших эрхийн лавлагаа /хх 33/, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх 34/, 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Итгэмжлэл/хх 35/, 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа /хх 41/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
2.Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон байна.
А.С нь 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Б.Сын Худалдаа хөгжлийн банкны ... дугаар дансанд 21 600 000 төгрөгийг зээл олголт гэж өөрийн ....дугаар данснаас шилжүүлжээ.
Зээлдэгч нь зээлийг буцаан төлөх үүрэгтэй бөгөөд бараа материалын төлбөр дутаад авсан талаар маргаагүй байна.
Талууд хүү тохирсон зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул зээлдүүлэгч хүү авах эрхгүй. Иймд Б.Саас 21 600 000 төгрөг гаргуулж олгохоор хангаж шийдвэрлэлээ.
2.1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ ...машин өгсөн, онгоцны билетний мөнгө өгсөн гэж тайлбарладаг боловч зээлийн төлбөрт тооцож өгсөн нь баримаар нотлогдоогүй байна.
2.2. Харин Ж.М нь өөрийн ........ тоот данснаас тухайн өдөр 18 418 100 төгрөгийг Б.Ст зээлэв гэж шилжүүлсэн байна.
Ж.Мийг хамтран нэхэмжлэгчээр оролцуулахыг нэхэмжлэгч А.С зөвшөөрөөгүй тул түүнийг нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр оролцуулсан болно.
Гэрч Ж.М шүүх хуралдаанд ...Б.Стай хамтран амьдарч байсан, охин Намуунгоогийн хадгаламжийг ээж хамтран эзэмшдэг, 21 600 000 төгрөгийг зээлүүлээч гэж би ээжээс гуйсан гэжээ.
Нэхэмжлэгч А.С нь Ж.Мийн зээлүүлсэн гэх 18 418 100 төгрөгийг шаардах эрхгүй тул хангахгүй орхив.
3.Нэхэмжлэгч шүүхэд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 374 930 төгрөг төлсөн байна. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3774 930 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, Б.Саас 265 950 төгрөг гаргуулж А.Сд олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Бын Саас 21 600 000 /хорин нэгэн сая зургаан зуун мянга/ гаргуулж Аийн Сд олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 21 796 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 374 930 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Б.Саас 265 950 төгрөг гаргуулж А.Сд олгосугай.
3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА