| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 183/2023/04566/И |
| Дугаар | 183/ШШ2024/01144 |
| Огноо | 2024-03-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 183/ШШ2024/01144
2024 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 183/ШШ2024/01144
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ........ тоотод оршин суух, Л овогтой Г-ын Ө/РД:00000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ......... тоотод оршин суух, Б овогтой Ц-ын Б /РД:00000/-д холбогдох
Зээлээр худалдан худалдан авах гэрээний үүрэгт 70.508.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, 19.405.599,45 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.З, нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Ө нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Өлзийсүрэн миний бие иргэн Ч.Б-тай, харилцан тохиролцсоны үндсэн 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр, үл хөдлөх хөрөнгийг зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулан, орон сууцыг 338.514.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, урьдчилгаанд 70.000.000 төгрөгийг төлж үлдэгдэл 268.514.000 төгрөгийг 2023 оны 8 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулахаар тохирсон. Гэтэл Г.Ө миний бие А ХХК-д оруулсан үлдэгдэл төлбөрийн мөнгө орж ирэхгүй болсон гэсэн шалтгааныулмаас, дээрх нөхцөл байдлаа Ч.Батнасанд тайлбарлан, гэрээгээ 7 сарын хугацаагаар сунгая гэсэн хүсэлт тавихад хүлээн зөвшөөрөхгүй болно. Одоогийн байдлаар гэрээг сунгаагүй худалдагчийн хүсэлтээр 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр байрыг нь суллаж өгөөд урьдчилгаа мөнгөө буцааж авъя гэтэл, үндэслэлгүй зардлуудыг надаас нэхэж, үүнийг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.
2. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ц.БЩ миний бие иргэн Г.Ө-тэй 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр өөрийн өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий ХУД-ын 22 хороо, Могул хотхонд байрлах 147 м2 4 өрөө орон сууцыг зарахаар зар тавьж, иргэн Г.Ө-гийн олон сарын өмнөөс худалдаж авна гэсэн хүсэлтийг зөвшөөрч харилцан тохиролцсоны дагуу зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар батлуулан орон сууц болон 1 машины зогсоолыг суллан өгсөн болно.Гэвч гэрээ байгуулсанаас 2 сарын дараа буюу үлдэгдэл төлбөрөө төлөх хугацаа болсоны дараа иргэн Г.Ө нь байгуулсан гэрээгээ биелүүлэхээс татгалзан, хүлээн зөвшөөрөх боломжгүй өөр нөхцөлийг тулгаж, бидний гэр бүлд сэтгэл санаа, эд хөрөнгө, цаг хугацааны хүндрэл хохирол учруулан, орон сууцыг минь зохих ёсоор хүлээлгэн өгөлгүйгээр нүүн гарсан. Иймээс Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 2 дугаар зүйл болон байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээний 5.1, 5.3 дахь заалтуудыг үндэслэн дараах бодит хохирлуудыг нэхэмжилж байна. Үүнд: Байраа хүлээлгэн өгч өөр газарт байр түрээслэсний зардал болох 8.000.000 төгрөг, байр, орон сууцны дотор заслыг өөрчилсөнийг анхны байдалд оруулах зардал 2.000.000 төгрөг, Байрны болон гэрэл, цахилгаан, сөх, ус дулааны 2 сарын төлбөр 290.000 төгрөг, өмгөөлөгчдийн зардал 150.000 төгрөг, тэмдэгтийн хураамж 253.709,45 төгрөг нийт 19.405.599,45 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Г.Ө-гийн цаад болсон асуудлыг нь ойлгосон.Гэрээгээ үргэлжлүүлэн гэсэн санал тавиагүй. Мөнгөө хувааж төлөх буюу сар болгон 2.000.000 төгрөгөөр төлөх нөхцөлтэй байсан. Бид нар өөрсдөө байрнаасаа гараад дахиад өөр байранд орохоор төлөвлөсөн байсан учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй болсон. Байрнаас гарсан асуудал бол шүүхэд худлаа ярьж байна гээд байх шиг байна. Байрныхаа түлхүүрийг байрны доод талын дэлгүүрт үлдээгээд гараад явсан байсан. Гэрээн дээр 2023 оны 8 дугаар сарын 30-аас хойш алданги тооцно гэсэн болохоор 30-ны өдрөө гарсан байсан. Тэрнээс биш байрнаас хурдан гар гэж шахаж шаардсан асуудал байхгүй. Байгуулсан гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй болсон байж болно. Гэрээнд заасан 2 дахь үүрэг болох бид нарт гарсан хохирол зардлыг барагдуулна хасаж тооцож үлдэгдэл төлбөрийг өгнө гэсэн боловч хүлээн зөвшөөрөөгүй. Хүний байрыг худалдаж авна гээд байрнаас нь гаргаад эдийн засгийн болон цаг хугацааны өндөр зардал гаргаж байна. Өөрийнх нь манай эхнэртэй бичсэн мессежүүд байдаг. Хороололд байдаг байрыг эсвэл машинаа ав гэсэн янз бүрийн санал тавьж байсан. Тэгээд бид нар татгалзсан учраас болохгүй бол буцааж болно. Гэхдээ бид нар гэрээнээс үүдэлтэй зардлууд гарсан учраас хасуулах л санал тавьсан хүлээн зөвшөөрөөгүй. Ийм учраас л шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж ойлгож байна гэв.
3. Нэхэмжлэгчээс талаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023.06.21-ний өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023.06.21-ний өдрийн шилжүүлгийн баримт, 2023.09.05-ны өдрийн итгэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар зэрэг баримтуудыг хуулийн шаардлага хангуулан гаргаж өгсөн байна.
Хариуцагч талаас: Хариу тайлбар, 2023.06.23-ны өдрийн дансны хуулга, 2023.06.26-ны өдрийн дансны хуулга, 2023.07.05-ны өдрийн дансны хуулга, 2023.07.25-ны өдрийн түрээсийн гэрээ, 2023.07.04-ний өдрийн орон сууц хөлслөх гэрээ, хүлээлцэх акт, 2024.01.23-ны өдрийн итгэмжлэл, 2023.07.01-ний өдрийн дансны хуулга, зураг, 2020.01.01-2024.01.25-ны өдрийн харилцах харилцагчийн хуулга, дансны хуулга, 2024.02.02-ны ажлын төсөв зэрэг баримтын шаардлага хангуулан өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Ө хариуцагч Ц.Б холбогдуулан зээлээр худалдан худалдан авах гэрээний үүрэгт 70.000.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч 19.405.599,45 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.
Талуудын хооронд 2023.06.21-ний өдөр зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж, ХУД ............ тоот 147.18 м.кв орон сууцыг 338.514.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, нэхэмжлэгч 2023.06.21-ний өдөр 70.000.000 төгрөгийг хариуцагчид шилжүүлжээ. /хх-ийн 3 дугаар тал/
Г.Ө нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Зээлээр худалдан авахаар тохирсон орон сууцны урьдчилгаа болох 70.000.000 төгрөгийг 2023.06.21-ний өдөр төлж, үлдэх 268.514.000 төгрөгийг 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулахаар тохирсон ч А ХХК-д орж ирэх ёстой байсан мөнгө орж ирэх боломжгүй болж энэ тухайгаа худалдан авагчид тайлбарлаж мөнгө төлөх хугацааг 7 сараар сунгах саналыг тавьж, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахыг хүссэн. Худалдагч тал энэ саналыг хүлээн авахгүй орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардаж, гэрээг дуусгавар болгосон тул 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр байрыг чөлөөлж өгсөн тул урьдчилгаанд өгсөн 70.000.000 төгрөгийг гаргуулна гэжээ.
Талуудын хооронд зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан боловч Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.3-т заасан хуулийн шаардлагыг хангаагүй байх тул мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Худалдан авагч гэрээнд заасны дагуу үлдэгдэл төлбөрөө өгч чадаагүйн улмаас худалдагч гэрээний харилцааг цуцалсан, энэ талаар зохигч маргаагүй, хариуцагч Батнасан нэхэмжлэгч Г.Ө гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул хохирол 19.151.890 төгрөгийг хасч, үлдэх 50.848.110 төлбөрийг төлнө гэж маргажээ.
Г.Ө гэрээний үүргээ биелүүлж чадахгүйн улмаас Ц.Б гэрээгээ цуцалсныг буруутгах үндэслэлгүй бөгөөд нэгэнт цуцалсан гэрээний улмаас урьдчилгаанд өгсөн 70.000.000 төгрөгийг буцаан өгөх нь хуульд нийцнэ.
Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д худалдах-худалдан авах гэрээний нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учруулсан хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмыг баримтлан арилгана гэж хууль зохицуулсан байна.
Нэхэмжлэгч нь худалдах худалдан авах гэрээний үүргийн дийлэнх хэсгийг төлж чадахгүй болсны улмаас хариуцагч гэрээгээ цуцалж, учирсан хохиролоо шаардаж байгааг буруутгах үндэслэлгүй байна.
Хариуцагч байр хүлээлгэн өгч өөрт газар байр түрээслэсний зардал 8.000.000 төгрөг, байр орон сууцны дотор заслыг өөрчилснийг анхны байдалд нь оруулах зардал 8.711.890 төгрөг, байр сулласан, буцаж нүүж орсон зардалд 2.000.000 төгрөг, байрны гэрэл, цахилгаан, СӨХ, ус дулааны 2 сарын төлбөр 290.000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 150.000 төгрөг, нийт 19.151.890 төгрөг гаргуулна гэх сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас заримыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.6-д Өмчлөгч энэ зүйлд заасан эрхээ бусдад шилжүүлж болох бөгөөд эрх шилжүүлэн авсан этгээд эд юмсыг өмчлөгчийн зөвшөөрсөн зориулалт, өөрийн үйл ажиллагааны зорилго, дүрмийн дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Г.Ө өөрийн өмчлөлд аваагүй орон сууцны доторх обойг өөрчилсөн нь энэ хуульд нийцээгүй байна.
Хэрэгт авагдсан баримтаар худалдан авагч орон сууцны обойг өөрчилсөн талаар маргаагүй бөгөөд Г ХХК-ийн Хан-Уул дүүрэг, 22-р хороо, Могул таун, 95 дугаар байр 703 тоот 147 м.кв 4 өрөө байрны ханын обой наах ажлын төсөв болох 8.711.890 төгрөгөөр тооцож, мөн байрны төлбөр 145.000 төгрөгийг нэхэмжлэгч төлөхийг зөвшөөрсөн тул нийт 8.856.890 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.4-т зааснаар Хооронд нь тооцож дуусгавар болгох шаардлагуудын хэмжээ харилцан адилгүй байвал бага хэмжээний шаардлагыг бүрэн хэмжээгээр тооцох бөгөөд их хэмжээний шаардлагын нөгөө шаардлагаар нөхөгдөөгүй хэсэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасны дагуу 70.000.000 төгрөгөөс 8.856.890 төгрөгийг харилцан тооцож, хариуцагч Ц.Б-гаас 61.143.110 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Ө-нд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэнийн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 238 дугаар зүйлийн 238.4-т зааснаар хариуцагч Ц.Б-аас 61.143.110 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Ө-нд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 508.000 улсын орлогод хэвээр, хариуцагч Ц.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253.000 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-аас 463.666 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Ө-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО