Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 00093

 

Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэрэнханд даргалж,
нарийн бичгийн дарга Д.Одончимэг,
улсын яллагч П.Шижиртуяа,
насанд хүрээгүй хохирогч Б.Бат-Эрдэнэ,
насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Оюун-Эрдэнэ,
шүүгдэгчийн өмгөөлгч М.Найдан, Х.Оюунбат,
шүүгдэгч Э.Баатар, Ө.Хэрлэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Энхбатын Баатар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өсөхбаярын Хэрлэн нарт холбогдох эрүүгийн 201706000144 дугаартай, 132/2017/0084/Э индекстэй хэргийг 2017 оны 7дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн Хяганат тосгонд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт, Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны Давхар байранд оршин суух, Сум дундын 4 дүгээр шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.5-д зааснаар 4 жил, 9 сар хорих ялаар шийтгүүлж, 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Ахаагүн овогт Энхбатын Баатар /РД:ФЖ95081916/.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн Хялганат тосгонд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ах, эгч, дүү нарын хамт Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны 23 дугаар байрны 4 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Үйзэн овогт Өсөхбаярын Хэрлэн /РД:ФЖ95070813.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Э.Баатар, Ө.Хэрлэн нар нь бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 22 цагийн орчимд Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр баг, Хялганат тосгоны малчдын хороонд Б.Бат-Эрдэнийг зодож, бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч Э.Баатарын өгсөн: Мөрдөн байцаалт дээр өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гарсан хохирлыг төлж байгаа, хохирлыг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Ө.Хэрлэнгийн өгсөн: Мөрдөн байцаалт дээр өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлнө гэх мэдүүлэг, Хохирогч Б.Бат-Эрдэнийн өгсөн: 2017 оны 01 дүгээр сарын 16-ны орой 22 цагийн орчим дүү Лхагва-Очир, найз Энх-Амар нарын хамт эмээгийнхээсээ гараад явж байхад хажуугаар 2 залуу өнгөрсөн. Тэгснээ “хөөе наашаа хүрээд ир” гэсэн. Бид 3 очтол “1 пиво авч өг” гэхээр нь “чадахгүй, мөнгө байхгүй” гэтэл дүү Лхагва-Очирыг барьж аваад алгадаад дараа нь намайг алгадсан. Хэрлэн намайг цохих гэтэл Баатар “чи согтуу байгаа юм чинь хэтрүүлчихнэ, би цохъя” гээд үүдэн шүдрүү нэг удаа цохьсон. Тэгээд миний ам болон хамраас цус гарч тогтогтохгүй байсан. Удалгүй Энхжин миний утас руу залгаад “хаана байна” гэхээр нь “танай хашааны гадаа байна” гэхэд гэрээсээ гарч ирсэн. Тэр 2 залууг таньдаг бололтой юм яриад зогсож байсан. Удалгүй Ганзориг ах гарч ирэхэд нэг залуу нь зугтаасан ба нэг нь үлдсэн. Би шүдгүй болсондоо харамсаж байна. Дээд үүдэн шүднээс 1 шүд унасан. Доод үүдэн шүднээс 2 шүдэнд бэхэлгээ хийлгэсэн. Эмчилгээтэй холбоотой гарсан бүх зардлыг шүүгдэгч нар төлж байгаа, цаашид гарах хохирлоо гаргуулж эмчилгээгээ хийлгэх хүсэлтэй байна гэх мэдүүлэг,
201706000144 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд: Хохирогч Б.Бат-Эрдэнийн өгсөн: "... 2017 оны 5 дугаар сарын 16-ны орой 22 цагийн үед дүү Лхагва-Очир, найз Энх-Амар нарын хамт хамаатны ах Ганбатын гэрлүү очихоор гэрээсээ гарсан. Ганбат ахын гудамжны үзүүрт явж байхад танихгүй 2 залуу хажуугаар зөрж өнгөрснөө бид гурвын араас “хөөе, хүрээд ир” гэж дуудсан. Тэгэхээр нь бид гурав алхаад очсон чинь тэд “1 пиво аваад өг” гэж хэлсэн. Тэгэхээр нь бид гурав “мөнгө байхгүй, чадахгүй” гэж хэлэхэд нэг залуу нь манай дүүг барьж аваад алгадаж, дараа нь намайг мөн адил алгадсан. Тэгтэл нөгөө залуу нь “чи байж бай, би зодоё” гээд миний шүдрүү цохисон. Тэгтэл миний хамар, амнаас цус ихээр гойжоод хөдөлж чадахаа байсан. Тэр үед хамт явж байсан найз Энх-Амар зугтсан. Тэгэхээр нь би Ганбат ахын гэрлүү орох гэсэн чинь тэр хоёр залуу гэрлүү оруулахгүй “байж бай” гэж хориглоод 20-30 минут орчим гудамжинд зогсоосон. Тэгтэл манай хамаатны охин Энхжин надруу утсаар залгаад “чи хаана байна” гэхээр нь “танай хашааны үүдэнд байна” гэхэд Энхжин гэрээсээ удалгүй гарч ирсэн. Энхжинг нөгөө хоёр залуу таньдаг бололтой юм яриад зогсоод байсан ба араас нь Ганбат ах гарч иртэл нэг залуу нь зугтсан. Ганбат ах надаас “яасан бэ, юу болсон” гэхээр нь “энэ хоёр залуу намайг зодчихлоо” гэж хэлсэн. Тэгтэл Ганбат ах намайг “гэрлүү ороод цусаа цэвэрлээд байж бай” гэж хэлээд нэг залууг нь дагуулаад машинаа унаад хашаанаас гарч явсан. Ганбат ах дагуулж явсан залуугаар зугтаасан залуугийн гэрийг нь заалгаад барьж аваад надруу утсаар залгасан. Ингээд намайг гудамжны үзүүрт гараад ир гэж дуудаад сумын эмнэлэг орж үзүүлсэн. Эмч миний шүдэнд нь цэвэрлэгээ хийгээд боолт хийж өгсөн.
Тэгтэл миний баруун дээд уруул язарсан байсан тул 2 оёдол тавиулсан. Дотор талд нь нэг оёдол тавиулсан. Тэгээд маргааш нь Эрдэнэт орж шүдний эмнэлэгт үзүүлсэн чинь доод гурван үүдэн шүд ёзоороороо хугаралтай гээд бэхэлгээ хийж эмчлүүлсэн. Мөн дээд үүдэн шүд нь ёзоороороо хугарсан учраас эмчилгээ авахгүй гээд шүдийг авсан. Үүнээс хойш миний доод үүдэн 3 шүд бэхэлгээ хийсэн боловч эмчилгээ авахгүй хөдөлсөөр байна. Би эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байгаа. Миний доод гурван шүд бараг эмчилгээ авахгүй гэсэн. Тийм учраас Эрдэнэтэд нэг шүд хийлгэхэд 2300000 төгрөг болно гэсэн. Нийлээд 9200000 төгрөг нэхэмжилнэ. Би зүгээр шүдээрээ хохирсон учраас буйланд суулгадаг шүд хийлгэмээр байна..." гэх мэдүүлэг /хх 15 тал/, Насанд хүрээгүй гэрч Б.Энх-Амарын өгсөн: ...2017 оны 5 дугаар сарын 16-ны орой Батт-Эрдэнэ, Лхагва-Очир нарын хамт 22 цагийн орчим Ганбат гэх айлруу явж байсан. Тэгээд Ганбат гэх айлын гудамжинд явж байтал Хэрлэн, Баатар хоёр хажуугаар зөрж явснаа араас бид гурвыг дуудсан. Яваад очсон чинь тэр хоёр архи уусан бололтой, Хэрлэн ах Бат-Эрдэнэ, Лхагва-Очир нарыг шууд алгадсан. Тэгэхээр нь би хажуу талаар нь зөрөөд Хэрлэн ахын ард очоод зогссон чинь Хэрлэн ахыг Баатар ах тэвэрснээ “чи яах гээд байгаа юм” гэж хэлээд эргэж харснаа Бат-Эрдэнийн нүүрлүү нь шууд цохьсон. Тэгтэл Бат-Эрдэнэ нүүрээ дараад доош суусан. Ер нь бол ямар нэгэн шалтгаангүйгээр зодсон гэх мэдүүлэг /хх 19 тал/, Насанд хүрээгүй гэрч Г.Энхжингийн өгсөн: ...2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гэртээ байхдаа Бат-Эрдэнэ рүү залгаад хаана байгааг нь асуутал “танай гэрийн гадаа байна, гараад ир” гэсэн. Гэрээс гараад очсон чинь дүү Лхагва-Очирын хамтаар хүнд зодуулсан байдалтай байж байсан. Хажууд нь Хэрлэн, Баатар хоёр зогсож байсан. Бат-Эрдэний амнаас нь цус гарч, гар нь нэлэнхүйдээ цус болсон байсан. Тэгэхээр нь “цагдаад мэдэгдлээ” гэж хэлсэн чинь намайг гэрлүү оруулахгүй эндээ зүгээр зохицоод өнгөрчхиье гэсэн. Удалгүй аав гарч ирээд “юу болоод байна” гэтэл Баатараа зугтаасан. Хэрлэн “юу ч болоогүй” гэсэн. Бат-Эрдэнийг цохьсон хүн хаана байна гэж аавыг асуухад Хэрлэн “мэдэхгүй” гэсэн. Тэгээд гэртээ орж Бат-Эрдэнийн цусыг цэвэрлэчихээд эмнэлэгт үзүүлэхээр явсан” гэх мэдүүлэг /хх 20 тал/, Гэрч С.Ганбатын өгсөн: "2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр оройн 22 цагийн үед гэртээ байж байхад манай охин Энхжин гэрээс гарч явах гэхээр нь хаачих гэж байгаа талаар асуухад “Бат-Эрдэнэ дуудаад байна” гэж хэлээд гарсан. Тэгээд тамхи татах гээд удалгүй араас нь гарсан чинь манай гудамжинд хэдэн хүүхэд юм яриад зогсоод байх шиг болохоор нь очсон чинь Бат Эрдэнийн амнаас нь цус гарсан байдалтай байсан. Тэгэхээр нь би хажууд нь зогсож байсан Хэрлэнгээс “чи зодсон уу” гэж асуухад “үгүй ээ, Баатар зодсон” гэж хэлсэн. Тэгэхээр нь Баатар чинь хаана байна, яагаад хүүхэд зоддог юм бэ гэхэд “сая таныг гараад ирэхээр яваад өглөө” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Бат-Эрдэнийг гэртээ дагуулж ороод цусыг нь цэвэрлүүлсэн чинь уруулны дээд талд болон дотор талдаа язарсан, шүд нь хөдөлсөн, дээд шүд нь унасан байхаар нь түүнийг дагуулаад Баатарын гэрт очсон. Баатарыг дагуулаад сумын эмнэлэг рүү очиж үзүүлсэн гэх мэдүүлэг /хх 21 тал/,
Насанд хүрээгүй гэрч Б.Лхагва-Очирын өгсөн: ...2017 оны 5 дугаар сарын 16-ны орой 22 цагийн орчимд Дан байрнаас хороололд байх ах Ганбатын гэрт очихоор Энх-Амар, Бат-Эрдэнэ нарын хамтаар явж байсан. Ганбат ахын гудамжны үзүүрт явж байхад зүс таних Баатар, Хэрлэн нартай таарсан. Бид гурав хажуугаар нь зөрөөд явж байхад тэр хоёр бид гурвыг дуудсан. Тэгэхээр нь бид гурав яваад очсон чинь Хэрлэн нь намайг алгадсан. Тэгснээ Бат-Эрдэнэ ахыг нэг алгадсан. Тэгтэл Баатар ах гэнэт эргэж харснаа Бат-Эрдэнэ ахын нүүрлүү буюу амруу цохисон. Тэгсэн чинь Бат-Эрдэнэ ахын амнаас нь цус гараад доошоо суусан. Баатар, Хэрлэн нараас архи үнэртэж байсан. ...Хэрлэн, Баатар нар ямар нэгэн шалтгаангүйгээр Бат-Эрдэнэ ахыг зодсон гэх мэдүүлэг /хх 22 тал/, Гэрч Б.Оюумаагийн өгсөн: Би 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Хялганат тосгоны эрүүл мэндийн төвийн жижүүрийн сувилагчаар гарч байсан. Тэгэхэд шөнө 23 цаг өнгөрч байхад Б.Бат-Эрдэнэ гэж хүүхэд хүнд шүдээ цохиулсан гэсээр цус гарсан байдалтай ирж байсан. Тухайн үед манай эмнэлгийн их эмч байгаагүй. Тэгээд Б.Бат-Эрдэнийн шүдийг үзэхэд гэмтсэн байсан бөгөөд манай эмнэлгийн нөхцөлд эмчилгээ хийх боломжгүй байсан тул яаралтай Орхон аймаг явуулж байсан. Шүд нь гэмтэж уруул нь сэтэрсэн байсан, цусыг нь цэвэрлээд явуулсан гэх мэдүүлэг /хх 23 тал/, Шүүгдэгч Ө.Хэрлэнгийн сэжигтнээр өгсөн: "Би 2017 оны 5 дугаар сарын 16-ны орой 22 цагийн үед найз Баатарын хамтаар Булган аймгийн Хялганат тосгоны малчдын хороонд гэр рүүгээ харих гээд явж байсан. Тэгтэл зүс таних Бат-Эрдэнэ, 2 хүүхдийн хамтаар явж байхад нь таарсан. Тэгээд тэр 3 хүүхдийг дуудсан. Ирэхээр нь ”ахыгаа таньж байна уу” гээд Бат-Эрдэнийг алгадсан. Тэгтэл надтай хамт явсан Баатар Бат-Эрдэнийг “би цохино” гэж хэлээд шүд рүү нь цохисон. Тэгтэл Бат-Эрдэнэ нүүрээ дараад доошоо суусан. Бат-Эрдэнийн уруулаас нь цус гараад байсан. Би Баатарааг “яагаад цохиж байгаа юм” гэхэд “чи эдгээр хүүхдүүдийг хоргоогоод явуулахгүй, үгээрээ дарамтлаад байхаар нь би цохисон юм” гэж хэлсэн. ...Би ямар нэгэн шалтгаангүйгээр томорч дээрлхэх санаатай Бат-Эрдэнийг алгадсан. ...Бат-Эрдэнэ намайг алгадах үед эсэргүүцэл үзүүлээгүй. Би нэг удаа шанааруу нь алгадсан. ...Би 2 лааз пиво уусан байсан. Баатар эрүүл явж байсан. Баатар нэг удаа шүдрүү нь цохисон. ...Би үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг /хх 41 тал/, Шүүгдэгч Э.Баатарын сэжигтнээр өгсөн: Би 2017 оны 5 дугаар сарын 16-ны орой 22 цагийн үед найз Хэрлэнгийн хамт Булган аймгийн Хялганат тосгоны малчдын хороонд гэрлүүгээ харьж явахдаа зүс таних 3 хүүхэдтэй таарсан. Тэгтэл Хэрлэн нөгөө 3 хүүхдийг дуудсан. Тэгээд хүрч ирэхээр нь тамхи асуусан чинь байхгүй гэтэл Хэрлэн Бат-Эрдэнэ гэх хүүхдийг шууд алгадсан. Ттэгэхээр нь би “наад гурван хүүхдээ явуулчих” гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр гурвыг Хэрлэн явуулахгүй зогсоогоод байсан. Тэгэхээр нь Хэрлэнг тэр гурван хүүхдийг хэтрүүлээд зодчих юм болов уу гэж бодоод Бат-Эрдэнийн уруул руу нь цохисон. Тэгсэн чинь Бат-Эрдэнэ уруулаа бариад доош суусан. Тэгэхээр нь дөхөж очоод уруулыг нь харсан чинь цус гарч байсан. Бат-Эрдэнээс “гайгүй юу” гэж асуухад “зүгээрээ” гэж хэлсэн. ...Хэрлэн тухайн үед согтуу байсан болохоор Бат-Эрдэнийг хэтрүүлээд зодож магадгүй гэж бодоод шууд Бат-Эрдэний уруул руу нь нэг удаа цохисон. Өөр ямар нэгэн шалтгаан байхгүй. Намайг цохих үед ямар нэгэн байдлаар эсэргүүцэл үзүүлээгүй. ...Хэрлэн нэг удаа алгадсан. ...Бид нарын хооронд ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. ...Би үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг /хх 37 тал/, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 157 дугаартай 1. Б.Бат-Эрдэнийн биед дээд уруул шарх, дээд үүдэн баруун 1 дүгээр шүдэнд булгарал, буйланд цус хуралт, доод үүдэн 31, 41, 42 дугаар шүднүүдэд сулрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд 5% нөлөөлнө. 5. 31, 41, 42 дугаар шүднүүдийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх 25 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлтийн ажиллага явуулах тогтоол /хх 01 тал/, захиргааны шинжтэй зөрчил, материалыг гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэлд шилжүүлсэн тухай тогтоол /хх 4 тал/, эмнэлэгийн тодорхойлолт /хх 28 тал/, урьд ял шийтгэлийг шалгах хуудас /хх 44, 45 тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 55-59 тал/, ял нэмж сонсгох тухай прокурорын тогтоол /хх 64, 65 тал/, ял өөрчилж сонсгох тухай тогтоол /хх 68, 69 тал/, хохирол барагдуулсан баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, хэрэг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлгээр хэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны малчдын хороонд Э.Баатар, Ө.Хэрлэн нар нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, гудамжинд явсан Б.Бат-Эрдэнийг дуудан хоргоож, ямар ч шалтаг шалтгаангүйгээр алгадах, цохих зэргээр хүч хэрэглэн хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн болох нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хохирлын талаар хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, түүний зэргийг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээчийн 157 дугаартай дүгнэлт зэргээр хангалттай нотлогдож байна.
Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
2015 онд шинэчлэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “..., оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцааж хэрэглэнэ” гэж заасны дагуу хуулийг буцаан хэрэглэж шүүгдэгч Ө.Хэрлэн, Э.Баатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ө.Хэрлэн, Э.Баатар нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн бие махбодид хөнгөн гэмтэл учирч түүний эмчилгээ, оношлогоотой холбоотой гарсан 1703300 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Э.Баатараас 679000 төгрөгийг, шүүгдэгч Ө.Хэрлэнгээс 1024300 төгрөгийг тус тус төлж барагдуулсан талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн, шүүхийн хэллэлцүүлэгт хохирогч “1703300 төгрөгийг шүүгдэгч нар шууд төлсөн, үүнээс гадна гарсан эмчилгээний төлбөр байхгүй” гэж төлсөн төлбөрийн талаар маргаагүй, нэхэмжлэл гаргаагүй байна.
Харин хохирогчийн нэхэмжилсэн цаашид хийгдэх эмчилгээтэй холбоотой гэм хорын хохирлыг тухайн цаг хугацаанд нь нотлох баримтын дагуу нөхөн төлж хор уршгийг арилгахаа шүүгдэгч Э.Баатар шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн бөгөөд хохирогч нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорыг арилгасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол буюу цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгч Ө.Хэрлэн, Э.Баатар нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж, шүүгдэгч Э.Баатарт хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Үйзэн овогт Өсөхбаярын Хэрлэн, Ахаагүн овогт Энхбатын Баатар
нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хүч хэрэглэн хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Баатарыг 3 /гурав/ жил, Ө.Хэрлэнг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Э.Баатарт оногдуулсан 3 /гурав/ жил, Ө.Хэрлэнд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Э.Баатар хохирогчид учирсан гэм хорын хохирлыг тухайн цаг хугацаанд нь нотлох баримтын дагуу нөхөн төлж хор уршгийг арилгахаа илэрхийлснийг, хохирогч нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч Ө.Хэрлэнд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Э.Баатарт оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж, хор уршгийг арилгахыг үүрэг болгосугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Баатар, Ө.Хэрлэн нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД