Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2023/0645

 

 

 

 

 

 

 

 

   2023         08           25                                     128/ШШ2023/0645

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч C.Ганбат би, шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Л*******” НҮТББ /РД:*******/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ч

Хариуцагч: ******* дүүргийн засаг дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Б

Нэхэмжлэлийн шаардлага: ******* дүүргийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1/16 дугаарт мэдэгдлийг хүчингүй болгуулах, “Л*******” НҮТББ-ын 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 23/1 тоот мэдэгдлийг хүлээн авахыг даалгах тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Л*******” нь ******* дүүргийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1/16 дугаарт мэдэгдлийг хүчингүй болгуулах, “Л*******” НҮТББ-ын 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 23/1 тоот мэдэгдлийг хүлээн авахыг даалгах шаардлагаар маргаж байна.

2.Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:

2.1.“Л*******” нийгэмд үйлчилдэг, ашгийн бус, гишүүнчлэлгүй, төрийн бус байгууллага нь Монгол улс дахь бэлгийн болон хүйсийн цөөнх болох лесбиян, гей, бисексуал, трансжендэр, интерсекс (ЛГБТИК+) хүмүүсийн иргэний болон улс төрийн эрх, эдийн засаг, нийгэм, соёлын эрхээр 2009 оноос хойш албан ёсоор ажиллаж байгаа байгууллага байна.

2.2.“Л” НҮТББ-ын зүгээс 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр, 10 цаг 30 минутаас 13 цаг 00 минут  хооронд *******ын талбайн баруун урдаас Чингисийн өргөн чөлөөний зүүн талын явган хүний замаар Залуучуудын өргөн чөлөөний явган хүний зам руу орон Их сургуулийн гудамжны баруун талын явган хүний замаар үргэлжилж Энхтайван өргөн чөлөөний явган хүний зам дагуу тойрог хэлбэрээр алхаж, 13 цаг 00 минут *******ын талбайн зүүн урд дуусах байдлаар тойрон алхах жагсаал цуглаан хийх мэдэгдлийг ******* дүүргийн засаг даргад 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүргэсэн.

2.3.******* дүүргийн засаг дарга нь 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ирүүлсэн 1/1553 дугаарт хариу мэдэгдэлдээ “Та бүхний хүсэлт ирүүлсэн хугацаанд төрийн айлчлал, ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ давхцаж болзошгүй тул жагсаал, цуглаан зохион байгуулах өдрөөс 7 хоногийн өмнө дахин хүсэлтээ илгээж шийдвэрлүүлнэ үү” хэмээн мэдэгдсэн. 

2.4.“Л*******” НҮТББ-аас 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ******* дүүргийн Засаг даргад хандаж *******ын талбайд жагсаал цуглаан хийх мэдэгдлийг хүргүүлсэн бөгөөд ******* дүүргийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1/1553 дугаарт мэдэгдлээр “Та бүхний хүсэлт ирүүлсэн хугацаанд төрийн айлчлал, ёслол, хүндэтгэлийн арга  хэмжээ давхцаж  болзошгүй тул жагсаал, цуглаан зохион байгуулах өдрөөс 7 хоногийн өмнө дахин хүсэлтээ илгээж шийдвэрлүүлнэ үү” хэмээн хариу өгсөн.

2.5.“Л*******” НҮТББ-аас ******* дүүргийн Засаг даргад холбогдуулан 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ******* дүүргийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1/1553 дугаарт мэдэгдлийг хүчингүй болгуулах, “Л*******” НҮТББ-ын 2023 оны 08/ дугаар сарын 04-ний өдрийн 23/124 мэдэгдлийг хүлээн авахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

2.6.Тус шүүх 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр “Л*******” НҮТББ-ын “******* дүүргийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1/1553 дугаарт мэдэгдлийг хүчингүй болгуулах, “Л*******” НҮТББ-ын 2023 оны 08/ дугаар сарын 04-ний өдрийн 23/124 мэдэгдлийг хүлээн авахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээр ******* дүүргийн Засаг даргад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

2.7.Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Л” НҮТББ-ын зүгээс ******* дүүргийн засаг даргад 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 23/1 дугаар албан бичгээр дахин хүсэлт гаргасан боловч 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 1/16 дугаар албан бичгээр татгалзсан хариу мэдэгдлийг өгсөн.

 

2.8.Нэхэмжлэгч “Л” НҮТББ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “******* дүүргийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1/16 дугаарт мэдэгдлийг хүчингүй болгуулах, “Л*******” НҮТББ-ын 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 23/1 тоот мэдэгдлийг хүлээн авахыг даалгах” гэж тодруулсан болно.

3.Нэхэмжлэгч “Л*******” нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Л” нийгэмд үйлчилдэг, ашгийн бус, гишүүнчлэлгүй, төрийн бус байгууллага нь Монгол улс дахь бэлгийн болон хүйсийн цөөнх болох лесбиян, гей, бисексуал, трансжендэр, интерсекс (ЛГБТИК+) хүмүүсийн иргэний болон улс төрийн эрх, эдийн засаг, нийгэм, соёлын эрхээр 2009 оноос хойш албан ёсоор ажиллаж байна. Л нь “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийг 11 дэх жилдээ зохион байгуулахаар ажиллаж байна. Үүнд “Тэ*******” “ЛГБТИК+ Театр”, “Ц******* ЛГБТИК+ кино наадам”  гэх мэт олон нийтэд нээлттэй үйл ажиллагаанууд багтдаг.

”Тэгш эрхийн төлөө алхалт” тайван жагсаал нь “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн нэг хэсэг бөгөөд хүний эрхийн хүндэтгэх соёлыг бэхжүүлэх, хөхүүлэн дэмжих, бэлгийн чиг  баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийллийн талаар нийгэмд зонхилсоор байгаа ташаа мэдээлэл, ойлголтыг бууруулах, олон нийтэд үнэн зөв, бодит мэдээллийг өгөх зорилготойгоор зохион байгуулахаар төлөвлөгдсөн. Тиймээс “Л” НҮТББ-ын зүгээс Жагсаал,цуглаан хийх журмын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Жагсаал цуглааны  Монгол улсын иргэн, улсын бүртгэлд бүртгэгдсэн улс төрийн нам, төрийн бус байгууллага зохион байгуулах эрхтэй” хэмээн заасны дагуу 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр, 10 цаг 30 минутаас 13 цаг 00 минут  хооронд *******ын талбайн баруун урдаас Чингисийн өргөн чөлөөний зүүн талын явган хүний замаар Залуучуудын өргөн чөлөөний явган хүний зам руу орон Их сургуулийн гудамжны баруун талын явган хүний замаар үргэлжилж Энхтайван өргөн чөлөөний явган хүний зам дагуу тойрог хэлбэрээр алхаж, 13 цаг 00 минут *******ын талбайн зүүн урд дуусах байдлаар тойрон алхах жагсаал цуглаан хийх мэдэгдлийг ******* дүүргийн Засаг даргад 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүргэсэн.

Гэтэл ******* дүүргийн засаг дарга нь 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ирүүлсэн 1/1553 дугаарт хариу мэдэгдэлдээ “Та бүхний хүсэлт ирүүлсэн хугацаанд төрийн айлчлал,ёслол , хүндэтгэлийн арга  хэмжээ давхцаж  болзошгүй тул жагсаал, цуглаан зохион байгуулах өдрөөс 7 хоногийн өмнө дахин хүсэлтээ илгээж шийдвэрлүүлнэ үү” хэмээн бүртгэхээс татгалзсан.  

“Л” НҮТББ-ын зүгээс дахин 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 23/1 дугаар албан бичгээр хүсэлт гаргасан боловч 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 1/16 дугаарт мэдэгдлийг өгсөн.

Дээрх татгалзсан шийдвэрт дурдсан “Төрийн айлчлал, ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ” болон манай байгууллагын зохион байгуулах гэж буй тус арга хэмжээ нь тойрог алхалт хэлбэрээр зохион байгуулагдах тул тус арга хэмжээнүүдэд саад учруулах нөхцөлгүй ба “Жагсаал цуглаан хийх журмын тухай хууль”-ийн 8 дугаар зүйлд заасан зохион байгуулахыг хориглох заалтуудтай харшлахгүй болно.

Түүнчлэн “Мэдэгдлийг жагсаал цуглаан хийхээс 7 хоногийн  өмнө мэдэгдэнэ үү”  хэмээн бүртгэхээс татгалзсан нь “Жагсаал цуглаан хийх  журмын тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй ба Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12 дугаар хэсэгт заасан эрхийг зөрчсөн акт болно.

Үүний улмаас Монгол Улсын үндэс хуулийн 16 дугаар зүйлийн 16 дахь хэсэгт “Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэл, үг хэлэх, хэвлэн нийтлэх,тайван жагсаал,цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно: 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” хэмээн заасан заалтууд болон жагсаал, цуглаан зохион байгуулах эрх нь үндэслэлгүйгээр зөрчигдөж байна.

Иймд ******* дүүргийн засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1/16 дугаарт бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, “Тэгш эрхийн төлөө алхалт” тойрог алхалт, жагсаал цуглаан хийх мэдэгдлийг бүртгэхийг ******* дүүргийн засаг даргад даалгаж өгнө үү. гэв.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь 2013 оноос хойш тэгш эрх, бахархлын өдрүүдийг жил бүр зохион байгуулж байна. Ингэхдээ жил бүрийн 8 дугаар сарын сүүлийн өдрүүдэд зохион байгуулахыг зорьж ажилладаг. Төрийн бус байгууллага учраас  жил бүр төсөв босгох шаардлага гардаг. Төсөв босгох шаардлагын хүрээнд хүний эрхийг дэмждэг Монгол Улс болон олон улсын дэмжигч байгууллагуудад хүсэлтээ өгдөг. Ингэхдээ 04 дүгээр сарын эхээр хүсэлтээ өгч 06 дугаар сард төсөв бүрддэг тул 08 дугаар сарын үйл ажиллагааг өөрчлөн гэдэг нь маш хүндрэлтэй байдаг. Байгууллагуудаас энэ өдөрт зориулж төсөв өгдөг бөгөөд уг өдрүүдээс өөр өдөрт зориулж төсөв авах боломжгүй байдаг.

Байгууллагын тэ******* нь 08 дугаар сарын сүүлийн 7 хоногт зохион байгуулагддаг ба хамгийн анх 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ******* Засаг даргад хүсэлтээ өгсөн. 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хоёр дүүргийг дамжсан газар биш тул ******* дүүргийн харьяалалд мэдэгдлээ гаргана уу гэсэн. Улмаар 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ******* дүүрэгт мэдэгдлээ гаргаж, мэдэгдлийг 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр авсан. Тухайн өдрийн мэдэгдэл нь 7 хоногийн дараа хариу шийдвэрлэнэ буюу татгалзсан шийдвэр байгаа. Анхны нэхэмжлэл яагаад гарсан бэ гэхээр 7 хоногийн хугацаа гэдэг нь боломжгүй хугацаа юм. Мэдээлэл өгснөөс хойш 3 хоногийн дотор ******* дүүргийн Засаг дарга хянана. Түүнээс хойш манай байгууллага гомдолтой байна гэж үзвэл 3 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана. Тэгэхээр 6 хоног нь дуусчхаж байгаа юм, мөн шүүхээс үүнийг шийдвэрлэх хуульд заасан үндэслэл бүхий хугацаа нь 6 хоног нийт 12 хоног байгаа. Эдгээр хугацаа нь манай гомдлыг шалгах хугацаанаас өнгөрөөд байгаа учраас гомдлыг гаргасан.

2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хариу мэдэгдэхтэй холбогдуулж хэлбэл Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт Засаг дарга нь зохион байгуулагчтай зөвшилцөөд шаардлагатай тохиолдолд маршрутыг өөрчлөх буюу чиглэлээ өөрчлөх замаар жагсаал цуглааныг хийх талаарх эрх нь нээлттэй байдаг. Гэвч 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1/16 тоот хариу мэдэгдэлд зөвшилцөх талаар байгаагүй. Мөн бидний хүсэлтэд ирүүлсэн тухайн хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдаа зохион байгуулах тухай ******* Засаг даргын Тамгын газраас бүртгэсэн төрийн айлчлал, ёслол хүндэтгэлийн арга хэмжээний бэлтгэл ажлууд хийгдэж байгаа гэдэг нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасан хориглох газарт хамаарахгүй гэж үзэж байгаа. Учир нь олон улсын буюу үндэсний яармаг, үзэсгэлэн худалдаа зохион байгуулж буй байгууллага гэж заасан. Байгууллага буюу байршил, байр, сав бүхий албан газар байна, нөгөө талаар Хот суурин газрын хүнсний эсхүл барааны зах буюу ******* эсхүл ******* дүүргээс, худалдаа аж ахуй үйлдвэрлэх зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж байна гэж заасан. Энэ хоёр газар нь хориглох газарт хамаарахгүй. гэв.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Хүсэлт ирүүлсэн хугацаан, талбайд хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдаа зохион байгуулагдахаар нийслэлийн Засаг даргын Тамгын газраас бүртгэсэн, төрийн айлчлал, ёслол, хүндэтгэлийн арга хэмжээний бүртгэл ажлууд хийгдэж байгаа тул Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалтад заасны дагуу бүртгэж авах боломжгүй.

Хичээлийн 2023-2024 оны шинэ жилийг угтан зохион байгуулж буй өртгөсөн худалдааг 2023 оны 08 дүгээр сарын 24-31-ний өдрүүдэд Ж******* Д.*******ын талбайд зохион байгуулахыг бүртгэсэн болно.

Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, Гэгээн хутагт П 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 04-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас улсын хэмжээний үндэсний яармаг худалдааг хийхээр төлөвлөж, түүнийг нь ******* Засаг даргын Тамгын газраас бүртгэсэн. Шүүхэд гаргаж өгсөн баримтад ******* Засаг даргын Тамгын газраас Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны үйл ажиллагааг бүртгэж аваад олон улсын хэмжээнд байгаа хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдаа, үйлчилгээтэй холбоотой арга хэмжээг авч бүртгээд холбогдох нотлох баримтууд ирсэн. ******* дүүргийн Засаг дарга эдгээр нөхцөл байдал илэрсэн тохиолдолд хуулиараа хориглох арга хэмжээ авах ёстой.

Иймд Төрийн ордон, Д.*******ын талбай орчмын нутаг дэвсгэрт жагсаал цуглаан, суулт болон урлаг, соёл бусад олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах зөвшөөрөл олгох боломжгүй. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч нь “...Төрийн айлчлал, ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ” болон манай байгууллагын зохион байгуулах гэж буй тус арга хэмжээ нь тойрог алхалт хэлбэрээр зохион байгуулагдах тул тус арга хэмжээнүүдэд саад учруулах нөхцөлгүй ба “Жагсаал цуглаан хийх журмын тухай хууль”-ийн 8 дугаар зүйлд заасан зохион байгуулахыг хориглох заалтуудтай харшлахгүй” гэж, хариуцагчаас “ ... Хүсэлт ирүүлсэн хугацаан, талбайд хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдаа зохион байгуулагдахаар нийслэлийн Засаг даргын Тамгын газраас бүртгэсэн, төрийн айлчлал, ёслол, хүндэтгэлийн арга хэмжээний бүртгэл ажлууд хийгдэж байгаа тул Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалтад заасны дагуу бүртгэж авах боломжгүй...”  гэж тус тус маргажээ.

3.Нэхэмжлэгч “Л” НҮТББ нь 2023 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн 23/124 дүгээр албан бичгээр “2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 10 цаг 30 минутаас 13 цаг 00 минут хүртэл “Тэгш эрхийн төлөө алхалт” тайван жагсаал хийх тухай” мэдэгдлийг ******* дүүргийн Засаг даргад хүргүүлсэн байна.

4.Хариуцагч дүүргийн Засаг дарга дээрх мэдэгдлийг 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1/1553 дугаар албан бичгээр шийдвэрлэж хариуг өгсөн байх бөгөөд уг албан бичигт “...Та бүхний хүсэлт ирүүлсэн хугацаанд төрийн айлчлал, ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ давхцаж болзошгүй байгаа тул жагсаал, цуглаан зохион байгуулах өдрөөс 7 хоногийн өмнө дахин хүсэлтээ ирүүлж шийдвэрлүүлнэ үү.” гэжээ.

5.Нэхэмжлэгчээс дээрх агуулга бүхий хүсэлтийг дахин 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 23/1 дугаар албан бичгээр хариуцагчид хүргүүлсэн байна.

6.Хариуцагч дээрх хүсэлтийг маргаан бүхий ******* дүүргийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн “Хариу мэдэгдэх тухай” 1/16 дугаар албан бичгээр шийдвэрлэсэн байх бөгөөд уг албан бичигт “... Та бүхний хүсэлт ирүүлсэн хугацаа, талбайд хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдаа зохион байгуулагдахаар нийслэлийн Засаг даргын Тамгын газраас бүртгэсэн, төрийн айлчлал, ёслол, хүндэтгэлийн арга хэмжээний бүртгэл ажлууд хийгдэж байгаа тул Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалтад заасны дагуу бүртгэж авах боломжгүйг мэдэгдэж байна.” гэжээ.

7.******* Засаг даргын Тамгын газрын 2023 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 03/5188 дугаар албан бичигт: “Хичээлийн 2023-2024 оны шинэ жилийг угтан зохион байгуулж буй өргөтгөсөн худалдааг 2023 оны 08 дүгээр сарын 24-31-ний өдрүүдэд Ж******* Д.*******ын талбайд зохион байгуулахыг бүртгэсэн болно. Дээрх үйл ажиллагааг зохион байгуулж буй байгууллага, албан тушаалтан нь арга хэмжээнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах бүх талын арга хэмжээг авах бөгөөд хөдөлгөөний аюулгүй байдлыг сахих, гудамж талбайг бохирдуулахгүй байх, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг хамгаалах, иргэд, байгууллагын үйл ажиллагаанд саад учруулахгүй байх, тогтоосон цаг хугацаанд багтаан арга хэмжээг дуусгах зэрэг зохион байгуулалтын бүхий л асуудлыг бүрэн хариуцах ...” гэжээ.

8.Төрийн тусгай хамгаалалтын газраас ******* ******* дүүргийн Засаг дарга Х.Б*******д хүргүүлсэн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 680 дугаар албан бичигт: “Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, Гэгээн хутагт П 2023 оны 09 дүгээр сарын 01-нээс 04-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Иймд Төрийн ордон, Д.*******ын талбай орчмын нутаг дэвсгэрт жагсаал, цуглаан, суулт болон урлаг, соёл, бусад олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах зөвшөөрөл олгохгүй байхад анхаарч, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны ажиллана уу.” гэжээ.

9.Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйл.”Жагсаал, цуглаан хийхийг хориглох газар”,1.“Дараахь байгууллага оршин байгаа газар энэ хуулийн З дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан асуудлаар жагсаал, цуглаан хийхийг хориглоно:”, 4/-т “олон улсын буюу үндэсний яармаг, үзэсгэлэн зохион байгуулж байгаа байгууллага, хот суурин газрын хүнсний болон барааны зах;” гэж заажээ.

10.Хуулийн дээрх заалтын агуулгаас үзвэл, олон улсын буюу үндэсний яармаг, үзэсгэлэн зохион байгуулж байгаа тохиолдолд жагсаал, цуглаан хийхийг хориглосон байна.

11.Маргаан бүхий тохиолдолд, нэхэмжлэгч “Л” НҮТББ нь Ж******* Д.*******ын талбайд 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр “Тэгш эрхийн төлөө алхалт” тайван жагсаал зохион байгуулахыг хүссэн байх бөгөөд тус өдөр нь тус талбайд хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдахаар бүртгэгдсэн байх тул нэхэмжлэгчийн мэдэгдлийг Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан газарт жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн бол;” гэж заасны дагуу бүртгэхээс татгалзсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзлээ.

12.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Л” НҮТББ-аас ******* дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “******* дүүргийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1/16 дугаарт мэдэгдлийг хүчингүй болгуулах, “Л*******” НҮТББ-ын 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 23/1 тоот мэдэгдлийг хүлээн авахыг даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасныг тус тус баримтлан Л” НҮТББ-аас ******* дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “******* дүүргийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1/16 дугаарт мэдэгдлийг хүчингүй болгуулах, “Л*******” НҮТББ-ын 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 23/1 тоот мэдэгдлийг хүлээн авахыг даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ГАНБАТ