Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 20

 

Баянхонгор тээвэрчин ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Бт

холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Б.Болор-Эрдэнэ, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 131/ШШ2019/00603 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Баянхонгор тээвэрчин ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Бт холбогдох

Хууль бус эзэмшлээс Баянхонгор тээвэрчин ХХК-ийн өмчлөлийн 80-88 БНХ улсын дугаартай, Hyundai Universe маркийн цагаан алаг өнгөтэй автобусыг чөлөөлүүлэх тухай

нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Д.Бын давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, хариуцагчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр, нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс нар оролцов.

Нэхэмжлэгч Баянхонгор тээвэрчин ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Тус компанийн жолоочоор ажиллаж байсан Д.Б нь компанийн өмчлөлийн 80-88 БНХ улсын дугаартай, Hyundai universe маркийн автобусыг өмчлөгчийн буюу компанийн эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр авч яван өөрийн эзэмшилдээ байлгаж, тус тээврийн хэрэгсэлээр замын хөдөлгөөнд оролцож, хууль бус зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхлэн ашиг олж байна. Иймд Иргэний хуульд заасны дагуу иргэн Д.Бын хууль бус эзэмшлээс Баянхонгор тээвэрчин ХХКомпанийн өмчлөлийн 80-88 БНХ улсын дугаартай, Hyundai universe маркийн автобусыг чөлөөлүүлж өгнө үү. Автобусыг хууль бус эзэмшлээс яаралтай чөлөөлүүлж, хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авахгүй бол Д.Б нь хууль бусаар компанийн нэрийг барьж зорчигч тээвэрлэлт хийж, зөрчил гаргаж, энэ нь компанийн болон бусад жолооч нарын эрх ашгийг хөндөж байгаа юм гэжээ.

Нэхэмжлэгч Баянхонгор тээвэрчин ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Компанийн зөвшөөрөлгүйгээр компанийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлийг хувьдаа байлгаж тээвэр хийгээд хууль бус ашиг олж байна гэж нэхэмжлэл гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийг үндэслэж нэхэмжлэл гаргасан. Шаргалжуут руу хүн ачиж явж байгаад хад мөргөсөн байгаа. Сууж явсан хүмүүсээс гомдол гаргаад байгаа. Миний автобус миний хөрөнгө гээд байдаг. Энэ хэргийг дуустал машинаа тавьчих гээд хэлсэн цаана байгаа олон жолоочийн эрх ашиг хөндөгдөх гээд байгаа гэжээ.

Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлд дурьдсан Hyundai universe маркийн 80-88 БНХ улсын дугаартай автобусыг миний бие 2017 оны 05 дугаар сард Голомт банкнаас зээлийн гэрээ байгуулан 63.000.000 төгрөгийн зээл авч худалдаж авсан. Зээлийг бүрэн төлж дуусаагүй байгаа. Баянхонгор Тээвэрчин ХХК нь миний хөдөлмөрлөх эрхэнд халдаж өнөөдрийг хүртэл ажиллуулахгүй байгаа. Одоо миний хөлс хүчээр авсан автобусыг авч намайг хохироосон дээрээ улам хохироохоор завдаж байна. Хэрэв тус компани шүүхийн шийдвэрийг дагаж намайг ажилд эгүүлэн оруулвал гэрээний дагуу шийдвэрлэж болох бөгөөд өнөөдрийн байдлаар Баянхонгор Тээвэрчин ХХК надтай хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.3-т тус тус заасныг баримтлан 80-88 БНХ улсын дугаартай, Hyundai universe маркийн, KMJKJ18NP9C903543 арлын дугаартай автобусыг Д.Бын эзэмшлээс чөлөөлүүлж, Баянхонгор Тээвэрчин ХХК-долгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Баянхонгор Тээвэрчин ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төвлөрсөн төсийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.Баас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Баянхонгор Тээвэрчин ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Тус шүүхийн шийдвэрээр миний 80-88 БНХ улсын дугаар бүхий HYUNDAI UNIVERSE маркийн, цагаан алаг өнгийн автобусыг миний эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэн байна. Би тус нэхэмжлэлтэй хэргийн нэхэмжлэлийн хувийг гардан авсны дараа хариу тайлбартаа тус автобус бол миний өөрийн хүч хөдөлмөрөөр авсан. Одоо хүртэл зээлийг нь бүрэн төлж дуусаагүй автобус гэдгийг бичиж тайлбарласан.

Би Баянхонгор тээвэрчин ХХК-д 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байхдаа зөвхөн хөдөлмөрийн гэрээнд заасан үндэслэлээр автобусыг Баянхонгор Тээвэрчин ХХК-ийн нэр дээр түр шилжүүлсэн. Гэвч тус хөдөлмөрийн гэрээгээ Баянхонгор тээвэрчин ХХК 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гүйцэтгэх захирлын 13 дугаар тушаалаар цуцалж намайг ажиллуулахаа больсон. Өөрөөр хэлбэл миний автобус Баянхонгор Тээвэрчин ХХКомпанийн өмчлөлөөс чөлөөлөгдсөн.

Энэхүү асуудал нь шүүхийн шатанд маргаантай байгаа бөгөөд хэргийг давж заалдах шатны шүүх хянаж байгаа. Гэтэл хөдөлмөрийн гэрээгээ цуцалчихаад дахин миний хүч хөдөлмөрөөрөө авсан автобусыг өөрсдөө шилжүүлж авах гэж байгааг би хүлээн эөвшөөрөхгүй. Би өдөр шөнийн алинд ч нойр хоолоо хасаж байж өөртөө өндөр хариуцлага хүлээж зорчигч тээвэрлэж байж энэ автобусыг авсан. Одоо ч үнийг төлж дуусаагүй байгаа.

Мөн тус шүүх хуралдаанд миний бие оролцож чадаагүй бөгөөд хойшлуулах тухай хүсэлтээ бичгээр факсдаж явуулсан боловч шүүгчийн туслах нь авахаас татгалзсан байсан.

Иймээс тус шүүхийн шийдвэр үйл ажиллагаа нь хэтэрхий нэг талыг баримталсан гэж үзэж байна. Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 131/ШШ/2019/00603 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Баянхонгор тээвэрчин ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тус компанид жолоочоор ажиллаж байсан Д.Бын хууль бус эзэмшлээс Баянхонгор тээвэрчин ХХК-ийн өмчлөлийн 80-88 БНХ улсын дугаартай, Hyundai Universe маркийн цагаан алаг өнгөтэй автобусыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь автобусыг өөрийн өмчлөлд чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т зааснаар үнэлж болох эд хөрөнгийн нэхэмжлэл тул нэхэмжлэлд үнэлгээг хавсаргаж, үнийн дүнгээр тооцож улсын тэмдэгтийн хураамж төлөх байтал эд хөрөнгийн бус үнэлж болохгүй нэхэмжлэлд төлдөг 70.200 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжинд төлж ирүүлсэн байхад нэхэмжлэлийн хүлээн авчээ. Мөн Баянхонгор тээвэрчин ХХК болон хариуцагч Д.Б нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээн дээр үндэслэж 80-88 БНХ улсын дугаартай, Hyundai Universe маркийн цагаан алаг өнгөтэй автобус нь Баянхонгор тээвэрчин ХХК-ийн өмчлөл дээр байгаа бөгөөд хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж хариуцагч Д.Баас шүүхэд гаргасан тайлбартаа дурьджээ. Талуудын хооронд хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай маргаан нь өөр шүүх дээр шийдвэрлэгдэж байгаа бөгөөд хөдөлмөрийн гэрээтэй холбоотой маргааны шийдвэрээс шалтгаалж эд хөрөнгийг шилжүүлэх эсэх буюу автобусыг хэний өмчлөл, эзэмшилд үлдэхийг шийдвэрлэх үндэслэлтэй эсэхийг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Түүнчлэн хариуцагч Д.Баас анхан шатны шүүхэд шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэж цахимаар хүсэлт ирүүлсэнийг хүсэлтэд байгаа гарын үсэг нь хариуцагч Д.Бын гарын үсэг биш байна гэж үзээд хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Хариуцагч Д.Б өмнө нь 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр зарласан шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулж 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр шүүх хуралдааныг хийхээр товолсон байна.

Хариуцагч Д.Б нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй шалтгаанаа нотлох баримтаар нотолж ирүүлээгүй нь буруутай боловч хариуцагчийг хэргийн материалтай танилцуулаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэсэн хариуцагч Д.Бын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Д.Баас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захиамжаар төрийн сангийн данснаас буцаан гаргуулж хариуцагчид олгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 131/ШШ2019/00603 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар харуицагч Д.Баас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн данснаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж хариуцагчид олгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                                          ШҮҮГЧИД Б.БОЛОР-ЭРДЭНЭ

                                                 Г.УЛАМБАЯР