Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2021/ДШМ/69

 

Т.Батсайханд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Л.Нямдорж, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор В.Дэлгэрмаа

Шүүгдэгч Т.Батсайхан

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Цогдэлгэр нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 2021/ШЗ/722 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор В.Дэлгэрмаагийн бичсэн эсэргүүцлээр Т.Батсайханд холбогдох эрүүгийн 2114000990206 дугаар хэргийг 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Хадынхан овогт Түмэнбаярын Батсайхан, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, регистрийн дугаар /ВИ89120917/

Т.Батсайхан нь Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг “Түлхүү” гэх газарт 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр жижиг оврын трактор ашиглан хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 244.584/хоёр зуун дөчин дөрвөн мянга таван зуун наян дөрвөн/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Т.Батсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүхээс шүүгдэгч Т.Батсайхан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна гэж дүгнэлээ.

Үүнд шүүгдэгч Т.Батсайхан нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийсэн гэх үйл баримт болсон бөгөөд түүний энэ үйлдлийн улмаас байгаль орчинд 244.584 төгрөгийн нөхөн сэргээлт хийхэд 337.771 төгрөгийн хохирол нийт 582.355 төгрөгийн учирсан энэ хохирлыг нөхөн төлөөгүй бөгөөд шүүгдэгч нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж яллах дүгнэлтийн хавсралтад дурдаж шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нөхөн төлөх талаар мэдүүлсэн байна.

Гэвч шүүгдэгч Т.Батсайхан нь уг хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлэхдээ ямар хөрөнгөөр хэрхэн яаж төлөх талаар бодитой нотлох баримтыг хэрэгт хавсаргаагүй энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт нотолж чадаагүй байна гэж үзлээ.

Хавтаст хэргийн 141-149 дүгээр талд Т.Батсайханы 2020 оны малын тоо толгойн талаарх түүвэр нотлох баримтыг хэрэгт хавсаргасан байна.

Гэтэл 2020 оны өвөл, 2021 оны хавар тус аймагт зуд тохиолдож олон мянган мал хорогдсон бөгөөд 2021 оны хагас жилээр тус аймаг болон сум дахин малын тооллого явуулсан байна.

Иймд шүүгдэгч Т.Батсайхан нь 2021 оны хагас жилийн малын толлогоор хэчнээн тооны малтай байгаа талаарх нотлох баримтыг хэрэгт хавсаргасны үндсэн дээр хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн нь бодит байдалд биелэгдэх боломжтой эсэх талаар шүүх шийдвэр гаргахад чухал нөлөөтэй гэж дүгнэлээ.

Мөн шүүгдэгч Т.Батсайхан нь байгаль орчинд 244.584 төгрөгийн хохирол учруулсан талаар яллах дүгнэлтэд бичигдсэн байдаг гэтэл Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.5-д газарт учирсан хохирлыг тухайн ангиллын газрын экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож хохирлыг нөхөн төлүүлэхээр заасан бөгөөд яллах дүгнэлтэд 3 дахин нөхөн төлүүлэхээр тооцолгүй бичсэн байгааг анхаарах нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч Т.Батсайханд холбогдох хэргийг Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Бат-Оргил 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 42 дугаар эсэргүүцэлдээ: Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр эс зөвшөөрч эсэргүүцэл бичиж байна. Үүнд:

1. Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлийн тухайд:

- Шүүгчийн захирамжид “Шүүгдэгч Т.Батсайхан нь хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлэхдээ ямар хөрөнгөөр хэрхэн яаж төлөх талаар бодитой нотлох баримтыг хэрэгт хавсаргаагүй" гэжээ.

Гэтэл шүүгдэгч Т.Батсайхан хувьд өөрийн эд хөрөнгөтэй гэдгээ баталж мөрдөн шалгах ажиллагааны явцад 2020 оны жилийн эцсийн мал тооллогын баримтаа гаргаж өгсөн бөгөөд өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгаа арилгахаа эд хөрөнгөөрөө батлан илэрхийлсэн байдаг.

Мөн шүүгдэгч Т.Батсайханы хувьд 2020 оны жилийн эцсийн мал тооллогын баримтаа гаргаж өгч байгаа нь өөрийн эд хөрөнгөтэйгөө баталж буй хэлбэр юм.

Харин тухайн эд хөрөнгөө хэрхэн, ямар байдлаар захиран зарцуулж гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгаа нөхөн төлөх нь тухайн хүний эрх юм.

Гэтэл анхан шатны шүүхээс 2020 оны өвөл, 2021 оны хавар тус аймагт зуд тохиолдож олон мянган мал хорогдсон бөгөөд 2021 оны хагас жилээр тус аймаг болон сумд дахин малын тооллого явуулсан байна гэж дүгнэн хэргийг прокурорт буцаасан нь хэрэгт авагдаагүй баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгчийн мал нь хорогдсон байх гэсэн таамаглалд үндэслэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснийг зөрчжээ.

Түүнчлэн малчдын хувьд малын тоо толгойг гэрчилсэн баримтаас өөрөөр хохирол төлөхөө илэрхийлэх баримт гаргах боломжгүй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлийн тухайд:

Шүүгчийн захирамжид “Шүүгдэгч Т.Батсайхан нь хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлэхдээ ямар хөрөнгөөр хэрхэн яаж төлөх талаар бодитой нотлох баримтыг хэрэгт хавсаргаагүй, энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт нотолж чадаагүй байна” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал гэснийг бүхэлд нь, 17.4 дүгээр зүйлд заасан Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журмыг бүхэлд нь тус тус зөрчиж “ямар хөрөнгөөр хэрхэн яаж төлөх талаар бодитой нотлох баримтыг хэрэгт хавсаргаагүй” гэх хуульд огт байхгүй нэмэлт шаардлагыг гаргаж хэргийг прокурорт буцааж байгаа нь хууль зөрчжээ.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал гэсэн 6 зүйлийг бүрэн шалгаж тогтоосон, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад заасан хохирол хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байхад хуульд заагаагүй нэмэлт шаардлагыг гаргаж ирж хуулийг ноцтой зөрчиж, гэмт хэрэгт холбогдсон этгээдийн эрх зүйн байдлыг дордуулж байна.

3. Шүүгчийн захирамжид “...Мөн шүүгдэгч Т.Батсайхан нь байгаль орчинд 244 584 төгрөгийн хохирол учруулсан талаар яллах дүгнэлтэд бичигдсэн байдаг тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4,5-д “газарт учирсан хохирлыг тухайн ангиллын газрын экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож хохирлыг нөхөн төлүүлэхээр заасан бөгөөд яллах дүгнэлтэд 3 дахин нөхөн төлүүлэхээр тооцолгүй бичсэн байгааг анхаарах нь зүйтэй байна...” гэж дурджээ.

Шүүгдэгч Т.Батсайханы гэм буруутай үйлдлийн улмаас байгаль орчинд учирсан бодит хохирол нь 244 584 төгрөг болох нь нарийн мэргэжлийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Прокуророос Т.Батсайханг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг бүрэн хангасан гэж үзнэ.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус хуульчилсан бөгөөд Т.Батсайханы буруутай үйлдлээс байгаль орчинд учирсан бодит хохирол нь 244 584 төгрөг болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлогдсон юм.

Харин Монгол улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна. Нөхөн төлбөр төлөгч нь тогтоосон хэмжээнээс илүү төлбөр төлсөн тохиолдолд зөрүүг Байгаль орчин, уур амьсгалын сангаас буцаан олгоно” гэж, 49.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “газарт учирсан хохирлыг тухайн ангиллын газрын экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” гэж тус тус зааснаас үзэхэд Т.Батсайханы буруутай үйлдлийн улмаас байгаль орчинд учирсан 244 584 төгрөгийн бодит хохирлыг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 733 752 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулахыг шүүх шүүгдэгчийн гэм буруутай нь нотлогдон тогтоогдсон гэж дугнэсэн тохиолдолд дээрх салбар хуулийг хэрэглэн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэртээ заах ёстой.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн шүүгчийн захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021/ШЗ/722 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Бичсэн эсэргүүцлээ дэмжиж оролцоно. Шүүгчийн захирамж үндэслэлгүй тул захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхэд гаргасан прокурорын эсэргүүцэлд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судалж үзэхэд:

Mөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тогтоовол зохих зүйлийг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалган тогтоосон, яллагдагч Т.Батсайханы Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг “Түлхүү” гэх газарт 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр жижиг оврын трактор ашиглан хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 244.584/хоёр зуун дөчин дөрвөн мянга таван зуун наян дөрвөн/ төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсний дагуу хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудыг шүүгч тал бүрээс нь харьцуулан хянаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн хэр хэмжээг тооцон эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “...шүүгдэгч Т.Батсайхан нь уг хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлэхдээ ямар хөрөнгөөр хэрхэн яаж төлөх талаар бодитой нотлох баримтыг хэрэгт хавсаргаагүй энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт нотолж чадаагүй гэж үзлээ. ... гэтэл 2020 оны өвл, 2021 оны хавар тус аймагт зуд тохиолдож олон мянган мал хорогдсон бөгөөд 2021 оны хагас жилээр тус аймаг болон сум дахин малын тооллого явуулсан байна...” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасантай нийцэхгүй юм.

Мөн тус хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоолтой, улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5-т зааснаар хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн баримт хэрэгт авагдсан байх тул хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд Прокурорын бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 2021/ШЗ/722 дугаар захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9  дүгээр зүйлийн 1.3 -т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 2021/ШЗ/722 дугаар захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол Т.Батсайханд урьд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР

ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

Б.БОЛОР-ЭРДЭНЭ