Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2024/01108

 


2024 оны 03 сарын 11 өдөр

 

 

 

 

Дугаар 183/ШШ2024/01108

 

 

 

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ..... тоотод оршин суух, Н.Т-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ........ байрлах, З

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, .......гудамж, Х нарт холбогдох

 

Листний мөнгө 5.146.922 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Т, хариуцагч Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэлийн ОНӨААТҮГ ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, Н.Б, нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н овогтой Т би 2005 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Автобус нэг ОНӨҮГ-т орж өнөөдрийг хүртэл жолоочоор ажиллаж байна. Зорчигч тээврийн нэгтнэл нийгмийн даатгал төлөөгүй шалтгаан нь байгууллага 10 сарынх нь цалинг дутуу оруулсан байсан. Сүүлд нь нөхөөд оруулсан. 2021 оны 11, 12 дугаар саруудынх нь бүрэн оруулсан. 2021 оны 8 сар ердийн ханиадны онош байсан. 2023 оны 06 дугаар сарын 01-нээс 2023 оны 06 дугаар сарын 19-ний онош нь цөсний хагалгаанд орсон. 5 сарын нийгмийн даатгалыг төлөөгүй гэсэн шалтгаанаар өгөөгүй. Гэтэл би үйлдвэрийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний групптэй учраас эрүүл мэнд тэтгэмжийн мөнгийг төлдөггүй гэсэн. 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлээд амраад дандаа эмнэлгээр явсан. Акт лист авч чадахгүй явсаар байгаад 5 сард нөхөж амарч биеэ эмчлүүлсэн. 5 сард ажил хийгээгүй шалтгаан нь эмнэлгээр явсан байдаг. Би ээлжийн амралттай байсан. Би байгууллагад 36 жил нийгмийн даатгал төлсөн байдаг. Миний өвчтэй байх хугацааны листний мөнгийг олгохгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Үүнд: 2021 оны 11 сарын 24-нөөс 2021 оны 12 сарын 21-ний өдөр хүртэл листний мөнгө 1.668.352 төгрөг, 2022 оны 6 сарын 24-нөөс 2022 оны 7 сарын 07 хүртэл листний мөнгө 485.722 төгрөг, 2022 оны 7 сарын 25-наас 2022 оны 8 сарын 07 хүртэл листний мөнгө 900.000 төгрөг, 2023 оны 6 сарын 01-нээс 2023 оны 6 сарын 19 хүртэл листний мөнгө 2.578.566 төгрөг, нийт 5.146.922 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд үүнээс З ТӨХК-иас 1.139.779 төгрөг, Хан-Уул дүүргийн Н  Хсээс 4.007.143 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

2. Хариуцагч Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь анх нэхэмжлэхдээ 2022 оны 07 дугаар сарын 25-аас 08 дугаар сарын 07-ны акт 800.000 төгрөг байсан. ингээд шалгаад үзэхэд 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 07 дугаар сарын 07-ны өдрийн нийт ажлын өдрийн 10 хоногийн листийн мөнгийг нэхсэн. 800.000 төгрөгийг ажил олгогч болон даатгалын сангаас хоёр хуваагаад бодохоор ажил олгогчоос 242.861 төгрөг, нийгмийн даатгалын сангаас үлдэх 242.860.91 төгрөг нийт олговол зохих дүн юм. Нэхэмжлэгч он сарын алдаа гаргасан байдаг. Нэхэмжлэл дээрээ 07 дугаар сарын 25-аас 08 дугаар сарын 07-ны өдөр 800.000 төгрөг, хэрэгт авагдсан баримт дээр энэ лист нь байдаггүй. Ямар листны баримт байгаа вэ гэхээр 2022 оны 6 дугаар сарын 24-өөс 7 дугаар сарын 07-ний өдрийн хүртэлх листны мөнгө байсан. Өмнөх 2021 оны нэхэмжлэлийн шаардлага бол мөнгө төгрөгийн асуудлыг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй. Ажил олгогч байгууллага хоёрынх нийлүүлээд бодож гаргасан лист нь 485.722 төгрөг гарсан байдаг. Яагаад 800.000 төгрөгийг яаж бодож гаргаад байгааг ойлгохгүй байна. Буцаасан гээд байгаа лист нь 2022 оны 06 дугаар сарын 24-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн лист л буцсан байдаг. Нэхэмжлэгч түрүүн хэлсэн үйлдвэрийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний хөдөлмөрийн хувь хэмжээг тогтоосон акт дээр нь Ж68 гэж байхад энэ бичигдсэн лист нь Ж44 гэсэн оноштой байсан. Энэ яагаад буцсан шалтгаан нь Ж68 гэдэг нь эмнэлгийн хүрээнд амьсгалын замын хортой нөхцөл байдаг. Үйлдвэрийн осол гарсантай холбоотой биш энэ хүн өөрөө ажил хөдөлмөрөө эрхэлж явах үедээ мэргэжлээс шалтгаалах мөн ажиллаж байх орчноосоо өвдөөд эхэлж байдаг. Тэрний онош нь болохоор амьсгалын замын уушгитай холбоотой агуулгыг л хэлээд байна. Ж44 гэдэг нь амьсгалын зам уушгитай холбоотой өвчний онош байсан. Үүнийг манай магадлагч эмч хянаж үзээд цаашид сайн шалгаж үзэхгүй бол энэ хүн агуулгаараа мэргэжлээс шалтгаалах өвчин тоос тоосонцроос гаралтай өвчнөөр өвдсөн байхад нэмэгдээд эмнэлгийн хуудсаар уушиг амьсгалын замын өвчнөөр бичүүлсэн нь буруу гэх үндэслэлээр энэ листийг буцаасан байдаг. Нийгмийн даатгалын мэдээллийн системээс хайж үзэхэд 2013 оноос хойш Н.Төрбат гэдэг хүний лист нэг ч удаа ирээгүй бодогдоогүй байсан. Бодоогүй байгаа шалтгаан нь хоёр шалтгаантай. Байгууллага нь нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгэсэн байх магадлалтай. Яагаад гэвэл Зорчигч тээвэр нэгтгэл нь хавтаст хэрэгт 2022, 2023 оны өр авлагын дэлгэрэнгүй хэдэн төгрөгийн шимтгэл төлсөн үлдэгдэлтэй баримтаар гаргаж өгсөн байдаг. Энэ баримтаас харахад Зорчигч тээвэр нэгтгэл нь 2, 3 сарын нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй яваад байдаг. Хэдийгээр мөнгө төлдөг ч гэсэн бүрэн гүйцэд төлдөггүй. 6 дугаар сард төлсөн мөнгө нь 5 дугаар сарынхыг төлөх жишээний. Шүүгчийн захирамжийн дагуу Н.Т гуайн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэх лавлагаа дээр сүүлийн 3 сар нь төлөгдөөгүй гэж гарч ирсэн. Магадгүй 2021 оноор нь аваад үзэх юм бол тухайн 2021 лист нь нийгмийн даатгалын санд нэг ч төгрөг төлөөгүй учраас бодож олгох нь өөрөө хууль бус. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд тодорхой хуульчлаад заагаад өгсөн байдаг. Үүнтэй холбоотойгоор 2021 онд лист бодогдоогүй. Мөн 2023 онд лист төлөгдөөгүй гэх асуудлыг үгүйсгэх аргагүй. Нийгмийн даатгалын байгууллага өөрөө дур зоргоороо Н.Т гэдэг хүний листийг олгохгүй гэж дангаараа бие дааж шийддэг асуудал биш. Хамгийн сүүлд нийгмийн даатгалд ямар ч асуудалгүй бодогдсон 5 лист болон 1 үйлдвэрийн ослоос мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангаас олгодог унааны зардал нийт 6 удаагийн зардал гаргасан байна. 2022 оны 01 дүгээр сарын 28-аас 2023 оны 6 дугаар сарын 23 хүртэлх нийгмийн даатгалын сангаас Зорчигч тээвэр нэгтгэл рүү 2.221.024 төгрөгийн нийт 5 удаагийн листийг үндэслэн тухайн байгууллага руу шилжүүлсэн байдаг. Н.Т-ын нийгмийн даатгалаас нэхэмжилсэн 4.007.143 төгрөг нь ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

З ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 онд Н.Т нь манайд жолооч байгаагүй. Жолоочоор 2021 оны 10 дугаар сарын 08 билүү 09-ны өдөр тушаал нь гарсан. 2021 оны 11 дүгээр сарын 24-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 21-нийг хүртэл тухайн үед шүүхийн шийдвэр нь гараагүй. 2021 оны 10 дугаар сард тушаал нь гаргасныг өмнөхийг нь 3 сараар бодох атал 3 сарын нийгмийн даатгал нь манай дээр гараагүй. Шүүхийн шийдвэрийн шатандаа яваад шийдвэр нь биелэгдээгүй явж байсан. Нийгмийн даатгал руу илгээхээр өмнөх 3 сарын шимтгэл байхгүй тул эрх үүсэхгүй гэсэн магадалгаа дээр нийгмийн даатгал тамгалаад бичсэн байсан. Тэгээд энэ хоёр лист нь бодогдоогүй. Тухайн үед ажилласан 3 сарынх нь нийлбэр нь 60 хоногтой хүрэхгүй байсан. 2021 оны 10 дугаар сард 9 хоног, 11 сард 29 хоног ажиллаад нийт 38 хоног л ажилласан байдаг. Нийгмийн даатгалын хуульд сүүлийн дараалсан 3 сар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх ёстой гэж заасан байдаг. Тэр нь биелэгдээгүй учир ногоон лист бодогдоогүй гэв.

 

3. Нэхэмжлэгчээс талаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,2022.08.16-ны өдрийн Хан-Уул дүүргийн нийгмийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн албан тоот, 2021.10.11-ний өдрийн үндсэн ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ,иргэний үнэмлэхний хуулбар,2022.09.01-ний өдрийн 183/ШЗ2022/0000 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж,2022.11.08-ны өдрийн 183/ШЗ2022/0000 дүгээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж,2022.06.25-ны өдрийн Шаргалжуут рашаан сувилалд илгээх бичиг, Амбулалториор эмчлүүлэгсдийн карт, Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолт нэгдсэн маягт, Хөдөлмөрийн чадвар алдсаны эмнэлгийн хуудас, эмнэлгийн магадлагаа, 2022.03.10-ны өдрийн З нэгтгэл ОНӨААТҮГ-ын үйлдвэрчний эвлэлийн хорооны тодорхойлолт, 2022.03.21-ний өдрийн 157Хан-Уул дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс Н.Т-д хари тайлбар хүргүүлэх тухай, 2023.04.19-ний өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2022.07.07-ны өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Цалингийн карт, 2022.08.11-ний өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай албан бичиг, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүхийн 2022.02.18-ны өдрийн 183/ШШ2022/0000 дугаар шийдвэр, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, Н.Т-ын Эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тухай тэмдэглэл, Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас,2023 оны 05 дугаар сарын НДШ төлөгдөөгүй баримт, эмнэлэгийн магадлагаа, Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас,Эмнэлгийн магадлагаа, Н.Т-ын цалингийн карт, Амбулаториор эмчлүүлэгсдийн карт,2022.03.01-2022.03.31-ний өдрийн З ОНӨААТҮГ-ийн тэтгэмж олгосон жагсаалт, 2023.06.01-2023.06.30-ны өдрийн З ОНӨААТҮГ-ийн тэтгэмж олгосон жагсаалт зэрэг баримтуудыг хуулийн шаардлага хангуулан гаргаж өгсөн байна.

 

Хариуцагчаас: 2022.10.10-ны өдрийн З ОНӨААТҮГ-ын итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,2022.05.23-ны өдрийн нэгдүгээр баазын 2022 оны 6 дугаар сард амрах ажилтан, албан хаагчдын нэрс, 2023.04.27-ны өдрийн З албан бичиг, ХУД нийгмийн даатгалын хэлтэсд 2022 он төлсөн баримт, Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлт,Ажил олгогчийн нийгмийндаатгуулагчийн бүртгэл,2021 оны 06 дугаар сараас 2021 оны 10 дугаар сарыг дуустал шимтгэл хураамж төлөлтийн нөхөн тайлан, Төлбөрийн даалгавар, 2022.10.12-ны өдрийн Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэл,2020.06.10-ны өдрийн Л.Ж-ыг төрийн жинхэнэ албан тушаалд томилох тухай даргын тушаал, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Н.Т-ын даатгуулагч, тэтгэвэр авагчийн мэдээлэл, 2024.02.28-ны өдрийн итгэмжлэл, 2024.01.16-ны өдрийн Албан тушаалаас чөлөөлж томилох тухай, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,Заавал даатгах даатгуулагчидын НДШ-ийн авлагын дэлгэрэнгүй баримт, зэрэг баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулан гаргасан байна.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын газраас баримт шаардсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Т нь хариуцагч З ОНӨААТҮГ ТӨХК, Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст нарт холбогдуулан 5.146.922 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... өвчтэй байх хугацааны нийгмийн даатгал, Зорчигч тээврийн нэгтгэлээс мөнгө орж ирээгүй ба 2021 оны 11 сарын 24-нөөс 2021 оны 12 сарын 21-ний өдөр хүртэл листний мөнгө 1.668.352 төгрөг, 2022 оны 6 сарын 24-нөөс 2022 оны 7 сарын 07 хүртэл листний мөнгө 485.722 төгрөг, 2022 оны 7 сарын 25-наас 2022 оны 8 сарын 07 хүртэл листний мөнгө 900.000 төгрөг, 2023 оны 6 сарын 01-нээс 2023 оны 6 сарын 19 хүртэл листний мөнгө 2.578.566 төгрөг, нийт 5.146.922 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд үүнээс З ТӨХК-иас 1.139.779 төгрөг, Хан-Уул дүүргийн Н х-сээс 4.007.143 төгрөг гаргуулна гэж шаардаж байна.

 

Хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс 2022 оны 6 дугаар сарын 24-өөс 7 дугаар сарын 07-ний өдрийн хүртэлх листны мөнгө 485.722 төгрөг гарсан байдаг. Яагаад 800.000 төгрөгийг яаж бодож гаргаад байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэгчийн үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний хөдөлмөрийн хувь хэмжээг тогтоосон акт дээр нь J68 гэж байхад энэ бичигдсэн лист нь J44 гэсэн оноштой. Энэ буцсан шалтгаан нь J68 гэдэг нь эмнэлгийн хүрээнд амьсгалын замын хортой нөхцөл байдаг. Үйлдвэрийн осол гарсантай холбоотой биш энэ хүн өөрөө ажил хөдөлмөрөө эрхэлж явах үедээ мэргэжлээс шалтгаалах мөн ажиллаж байх орчноосоо өвдөөд эхэлж байдаг. Тэрний онош нь болохоор амьсгалын замын уушгитай холбоотой агуулгыг л хэлээд байна. J44 гэдэг нь амьсгалын зам уушгитай холбоотой өвчний онош байсан тул буцаасан. Нийгмийн даатгалын мэдээллийн системээс хайж үзэхэд 2013 оноос хойш Н.Т гэдэг хүний лист нэг ч удаа ирээгүй бодогдоогүй байсан. Яагаад гэвэл Зорчигч тээвэр нэгтгэл 2, 3 сарын нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй яваад байдаг. Магадгүй 2021 оноор нь аваад үзэх юм бол тухайн 2021 лист нь нийгмийн даатгалын санд нэг ч төгрөг төлөөгүй учраас бодож олгох нь өөрөө хууль бус гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

З ТӨХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, Н.Т манайд 2021 оны 10 сард ажилд орсон 11 сард өвчтэй байсан хугацаа нь нийгмийн даатгал 3 сар төлөөгүй гэх үндэслэлээр олгоогүй, 2022 оны 6 сарын 24-нөөс 2022 оны 7 сарын 07, 2022 оны 7 сарын 25-наас 2022 оны 8 сарын 07, 2023 оны 6 сарын 01-нээс 2023 оны 6 сарын 19 хүртэл Нийгмийн даатгал руу шилжүүлсэн боловч олгоогүй тул манай байгууллагад хамааралгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас заримыг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.18-ны өдрийн 00400 дугаар шийдвэрээр Н.Т-ын 2021.06.17-ноос 2021.10.10-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 4.107.714 төгрөгийг гаргуулж шийдвэрлэжээ.

 

Үүнээс үзэхэд хариуцагч З ОНӨААТҮГ-ын 2021 оны 10 сард ажилд орсон гэх байдал үгүйсгэгдэж байх бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу цалин хөлс олгосон байхад түүний өвчтэй байсан хугацааны 2021 оны 11 сарын 24-нөөс 2021 оны 12 сарын 21-ний өдөр хүртэл листний мөнгийг олгоогүй нь хууль зөрчжээ.

 

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай /1994 оны/ хуулийн 17 дугаар зүйлийн 1-д Ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдахаас өмнө З, түүнээс дээш сарын хугацаагаар тэтгэмжийн даатгалын шимтгэл төлж ажилласан даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй гэж заасан бөгөөд Н.Т-ын 2021 оны 11 сарын 24-нөөс 2021 оны 12 сарын 21-ний өдөр хүртэл нийт ажлын 19 хоногийн листний мөнгө 849.072 төгрөгийг хариуцагч Зорчигч тээврийн нэгтэл ОНӨААТҮГ-аас 223.440 төгрөг, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэсээс 625.632 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Шүүх 2021.11.24-нөөс 2021.12.21-ний өдөр хүртэл нийт ажлын 19 хоногийн листний мөнгө 849.072 төгрөгийг Н.Т-ын 2021 оны 9, 10, 11 сарын дундаж цалин 3.753.830 төгрөгийг ажлын 63 хоногт хуваахад нэг өдрийн цалин 59.584 төгрөг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай /1994 оны/ хуулийн 18 дугаар зүйлийн 1-д зааснаар тэтгэмжийн 75 хувиар тооцох зохицуулалтын дагуу 44.688 төгрөгийг 19 хоногт үржүүлж, 849.072 төгрөг гаргахаар шийдвэрлэсэн болно.

 

Харин нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 2022 оны 6 сарын 24-нөөс 2022 оны 7 сарын 07, 2022 оны 7 сарын 25-наас 2022 оны 8 сарын 07 хүртэл листний мөнгө гаргуулах шаардлагын хувьд Даатгуулагч иргэний хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах мэргэжлээс шалтгаалах өвчний жагсаалт, хувь хэмжээ хугацааг тогтоосон Эрүүл мэнд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021.12.09-ний өдрийн А/000, А/000 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын 1.1, 1.5-д зааснаар Н.ТЩ нь мэргэжлээс шалтгаалах өвчин тоос тоосонцроос гаралтай өвчнөөр өвдсөн, эмнэлгийн хуудсаар уушиг амьсгалын замын өвчнөөр өвдсөн гэх үндэслэлээр лист олгох боломжгүй үндэслэлээр буцсан байна.

 

Хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс Н.Төрбатыг мэргэжлээс өвчний тэтгэмж авдаг учир дахин энэ өвчний оношоор хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах боломжгүй гэх бөгөөд нэхэмжлэгч нь энэ талаарх баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Н.ТЩ 2023 оны 6 сарын 01-нээс 2023 оны 6 сарын 19-ны өдөр хагалгаанд орж, лист авсан боловч тэрээр 2023 оны 5 сард нийгмийн даатгал тасалдсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай /1994 оны/ хуулийн 17 дугаар зүйлийн 1-д Ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдахаас өмнө З, түүнээс дээш сарын хугацаагаар тэтгэмжийн даатгалын шимтгэл төлж ажилласан даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй заасан тэтгэмж авах эрхээ алджээ.

 

Эдгээр үндэслэлээр хариуцагч Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс 625.632 төгрөг, Зорчигч тээврийн нэгтгэлийн ОНӨААТҮГ ТӨХК-иас 223.440 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Н.Т-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.297.850 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай /1994 оны/ хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтзааснаар хариуцагч Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс 625.632 төгрөг, З ТӨХК-иас 223.440 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Т-д олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага 4.297.850 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104.793 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З ОНӨААТҮГ-иас 7353 төгрөг, Х х-сээс 19.419 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Н.Төрбатад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО